Залуу насыг хайр дурлалгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Хэрвээ хайр дурлал үгүй бол баярлах, гуниглахын сайхныг мэдрэх завшаан үгүй. Тэр дундаа эмэгтэйчүүд сэтгэлийн хөдлөлд илүү автан дурладаг болов уу? Тиймээс бид дараах яруу найрагч эмэгтэйчүүдийн шүлгийг онцолж байна.
Л.Өлзийтөгс
Чамайг зүгээр л харахыг хүсдэг
Хармагцаа
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүргэмэгцээ
Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсья гэж боддог
Амсмагцаа
Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд
Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг
Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг
2008,10,13
Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг
Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч
Үнсэхэд чинь л би нулимастай инээж эргэдэг
Н.Пагма
ШУДАРГА, ДУРЛАСАН, ХҮЧ ЗОРИГТОЙ...
Өөдгүй амьтдаар дүүрсэн тэр гудамжны
Хамгийн булангийн мухлагт одоохон оч
Хундага тулгах хамсаатнаар ч яах юм
Тэнд ганцаар тухлаад лонх дарсны бөглөө мултал
Би чамайг хүсч мөрөөдөж байна
Би ганцхан чамдаа л аз жаргалыг хүснэ
Чамтай л хамт байхгүй бол
Ганцхан хором ч надад гэсгээл болж байна
Өр зүрхээ цаашид мэхлэхгүйг хичээнэ
Тэнэг дордсоор дүүрсэн энэ гудамжинд
Лонхтой дарс л ганц ариун нөхөр юм.
Чи тэндээ, би эндээ
Булангийн тэртээд дарсны мухлагийг зүглэж
Өөртөө зэхсэн урхинд тээглэж харуулдан унасан
Үнэнч ганц зүрхээ түшин босгож, цэнгүүлье
Намхан таазтай, давчуу цонхтой ч энд
Нар, сар, салхины ширхэгийг өчүүхэн тунгаар ч бас залгилж болно.
Хундага дарсаар шударга зүрхээ дайл, дурыг татсан нөхөр минь
Чи тэндээ, би эндээ нэгэн зэрэг
Хувь тавилангаа бясалгая, хэнэггүй төрсөн найз минь
Энд надаас өөр хэн ч алга
Эрх чөлөөтэй ч толгой гудайн суунам
Элгээ тэврэхдээ ч би чамайгаа тэвэрнэм
Энд л чи аль эрт шургалсан шүү дээ.
Энэ мөчөөс эхлэн хоёулаа
Нэгэн мөчгийг тавьж андгайлахад сайхан байна
Гашуун занга зэхэж түүндээ харуулдаж унах
Гайт тийм өдрүүд энэ үдэштэй хамт мартагдаг.
Маргааш бид хэн хэнийхээ нэрийг шивнэн хэлэхдээ
Магад хэдийн тайтгарч амжсан байх болно
Маргааш- маргааш- гэрэлт цаг хоромуудын аль нэгэнд
Шударга- дурласан- хүч зоригтой ширтэн харж зогсоно
Өөдгүй дордсоор дүүрсэн энэ гудамжны
Хамгийн булангийн мухлагт бид
Хоёр удаа очихгүй билээ.
Б.Баясгалан
Салхинд дэрвэх гоё улаан өнгө
Гэрэл болно.
Санаанд дэлбэх гоё дулаан хүн
Гэгээрнэ.
Бүргэд шувуу хөөрхий
Үүлэнд тулж ниснэ.
Бүүр цааш дүүлэхийг
Тэр яахин мэднэ.
Гэвч аливаа хана, нэвтэршгүй бүхэн
Гэрлээр огтлогдох үүлэн лугаа сиймхий.
Түүнийг олж мэдэхэд түмэн он болно
Түүнд л хүрэх гэж бумантаа үхнэ.
Жишээ нь би л гэхэд харанхуй цонхны
Жижигхэн цоорхойгоор л нарыг харж чадна
Аливаа сайн сайхныг өөрийнхөө хэмжээгээр
Амсаж хүртээд, бусдыг нь асгаж мэднэ. Гэтэл
Тэр бол өөрийгөө бүрэн туулах
Тэр бол өөрийгөө бүрэлгэн дуулах
Тэр бол дөнгөтэй нисч чадах
Тэр бол хөнгөхөн хагацаж чадах
Тэр бол..,
Түүний л чадах бүхний нэр.
Салхинд дэрвэх гоё улаан өнгө
Гэрэл болно.
Санаанд дэлбэх гоё дулаан хүн
Гэгээрнэ.
Н.Нарангэрэл
Зун дуусч
Намар эхлэж
Зулаг ороох өвс
Нараа даалгүй тамирдаж
Зуслангийн байшингийн орой
Чимээгүйд автаж
Цув нөмөрсөн бүсгүй
Цуурай хүрэхгүй алсыг
Цурам ч хийлгүй ширтэх
Хаяан дахь айлын яндангаас
Халуун цог үсчих
Хашаан дахь үхэр мал
Өвс хивэх
Харгуй дүүрэн навчис
Замаар нэг хөглөрөх
Хамар шархируулсан хүлээлт
Тахир замын энэтэй.
Ц.Дэлгэрмаа
Гэрлээ унтраахад шөнө ирж
Гэзэгний минь өнгөнөөс сар ургана
Тэнгэр өөд хүрэх гэж зүдэхдээ
Тэр гэзгээр минь олс сүлжинэ
Тодхон гэрэлтэгч оддыг уургалахад нь
Тонголзсоор одод нүдэнд минь уначихсан
Тэгээд л нүд минь ийм гэрэлтэй
Тэнгэрийн хэлтэрхий шиг чамд санагдана.