Австрали улс жуулчдын очих дуртай газрын нэг. Тус улс жилдээ дунджаар 3,0 тэрбум жуулчин хүлээн авдаг гэсэн тоо байдаг. Жуулчид ихэвчлэн Австралийн зүүн эрэг дагуу аялах дуртай байдгийн учир нь торгон элстэй далайн эрэгтэй нь холбоотой. Мөн Сидней, Мельбурн гээд үзэсгэлэнт хотууд нь жуулчдыг ихээр татдаг. Сидней хотын наран шарлагын газраар зугаалж, далайн давлагаатай наадаж залхсан залуучууд Мельбурн хотыг зорьдог аж. Тэд ихэвчлэн явуулын машинд дайгдах дуртай нь бас л аяллын утга учрын нэг биз ээ. Бас тэгээд хямд. Австралийн үзэсгэлэнт байгалийг үзэж, уугуул иргэд, тэдний ахуй амьдралтай танилцах ч боломжтой. Гэвч Австралийн засаг захиргаа ийм маягаар аялахгүй байхыг зөвлөдөг. Учир нь тус улс нутаг дэвсгэр томтой, суурин газрууд хоорондоо зайтай учраас хэд хэдэн машин дамжихад хүрдэг аж. 1990-ээд оны үед Австралийн хот хоорондын замд гараа өргөн зогсох жуулчид эрс цөөрчээ. Учир нь сураггүй алга болсон жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Гэр орноосоо мянган бээрийн алсад яваа тэд яасныг хэн ч мэдэхгүй байлаа. 1992 оны зун 26 настай, англи жуулчин Пол Онайонс Сидней хотоос Мельбурн орохоор замын машинд дайгдав. Зам дээр гараа өргөн цаг гаруй зогссоны эцэст арай гэж нэг жийп зогсов. Машин барьж явсан ахимаг насны эр мөн л Мельбурн орох аж. Замд танилцан тэд элдвийг ярьж явлаа. Гэтэл жолооч гэнэт замаас гарч зогсоод “Тээшнээсээ хуурцаг аваад ирье. Сидней хотоос холдох тусам долгион муу барьдаг юм. Хоюулаа сайхан хөгжим сонсож явъя” гэжээ. Залуу машинаасаа гарах гэтэл “Чи бууж яах нь вэ. Одоохон хөдлөхийн хооронд” гэж захирангуй дуугарахад жуулчин залуу жаахан гайхжээ. Тэгээд машиндаа үлдэв. Гэтэл суудлын дунд байдаг хайрцагт арваад хуурцаг байхыг харааад Пол сэжиг авлаа. Тэрбээр юу ч гэсэн бүсээ тайлан хаалганы бариулаас атгав. Жолооч эргэж ирэхдээ гартаа буутай байхыг хараад тэрбээр машинаас үсэрч гараад хар хурдаараа зугтжээ.Жолооч түүний араас хэд хэдэн удаа буудсан ч азаар оноогүй байна. Энэ үеэр хажуугаар нь өнгөрч явсан машин зогсож Полыг суулгаснаар залуу аврагджээ. Энэ үйл явдал Билангло гэдэг шигүү ойтой газрын ойролцоо болсон байна. Тэр жилийн намар нь хоёр тамирчин Биланглод бэлтгэл хийж яваад жимээс ойрхон хүний цогцос олж харжээ. Хэргийн газар ирсэн цагдаагийнхан эхний цогцоос холгүй өөр нэг амьгүй болсон бие олох нь тэр. Тэдгээр хохирогч таван сарын өмнө сураггүй болсон Английн иргэд байжээ. 21 настай Каролина Кларк, 22 настай Жоан Волтерс нар болох нь тогтоогдов. Хоёр бүсгүйг онц хэрцгийгээр хөнөөсөн байлаа. Каролина толгойдоо арван удаа буудуулсан бол Жоан огт өөр байдлаар амиа алжээ. Алуурчин түүний хүзүүнд нэг, цээжин тус газарт дөрөв, ар нуруунд нь ес гээд нийт 14 удаа хутгалж хөнөөжээ. Жоаны эцэг эх охиноо сураггүй болоод 14 хонож байхад нь ямар нэгэн гай болж гэдгийг зөнгөөрөө мэдэрч Австралид очиж эрэн сурвалжилсан байна. Тэд таван сарын дараа охиныхоо шарилыг авахаар Австралид дахин иржээ. Энэ удаа тэд олон нийтэд хандан зурагтаар алуурчныг илрүүлэхэд туслах өчүүхэн төдий мэдээлэл ч хамаагүй өгөхийг гуйжээ. Үнэхээр цагдаагийнханд нэг ч баримт байсангүй. Юуны түрүүнд тэд эрүүгийн сэтгэл судлаачид алуурчны ерөнхий зан байдлыг тодорхойлуулахаар хандав. Хэргийн газарт болон хохирогчдыг яаж алсныг судалсны үндсэн дээр сэтгэл судлаач “Аллага ойд болсноос үзэхэд хэрэгтэн тэр хавийг сайн мэддэг байх үндэслэлтэй. Байнга очдог ч байж болно. Хэрэгтэн аллагын үед өөрт нь хэн ч саад болохгүй, юу дуртайгаа хийж болохыг мэдэж байж. Хэрэгтэн анчин эсвэл ан хийдэг байх. Урьд нь ял авч байсан байх магадлалтай. Хохирогчдыг хоёр янзаар егүүтгэснийг үзэхэд нэг хүн биш байх магадлалтай. Нэг нь хүйтэн зэвсэг хэрэглэж, хохирогчийн биед хүрч таашаал авдаг бол, хоёр дахь этгээд зайнаас өөрийнхөө давамгай байдлыг үзүүлэх дуртай” гэсэн дүгнэлт гаргажээ. Алуурчин 22 калибрын “Ругер” маркийн винтов ашигласан нь хэргийн газраас олдсон сумны хонгио, хохирогчийн гавлын ясанд зоогдсон сумаар тогтоогдов. Австрали даяар ийм буу 55 мянга бүртгэгдсэн байлаа. Аллага үйлдсэн бууг энэ бүртгэлээс олно гэдэг өвсөн бухлаас зүү ощохтой адил. Өдөр сар өнгөрсөөр. . . Хэрэг илрүүлэх ажилд ахиц гарсангүй. Тэр үед цагдаагийнхан талийгч охидыг цуврал алуурчны хамгийн сүүлчийн хохирогч гэдгийг гадарласан ч үгүй. Тэтгэвэрт гарсан цагдаагийн офицер Брюс Брайн аллага болсон Биланглогоос холгүй амьдардаг байв. Тэрбээр Билангло ой руу мод түүхээр байнга явдаг болохоор тэр орчмыг сайн мэднэ. Брайн англиас ирсэн жуулчин бүсгүйчүүд алуулсан тухайг мэдээг зурагтаар үзжээ. Сүүлийн үед тухайн хэргийн талаар ямар нэгэн шинэ мэдээлэл байхгүйд гайхсан тэрбээр мэргэжлийнхээ сонирхолд хөтлөгдөн хэргийн талаар ямар нэгэн ул мөр хайж олохоор ойгоор явах болжээ. Есөн сар уйгагүй явсны эцэст тэрбээр хүний гавлын яс олжээ. Тэр ясны хажууханд ердөө хориод метрийн цаана өөр нэг цогцос байлаа. Дебра Эварист, Жеймс Гиббсон нар Мельбурн хотод төрж өссөн аж. Үерхээд удаагүй тэд 1989 оны арванхоёрдугаар сард амралтаараа Сидней хотод рок хөгжмийн наадам үзэхээр ирсэн байна. Гиббсоны ээж хүүгээ замын машин дамжин явна гэхэд дургүй байсан ч, Жеймс “хоёулаа явж байгаа” гэж тайвшруулжээ.Тэд алга болоод дөрвөн жил болсон байв. Гиббсоныг найман удаа хутгалж алсан бол Дебра онц хэрцгийгээр зодуулан нас барсан аж. Бүсгүйн гавлын ясны хоёр хэсэгт цөмөрч, эрүү нь хугарч, нуруу цээж нь хурц зүйлд зүсэгдэн ясандаа тулсан байв. Хосын цогцсыг жилийн өмнө Каролина, Жоан нарыг алсан газраас ердөө 600 метрийн зайтай олсон байна. Энэ хэргийн илрүүлэх зорилготой Австралийн түүхэнд байгаагүй том эрлийн баг бүрдүүлэв. Цагдаагийн ажилтан нар хоорондоо арваад алхамын зайтай, 40 км үргэлжлэх Билангло ойг самнаж эхлэв. Гэтэл энэ үеэр цагдаагийн газарт Алекс Милат гэдэг хүн мэдээлэл өгчээ.Тэрбээр хэдэн сарын өмнө найзтайгаа Биланглогийн ойролцоо явж байгаад машинтай хэдэн залуучуудыг таарчээ. Тэгээд машиных нь арын суудалд хоёр бүсгүй хүлээтэй байхыг анзаарсан байна. Энэ тухай яагаад тухай үед нь мэдэгдээгүй нь мөрдөгчдийн анхаарлыг татжээ. Дээрээс нь Алекс Милатын мэдээлэлд бодит байдалд нийцэхгүй зүйл олон байв. Тиймээс цагдаа нар Алексыг өөрийг нь шалгахаар шийдэв. Юуны түрүүнд Алекс Милатын гэр бүлийн гишүүдийн тоо цагдаагийнхны анхаарлыг татав. Милатынхан 14 хүүхэдтэй айл байв. Алекс арван хөвгүүний том нь аж. Тэд Биланглогоос урагш 100 км зайтай бөглүү газар амьдардаг байжээ. 10 хөвгүүн бүгд хөдөлгөөнтэй, дүрсгүй байсан бөгөөд зарим нь шоронд ч орж байсныг тогтоов. Хэрэг хийсэн хөвгүүдийн хэн нэг нь баригдсан тохиолдолд бусдыгаа хамгаалан бүх хэргийг ганцаараа үүрээд гардаг байв. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчимтай эвсэг ах дүүс аж. Милатынхныг цагдаа нар анхааралдаа авлаа. Эрлийн ажил эхэлснээс хойш долоо дахь хоног дээр Билангло ойгоос дахин нэг цогцос олдох нь тэр. Германы Баден -Баден хотоос ирсэн 21 настай Симона Шмигель Австралид ирээд дөрвөн сар болсон байна. Тэрбээр өмнө нь Сиднейгээс Мельбурн хүртэл аялахдаа замын машинаар явж байсан учраас айж болгоомжлоогүй аж. Бүсгүйг найман удаа хутгалж алсан байлаа. Урьдын адил хүзүү рүү нь хутгалж хөдөлгөнгүй болгоод дараа нь цээж, нуруу руу нь олон удаа хутгалжээ. Таван өдрийн дараа дахин хоёр цогцос нэмэгдэв. Билангло ой дахь аллагыг цуврал алуурчин үйлдэж байгаа нь гарцаагүй болов. Алуурчныг жуулчдын эрлэг гэж нэрлэв. Ани Хэбшид Гэбор Неужбоэр нар мөн л Германаас ирсэн жуулчид байлаа. Тэд 1991 оны аравдугаар сард Германаас гарч Индонезоор дамжин Австралид иржээ. Хосууд Зул сарын баярыг Сиднейд өнгөрөөгөөд, 1992 оны нэг сарын дундуур эх орон руугаа буцах ёстой байв. Шинжилгээний дүнгээр Гэборын цогцосноос олдсон зургаан сум өмнө нь Каролинагийн амийг авч одсон найман сум нэг бууных болохыг тогтоосон байна.Харин дунд сургуулийн ширээний араас дөнгөж гарсан Ани охины толгойг тастсан байв. Хохирогчийн толгой одоо болтол олдоогүй аж. Энэ удаа сэтгэл судлаачдын шинэ дүгнэлт цагдаагийнхны анхаарлыг татлаа. “Хохирогчдыг буудлагын бай болгож алсан нь алуурчин хөдөө өссөн, эсвэл амьдардаг болохыг илтгэж байна. Хөдөөний фермерүүд буутай байдаг бөгөөд бай буудаж зугаацдаг аж. Алуурчид найз, эсвэл нэг гэр бүлийнх байх магадлалтай Тэдний өссөн орчинд хүчирхийлэл, харгислалыг өөгшүүлдэггүй юм гэхэд таслан зогсоох ямар ч арга хэмжээ авдаггүй байсан нь илэрхий” гэсэн дүгнэлт цагдаагийнханд нэгэн гэр бүлийг санууллаа. Милатын гэр бүл буутай, ах дүүс бүгд анд дуртай, зарим нь шоронд сууж байсан. Хэрэв Милатынхан жуулчдыг хөнөөсөн бол хэн нь вэ? Мөрдөн байцаагчид ах дүүсийг судлах ажилд оров. Тэдний зарим нь сэжиг татхааргүй байлаа. Харин Ричард Милат буу зэвсэгэнд дуртай нэгэн аж. "Буу" гэсэн хочтой ч байжээ. Уолли Милат хэд хэдэн удаа шоронгийн хаалга татсан. Чухам түүний эдлэн газарт ах дүүс бай буудан нааддаг байв. Айван Милат мардөн байцаагчдын сонирхолыг хамгийн ихээр татжээ. Уолли Милат танхайн хэргээр шоронгийн хаалга татаж байсан бол Айван зэвсэгт дээрмийн хэргээр ял эдэлжээ. 60 насныхаа бараг талыг шоронд өнгөрүүлснийг Айван Милатын хөршүүд болон ажлынхан нь гадарлаагүй аж. Бүгд түүнийг нөхөрсөг, тусархуу гэж тодорхойлсон байдаг. Харин түүнийг хуучин эхнэр нь огт өөрөөр дүгнэсэн байна. Үнэн хэрэгтээ Айван харгис хэрцгий, бусдыг эрхэндээ орууж дарангуйлах дуртай нэгэн аж. Сэтгэл судлаачдын урьдчилан гаргасан тодорхойлолттой Айваны зан төлөв тохирч байв. Буу, жийп машин, ял эдэлж байсан, хэрцгий гээд бүх шинж түүнд байлаа. Аллага гарах үед ах дүү Милатууд хаана юу хийж байсныг судлахад Айваны байсан газар ойлгомжгүй байв. Ингээд 1996 оны арван хоёрдугаар сард Австралийн дээд шүүх Айваныг долоон жуулчныг алсан хэрэгт буруутайд тооцон, бүх насаар нь хорих ял өгчээ. Тэрбээр өдгөө амьд бөгөөд өөрийн бурууг хүлээн зөвшөөрдөггүй аж. Харин нэг л ойлгомжгүй зүйл үлдээд байгаа. Дээрх аймшигт аллагуудыг Айван ганцаараа үйлдсэн үү? Шүүгчид гэмт этгээдийг хамсаатантай байж болох талаар дүгнэлт гаргасан. Айваны өмгөөлөгчид ч уг хэрэгт Ричард Милат, Уолли Милат нарыг татах хэрэгтэй гэж шаардаж байжээ. Гэвч шүүх тэдэнд ял оноогоогүй байна. Учир нь цагдаагийнхан жуулчдыг нэг л хүн алсан гэж зүтгэжээ.
Айван Миллат
Айван Миллат дүү Ричард Миллатын хамт
Айван Миллатыг баривчлах мөч