Хүн төрөлхтөн хийгээд энэ дэлхий дээр амьдарч буй юмс бүхэнд хайр бий. Тэр дундаа хайр дурлалыг бусдаас илүү мэдэрч, баярлаж, гуньж явдаг хүмүүс бол яруу найрагчид. Тиймээс бид энэ удаа дараах яруу найрагчдийн шүлгийг онцоллоо. Эдгээр яруу найрагчид нь 90-оны уран бүтээлчдийн араас хүч түрэн гарч ирсэн "Нэн шинэ үеийн яруу найрагч"-д юм.
Б.Батзаяа
Тэр шүлгүүдээ уруулын будгаар бичдэг байжээ.
Тэнд эндээ жижигхэн цэцгэн толботой
Орны даавуу, дэрний уут л
тэмдэглэл, түүврийг нь орлож үлджээ.
Дээврийн ус зайлуулах төмөр яндангуудаас
бороо зогссоны дараа
дэмий л уянгалан хоржигнох ус шиг
мөрөн дээрх буулганаас нь салгасан
хоёр лонхны дараа
мөрөөдөл хүслийнхээ тухай тэр
дүүлэн дуулах боловч
хямдхан уушийн газрын нударган зодоочид
хяхтнасан модон ортой дэн буудлын гийчид л
мөрөөдөл хүслийнх нь тухай
мөнөөх шүлгүүдийг нь сонсдог байв даа.
Орон гэргүй, хаа сайгүй тэнүүлчлэгч
олны өмнө танигдах дургүй түүний
хурууных нь хээ уушийн газруудын
хундаган дээрээс угаагдаж арчигдсан ч
уйлсан ч,унасан ч, унтарсан ч
ууж хоосолсон лонхонд байсан шүлгүүд нь
уйтгартай, гунигтай амьдарч явсныг нь
Уучилж хайрлах шалтгаан болж үлджээ.
***
Чийглэг цагаан цас газарт унаад л хайлах шиг
Чиний гоо үзэсгэлэнгийн дэргэд би яасан хүчгүй
Намайг чи нар шиг халуун харцаар төөнөхөд
Чамайг би харж чадахгүй цас шиг хайлчих юм
Анхилуун үнэрт салхи шиг дэргэдүүр инээгээд зөрөхөд чинь
Азгүй гунигт навч шиг би яасан ч өндрөөс уначихав даа
Инээдэнд чинь ч бас дурлаж бүр гунигтай болчихоор
Ингэтлээ шаналсан сэтгэл минь инээгээд мэндэлж чадах уу даа
Хөгшин царс модны дэргэд залуу хус найгах шиг
Хөшөө мэт царс дүнхийж хус бүжээд ч байх шиг
Чи инээмсэглэн алхаж би гуниглан санааширдаг
Чийглэг цагаан цас алган дээр минь унаад л хайлчихдаг
Я.Баяраа
Цэл хүйтэн энэ өвлийн хаанаас ийм
Цээлхэн дуу сонсогдоно вэ?
Тайлал нэхэх олон асуултуудаа
Тайлахыг би юунд хүснэ вэ?
Дүрлийтэл ширтэх нүд шиг
Дүлий тэнгэрийн хаанаас ийм
Дүрслэл хэлэхийн аргагүй
Дүр дүрслэлүүд биежинэ вэ?
Магад хүлээлт үгүй бол цаг хугацаа амьгүй
Мартагдсан юмс угтаа хэзээ ч үгүй болдоггүй
Би дурсамжаасаа ангижрахыг хүсэх үгүй!
Би дурсамжаасаа ангижирлаа ч харамсах үгүй!
***
Гуравдугаар сарыг бороо шөнийн гүнд шивэрнэ
Гуниад яах вэ? хайрт минь
Чиний сэтгэлд асгарах нулимсны үнэртэй бороо
Чиний л нүдэнд сийрэх хаврын нялх манан..,
Энэ бүгээн атлаа чийг хөөрсөн огторгуйд
Энэ бүрхэг атлаа гэрэлт ертөнцийд
Салгуу холын уйтгар, зуурдын жаргалан нөхцөж
Саглагар мод болон ургаж эхэлсэн нь саяхан
Идэр залуу улиангарын биеийг ундаалан
Илбэхээс ч зөөлөн шиврэх гуравдугаар сарын бороо
С.Начин
"Намар л байж дээ чи"
Зүрхнийхээ хуанлыг дэлгэж суугаад
Томруулдаг шилээр
Чамтай танилцсан цаг хугацаагаа
Нягтлан бодож хэсэг тээнэгэлзлээ
Голдуу бороо үл мэдэг хаялсан
Навчисын судлаар дуслууд нь
Бөнжигнөн жирвэлзсэн
Он цагийн алдаа заалаа
Бодохнээ хавар байсан болвуу гэж
Өөртөө тунгааваас
Үсэнд чинь сондорлогдсон хярууг
Үлээж өгснөө санахад өвөл ч юм шиг
Гэтэл намайг санагалзан дурсаж
Шаргал гунигийг сэтгэлдээ хослуулан
Нисэж явааг чинь тагтан дээрээсээ хархад
Намар л байж дээ чи
Д.Сосорбарам
Чинийхээ нулимсан дотор орж завилаад
ертөнцийг бясалгаваас
Ертөнц намайг бясалгаж буйг мэдэрдэг.
өөрийгөө мэдэрдэг
Үсийг чинь үнэрлэсэн салхи
анхилам үнэрээр нь агаар дээр үүр засахад
Болор өнгөтэй болжмор болж
тэр үүрний хаалган дээр тэмдэг болгон
Далавчныхаа өдийг сугалаад ХАЙР гэж томоор бичлээ
Сэтгэл нь хөдөлсөн сар хэт тонгойж
бүгдийг тод харах гэсэндээ тэнгэрээс унаж
Арай ядан зүүгдэж хоцорсон
саргар модон дээрээ суугаад уйлахад
Нулимс нь
Яг нулимстай чинь ижилхэн байсан
Бүр гайхахдаа би нулимсыг чинь алган дээрээ тавиад
харьцуулж үзтэл
Нулимсных нь хацар дээр яг чинийх шиг минь
хоёр мэнгэ
Нягтлан харваас гараа хөтлөлцөн зогсоод
Сар гэж нүдийг минь амрагтаа шивнэхэд
Дуу хоолой нь сормуусанд минь илбэгдэж
Сарны үртэс бүтээгээд цэцгийн дэлбээн дээр
гоёлын даашинз өмсгөхөд л
Чинийхээ нулимсан дотор орж завилаад
ертөнцийг бясалгаваас
Ертөнц намайг бясалгаж буйг