Нэгэн хэсэг Британийн нийгмийн хэл амны бай байсан Камилла паркер-Боулз 72 насныхаа ойг тэмдэглэж байна. Их Британийн хаан ширээ залгамжлаг хунтайж Чарльзын нууц амраг байсан өдгөө хууль ёсны эхнэр нь болсон түүнийг хатан хааны гэр бүл хэдийнээ хүлээн зөвшөөрчээ. Британийн ард түмэн хайрлан шүтэж байсан Диана биш харин түүний мөнхийн өрсөлдөгч Камилла Британийн хааны хатан болох тавилантай байж. 90-ээд оны үед тэрээр Британийн хамгийн их дургүй хүргэсэн эмэгтэй байлаа. Түүнийг ханхүү Чарьз буюу Диана гүнжийн нөхөртэй нууц амрагийн холбоотойг нь Британи хүн болгон буруу шааж байв. Харин өнөөдөр Корнуоллын гүнгийн ахайтан, Британийн хаан ширээний залгамжлагчийн гэргий Камилла Паркер-Боулз хааны гэр бүлүүдийн бусад гишүүдийн адил төрийн бүх арга хэмжээнд оролцох, гадаадад айлчлал хийх зэрэг Виндзорынхны талаарх эерэг төсөөллийг бие болгон явж байна. Тэрбээр энэ хорвоод оршин амьдарснаараа Диана гүнжид сэтгэлийн зовлон авчирсаныг нь Британийн ард түмэн нэгэнт уучилсан бололтой. Гэхдээ л тэдний сэтгэлийн мухарт юм үлдсэн хэвээр.
Хэрэв ханхүү Чарльзтай танилцаагүй бол Камилла Розмари Шандын намтар их тунгалаг өөгүй байсан байж магадгүй. Тэрбээр жентри удмын хүн. Англид хэргэм цолгүй бага ноёдыг ийнхүү нэрлэдэг аж. Камиллагийн эцэг нь Британийн армийн хошууч харин ээж нь Эшкомбын гурав дахь тайж Роланд Кьюбиттийн охин байжээ. Камилла 1947 оны долдугаар сарын 17-нд төрж, Суссексийн Пламптон тосгонд өссөн байна. Тэрээр Швейцарт, дараа нь Францад уран зохиолын чиглэлээр сурчээ. Англид эргэж ирээд янз бүрийн хувийн компанид нарийн бичгээр ажиллаж байв. 60-аад оны сүүлчээр Камила Шанд анхны нөхөр Эндрю Паркер-Боулзтай танилцжээ. Тэд 1973 онд гэрлэж хуримаа хийсэн байдаг.
Хэдий тухайн үед Камила ханхүү Чарльзтай дотно харилцаатай байсан ч цэргийн даргатай гэрлэхийг багаасаа мөрөөддөг байсан болохоор Паркер-Боултай суусан аж. Ирээдүйн нөхөр нь түүний араар ил далд тавьдаг явдлыг ч үл тоосон гэдэг. Чарльз тэр хоёр поло спортын талбайд учирсан гэж ярьдаг ч хэн хэнийх нь найз байсан Люсии Санта-Крус гэдэг бүсгүй танилцуулжээ. Энэ үед Камилла найз залуу Эндрюгээс түр салчихсан байж. Чарльз, Камилла хоёр их сайн найзууд болсон бөгөөд сүүлрүүгээ дотно харилцаанд орж, болздог болжээ. Тэгээд тэдний харилцааны талаар бүгд л мэддэг болсон байна. Харилцаа нь улам дотносох хэрээр ханхүү Камиллагийн ээж, аавтай албан ёсоор танилцаж, найз бүсгүйгээ ч хааны гэр бүлийн зарим гишүүдтэй танилцуулжээ. Тэдний харилцаа 1973 онд гэнэт төгсгөл болжээ. Салах болсон шалтгааны хувьд олон хувилбар яригддаг ч хэргэм, цолгүй сүйт бүсгүй хатан хааны гэр бүлд нийцэхгүй гэж тэр үед үзсэн бололтой. Тэгээд ч олон түмэн Камиллаг ирээдүйн хааны эхнэр, Их Британийн хатан хаанд тохирохгүй гэдэг байлаа. Нөгөө нэг хувилбар нь Камилла өөрөө Паркер-Боулзтай эргэж нийлэхийг хүссэн гэдэг.
Камилла албан ёсны нөхрөөсөө охин хүү хоёр төрүүлсэн бөгөөд хүүхдүүдийнх нь загалмайлсан эцгээр ханхүү Чарльз болжээ. Камилла Чарльз хоёрын дотно харилцаа хэдий ханхүү Диане Спенсертай гэрлэсэн байсан ч 1980-аад онд эргээд сэргэжээ. Тэдний хоорондоо утсаар ярьж буй бичлэг хэвлэлээр цацагдаж нууц амаргийн харилцаа нь дэлхий дахинд ил болсон юм. Камилла нөхрөөсөө 1994 онд салсан бол ханхүү гэрлэлтээ 1996 онд цуцлуулсан байдаг. Британийн төдийгүй дэлхийн нийтийн анхаарлын татсан эл дурлалын гурвалжинг нэг тийш нь шийдэх шаардлагатай байсан нь ойлгомжтой. 1997 онд Диана гүнж автомашины ослоор амь үрэгдлээ. Энэ үе Камиллагийн амьдралын хамгийн хүнд байсан гэдэг. Нөхрөөсөө салж, ээж нь нас барж, бас Их Британи даяараа түүнийг үзэн ядаж байлаа. Бараг түүнийг л ослыг зохион байгуулсан гэх нь холгүй байжээ. Энэ үед түүний дэргэд байж, сэтгэл санаагаар дэмжиж байсан хүн ганцхан хунтайж Чарльз байсан гэдэг. Хэрэв Чарльз тэр үед түүний дэргэд байгаагүй бол өнөөдөр Камилла амьд байх эсэх нь эргэлзээтэй гэж түүний дотнын нэг хүн ярьсан байдаг. Цаг хугацааг бүгдийг эдгээж, бүгдийг мартуулдаг хойно удалгүй Камилла, Чарльз хоёр харилцаагаа бусдаас нуухаа больжээ. Тэдний хамтдаа зугаалж байгаа, зоогийн газар хоол идэж байгаа, тэврэлдэн үнэсэлдэж байгаа зураг сонин сэтгүүл болгонд хэвлэгдэн гарах болов. 2001 онд Камилла Паркер-Боулзийг хатан хааны гэр бүлд албан ёсоор танилцуулж, дөрвөн жилийн дараа II Элизабетта хатан хүүгээ дахин гэрлэхийг нь адисалсан аж.
Камиллаа өнөөдөр хунтайж Чарльзийн хэргэмд нийцэх бүх цол гуншинг авчээ. Тэрээр одоо Корнуоллын болон Ротсейсын гүнгийн ахайтан болсон. Мөн Уэльсийн гүнж хэргэм ч түүнд олгогдсон. Гэхдээ тэр цолоо Камилла хэрэглэдэггүй. Бас хэн ч түүнийг Уэльсийн гүнж цолоор нь дууддаггүй. Энэ цол Британичуудын сэтгэлд Дианагийнхаар үлдсэн бололтой.