Сангийн яамнаас экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн энэ сарын үнийн мэдээллийг гаргажээ. Ингэхдээ ашигт малтмалын олон улсын зах зээл дэх өнгөрсөн сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцсон байна. Уг үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хураадаг юм. Өөрөөр үүнийг төлбөр хураах жишиг үнэ гэдэг билээ.
Сангийн яамныхны тооцсоноор олон улсын зах зээлд цайр тонн нь 2274.6, зэс 5707.55, хар тугалга 2042.7, цагаан тугалга 16 567, хөнгөн цагаан 1740.62, молибден 23 800 ам.долларын үнэ байх нь. Тэгвэл грамм алт 128 129, мөнгө 1377.69 төгрөгийн үнэтэй байхаар тооцжээ. Жонш баяжуулалтын үзүүлэлтээс шалтгаалаад тонн нь 264-425, төмрийн хүдэр 64-80, гянтболдын хүдэр 10 475.5, манганы хүдэр 234.76 ам.доллар байх жишиг үнэ тогтоосон байна. Боловсруулаагүй нүүрсний үнэ үнслэг, илчлэгээсээ хамаараад тонн нь 67-123, баяжуулсан нь 52-131 ам.доллар байх үнэ гаргажээ. Тодруулбал, боловсруулаагүй болон баяжуулсан коксжих нүүрс хамгийн өндөр үнэтэй байгаа юм.