Эмэгтэй хүн бол бурхны бүтээл, ер бусын гайхамшиг, сарнай цэцэг,ертөнцийг аврах сахиусан тэнгэр г.м эмэгтэйчүүдийг яруу сайхнаар тодорхойлсон, магтан дуулсан нь олон байдаг. Хүн төрөлхтний суут бүтээлүүд тэдэнд зориулагдаж, хүлэгт баатар, өрлөг жанжнууд тэдний төлөө дайн өдөөж байсан. Яг энэ эрс тэрс үзэгдэл шиг зөвхөн эмэгтэй хүнд л сул дорой байдал ба хүч чадал, ур ухаан ба хөнгөн хуумгай байдал, уян налархай ба харгис хэрцгий зан зэрэгцэн оршиж чаддаг. Энэ утгаараа эмэгтэй хүн энэ хорвоогийн хамгийн тайлагдашгүй оньсого гэлтэй. Харин гомдож цөхөрсөн бүсгүй хүн маш аюултай нэгэн болдог гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Энэ үгсийг Бетти Бродерик гэдэг бүсгүйн түүх нотлох аж. Бетти 1947 онд Вестчестер хэмээх жижигхэн хотод католик шашинтны гэр бүлд төржээ. Энэ шашны уламжлал ёсоор Бетти хорвоо дээр эхнэр бас эх хүн болох гэж төрсөн хэмээн хүмүүжигдсэн аж. Хэдий амьдралынх нь зорилго бат бэх гэр бүлтэй болж, аз жаргалтай амьдрахад оршиж байсан ч Бетти дунд сургуулиа онц дүнтэй төгсөж, их сургуулийн санхүүгийн ангид элссэн байна. Удалгүй бүсгүй Даниель Бродерик хэмээх ухаалаг бас царайлаг залуутай учирч, дурлажээ. Хонгор шаргал үстэй, гоолиг биетэй Беттид ч залуу тэр дороо дурласан аж. Залуу хос гурван жил үерхээд гэрлэв. Бал сараа тэмдэглэснийхээ дараа Бетти бие давхар болсноо ойлгожээ. Энэ үед Даниэль Гарвардын Их сургуулийн магистрт суралцаж байлаа. Бетти өөрийгөө гэр бүлдээ бүрэн зориулахаар шийдэж сургуулиа орхин, өсөн нэмэгдэж байгаа гэр бүлээ ая тухтай байлгахын тулд ажил хийж эхэлсэн байна. Даниэлийг сургуулиа төгссөний дараа тэдний гэр бүл Калифорни руу шилжсэн аж. Даниэлийн албан тушаал шат шатаар хурдтай ахиж , амьдрал нь дээшилсээр байлаа. Сан-Диего хотын баячуудын дүүрэгт Даниэль Бродерикийхэн дөрвөн хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарна. Бетти хүүхдүүдээ өсгөн гэртээ суух болжээ. Түүний хүүхэд наснаасаа л мөрөөдөж байсан хүсэл нь биелж байлаа. Беттид хайртай нөхөр, тансаг амьдрал, дөрвөн сайхан хүүхэд гээд эмэгтэй хүний хүсдэг зүйл бүгд байлаа. Ийм л амьдралын төлөө өөрийн гэсэн бүхнээ золиосолсон шүү дээ.
Удалгүй энэ төгс амьдрал нь аажим аажмаар нурж эхлэв. Нөхөр нь ажлаасаа оройтож, гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлдэн цаг нь өдөр ирэх тусам багасах болжээ. Эмэгтэй хүний мэдрэмжээрээ нөхрийгөө өөр хүнтэй болсныг гадарлаж эхлэв . Даниэлийн туслах Линда хэмээх шаргал үстэй, гоолиг бүсгүй эхнэрийнх нь залуу насыг санагдуулам адилхан байлаа. Ганц ялгаа нь одоогийн Беттигаас хамаагүй залуу аж. Бетти нөхөртэйгөө илэн далангүй ярихыг хүссэн ч Даниэль гэр бүлээс гадуурх амьдралаа, тэр тусмаа Линдатай холбоотой асуудлаа эрс үгүйсгэн зүтгэжээ. Түүний гэртээ байх нь улам ховордсоор. Бетти 36 насныхаа төрсөн өдрийг гэртээ тэмдэглэхээр шийдээд, гоёмсог ширээ засан, элдэв амттан бэлдсэн авч Даниэль гэртээ ирж хоносонгүй. Хүүхдүүдээ унтуулсны дараа Бетти хэдэн давхар нойрны эм уугаад, судсаа ханаж орхив. Гомдож цөхөрсөн эмэгтэйн уур хилэн, тодруулбал анхны хүчирхийлэл өөрийнх нь эсрэг байв. Нөхөртөө хаягдаж магадгүй гэсэн бодолтой эвлэрч чадсангүй. Асар ихийг золиослон байж босгосон амьдрал нь нэг л өдөр нурах нь энэ. Хөөрхий бүсгүйг хүүхэд нь аварсан байна. Беттийг амиа хорлох гэж завдсаны дараа ч Даниэль эхнэрийнхээ араар тавьж байгаагүй гэж зүтгэсээр байлаа. Бүр эсрэгээрээ эхнэрийгээ хий зүйл ургуулан бодох сэтгэцийн өвчтэй болж хэмээн буруутгах аж. Удалгүй Даниэлийн төрсөн өдөр болов. Нөхрийнхөө 39 насны төрсөн өдөрт гэнэтийн бэлэг бэлдсэн Бетти Даниэлийн ажил дээр явж очтол нөхөр нь ч, түүний туслах Линда ч байсангүй. Нууц амрагууд бүхэл өдрийг ажлын гадуур байхаар шийджээ. Бетти гэртээ эргэж ирээд нөхрийнхөө хамаг үнэтэй хослолуудыг арын цэцэрлэгтээ аваачин, дээрээс нь бензин асгаад шатааж орхисон байна. Энэ үйлдлийг түүний хоёр дахь хүчирхийлэл хэмээн хэлж болно. Гурван сарын дараа Даниэль гэрээсээ бүр мөсөн явав. 1985 оны есдүгээр сарын 23-нд Даниэль Бродерик эхнэр Беттигээс салах өргөдлөө шүүхэд өгчээ.
Энэ үеэр Даниэль өөрийн туслах Линдатай хамт амьдарч байв. Беттигийн үйлдлүүд улам бүр хэвийн бус болж эхлэв. Тэрбээр Даниэль, Линда хоёрын утсанд “Та нар миний амьдралыг там болгосон. Түүнийхээ шанг хүртэх болно. Би та нарыг ална” гэх мэтийн заналхийлсэн мэдээлэл үлдээж, тэр байтугай ажилдаа явсан хойгуур гэрт нь нэвтрэн, хамаг юмыг нь эвдэж, сүйтгэсэн байна. 1986 оны хоёрдугаар сард Даниэль хуучин эхнэртэйгээ амьдарч байсан хамтын байшингаа Беттитай зөвлөлдөх ч үгүй зарчихсан байна. Уур хилэндээ шатаж, галзуурах шахсан бүсгүй Даниэль, Линда нарын байшингийн нь гол хаалгыг машинаараа цөм дайран оржээ. Энэ үйлдлийнх нь хариуд Даниэль хуучин эхнэрээ сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлсэн байдаг. “Тэр үүнийг хүсэж байна. Тэр нарийн бодож төлөвлөсөн үйлдлээрээ намайг албаар галзууруулах гэж байна” хэмээн Бетти хашхирч байжээ. Хэсэг хугацаанд эмчлүүлж тайвшрах нь Беттигийн тогтворгүй болсон сэтгэл зүйн байдалд ч хэрэгтэй байв. 1989 оны дөрөвдүгээр сард Даниэль Бродерик, Линда Колке нар гэрлэжээ.
Хэдий салаад багагүй хугацаа өнгөрсөн ч тэдний тулаан дуусаагүй л байв. Даниэль хүүхдүүдээ авахаар шийдэн шүүхэд ханджээ. Зарлан авсан Бетти галзуурах шахсан нь ойлгомжтой. 1989 оны аравдугаар сарын 5-ны өглөө эрт Бетти гэрээсээ гарчээ. Тэрбээр ширээн дээр “Надад байгаа ганц эрдэнэ болох та нарыг надаас хэн ч салгаж чадахгүй. Ээж нь та нартаа хайртай” гэсэн бяцхан зурвас үлдээсэн байлаа. Түүний цүнхэнд жижигхэн гар буу байв. “Би машиндаа суугаад далайн эрэг рүү явсан. Энэ зовлонгоос ангижрахын тулд тархиндаа сум зоох хэрэгтэй гэсэн бодол минь хэзээ өс хонзон болж хувирсныг мэдэхгүй. Нэг л мэдэхэд би Даниэль, Линда хоёрыг буудчихсан байсан” гэж хожим Бетти харамсан ярьсан байдаг. Тэрбээр амиа хорлох гэж байсан эсэхийг хэн ч нотолж чадахгүй. Харин өс, хонзон түүний оюун ухааныг бүрхсэн нь гарцаагүй. Бетти тэр өдөртөө цагдаагийн газарт өөрөө очин бүх үнэнээ хэлжээ. Бетти Бродерикийг санаатайгаар хоёр хүний амь бүрэлгэсэнд буруутайд тооцон 35 жилээр хорих ял оноосон түүхтэй. 2013 онд 66 настай Бетти хугацаанаасаа өмнө суллагдах өргөдөл шүүхэд гаргасан авч шүүх өргөдлийг буцаасан байна. Учир нь Бетти хийсэн хэрэгтээ өнөөг хүртэл гэмшихгүй байгаа аж.