Настай хүмүүсийн байнга шахам хэлдэг “брэнд” үг юу гээч. “Одоогийн хүүхдүүд ёстой хүмүүжилгүй, эх захаа мэдэхээ больсон” гэх. Энэ нь ор үндэслэлгүй биш ч бүрэн зөвтгөх аргагүй тодорхойлолт. Урьдын “Том хүний өөдөөс үг хэлж, зөрж болохгүй” гэдэг алтан сургаал одоо цагт лав нийцэхгүй. Уг номлолыг дагавал наад зах нь хүүхдүүд муу санаатай танихгүй нэгний үгийг дагаж, “өгөөш” болох эрсдэлтэй. Тиймээс бидэнд өөр арга хэрэгтэй.
Орчин үеийн эцэг, эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх авьяас, чадвар муутай нь үнэн. Сэтгэлзүйч нарын хэлдгээр, хүүхэд бол томчуудын толь. Гэр бүлийн хүмүүжил, ухамсар, харилцаа, хандлага ямар байхаас таны “толь” нийгэмд хэн болохоо шийддэг гэсэн үг. Уур уцаартай, хайр халамжгүй орчинд өссөн хүүхэд хүйтэн хөндий, хүнийг хайрлаж мэддэггүй, хувиа хичээсэн нэгэн болж төлөвших нь элбэг гэдгийг судлаачид хэлсэн.
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг тэмцэл нийгэм даяар өрнөж байна. Үүний оронд хэлж ойлгуулахыг чухалчлах болсон. Гэтэл эцэг, эхчүүд, хүү, охинтойгоо харилцан ярилцахын оронд анхаарал халамж тавих нэрээр мөнгө өгч, мөр бүтэн, гэдэс цатгалан явуулахаа хүүхэд хүмүүжүүлэх шилдэг арга гэж боддог. Хянаж цагдахаа урьтал болгох нь ч энгийн үзэгдэл. “Яв, ир, бос, орхи, суу, ид, унт” гэхчлэн зандарч, захиргаадан, хяналтдаа байлгахыг л чухалчилдаг. Ийм харилцаатай гэр бүлд өссөн хүүхэд ирээдүйд эхнэр, эсвэл нөхрөө хардаж сэрддэг нэгэн болохыг ч үгүйсгэхгүй гэнэ.
Аав, ээжүүд өдөржин ажилтай, завгүй. Орой гэрийн бараа харахаараа хүүхдээ хянаж, шалгаасаар эх, үр, эцэг, хүүгийн харилцаандаа хана, хэрэм босгодог аж. Хүүхдээ юунд дуртай, хэн болохыг мөрөөддөг, ямар авьяас чадвартайг нь мэдэхгүй, нээхгүй байсаар хайран цагийг өнгөрүүлж байгаа юм биш биз. Аль болох тэдэндээ цаг зав зарцуулж, мэдэхийг, хийхийг хүссэн бүхэнд нь тусалж, дэмжээрэй. “Далавч”-ийнх нь том, жижиг хүүхдийг тань хэр өндөрт нисэхийг шийднэ гэлцдэг. Харин “далавч”-ийг нь таслах уу, эсвэл ургуулах уу гэдгээ эцэг, эхчүүд л мэдэх юм.