“Монгол Улс далайд гарцтай” хэмээн нэгэн бизнес эрхлэгч хэлсэн юм. Учир нь 1.3 тэрбум орчим хүнтэй урд хөршийн зах зээл, улам бүр өсөн нэмэгдэж буй эрэлт нь манай улсад далайн ямар ч боомт, олон улсын зах зээлээс дутахгүйгээр өгөөжөө өгөх боломжтой гэнэ. Гадаад худалдааны эргэлт нь өнгөрсөн жил 28 их наяд орчим юаньд хүрч өмнөх жилийнхээсээ 15 хувиар өссөн тус улсын зах зээлд манай экспортын 66 орчим хувь ногддог. Бид урд хөрш рүү ихэвчлэн уул уурхайн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд нийлүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд нэмүү өртөг шингээсэн бараа таваар экспортлогч болохоор хичээж буй юм. Үүний тулд тус улсын зах зээл, хэрэглэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах хэрэгтэй.
Уг зорилгыг ч Хятадын тал дэмжин, төрөл бүрийн арга хэмжээ хамтран зохион байгуулдгийн нэг нь “Монгол, Хятадын экспо” юм. Энэхүү экспог 2015, 2017 онд зохион байгуулсан бөгөөд манай улс 220 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулалт татаж, үзэсгэлэн худалдаанаас 1.1 сая юанийн орлого олжээ. Тэгвэл гурав дахь удаагийн экспог энэ сарын 6-10-нд урд хөршийн Улаанцав, Тунгляо, Хөх хотод зохион байгууллаа. Манай улсаас 450 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл, холбогдох албаныхан, соёл урлагийнхан, орон нутгийн удирдлага зэрэг 1200 орчим хүн оролцсон юм. Энэ үеэр манай аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг гурван хотод нээв.
Монголчууд ноос, ноолуур, арьс шир, эсгий, сүлжмэл бүтээгдэхүүн, үнэт металл болон модон эдлэл, хивс, үндэсний хувцас, монгол гэр зэргийг дэлгэсэн бол урд хөршийнхөн эм, эмийн ургамал, гоо сайхны бүтээгдэхүүн, цай, цагаан идээ, үнэт металлаар урласан гоёл чимэглэлийн зүйлс, дэвшилт технологи шингээсэн электрон бараа зэргийг танилцуулж байв. Үүнээс гадна ОХУ-аас гурил, гурилан бүтээгдэхүүн, чихэр, зөгийн бал, архи, дарс, ангийн үсээр хийсэн эд хэрэглэл борлуулахаар иржээ. Урд хөршийнхөн манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс ноолуур, ноос, сарлагийн хөөврөөр хийсэн эдлэл, эсгий бүтээгдэхүүнийг илүүтэй мэдэж, түлхүү худалдан авдаг аж. Мөн хивс, эртний хийцтэй, модон тавилга, үндэсний хувцас, гэр зэргийг сонирхох нь нэмэгдсэн гэнэ.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин “Тус экспод оролцогчдын тоо жил ирэх бүр өсөн, бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ нь нэмэгдсээр байна. Бид аль болох олон аж ахуйн нэгжийг хамруулан, шууд борлуулалтын хэмжээг нь өсгөх, цаашид хамтран ажиллах түнш олох боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой. Ялангуяа хөдөө аж ахуй, малын гаралтай түүхий эд боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд өндөр технологи нэвтрүүлж, “сайн” хөрштэй хамтран ажиллах шаардлагатай. Үүний нэг нь Хятад улс юм. Бид урд хөршөөс татах хөрөнгө оруулалтын хэмжээ, хамтарсан үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор экспод оролцож байна” хэмээн ярив.
“Натурал текстайл” компани буюу Эрдэнэт хивсийнхэн тус экспод хоёр дахь удаагаа иржээ. Хятадуудын хивсний хэрэглээ төдийлөн их биш бөгөөд хивсэнцрийг л маш их хэмжээгээр үйлдвэрлэн, борлуулдаг гэнэ. Хонины ноосоор хийсэн сайн чанарын хивс дотоодынх нь зах зээлд маш үнэтэй буюу 12 орчим шоо метр хэмжээтэйг нь 3000-4000 юаниар борлуулдаг аж. Харин манай улсад үйлдвэрлэсэн ийм хэмжээтэй хивсийг 20-30 хувийн хямд үнээр санал болгож байв. Үзэсгэлэнгийн үеэр эрэлт ихтэй бүтээгдэхүүний тоонд ноолууран хувцас, эдлэл багтах ба “Говь”, “Эвсэг” компанийн бараа үйлчлүүлэгчдийн таашаалд хамгийн их нийцэн, худалдан авагч олонтой байсан юм. Улаанцав хотын иргэн н.Урьхан “Манай хотод анх удаа ийм өргөн хэмжээний экспо, үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Би Монголд үйлдвэрлэсэн ноолууран хүрэм, ороолт худалдан авсан. Тод өнгөтэй, загвар хийц сайтай юм. Үнэ нь манай эндхийн зарим үйлдвэрийнхээс хямд байна. Харин эсгийгээр хийсэн гэрийн шаахай, мөнгөн аяга, модон авдар зэргийн үнэ өндөр юм” гэсэн юм.
Сүүлийн жилүүдэд манай улсаас урд хөрш рүү хүнсний бүтээгдэхүүн гаргахыг эрмэлзэн, цөөнгүй нэрийн бараа экспортолдог болсон. Үүнд боловсруулсан мах, хиам зэргийг нэрлэж болох бол гурил, хэвийн боорцог, сүүнээс гарган авсан уураг, цөцгийн тосны эрэлт их байх төлөвтэйг зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл онцоллоо. Тухайлбал, “Милл хаус”, “Талх чихэр” компанийнхан гурил, гоймон, хэвийн боорцгоо танилцуулахаар гурван тонн орчмыг аваачсан байв. Одоогоор тэд бүтээгдэхүүнээ ӨМӨЗО-д хувь хүмүүсээр дамжуулан борлуулдаг бөгөөд ялангуяа хэвийн боорцогны эрэлт нь нэмэгдэж буй гэлээ. “Талх чихэр” компанийн Маркетингийн албаны дарга Э.Хурцбаяр “Өвөр Монгол зарим айл цагаан сараар хэвийн боорцгоор идээгээ засдаг болсон. Хурим болон үндэсний уламжлалт баяраар хэвийн боорцог хэрэглэх нь өссөн. Үүнийг ашиглан бид бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтран ажиллах түнш, тогтмол борлуулах суваг олохоор ирлээ. 2017 оны экспод нэг тонн орчим хэвийн боорцог зарсан бол энэ удаа тонн гаруйг санал болгож байна. Түүнчлэн манай улсад үйлдвэрлсэн гурилыг урд хөршийнхөн байгалийн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн хүлээн авдаг. Гурилаа сайн танилцуулж, мөн экспортлох квот, зөвшөөрлөө эцэслэн шийдвэрлэж чадвал гурил, гурилан бүтээгдэхүүнээс ӨМӨЗО-оос чамгүй ашиг олох боломж байна” гэв.
Түүнчлэн Улаанцавд зохион байгуулсан “Монголын дүр төрх” үзэсгэлэнд “Хаадын гэр” компани бүрэн тавилгатай хүннү хийцийн гэр, модон болон эсгий эдлэл, керамик аяга, таваг зэргээр оролцжээ. Тус компанийнхан 2017 оноос Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд Шанхайд гэрээт борлуулалтын газраа нээсэн юм байна. Одоогоор Хөх хотын төв номын сан, Баяннуур аймгийн галерей бүрэн тавилгатай гэр худалдан авсан нь хамгийн өндөр дүнтэй борлуулалт нь болжээ. “Хаадын өргөө” компанийн захирал Д.Болор-Эрдэнэ “Бид түүхийн судалгааны үндсэн дээр эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан хийц маяг, материалаар бүтээгдэхүүнээ урладаг. Гэр нь овор ихтэй, дагалдах эдлэл хэрэглэл олонтой тул тээвэрлэхэд хүндрэлтэй. Гэхдээ өвөрмонголчуудад чанар, ур хийц сайтай гэр, гэрийн тавилгаа сайтар танилцуулж чадвал зах зээлээ тэлэх боломж бий” хэмээн тодотгов.
“Монгол, Хятадын экспо”-гийн үеэр зохион байгуулсан томоохон арга хэмжээний нэг бол Зүүн хойт Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний форум юм. Зүүн өмнөд Азийн бүс бол байгалийн баялаг болон ажиллах хүч нөөц ихтэй, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг үйлдвэрлэдэг, эдийн засгийн чадамж сайтай нутаг билээ. Сүүлийн жилүүдэд тус бүсийн улс, орон нутаг хоорондын гадаад худалдааны хэмжээ тогтмол өсөн, дэд бүтцэд оруулсан хөрөнгө орууулалт нь нэмэгдсэнээр бараа эргэлтийн хэмжээ нь хоёр жилд 29 орчим хувиар нэмэгдсэнийг форумд оролцогчид дурдав.
Уг форумд манай улсаас Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаныхан оролцсон ба Монгол Улсын гадаад бодлого, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн байдлын талаар товч илтгэл тавьсан юм. Ө.Энхтүвшин “Монгол, Хятадын экспо”-г зохион байгуулснаар хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулалтыг өсгөх таатай боломж бүрдлээ. Өмнөх жилүүдэд зохион байгуулсан экспогоос манай 100 орчим компани Хятад болон Зүүн хойд Азийн бүсийн зарим нутгийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Бид уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг өсгөх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулалт, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх, нэмүү өртөг шингээсэн таваарын үйлдвэрлэлийг өсгөх зорилготой.
Байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлэх боломжтой бол аль ч орны аж ахуйн нэгж, байгууллага хувь хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн. Мөн манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтмол өсөж буй бөгөөд инфляцын түвшин тогтвортой байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай орчин болох болов уу” гэсэн юм. Тэгвэл Зүүн хойд Азийн бүс нутгийн орон нутгийн захиргааны холбооны нарийн бичгийн дарга Очкае Ким “Тус экспо, форум нь Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай, хамтран хөгжих боломжийг өсгөх, бүх түвшний бизнес эрхлэгчдийг холбох, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх ач холбогдолтой арга хэмжээ юм. Уг арга хэмжээгээр Зүүн хойд Азийн бүсэд хамаардаг зургаан улс, орон нутгийн 78 нэгжид амьдарч буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар санаачилга гарч, бодит ажил хэрэг болж, эдийн засгийн эерэг үр дүнд хүргэх болов уу. Түүнчлэн цаашид бид соёл, боловсрол, анагаах ухаан, дэвшилт технологи, спортын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтаараа хөгжих, дэлхий нийт болон бүс нутгийн хэмжээнд илүү сайхан ирээдүйг цогцлоохыг эрмэлзэх хэрэгтэй” гэсэн юм.
Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлогынхоо хүрээнд хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжих бодлого баримталж байна. Хязгаар нутгуудаа байгаль цаг уурын онцлог, түүхий эд бэлтгэлийн төрөл, хэмжээнээс нь хамаарч харилцан адилгүй аргаар, хурдацтай хөгжүүлэхээр зорьж буйгаа холбогдох албадынхан нь ахин дахин дурдаж байв. Хэрэв урд хөршийн стандарт, шаардлагад нийцсэн, харилцан ашгаа өгөх бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал аль ч улсын, ямар ч бүтээгдэхүүнийг Хятадын аварга зах зээл “шингээхэд” бэлэн буйгаа илэрхийлж байлаа. Мөн тус улсын үйдвэрлэлдээ инновац, дэвшилт технологи нэвтрүүлсэн чадвар нь нэг жилийн дотор 23 орчим хувиар ахисан гэнэ. Түүнчлэн боомт хотуудын бүтээн байгуулалтыг сайжруулан, үзэсгэлэнт умард нутаг хэмээх бодлого хэрэгжүүлж буй аж. Манай улсын хувьд урд хөрштэй хийсэн экспорт, импортын хэмжээ 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилийнхээсээ 21 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Уг хэмжээг ирэх хоёр жилд 10 тэрбум “ногоон”-д хүргэх боломжтойг экспод оролцогчид онцлов.
“Монгол, Хятадын экспо”-гийн дийлэнх арга хэмжээг Улаанцав хотод зохион байгуулсан. Улаанцав нь Хятадын умард, зүүн хойд, баруун хойд хэсгийг бусад улс орнуудтай холбох зам тээврийн уулзвар, торгоны замын эхлэл болдог аж. Тус хотоос Бээжин хүртэл 300, Эрээн ороход 350 км-ийн зайтай юм байна. Мөн Улаанцаваар Монгол, Польш, Герман, Бельги хүрдэг Хятад, Европын тусгай галт тэрэг дамжин өнгөрдөг гэнэ. 2018 онд галт тэргээр тээвэрлэсэн ачаа эргэлтийнх нь хэмжээ 2017 оныхоос 1.8 дахин өсжээ. Түүнчлэн тус бүс нутаг нь урд хөршийн түүхий ноолуурын 80 орчим хувийг бэлтгэн, арьс шир, сүлжмэл, ангийн үсэн эдлэл үйлдвэрлэлийн зах зээлийн гол ханган нийлүүлэгч болдог юм байна. Тиймээс ч энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт дагнан эрхэлдэг 130 000 орчим шоо метр талбайтай, худалдааны төв байгуулснаа танилцуулсан юм. Тус төвөөр дамжуулан Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ч борлуулах боломжтой гэсэн.
Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулж, Зүүн хойд Азийн бүсийн орнуудын хамтын ажиллагааг сайжруулахад нөлөөтэй энэхүү форумаар төр, хувийн хэвшил, бүс болон орон нуаг хоорондын хамтын ажиллагааны 50 гаруй гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан. Үзэсгэлэн худалдаа, чуулга уулзалт, илтгэл, хэлэлцүүлгүүдийг багтаасан уг арга хэмжээний үеэр Монгол, Хятадын стандартчлалын форум, эдийн засгийн салбар дахь хууль зүйн тусламж, үйлчилгээ, технологи дамжуулалт ба инновацын хамтын ажиллгаа зэрэг 13 салбар хуралдаан болов. Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих хороо оролцсон бол Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин аялаж жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл оролцлоо.