Улаанбаатараас Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгийг чиглэх 204.6 км авто замыг өнгөрсөн зургадугаар сарын 17-ноос засаж, шинэчилж эхэлсэн. Яг аялал зугаалгын үеийг тааруулж, иргэд олноор зорчдог Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгийн авто замыг хаасан нь энэ зун иргэдийг нэлээд бухимдуулав. Олон жил зам, тээврийн салбарынхны чихнээс хонх уясан тус замыг шинэчлэх хөрөнгөтэй болсон нь иргэдийг баярлуулсан. Гэтэл энэ жилийн хамгийн урагшгүй ажлаар “тодорно” гэж хэн санах билээ. Бүтээн байгуулалтын улирал бараг шувтарч байхад тус зам энхэл донхол хэвээрээ, засаж шинэчилсэн зүйл алга. “Арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна” гэсэн дарга нарын амлалт замхрав бололтой.
Тус замаар энгийн үед 6000, ачаалалтай үед 12 000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн тооцоо бий. Тиймээс гол замыг хааж, засвар шинэчлэлийн ажил эхлүүлэхээс өмнө түр зам барихад 6.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл түр зам нь сар бололгүй чанараа таниулсан. Тийш зүглэсэн бүхэн үүнээс болж бухимдав. Даарин дээр давс гэгчээр энэ зун бороо их орсны улмаас өчнөөн тэрбум төгрөгийн өртөгтэй түр зам шавар шавхайтай хутгалдан, ашиглах аргагүй болов.
Уг нь зам тавьсан компани арчилгаа, үйлчилгээг хариуцах ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд түр замд арчилгаа, үйлчилгээ хийсэн гээд хэлчих ганц ч зүйл харагдсангүй. Түр замыг засаж, шинэчлэх үүргийг таван компани хариуцаж, туслан гүйцэтгэгчээр бариулсан. Тодруулбал, “Дархан АЗЗА”, “Сэлэнгэ АЗЗА”, “Булган АЗЗА”, “Төв АЗЗА”, “Баянчандмань АЗЗА” компани хуваан авч, гүйцэтгэсэн билээ. “Дархан АЗЗА” компанийн захирал н.Баясгалангаас замын арчилгаа, үйлчилгээг хэрхэн гүйцэтгэж буйг тодруулахад “Манайх 24 км зам барьсан. Арчилгаа, үйлчилгээ хийнэ гэж гэрээнд тусгаагүй. Бид туслан гүйцэтгэгчээр ажилласан. Тендерт шалгарсан компаниуд арчилгаа, үйлчилгээгээ хариуцах ёстой” гэсэн юм. Зам, тээврийн хөгжлийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Тендер шалгаруулахад бүгд л чадна, бүтээнэ, хийнэ гээд л ажил авсан. Бидэнд мэдэх зүйл байхгүй” хэмээлээ. Тиймээс энэ үүргийг хүлээх эзэн байхгүй бололтой.
204.6 км замыг уг нь ирэх арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах ёстой ч одоогоор ажлын явц 26 хувьтай байгааг Х.Оргил-Эрдэнэ хэлсэн. Зуны гурван сард хийж чадаагүй ажлаа одоо хоёр сар хүрэхгүй хугацаанд гүйцэтгэж чадах, эсэх нь эргэлзээтэй. Дээр нь энэ жил эрт хүйтэрч болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлээд буй. Тодруулбал, энэ сарын 9, 10-наас цочир хүйтрэхийг сануулаад байгаа. Тиймээс энэ жил зам засварын ажил эрт зогсох магадлалтай гэсэн үг.
Дээрх замын ажлын туслан гүйцэтгэгч “Ай сити сайн консалтинг” компанийн ерөнхий захирал, төслийн инженерийн биет төлөөлөгч С.Очирбат “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж замын ажил удааширч байна. Улсын баяр наадмаас хойш 20 гаруй хоног дараалан бороо орлоо. Сэлэнгийн Баянгол сум буюу иргэдийн хэлж заншсанаар Баруунхараа хэсгийн замыг засах ёстой компани үйл ажиллагаагаа түр зогсоосон. Монголын талаас оролцож буй зарим туслан гүйцэтгэгч компани хятад компанийн санал болгосон хөлсийг голсон тухай сонссон. Түүнтэй холбоотой байх. Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс тэдгээр компанийн гэрээг цуцлах талаар хэлэлцэж байгаа сурагтай. Гэрээг цуцалбал дахиад л тендер зарлаж, өөр гүйцэтгэгч компани шалгаруулна. Ингэхээр дахиад л хугацаа алдана гэсэн үг. Тиймээс энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж амжихгүй, талыг нь л хучиж дуусгах биз” гэлээ. Иймээс Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгийг чиглэх иргэд хэзээ дардан замаар зорчих нь тодорхойгүй байна.
Манайхны ажил л болсон хойно “хуудуутай”, тохирсон хугацаандаа дуусдаггүй. Үүнийг мэдсээр байж хариуцсан яамныхан яаран, бүх замаа хаах хэрэггүй байсныг иргэд шүүмжилж буй. Замын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бүгдийг нь хаалгүй, эхний ээлжид 50 км-ийг хаан, засаж, таван компани нэгдээд ажлаа дуусгачих боломж байсан гэх. Ингэвэл иргэд 200 гаруй км, тоос шороотой, энхэл донхолтой замаар тонгочихгүй байсныг сануулж байна. Тодруулбал, эхний 50 км-ийн ажлыг дуусахаас өмнө үлдсэн 150 гаруй км-ийг хуучин замаараа туулсан нь арай дээр байж. Мөн зарим нь нэгэнт дөрвөн эгнээ зам тавихаас хойш одоогийн замаа хаах шаардлагагүй байсан гэж буй. Хоёр урсгалтай шинэ замаа тавьж, ашиглалтад оруулсныхаа дараа хуучныг нь хуулсан бол илүү дээр байв.
Хэрвээ энэ шийдлээр ажлаа эхлүүлсэн бол түр зам тавихад зарцуулсан 6.5 тэрбум төгрөг салхинд хийсэхгүй, өөр бүтээн байгуулалтад зарцуулах боломж байжээ. Энэ талаар Х.Оргил-Эрдэнээс тодруулахад “Хуучин замыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэх үед дөрвөн эгнээ болгох хөрөнгийн эх үүсвэр байгаагүй. Гэсэн ч жилд 300 гаруй хүний амийг авч оддог тухайн замыг яаралтай шийдвэрлэх нь бидний зорилго байсан” гэлээ. Үлдсэн хоёр эгнээ зам барих хөрөнгийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (300 сая ам.долларын зээл) авах шийдвэрийг энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд гаргасан. Гэтэл зам засварын ажил зургадугаар сард эхэлсэн байтал энэ мэт шийдвэр гаргах “тэнхэл” салбарын яамныханд байгаагүй бололтой.