Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг, Чилийн төрийн өмчит “Codelco” компанийн ашиг энэ оны эхний хагаст 74 хувиар буурч 318 сая ам.долларт хүрснийг өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ. Тус компанийн мэдээлэлд “Зэсийн ханш уруудсан, Чукуикамата ордод ажилчид тэмцэл өрнүүлсэнтэй холбоотойгоор ашиг багассан” хэмээн тэмдэглэсэн байв. Үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэж буй гүйцэтгэх захирал Нелсон Пизарро нь Сантьяго дахь төв байрандаа илтгэл тавих үеэр “Бидний хувьд хоёрдугаар улирал хүндхэн сорилттой өнгөрлөө” хэмээснээс нөхцөл байдлыг нь гадарлаж болно. Гэхдээ тус компанийнхан энэ онд 1.7 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвтэй хэвээр аж. “Codelco” 1-6 дугаар сард 769 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 12.1 хувиар багассан үзүүлэлт болсон. Нелсон Пизарро “Нэг паунд зэсийн ханш энэ онд 2.47-2.88 ам.долларт хэлбэлзэх магадлалтай” хэмээгээд, дэлхийн худалдааны нөхцөл байдал үүнд нөлөөлж байгаа гэж буруушаасан билээ. Мөн тэрбээр “Эрэлт ойрын жилүүдэд хэвийн хэмжээнд хүрнэ” хэмээн найдаж буйгаа хэлсэн юм.
Уул уурхайн орон гэгддэг Чилийн “Codel¬co”-д сорилт учирсан нь Монголоос холуур биш билээ. Зэсийн баяжмал манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг, нүүрсний дараа хоёрдугаарт бичигдэж буй учраас тэр. Тодруулбал, 2019 оны эхний долоон сард уул уурхайн салбараас улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсний 788.7 тэрбумыг нь нүүрс, 723.1 тэрбумыг нь зэсээс бүрдүүлжээ. Энэ хугацаанд манай улс 782.9 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 22.6 мянган тонноор өссөн гэсэн үг. Гагцхүү зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр багассан нь ханштай холбоотой. Иймээс ч дэлхийн эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг илтгэдэг гэгддэг зэсийн ханш үргэлжлэн уруудсаар байх уу гэсэн асуулт сонирхол татаж буй. Лондоны металлын биржид өнгөрсөн 7-8 дугаар сард 4.14 хувиар хямдарсан суурь металлын ханш цаашид хэрхэх бол?
Дэлхийн хамгийн том эдийн засагтай, хүчирхэг гүрэн АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, бараа, бүтээгдэхүүндээ харилцан татвар ногдуулж байгаа, улс орнуудын эрэлт багасах төлөвтэй зэрэг нь зэсийн ханшид хамгийн ихээр нөлөөлж байгаа юм. Шинээр тариф мөрдөж эхлэх хугацааг БНХАУ хойшлуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн ч АНУ дэмжээгүй тул Вашингтонд дээрх хоёр улсын хэлэлцээ хийх төлөөллийн уулзах товыг ч тогтоож чадахгүй буй талаарх мэдээлэл цацагдаж байна. Дэлхийн зэсийн хэрэглээний бараг 50 хувь нь урд хөрш, уг таваарын үйлдвэрлэлийн 10 орчим хувь нь АНУ-д ногддог учраас ханшийг нь “хөдөлгөх” нь гарцаагүй. Уг нь Олон улсын зэсийн судалгааны группийн мэдээлснээр дэлхий даяар 1-5 дугаар сард 190 мянган тонн хомсдол үүсжээ. Ирэх аравдугаар сарын 21-22-нд Португалд дараагийн хурал нь болох дээрх группийн тооцоолсноор ирэх жил 250 орчим мянган тонн зэсийн хомсдол үүсэх төлөвтэй гэнэ.
Хэдий ийм ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрэлт нь багасна гэсэн таамаг зах зээлд илүүтэй давамгайлж, зэсийн үнийг “өндийлгөхгүй”, сүүлийн хоёр жил гаруйнх нь доод түвшинтэй ойролцоо “барьсаар” байна. Эрчим хүч, барилгын салбарт ашигладаг уг металлын ханш өнгөрсөн баасан гарагт тонн нь 5624.5 ам.долларт хүрсэн нь 2017 оны зургадугаар сараас хойших хамгийн доод ханш нь болсныг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон. Өчигдрийн байдлаар уг ханш дээрхээс 10 гаруй “ногоон”-оор буураад байв. BMO банкны шинжээч Каш Камал “Зэсийн ханш огцом унана гэж бид таамаглахгүй байгаа. Гэхдээ худалдааны маргаан маш их эргэлзээ дагуулж, тодорхойгүй байдал үүсгэж байна. Томоохон эдийн засагтай орнуудын үзүүлэлтэд ч ахиц алга байгааг тэмдэглэх нь зүйтэй” хэмээжээ. АНУ-ын 75 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд хариу татвар ногдуулна гэж БНХАУ мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 550 тэрбум “ногоон”-ы бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэсэн нь өгөө аваатай “аашилж” байгааг харуулсан гэхэд болно. Иймээс ч олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг “АНУ-д 2020 оны эцсээр болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө худалдааны дайн эцэслэхгүй болов уу хэмээн таамаглаж байна” гэж мэдэгдсэн биз ээ. Тус агентлагийнхан ирэх саруудад суурь металлуудын, тэр дундаа зэсийн ханш доошилно хэмээн тооцоолсон юм. Ташрамд дурдахад, татвар, худалдааны маргаан улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж буй тул Олон улсын валютын сан бөмбөрцгийн ДНБ-ий өсөлтийн төлөвийг (санхүүгийн хямралаас хойших доод түвшиндээ хэдийн хүрсэн) бууруулсан билээ.
Зэсийн хэрэглээний тэн хагасыг “залгидаг” БНХАУ-ын аж үйлдвэрлэл өнгөрсөн долдугаар сард жилийн өмнөхөөс 4.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан нь сүүлийн 17 жил дэх хамгийн бага дүн болсон. Гэхдээ Хятад, Энэтхэгийн дэд бүтцийн хөгжил суурь металлын ханшид эергээр нөлөөлөх талтайг шинжээчид тэмдэглэж байна. Нөгөөтээгүүр, салхин цахилгаан станцын турбин, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэрэгтэй холбоотойгоор эрэлт нь өсөх боломж бийг үгүйсгэхгүй байгаа юм. Гэвч юу юунаас илүүтэйгээр худалдааны дайн (валютынх ч гэж буй) улбар шар металлын ханшийн “хувь заяа” хаашаа эргэхийг тодорхойлж, буурахад нь нөлөөлсөн хэвээр байх нь.