Монголын уран зохиолд томоохон шинэчлэл хийсэн нэгэн үе бол 90-ээд оны уран бүтээлчид юм. Тэдний зохиол бүтээл, шүлэг яруу найргаар өнөөгийн уншигчид амьсгалж байгаа билээ. Тиймээс бид энэ цувралаар дараах уран бүтээлчдийг онцолж байна.
Г.АЮУРЗАНА
Хуучин "мерседес"
Цардмал зам дээр сулхан чахрах
Дугуйн чимээн дунд
Чавхдан айсуй өнчин навч
Цонх мөргөөд унана
Дутуу хаагдсан хаалган завсраар
Намрын хөхөлбий салхи
Шүдэн завсраар сийгэх зэвүүн үгс шиг
Намайг зүглэж ирнэ
Дурсгасан бүхнийг нь зарж үрчихээд
Эргээд амрагтаа очиж яваа нэгэн шиг,
Дуу шуугүйхэн навчин аадар дундуур
Хуучин "мерседес" минь гунигтай урагшилна.
Урьд, явган туулсан замаа
Навчны мөртэй зузаан шилэн цаанаас сонжиж,
Урьдынхаа харцыг өмнөх толиноосоо олох гэж
Намайг будилж гүйцэхүйд
Хайхрамжгүйг минь зандрах, ууртай
Хачин чанга дуут дохио хангинаад
Хажуугаар гоёмсог жийп шурхийн одлоо.
Араас нь ширтэхүйд, миний залуу нас шиг...
1998.9.30.
Чамаас болсон юм биш л дээ, ер
хэнээс ч болсон юм биш.
Цасан шуурга, өвлийн жавар,
Хэд гурван төгрөг...
Ер юунаас ч болсон юм биш.
Зөнгөөрөө л, энэ ганц амьдралынхаа
Эцсийн дүндээ утгагүйг харж байна.
Зүгээр л, яруу найрагч болохоор, надад
Ийм бодол төрж байна.
Хаалга тогшоод гаднаас ороход
Хайртай охин минь баясан дэвхцэж угтана.
Хамрын уг шархираад
Сэвлэгний нь үнэрт тайтгарна.
Гэлээ ч, энэ жаргал минь хүртэл
Цаанаа хоосон санагдана.
Гэргий минь, чамаас болсон юм биш ээ,
Залуу нас минь дууссан байна.
П.БАТХУЯГ
Моддын дунд би хэлд орж
тэдний ярилцдагийг ойлгосон ч
хөөрхий модон сандал үхлийг
хөрөөний чахрах дуутай адилтгана
мөсний завсар хавчуулагдсан
загаснууд усанд л хайртайгаа
мөнгөн сэлүүрээ хэлнэ.
мөрөөдөл харин халуун хэлээ
хүйтэн хувинд наалдуулсны дараах
өвдөлт шиг болохыг
он цаг бидэнд ойлгуулах гэж
моддын хэлээр шуугинам.
2015-01-01
Модон байшин хүйтэн
Шилэн аягатай ус хөлджээ
Морьтой хүн сарын өмнө
Сарын өмнө хоног төөрүүлжээ
Эзгүй орхигдсон хуучин байшинд
Эзэн нь ганцаардал болжээ
Хээрийн салхи дураар сэлгүүцэн
Хээтэй ханын цаасыг нь хуулж орхижээ
Хуучин хүйтэн байшин шиг
Хүмүүст мартагдахыг л хүснэм
Бие минь модон байшин шиг хүйтэн
Сүнсээ л дулаан байлгахыг хүснэм
Б.ГАЛСАНСҮХ
Саарал борооны үзүүр тэртээд цайрч
Сайхан санагдахгүй байна. Гунигтай байна.
Нэг өглөө сэрэхэд хавар болсон байгаасай
Номнуудаа цүнхэлж аваад гэртээ харих юмсан.
Цэлийсэн тал нутгаа харж санаа алдаад
Цээж дүүрэн амьсгалж маргааш болтол бөх унтахсан.
Цэв цэнхэр тэнгэр, алтан нараа үзэхсэн.
Цээжээ онгойлгож тэгээд үдэш болтол уулан дээр суухсан.
Сар гарахыг харж цаг хугацааг мартахсан.
Салхины амтыг мэдэрч, сул тааваараа уйлахсан.
Шүлэг найраг уншиж нэг л тайван суухсан
Шөнийн нам гүмд тэгээд дуу аялж жаргахсан
Урт өвлийн дараа урин хавар ирнээ.
Урдах дарсаа уу. Удахгүй гэртээ харинаа.
Хүссэн бүхэн чинь хүзүүгээр чинь татнаа
Хүний газар өөрөө өөртөө итгэе.
***
Зөнөсөн өвгөний яриа шиг өвлийн
Зовлонт өдрүүдэд цуйвангийн мах хэрчих
Цай чанах эгшинд бүрэнхий нөмөрч
Цас гадаа хэн нэгний хөлийн доор
Чарлистон бүжих шиг чахрана
Б.ЭРДЭНЭ-СОЛОНГО
Салхи зүсэн амьдарна
Салхи шиг зүсүүлж амьдарна
Залуу байна, сайхан байна
Шартай , омогтой байна
Шав шар байна
Шал ногоон байна
Нулимс зүсэн амьдарна
Нулимс шиг зүсүүлж амьдарна
Хөнгөн байна, гэнэн байна
Хөөрөн нисч байна
Хөв хөх байна
Хөөс шиг байна
Нүдтэй байна, шүдтэй байна
Хүчтэй байна, гэхдээ
Уйлж байна, хүнээрээ байна
Уруулсан салхи шиг байна
Зүстэй байна, цөстэй байна
Зүсүүлсэн нүүртэй байна … Сүйтгэгдсэн, бас
Сүйтгэсэн
Цаг хугацаагаа
Эргэн хараад
Өөрийгөө анх удаа
Өөдгүй хүн гэдгээ
Мэдэв.
***
Амьд хөгжим заримдаа
Амьд хүнээс илүү санагддаг
Түүнийг сонсч,
Түүнтэй ярилцаж болно
Гол нь тэр намайг ойлгодог
Сүмд мөргөл үйлдэх шиг
Нүглээ наминчлах шиг
Сүмээс харьж явах шиг
Сүм рүү очиж явах шиг
Тийм мэдрэмж төрдөг
Амьд хөгжим заримдаа
Амьд хүнээс илүү санагддаг
Гол нь тэр намайг
Инээлгэдэг
Уурлуулдаг, бас уйлуулдаг
Толинд харах шиг, толь хагалах шиг
Хагархайнуудаар нь өөрийгөө зүсэх шиг
Хачин мэдрэмж төрдөг