Британид болсон нэгэн хуримын үеэр зочдыг хоолны үлдэгдэл, “хаягдлаар” дайлсан нь багагүй хэл ам таталж байгаа гэнэ. Зочдынхоо санал, хүсэлтийн дагуу төрөл бүрийн махтай болон цагаан хоол зэргийг бэлтгэсэн тансаг ширээний зоог дууссаны дараа хуримлаж буй хос “Та бүхний амтархан идсэн хоолыг үлдэгдлээр хийсэн” хэмээн зарлажээ.
Ингэхдээ үлдэгдэл хүнс гэдгийг тайлбарласан ч зарим зочин тун ууртай байсан гэнэ. Томоохон зоогийн газар болон дэлгүүр, худалдааны төвүүдэд тухайн өдөр борлуулагдаагүй болон бага зэрэг бяцарсан зэрэг механик гэмтэлтэй бүтээгдэхүүнийг үлдэгдэл гэдэг бөгөөд хаяхад хайран учраас хямдруулдаг жишиг олон улсад тогтжээ. Ийм бүтээгдэхүүнээр хоол хийвэл хуримын зардал гурав дахин бага байдаг гэнэ. Хуримлагч хос ч “Бид байгальд бага ч гэсэн хог хаягдал нэмэхгүй гэсэн сэтгэлээр амьдралынхаа хамгийн дурсамжтай энэ өдөр үлдэгдлээр хооллосон” гэж тайлбарлажээ.