1918 оны өвлийн тэсгэм хүйтэн нэг өглөө Вязьма хотын гудамжаар аргаа барсан бүсгүй эмийн сангуудын хаалгыг татан морфин сураглана. Гуйна. Уйлна. Тэр үед Вязьма хот хүн ам багатай жижигхэн хот байсан тул оршин суугчид бие бие таньдаггүй юм гэхэд зүс мэддэг байжээ. Эмийн сангийнхан хөөрхий бүсгүйг өрөвдөж байв. Тэр чинь хар тамхичны эхнэр шүү дээ. 1918 онд Орос оронд пролетарийн хувьсгал өрнөснөөр нийгмийн асар их өөрчлөлтүүд явагдаж байсан үе. Эмийн сангуудаар морфин байтугай жирийн аспирин ч олдоход бэрх байлаа. Хотын захын нэг настай эмийн санч хөөрхий бүсгүйг өрөвдөн ганц ширхэг морфин тариа өгчээ. Бүсгүй тэр нандин зүйлээ атган алхаж байснаа гэнэт нэгийн санав бололтой зогтусав. Тэрбээр цэхэр өнгөтэй тариаг хараад “Энэ бол сүйрэл. Энэ аймшигт тариа миний нөхрийг алж байна” хэмээн бодсоноо эргээд эмийн сан руу гүйчхэв. Бүсгүй эмийн сангаас тариа найруулдаг жирийн ус худалдаж аваад гэр рүүгээ явлаа. Тэрбээр хэдэн долоо хоног тарианы усыг морфин хэмээн нөхөртөө итгүүлэн тарьсаар гайхамшигтай үр дүнд хүрчээ. Ухаалаг бүсгүй аймшигт үхлээс нөхрийгөө аварч чадав. Морфиныг жирийн тарианы усаар солих авралын гэмээр санаа тэр бүсгүйн толгойд орж ирээгүй бол дэлхийн утга зохиолын ертөнц нэгэн том авьяастнаа алдах байлаа. Харин уншигч бид “Собачье сердце”\Нохойн зүрх\, “Бег” \Зугталт\, “Белая гвардия” \Цагаан гварди\, “Мастер и Маргарита” \Мастер Маргарита хоёр\ зэрэг гайхамшигт зохиолуудыг уншиж чадахгүй байсан биз. Тэр хүн бол Михаил Булгаков юм. Түүнийг анагаах ухааны их сургуулийн оюутан байхад нэг цыган авгай гарынх нь алгаар мэргэлэн гурван удаа гэрлэх юм байна гэж хэлжээ. Хэзээний мэрэг төлөг, тэгэх тусмаа гудамжинд хүн амьтныг мэргэлж өгье гэж хоргоогоод явуулдаггүй цыгануудад итгэдэггүй байсан Михаил найзуудтайгаа явж байгаад тэгээд гудамжны үзмэрчдийг юу гэж худлаа хэлэхийг нь сонсож хөгжилдье хэмээн шийдсэн аж. Цыган авгайн хэлсэн үгэнд Булгаковын инээд нь хүрч найзуудтай нийлж шоолж хөхрөлдсөөр цааш явтал мэрэгч хүүхэн хойноос нь “Анхны эхнэр бурхнаас, хоёр дахь эхнэр хүмүүнээс, гурав дахь эхнэр чөтгөрөөс гэдгийг санаж яваарай” гэж хашхирчээ. Энэ үгийг Булгаков олон жилийн дараа эргэн санах болно. Харин одоо тэрбээр хайртай Таисиагүйгээр амьдралаа төсөөлөхгүй байлаа.
Таисия буюу бурхнаас заяагдсан эхнэр
1908 онд Киев хотод нагац эгч дээрээ зуныхаа амралтыг өнгөрөөхөөр Татьяна \Таисия\ Лаппа гэдэг охин иржээ. Охиныг ирсний маргааш нь нагац эгч дүүдээ “Би чамайг нэг хүүтэй танилцуулна. Тэр чамд Киев хотыг үзүүлэх болно” гэж хэлжээ. Тэр банди нь хөрш айлын хүү Михаил Булгаков байв. Тэд бие биендээ гайхамшигтай таарсан хүүхдүүд байлаа. Хоёулаа нас чацуу, хоёулаа сэхээтэн гэр бүлээс гаралтай, хоёулаа доороо олон дүүтэй, хоёулаа дуурьд дуртай, бас мөнгөнд үрэлгэн хоёр байжээ. Тиймээс тэд бие биендээ хайртай болсонд гайхаад байх зүйл үгүй байлаа. Зун ч дуусаж Таисия ч Саратав руугаа буцсан байна. Тэд захидлаар харилцсаар . . . Хоног өдөр өнгөрөх тусам тэд бие биегүйгээ байж чадахгүйгээ улам ихээр мэдэрсээр байв. Харин эцэг эх нь тэдний харилцааг төдийлөн дэмжихгүй байлаа. Тэд чинь насанд хүрээгүй хүүхдүүд шүү дээ. Тиймээс ч Таисиягийн эцэг эх охиноо шинэ жилийн баяраар Киев явахыг нь хоригложээ. Удалгүй Киевээс Лаппагийн гэрт “Таисияг ирж байна гэсэн хуурамч цахилгаан утас явуул. Миша буудаад байна” гэсэн нэгэн хачирхалтай цахилгаан утас иржээ. Энэ явдал хэн хэнийх нь эцэг эхийг сандаргасан аж. Таисияг алс хол Смоленск руу явуулж харин Мишад “Сургуульдаа эргэн орж, ухаан суухгүй бол Таисияг хэзээ ч харахгүй гэж мэдээрэй” гэжээ. Саад тотгор хайр дурлалыг улам дэвэргэдэг хойно залуу хос улам бие биенээ гэсээр 1913 онд зорьсондоо хүрч гэрлэжээ. Ариун сүмд бурхны өмнө тангараг өргөн зогсохдоо үзэсгэлэнтэй, аз жаргалтай хоёр хос амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргаж байна гэсэн ойлголтгүй ч үгүй хөгжилдөн инээлдсээр байжээ. Энэ амирлангүй байдал 1-р дайн эхэлснээр төгсгөл болсон аж. Тэр үед залуу хосууд Саратовт амьдарч байв. Энэ хотод фронтоос шархдагсад үй олноороо ирж байсан тул Булгаков хотын эмнэлэгт орж ажиллажээ. 1916 онд Булгаков өмнөд фронтод цэргийн эмчээр харин Таисия түүнийг даган сувилагчаар явсан байна. Удалгүй фронтын ар талд эмч нар дутагдах болсноор Булгаков эхнэрийн хамт ар тал руу шилжжээ. Фронтын ойролцоох суурин газруудад аж амьдрал, эрүүл ахуйн байдал хамгийн доод цэгтээ хүрсэн байлаа. Энд Булгаков бяцхан хүүхдийн дифтери өвчнийг эмчилж байгаад \хоолойд тогтсон идээд үрэвслийг гуурсаар сорж эмчилдэг\ санаандгүй өөрөө халдвар авсан аж. Хэдий шаардлагатай тариа хийсэн ч удалгүй түүний бүх бие тэсэхийн аргагүй загатнаж эхэлсэн байна. Хоол унднаас гарч, нойргүйдэлд хүрсэн Булгаков зовуураа даалгүй анх удаа өөртөө морфин тарихыг гуйжээ. Тэрбээр Вязьма хотод шилжин ирэхдээ морфины хамааралд бүрэн орсон байлаа. Таисия тэр үеийнхээ гэрэл гэгээтэй өдрийг нэгийг ч санадаггүй ажээ. “Миний толгойд зөвхөн морфин л эргэлдэж байсан. Өглөөнөөс авахуулаад үдэш болтол морфин олох ганцхан л зорилготой хотын эмийн сангуудыг дуусгадаг байлаа. Үүнийг л сайн санаж байна. Өөр юу ч санагддаггүй юм” гэж Таисия хожим ярьсан байдаг. Тэрбээр бүтэн хоёр жил зовсны эцэст нөхрийгөө энэхүү аймшигт зуршлаас аварч чаджээ. Киевт ирснийхээ дараа Булгаков хувиараа эмчийнхээ ажлыг хийх болсон байна. Харин оройдоо тэрээр ширээнийхээ ард суун ямар нэгэн зүйл бичих болсон аж. Юу бичиж байгаа талаар Таисияг үгэнд дурлахад нөхөр нь үзүүлдэггүй байв.Энэ тайван амьдрал бас л удсангүй. Ард иргэний дайн эхлэхэд Булгаков мөн л эхлээд Петлюрын \Украины тусгаар тогтнолын төлөөх арми\ дараа нь Деникины армид татагдан Кавказ хүрсэн байдаг. Энэ бүх замын турш түүнийг Таисия үнэнчээр дагасаар байжээ. Хэрэв Таисия байгаагүй бол Булгаков тер үеийн түүхэн ээдрээтэй үйл явдлаас амьд гарч чадахгүй байлаа. Хамгийн сүүлд Таисия нөхрөө эсэргэн хижиг өвчнөөр үхэх гэж байхад нь үүрч дүүрэн бөөцийлсөөр мөн л нөгөө ертөнцөөс татаж гаргажээ. 1921 оны намар тэд явган нүцгэн явсаар арай гэж амьтай голтой Москвад иржээ. Булгаков ямар ч ажил хийхэд бэлэн Москвагийн бүх л байгууллагуудыг дуусгасан гэдэг. Эхнэр нөхөр хоёр амьдралынхаа төлөө үнэхээр зүтгэж байжээ. Харин оройдоо Михаил үзэг цаас нийлүүлсээр байлаа. Түүний энэ зүтгэл талаар өнгөрсөнгүй. Удалгүй Москва даяар шинэ авьяаслаг зохиолчийн талаар ярих болжээ. Татьяна нөхрийнхөө амжилтад чин сэтгэлээсээ баярлах авч сэтгэлийнх нь гүнд ямар нэгэн эвгүй зөн төрсөөр байв. Михаил оройтож ирэхдээ сэтгэл нь их л хөдөлсөн байхаас гадна түүнээс эмэгтэй хүний сүрчиг хангинатал үнэртэх болжээ. Тэрбээр дээдсийн хүрээлэнгийн эргүүлэгт улам татагдсаар байв. Харин Таисия урьдын адил гэртээ сууж оеж шийдэн, угааж цэвэрлэн, зохиолчийн хоол ундыг бэлдсээр л . . Ингээд гал ус, шуурган дундуур арван нэгэн жил хамтдаа явж амьдарсны эцэст Булгаков гэр бүлээ орхиж байгаагаа хэлжээ. Тэд хэл амгүй чимээгүйхэн салсан ч Михаил дотроо ихээр шаналж байсан гэдэг. Тэрбээр гэрээсээ явахдаа “Бурхан намайг чиний төлөө хэзээ нэгэн цагт шийтгэнэ” гэж хэлсэн аж.
Люба буюу хүмүүнээс заяагдсан эхнэр
Булгаковын эхнэрээсээ салах болсон шалтгаан нь Любовь Белозерская гэгч бүсгүй байв. Тэр үед зохиолч Алексей Толстойн хамт хэсэг цагаачид Москвад эргэж ирээд байсны нэг нь Белозерская байлаа. Үзэсгэлэнтэй, өндөр боловсролтой Любад Булгаков зохиолчдын үдэшлэг дээр танилцсан даруйдаа дурласан аж. Харин бүсгүй Булгаковыг эчнээ мэддэг агаад түүний авьяасыг шүтдэг нэгэн байв.Тэд харилцаагаа ердөө хоёрхон сар л нууж чадсан аж. Цаашид аль аль нь сэтгэлээ барьж чадалгүй гэрлэхээр шийджээ. Белозерскаятай гэрлэж байхдаа Михаил цыган мэрэгчийн хэлсэн үгийг гэнэт санасан гэдэг. Гэвч зохиолч “гурав дахь гэж хэзээ ч байхгүй” хэмээн өөртөө итгэлтэй байв. Булгаковын шинэ амьдрал бас л тун даруухан эхэлжээ. Хуучирч муудсан нэг өрөөнд Белозерскаятай амьдарч байхдаа зохиолч “Белая гвардия” \Цагаан гварди\ романаа, “Собачье сердце” \Нохойн зүрх\, “Роковые яйца” \Үйлийн үрийн өндөг\ зэрэг туужуудаа мөн “Дни Турбиных” \Турбины өдрүүд\ жүжгээ бичсэн байдаг.Шинэ эхнэр нь чадлынхаа хэрээр нөхрийгөө дэмжиж тусалж байжээ. Москвагийн уугуул иргэн язгууртан гаралтай Белозерская Михаилд өөртөө итгэлтэй чанарыг олоход ихээр нөлөөлсөн аж. Мөн түүний цагаачлалаар амьдарч байсан үеийн тод дурсамжууд Булгаковын “Бег” \Зугталт\ зохиолыг бичихэд тус болсон байдаг. Эхнэртээ улам ихээр дурлаж байгаагаа Булгаков мэдэрч байв. Энэ тухайгаа зохиолч “Миний сэтгэлийн хэт хөөрлийг эхнэр маань дардаг. Энэ нь сайн, муу, амттай бас маш хэцүү. Би одоо Любагаар өвчилсөн байна. . . Би өнөөдөр түүний хувцсаа сольж байгааг харлаа. Харах харахдаа маш их шуналтайгаар харж байсан. . . түүнгүйгээр би өөрийгөө төсөөлөхгүй байна. . . Их дасжээ. . . ” хэмээн өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.Москвагийн Урлагийн Академик Театр болон Вахтангийн театруудад Булгаковын жүжгүүдийг тоглож эхэлснээр Белозерская тэр хоёрын амьдрал дээшлэн гурван өрөө шинэ байранд орж хүн шиг амьдрах болжээ. Гэвч энэ аз жаргалтай үе удаан үргэлжилсэнгүй. Пролетарийн үзэл суртлаар цэнэглэгдсэн уран зохиолын шүүмж Булгаковыг урж тастах нь холгүй байлаа. Дээрээс нь тухайн үеийн Дотоод Яам Булгаковыг итгэлгүй иргэний тоонд оруулсан байв. Булгаковын жүжгүүдийг театрын уран сангаас хасаж, зохиолыг нь хэвлэхээ больжээ. 1929 онд цөхөрсөн Бугаков улсынхаа тэргүүнд хандан “Хяхан хавчигдаж цаашид амьдрах аргагүй боллоо. ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр хаана ч хэвлэгдэх эрхгүй болсон учир намайг эхнэрийн маань хамт тус улсаас хөөн гаргах талаар Засгийн газартай ярьж өгөөч гэж би танд хандаж байна” гэсэн захидал бичсэн байдаг. Хариу ирээгүй аж. Тэд хавханд орсноо ойлгожээ. Олон жилийн дараа Любовь Белозерская нөхрийгөө гомдоосон нэгэн явдлыг санасан байдаг. Тэрбээр нөхрийнхөө ажлын ширээний дэргэд байх утсаар найзтайгаа хэрэгтэй хэрэггүй зүйлийн талаар удтал ярьжээ. Ажилд нь саад болоод байгааг Булгаков эхнэртээ сануултал Люба “Чи ямар Достоевский биш дээ” гэж шоолсон аж. Энэ өдөр эхнэр нөхрийн хооронд ангал үүссэн гэдэг.
Лена буюу ид шидийн учиг
Елена Шиловская Булгаковын гэр бүлтэй найз нөхдийн харьцаатай байжээ. Гэтэл тэрбээр найзынхаа нөхрийг булаагаад авсан аж. Харин Люба найзыгаа буруутгаж чадаагүй байна. Тэрбээр урьд нь өөрөө яг л ийм үйлдэл хийсэн билээ. Эхлээд Таиситай нөхөрлөн түүнд фокстрот бүжиглэхийг зааж байснаа нөхрийг нь аваад явчихсан юм. Бурхан цээрлүүлж байгаа биз гээд Белозерская болсон үйл явдалд хүлцэнгүй ханджээ.Тэр үед Лена генерал Шиловскийн эхнэр байв. Эхнэрийнхээ үнэнч бус явдлыг мэдсэн генерал Булгаков дээр давхиж очин гар буугаар сүрдүүлэн бөөн шуугиан тарьжээ. Харин эхнэртээ генерал энэ харилцаагаа болих юм бол түүнийг уучлана гэж амласан байна. Лена бараг бүтэн жил гэрээсээ гараагүй аж. Тэгээд бүгд бага зэрэг тайвширсны дараа гэрээсээ гарсан анхны өдрөө л Булгаковтай гудамжинд халз тааралджээ. Зохиолч учирсан даруйдаа хэлсэн зүйл нь “Би чамгүйгээр амьдарч чадахгүй нь” гэсэн үгс байлаа.Тэр оройдоо Булгаков генерал Шиловскийд Еленаг явуулахыг гуйсан захидал илгээжээ. Энэ харилцаа өрөөс нь ч битгий хэл Михаил, Лена хоёрын ч хяналтаас гарчээ гэдгийг генерал ойлгон салах зөвшөөрлөө өгсөн аж.Булгаков хөгшин цыган мэрэгчийн үгийг аль эрт мартсан байлаа. Гэтэл түүний бичиж байгаад сэтгэлийн цөхрөлд автагдсан үедээ шатааж орхисон зохиолоо Михаил Еленатай суусан даруйдаа сэргээж эхэлжээ. Үнс нурмаас нэгэн гайхамшигт роман бий болж байлаа. Тэрхүү романд хайр дурлалын тухай бас чөтгөрийн тухай өгүүлнэ. Ленагийн хувьд бол тогтсон хангалуун амьдралаа орхин ядуу, эрсдэлтэй, ямар ч ирээдүйгүй Михаил руу явна гэдэг ухаангүй хэрэг байлаа. Ямар нэгэн далдын хүч бүсгүйг даллан дуудсаар байлаа.Гучаад онд Булгаковын эргүүлээд театр авсан ч баяр баясгалан сэтгэлийн гутралаар солигджээ. Театр Булгаковыг жинхэнэ утгаар нь боолчилж гарчээ. Зогсоо зайгүй жүжгийн захиалгаар дарахын зэрэгцээ үргэлжийн үзэл суртлын засвар зохиолчийг залхаажээ. Түүний энэ байдал “Записки покойного” \Талийгчийн тэмдэглэл\ нэртэй романд маш тодоор дүрслэгдсэн байдаг. Яваандаа Булгаков сэтгэл зүйн байдлаасаа болж тархины мигрень өвчинтэй болжээ. Тэр үед Булгаковын зохиол гадаад асар дэлгэрсэн агаад дэлхийн нэр хүндтэй ихэнх тайзнаа жүжиг нь тоглогддог байв. Зохиолч төр засгаас гадагшаа гарах зөвшөөрөл дахин хүссэн ч мөн л татгалзсан хариу авсан байна. “Эх оронд минь зөвшөөрдөггүй, хилийн чанадад дээрэмддэг” гэж зохиолч гунигтайгаар хошигнодог байв. Елена өөрийнхөө амьдралыг тэр чигт нь Булгаковт зориулсан аж. Гэр орноо авч явахын зэрэгцээ түүний гар бичмэлийг эмхлэн бичгийн машинаар цохиж, ажилд нь хүргэж өгч, тарахад нь тосдог байжээ. Нөхрийнхөө зохиолыг машин дээр цохиж байхдаа Лена Булгаковыг дараагийн үе л уншиж ойлгох болно гэдгийг өдрөөс өдөрт ойлгосоор байжээ. Ямар ч найдваргүй, мөнгөгүй нөхцөлд Булгаков Христос чөтгөр хоёрын тухай, Мастер болоод түүний нууцлаг хайртай бүсгүйн тухай тухайн зуунд л хэвлэгдэхээргүй романаа бичсээр байлаа. Лена өөрийгөө Маргаритагийн дүрээс олж харжээ. Тэрбээр нөхрийнхөө энэ романд дурласан аж. Тухайн роман Булгаковын хамгийн гол бүтээл гэдгийг ч бүсгүй ойлгож байв.Булгаковын толгойн өвчин зохиолчийг хэвтэрт оруулсан аж. Лена хэдий “Би түүнийг үхлээс аварч чадна” гэж өдөр болгон өөрийгөө нөхрийгөө зоригжуулж байдгаараа хичээсэн ч өвчин ялсан юм. Тэсэхийн аргагүй өвдөж байсан ч Булгаков үхэлтэй эр хүн шиг нүүр тулсан гэдэг. Сүүлийн хэд хоног Булгаков ухаангүй байжээ. Харин хоромхон хугацаанд ухаан орохдоо Таисиятай уулзуулж өгөхийг гуйжээ. Тэрбээр бурхнаас заяасан эхнэрээсээ уучлал гуйхыг хүссэн аж. Хармсалтай нь амжаагүй юм.