БНХАУ-ын нийслэлийн агаарын чанар өнгөрсөн наймдугаар сард сайжирч, нэг шоо метр агаар дахь нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын дундаж хэмжээ 23 микрограмм байсныг Экологийн товчооноос нь мэдээлжээ. Энэ нь тус улс агаарын чанарын үзүүлэлтээ хянаж эхэлснээс хойш наймдугаар сард бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт байв. “Бээжин хот сүүлийн 20 жилд эдийн засгийн хурдацтай өсөлтөө хадгалахын сацуу агаарын бохирдолтой тэмцсээр ирсэн” гэж Экологийн товчооны дэд дарга Ю Жяньхуа хэлсэн байна.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс өнгөрсөн гуравдугаар сард гаргасан тайланд дурдсанаар, Бээжин дэх хүхрийн болон азотын давхар исэл, PM10 тоосонцрын түвшин 1998-2017 онд 93, 38, 55 хувь болж тус тус буурчээ. Хятадын нийслэлд цэвэр эрчим хүчийг дэмжих, үйлдвэр болон тээврийн хэрэгслүүдийн утааг хянах зэрэг агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэрэгжүүлсэн байна. Тус хотын агаарын бохирдолтой тэмцэх кампанит ажил НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн жишиг судалгаануудад тэмдэгдэгджээ. Гэсэн ч Бээжингийн агаарын чанар намар, өвлийн улиралд аюултай хэмжээнд хүрдгийг Ю Жяньхуа онцолсон байна.
PM2.5 нь 2.5 микрометрээс жижиг хэмжээтэй тоосонцор бөгөөд нэг шоо метр агаар дахь хэмжээ нь 10 микрограммаас хэтрэхгүй байх ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. 2018 онд Бээжингийн нэг шоо метр агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж хэмжээ 51 микрограмм байсныг өмнөх оныхтой харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт юм.