Дамжин өнгөрөх буюу транзит тээвэр сүүлийн жилүүдэд огцом өслөө. Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр 2015 онд транзит тээврийн 73 галт тэрэг дайран өнгөрсөн баримт бий. Тэгвэл өнгөрсөн онд 855 галт тэрэг дайран өнгөрчээ. Энэ бол транзит тээврийн галт тэрэгний тоо сүүлийн гурван жилд 12 дахин өссөн үзүүлэлт. Хоёр хөршийг холбосон өөр транзит чиглэлийн тээвэр 2-3 дахин өсөлттэй байгаа гэсэн. Үүнтэй харьцуулбал, чанга атгахаар амжилт байгаа биз. Манай улсын газар нутаг БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Энэ газар зүйн байрлалыг илүү томоор харвал Ази, Европ тивийг холбох гүүр юм. Монголчууд сүүлийн жилүүдэд газар зүйн эл давуу талаа ашиглан төмөр замын транзит тээврийг хөгжүүлэхээр ихэд хичээж буй. Түүнийх нь үр дүн ч гарт баригдаж, нүдэнд харагдах хэмжээнд хүрчээ.
Манайхан дамжин өнгөрөх тээврийн боломжоо харуулах зорилгоор “Транзит Монгол” форумыг 2017 онд өмнөд хөршийн Бээжин хотод зохион байгуулсан. Дараа жил нь уг форумыг хойд хөршийн нийслэлд, энэ онд Улаанбаатарт зохион байгуулсан билээ. Уг форумаар Монголын нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийвэл эдлүүлэх тарифын хөнгөлөлт, үйлчилгээний нөхцөлийн талаар танилцуулдаг. Төмөр замаар галт тэрэг дамжин өнгөрөхөд чингэлэг шилжүүлэн ажиллах, тээврийн гэсэн хоёр үндсэн тариф бий. Чингэлэг шилжүүлэн ачих тарифаа “Улаанбаатар төмөр зам”-ынхан 70 хүртэлх хувиар хөнгөлдөг. Мөн төмөр зам ашиглуулсны буюу тээврийн тарифаа 15 хувиар хөнгөлдөг болсон. Үүнээс гадна үйлчилгээгээ шуурхайлах зэрэг бусад арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Транзит тээврийн хэмжээ өсөхөд тарифын хөнгөлөлт, үйлчилгээний нөхцөл хөшүүрэг болсон нь дамжиггүй. Үүнээс гадна хэд хэдэн шалтгаан бий. Эхний шалтгаан нь хоёр хөршийн худалдааны эргэлтийн хэмжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх тохиролцоонд хүрсэн. Энэ дагуу хоёр хөршийн худалдааны эргэлт жил бүр нэмэгдэж буй. Худалдааны эргэлт нэмэгдэхээр ачаа тээвэрлэх дэд бүтэц, ложистик шаардлагатай болох нь гарцаагүй. Нөгөөтээгүүр, өмнөд хөршийнхөн их газраар дамжих худалдаа наймааг цэцэглүүлэх зорилгоор “Бүс ба зам” санаачилга дэвшүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг санаачилгын нэг хэсэг болох ОХУ, БНХАУ-ыг холбосон транзит тээврийн коридорууд Монголын нутгаар дайрах нь нэгэнт тодорхой болсон. Иймээс урд хөршийн хэтийн бодлого ч транзит тээвэр өсөхөд нөлөөлж буй нь ойлгомжтой.
Манай улс хоёр хөршийнхөө удирдагчтай зөвлөлдөн, “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан “Хөгжлийн зам” хөтөлбөр боловсруулсан. Энэ бол хоёр хөршийг холбох дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх хөтөлбөр. Эл хөтөлбөрийн хамгийн чухал нь Монголын нутгаар дайруулан, хоёр улсыг холбосон төмөр замын гурван коридор байгуулах юм. Хөтөлбөрийн хүрээнд манай орны зүүн болон баруун талаар гулд төмөр зам тавихаар яригдаж буй. Хоёр улсын хооронд худалдаа наймааны эргэлт тохиролцсон хэмжээндээ хүрч өсвөл төмөр замын баруун болон зүүн коридорыг барихаас өөр гарцгүй болно гэж шинжээчид дүгнэж буй. Өөрөөр хэлбэл, тээвэрлэх ачаа нь бэлэн болчихвол төмөр замын төслийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэсэн үг. Энэ нь ирээдүйд Монгол Улс дамжин өнгөрөх тээврээс чамгүй орлого олох боломжтойг харуулж байгаа юм.
Монгол Улс одоогоор байгаа ганц коридороороо транзит тээвэр хийж байна. Энэ бол Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 1100 км урт төмөр зам. Уг төмөр замыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг эзэмшдэг. Нийгэмлэгийн хувьцааг ОХУ, Монголын Засгийн газар тэнцүү хуваан эзэмшдэгийг бид мэднэ. Транзит тээврийн өсөлт “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ашиг орлогод хэрхэн нөлөөлж буй бол. Тус нийгэмлэг өнгөрсөн онд 25.7 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүний 3.3 сая тонн нь дамжин өнгөрөх тээврийн ачаа байж. Мэдээжийн хэрэг транзит тээврийн галт тэрэгний тоо өсөхөөр ачааны хэмжээ ч нэмэгдэж таарна. “Улаанбаатар төмөр зам”-ын төмөр замаар 2016 онд 2.36 сая тонн ачаа дамжин өнгөрч байжээ. Уг нийгэмлэгийн ачаа эргэлтийн арваас илүү хувийг дамжин өнгөрөх тээвэр эзэлдэг болсныг дээрх дүнгээс харж болно.
Төмөр замын тээврийн орлогын 25-30 хувийг транзит ачаа эзэлдэг болсныг тус нийгэмлэгийнхэн дуулгасан. Үндэсний статистикийн хорооноос төмөр замын тээврийн орлого өнгөрсөн онд 616 тэрбум төгрөгт хүрснийг мэдээлсэн юм. Тэгэхээр транзит тээврээс 250-300 тэрбум төгрөгийн орлого олсон байх нь. Тарифыг хөнгөлсөн хэрнээ яагаад ийм их орлого олж байгаа юм бол гэж гайхаж магадгүй. Хэдийгээр хөнгөлөлттэй тариф эдэлж байгаа ч 1100 км төмөр замыг дуустал ашиглаж байгаа учраас их орлого оруулдаг гэж төмөр замчид тайлбарлаж байна. Төмөр замын тээврийн тарифыг км тутмаар тооцож хураадаг. Тэгэхээр нэг км төмөр зам ашиглахдаа бага мөнгө төлдөг ч бүгдийг “хэрэглэдэг” учраас их орлого оруулдаг гэж ойлгож болох нь.
“Улаанбаатар төмөр зам” өнгөрсөн жил импортын 2.8, экспортын 9.3 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүнээс гадна дотоодод 10 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Төмөр замын дотоодын ачааны дийлэнхийг цахилгаан станцуудад хүргэх нүүрс эзэлдэг. Тус нийгэмлэг өнгөрсөн онд дотоодын ачаа тээврээс 9.6, зорчигч тээврээс 43 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Уг алдагдлыг экспортын болон транзит тээврийнхээ орлогоор нөхдөг гэнэ. Их орлого олдог учраас транзит тээврийг хөгжүүлэх нь сайн шийдэл гэдэг нь харагдаж байгаа биз. Гэхдээ боломж, нөхцөл хэр бол.
Транзит тээврийг нэмэгдүүлэх нөхцөл эдүгээ тун хумигдмал болжээ. Энэ биднээс биш, бусдаас шалтгаалж байгаа нь бүр ярвигтай. Эрээний боомтын галт тэрэг хүлээн авах хүчин чадал чинээндээ тулсан гэнэ. Тус боомт одоо өдөрт 14 галт тэрэг хүлээн авч байгаа. Өргөтгөл хийхгүй бол үүнээс илүүг хүлээж авах боломжгүй. Манай тал удаа дараа хүсэлт гаргасны дүнд өнгөрсөн зургадугаар сард галт тэрэгний тоог нэгээр нэмэгдүүлж чаджээ. Манайх 2004 онд өдөрт есөн галт тэрэг нэвтрүүлдэг байж. Ачаа эргэлт өсөх тусам вагоны тоог нэмэх хүсэлт гаргасаар ийн чинээнд нь тулгасан байна.
Транзит тээвэр их мөнгө оруулж байна гээд эх орныхоо экспортын тээврийг бууруулж болохгүй, бас зоригчдынхоо тоог багасгах боломжгүй. Тэргүүн ээлжид иргэдээ чөлөөтэй зорчуулж, компаниудаа хүссэнээр нь экспорт хийлгэх учиртай. Ийм учраас транзит тээврийг нэмэгдүүлэх боломж хомсдох нөхцөлтэй юм. Эрээн бол жилд найман сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай боомт. Хятадад жилд хэдэн зуун сая тонн ачаа нэвтрүүлдэг том боомтууд бий. Тиймээс Эрээнд өндөр ач холбогдол өгдөггүй. Харин энэ жил төмөр зам хариуцсан дэд сайд нь Эрээнд ажиллажээ. Өөрөөр хэлбэл, анхаарал хандуулж эхэлсэн гэсэн үг. Хятадын талд манайхан өдөрт 22 галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадалтай болгох санал тавьсан сурагтай. Хүчин чадлыг ийм хэмжээнд хүргэвэл экспортын болоод транзит тээвэр нэг хэсэгтээ чөлөөтэй хийх боломж бүрдэх аж. Энгийнээр дүгнэхэд, төмөр замаар тээвэрлэх ачаа бараа голын ус шиг “үерлэж” байгаа ч Эрээн хэмээх нэвтрүүлэх суваг нь нарийхан болжээ.
УИХ, Засгийн газраас Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавих шийдвэр гаргасан. Эл төмөр замыг тавьчихвал экспортын, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнээ түүгээр хил давуулаад, Эрээний боомтыг транзит тээвэр хийхэд түлхүү ашиглах бодлоготой байгаа гэнэ лээ. Ханги чиглэлийн төмөр замыг тавьж дуустал нэлээд хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Эрээний боомтыг яаралтай өргөтгөхгүй бол ойрын жилүүдэд мөнөөх өндөр ашиг өгдөг транзит тээвэр хумигдмал, цаашилбал Монголын боломж хязгаартай байх нь.