Японы “Nissan” автомашины компанийн ерөнхийлөгч Хирото Сайкава санхүүгийн луйвартай холбоотой асуудлаар албан тушаалаа орхиж магадгүй талаар “Kyodo” сонин мэдээлжээ. Түүний хэзээ огцрох мөн халаа авах хүний талаар одоогоор тодорхойгүй байгаа аж. Өмнө нь Сайкава тус компанийг удирдаж байх хугацаандаа хэт өндөр урамшуулал авсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн билээ. “Ниссан” компанид урамшууллын хэмжээ нь компанийн хувьцааны үнийн төвшнийг тооцоолон боддог бөгөөд эл системийг удирдах албаныхан компанийн хөгжил орлогыг нэмэгдүүлэхэд илүү идэвхтэй арга хэмжээ авч байлгахын тулд нэвтрүүлсэн аж. Япон- Францын хамтарсан Renauit-Nissan-Mitsubishi компанийн захирал Карлос Гон болон “Nissan” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Грег Келли нарын саатуулагдсан хэрэг намжаагүй байхад уг үйл явдал болжээ. Гон, Келли нарыг Токиогийн прокурор өнгөрсөн оны 11-р сарын 19 онд саатуулан хорьсон юм. Японы хэвлүүдэд бичсэнээр бол Карлос Гон “Nissan” компанийн ТУЗ-ийн даргаар 2010 оноос 2018 он хүртэл ажиллаж байх хугацаандаа 9 тэрбум иен буюу 80 сая долларын урамшууллаа мэдүүлээгүй ажээ. Үүнээс гадна түүнийг санхүүгийн луйвар хийсэн өөр хэдэн хэдэн хэрэгт буруутгаж байгаа ч Гон хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.