Хүний хөрөг зургийг хувиргадаг гар утасны FaceApp аппликэйшныг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүйн үүднээс шалгахыг АНУ-ын сенатын гишүүн Чак Шумер Холбооны мөрдөх товчоонд ханджээ. Тэрээр тус байгууллагад хандсан захидалдаа хэрэглэгчийн хувийн гэрэл зургууд, мэдээлэлд бүрэн хандах эрх шаарддаг уг аппликэйшныг “үндэсний аюулгүй байдал болон сая сая Америкчуудын хувийн мэдээллийг эрсдэлд оруулж байж болзошгүй” хэмээн өгүүлсэн байна. Оросын Санкт Петербург хотод үйл ажиллагаа явуулдаг Wireless Lab компанийн хөгжүүлсэн FaceApp аппликэйшн 2017 оноос хойш 80 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Тус компани хувь хүмүүсийн гэрэл зургийг гуравдагч этгээдэд дамжуулдаггүй, хуулсан зурагнуудын ихэнх хэсэг 48 цагийн дотор серверээс устгагддаг гэж хариу мэдэгдсэн байна.