Өдгөөгөөс 10 жилийн өмнө буюу 2009 оны наймдугаар сарын 16-нд У.Болт Германы Берлин хотод болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий 100 метрийн гүйлтэд 9.58 секунд хурдалж, дэлхийн дээд амжилт тогтоосон билээ. Түүний эл ам жилт 10 жилийн дараа ч босоо хэвээр байна. Магадгүй түүнээс хурдан хүн дахин төрөхгүй ч байж магадгүй. Ингээд агуу ямайк гүйгчийн түүхэн амжилтыг эргэн дурсъя.
- Тухайн үед 22 настай байсан У.Болт ДАШТ-д хараахан түрүүлж амжаагүй байлаа. Гэхдээ тэрбээр 2008 оны Бээжингийн олимпын наадамд ид шидийн мэт амжилтаар (9.69 секунд) алтан медаль хүртээд байв.
- Ямайк гүйгч ДАШТ-д гурав дахь удаагаа оролцсон ч 100 метрийн зайд анх удаагаа уралдсан нь энэ. Тэрбээр 2005, 2007 онд 200 метрийн зайд хүч сорьсон ч алтан медаль хүртэж чадаагүй юм. Усайн 2008 оноос ойрын зайд уралдахаар бэлтгэлээ базааж эхэлсэн.
- Берлинд 100 метрийн зайд аваргалах боломжтой гүйгч нь ямайк гүйгч бус Т.Гэй байв. Америк эр улирлын шилдэг амжилтыг (9.77 сек) эзэмшиж байсан юм. Гэхдээ 2009 оны финалаас өмнө У.Болт, Т.Гэй нар хоорондоо нэг ч удаа өрсөлдөж байгаагүй билээ. Түүнээс гадна У.Болт хавар нь автомашины осолд орж, хөлдөө мэс засал хийлгэсэн байв.
- Берлиний финалд У.Болтын дундаж хурд 38.18 км/цаг (секундэд 10.44 метр) байснаас гадна 70-80 метрийн зайд дээд хурд нь 44.72 км/цагт хүрчээ.
- Т.Гэй хамаг хүчээ шавхан гүйсэн ч (9.71 секунд) Усайныг гүйцэлгүй дэд байрт орсон. Гэхдээ эл амжилт нь түүний хувийн болон АНУ-ын дээд амжилт болсон байдаг. Мөн 100 метрийн түүхэн дэх гурав дахь шилдэг амжилт.
- Дөрвөн өдрийн дараа У.Болт 200 метрийн зайд дэлхийн дээд амжилт (19.19 сек) тогтоосон нь өдгөө ч эвдэгдээгүй байна.
- 100 метрийн зайн гүйлтийн хоёр дахь дээд амжилт (9.63 сек) мөн У.Болтынх. Гурав дахь нь ч (9.69 сек) мөн адил. Гэхдээ эл амжилтыг нь Т.Гэй, Й.Блэйк давтжээ.
“Хагас шигшээ уралдааны дараа би өөрийгөө финалд бэлэн гэдгээ мэдэж байсан. Агуу уралдаан хүлээж байгааг ойлгосон. 9.58 секунд бол сайн үзүүлэлт. Хэзээ нэгэн цагт дэлхийн дээд амжилт 9.4 секунд болно гэдэгт найдаж байна. Цаашид улам хичээнэ” хэмээн ялалтынхаа дараа У.Болт тайван гэгч нь өгүүлсэн юм.
Домогт ямайк гүйгч хамгийн сүүлд 2017 оны ДАШТ-д оролцсон билээ. Түүнийг зодог тайлснаас хойш богино зайн гүйлтийн амжилт зогсонги байдалд ороод байна. 2009 оноос хойш 100 метрийн зайд хамгийн шилдэг амжилт үзүүлсэн тамирчин бол АНУ-ын К.Коулмэн. Тэрбээр 2018 онд Брюссельд болсон “Diamond league”-ийн уралдаанд 100 метрийг 9.79 секундэд туулсан юм.
Эцэст нь өгүүлэхэд, хоёр жил тутамд зохиогддог хөнгөн атлетикийн ДАШТ ирэх сарын 27-ноос аравдугаар сарын 6-ны хооронд Катарын Доха хотод болно.