Хүн төрөлхтний олонхын хувьд сансар, огторгуйн тухай ойлголт ёстой л “тэнгэрийнх” байдаг. Нарны аймгаас шинэ гараг илрүүллээ, Олон улсын сансрын станц (ОУСС)-ын өндрийг тодорхой хэмжээнд өөрчлөв гэх мэтээр сансар, огторгуйтай холбоотой мэдээллийг бид уншдаг ч сансрын хайгуулын хэтийн төлөв, эл салбарын үйл ажиллагаа хэрхэн явж, ямар зохицуулалттай байдаг зэрэг нарийн ширийнийг нь тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ талын ойлголтод нэмэр болох сонирхолтой зарим мэдээллээс хүргэе.
Ташрамд сонирхуулахад, 2010 онд Испанийн иргэн, 49 настай Анхелес Дюран хэмээх эмэгтэй өөрийгөө “галт бөмбөг” буюу нарыг эзэмшигч гэж зарласан. Тэрбээр “Аль нэг улс сансрын эрхэс, гараг, биетийг эзэмших эрхгүй. Харин хувь хүн тийм эрхтэй, эсэхийг олон улсын гэрээ, баримт бичигт тусгаагүй учраас боломжтой гэж ойлгоод нарыг эзэмшигч болохыг хүссэн. Надаас өмнө Деннис Хоуп хэмээх америк эр (өөрийнх нь баталдгаар АНУ-ын Калифорни мужийн засаг захиргаа 1980 онд түүнд албан ёсны гэрчилгээг нь олгосноор сарыг эзэмшигч болсон) сарны “эзэн” болсныг сонсоод ийм шийдвэр гаргасан. Үүнийгээ нотариатаар баталгаажуулсан” гэж “El Mundo” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаад “А.Дюран нь дэлхийгээс 149 600 сая км алсад орших нарыг эзэмшигч мөн болно” гэсэн бичиг үзүүлж байжээ. Түүний хэлснээр бол нарны туяаг “хүртэгч” хэн бүхэн түүнд татвар төлөх учиртай бөгөөд эл орлогынхоо 50 хувийг улсдаа, 20 хувийг тэтгэврийн санд, шинжлэх ухааны хөгжил болон өлсгөлөнд нэрвэгдэгсдэд тус бүр 10 хувийг зарцуулахаа ч тэрбээр амласан байдаг. Сансар, огторгуйг эзэмших гэсэн иймэрхүү гэнэн тэнэглэл дэлхий дээр цөөнгүй гардаг гэсэн.

Сансартай холбоотой бүх үйл ажиллагааг зохицуулах дүрэм журам гэж бий, гэхдээ мэдээж, дэлхий гаргийнханд л хамаатай. Тэр нь Олон улсын сансрын эрх зүйн баримт бичиг бөгөөд тус салбарын Үндсэн хууль гэсэн үг. Гэхдээ эл баримт бичгээр сансрын орон зайн асуудлыг зохицуулдаггүй. Өөрөөр хэлбэл, сансар гэдэг нь яг хаанаас эхэлж, хаа хүрдэг тал дээр олон улсын эрдэмтэд санал нэгдээгүй байна. Үүнээс гадна шинжлэх ухаан хөгжих хэрээр эл ойлголт өөрчлөгдөх магадлалтай аж. Ямартай ч сансрын тухай ойлголтыг ойрын болон алсын гэж ангилдаг аж. Тодруулбал, сарны тойрог зам хүртэлхийг ойрд тооцдог бол түүнээс цаашихыг хязгаараас давсан гүн буюу алсын сансар гэдэг аж.
Дээр дурдсан олон улсын сансрын эрх зүйн баримтаас гадна Сар болон сансрын уудмыг судалж, ашиглах зарчмын тухай гэрээ гэж бий бөгөөд 1967 оноос өнөөг хүртэл хүчин төгөлдөр явж иржээ. Сансрын тухай гэрээ ч гэдэг эл баримт бичигт тусгаснаар бол “тэнгэрийг” хүн төрөлхтний тусын тулд ашиглах нь бүх улс орны хувьд нээлттэй. Хэн ч тэр судалгаанд нь оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл, хүсвэл та ч оролцож болно. Тэгэхдээ сансрын орон зай, сар болон бусад гараг, сансрын биет болон түүнийг эзлэн түрэмгийлэх эрх аль ч улсад байхгүй. Мөн тэдгээрийг эзэмшихийг аль нэг орны үндэсний хэмжээний төсөвт хамааруулах хориотой. Олон улсын сансрын эрх зүйн гэрээний хүрээн дэх Сансрын объектод учирсан хохирлын олон улсын хариуцлагын тухай конвенц, Олон улсын хариуцлагын тухай конвенцоор тодорхой асуудлуудыг зохицуулдаг байна. Жишээ нь, сансарт дэлхийн хөлөг осолдоход нисэгчдийг аврах, дэлхий рүү буцаах болон ямар нэгэн онцгой тохиолдол гарвал аль улс тэргүүлэх байр суурьтай ажиллахыг заажээ. Үүнээс гадна сансар, огторгуй руу илгээсэн объектуудыг бүртгэх болон сар, сансрын гараг, эрхэс дээр улс орнуудын үйл ажиллагааны тухай конвенц зэрэг олон баримт бичиг байна.
Сансрын тухай гэрээнд зааснаар сансрын нисэгчийг “Сансарт илгээсэн хүн төрөлхтний элч” хэмээн албан ёсоор нэрлэдэг байна.
Сүүлийн жилүүдэд эл шинжлэх ухаан эрчимтэй хөгжихийн хэрээр энэ салбарт ажиллах мэргэжилтэн, тэр дундаа сансрын хуульч бэлтгэх зайлшгүй шаардлагатай гэж үздэг эрдэмтэн, судлаач Орос, Америкт цөөнгүй байдаг аж. Мөн сансрын аялал жуулчлалыг зохицуулах журам, гэрээний тухай ч ярих болжээ.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан гараг, эрхэстэй холбоотой сонирхолтой баримт болон сансрын үзэгдлүүдүүдийн талаар бэлтгэлээ.
- Нарны толбоны талаар хүмүүс олонтоо сонссон нь лавтай. Хүн төрөлхтөн “алтан, гэрэлт, галт бөмбөг” зэргээр нэрлэж ирсэн наран дээр хар толбууд үүсэж, бүдгэрч байгаагийн учрыг 400 гаруй жилийн тэртээд Италийн одон оронч Галилео Галилей анх судалсан түүхтэй. Нарны гадаргын ихэнх хэсэгт соронзон орны хэмжээ дэлхийнхээс 100 дахин их байдаг. Дэлхийн соронзон орны шугамууд Хойд, Өмнөд туйлыг холбосон чиглэлтэй. Харин нарных эмх замбараагүй байдаг аж. Хүчтэй соронзон орны шугам нарны гадаргууг нэвтрэх үед агаарынх нь температур буурах бөгөөд үүний улмаас “галт бөмбөг” ердийнхөөсөө илүү бараан харагддаг аж. Энэ үзэгдлийг нарны толбо гэдэг байна. Соронзон орны нөлөөллөөр толбоны орчимд титэм үүссэнээр наран дээр дэлбэрэлт буюу цөмийн урвал явагдана. Үр дүнд нь цэнэг бүхий эгэл хэсгүүд “үймж, бужигнан” тархах бөгөөд үүнийг нарны соронзон шуурга хэмээнэ. Нарны толбо хэмээх сансрын үзэгдэл 11 жилийн давтамжтайгаар явагддаг болохыг эрдэмтэд тогтоосон. Гэхдээ сүүлийн зуун жилийн хугацаанд нарны толбоны өөрчлөлт цаг хугацааны давтамжаасаа гажих болсныг олон улсын судлаачид тогтоожээ. Үүний нөлөөгөөр хэт халж, хүйтрэх зэргээр цаг агаар тогтворгүй болж байгаа гэнэ. Жишээ нь, өнөө жил Европт хэт халж, өдөртөө 40 градуст хүрч байна. Ойрхи Дорнодод 60 градус давсан халуун болж буй.
- 2015 онд Европын сансрын агентлагийн багийнхан Чурюмова-Герасименко/67Р сүүлт одны гадаргуугаас хүчилтөрөгч илрүүлсэн нь гайхамшигт нээлт байлаа. Одоогийн байдлаар ингэж “амьсгалдаг” сүүлт одыг дахин нээгээгүй байна.
Сансрын биетүүдийн агаар мандалд хүчилтөрөгч агуулагддаг ч голчлон нүүрстөрөгчийн давхар болон дутуу исэл зэрэг “бусдын” молекулын нэгдэлтэй хамт байдаг. Харин дэлхийгээс бараг нэг тэрбум жилийн өмнө үүссэн хэмээн үздэг Чурюмова-Герасименкогийн хувьд дан хүчилтөрөгчийн давхаргатай гэдгээрээ онцлог. Энэ нь дэлхийгээс гадна амьдралтай гараг байх магадлалтай гэсэн горьдлого юм байна.
- Сарны тоосонцор гэсэн нэршил байдаг. Гэхдээ энэ нь тусдаа зүйл биш, манай дагуулын хөрсийг ийнхүү нэрлэдэг. НАСА-гийн эрдэмтдийн мэдээлснээр, дэлхийн дагуул барагцаалбал 81 000 жил тутамд нэг удаа “тоосоо” гөвдөг буюу сансрын элдэв биетээс цацагдсан чулуу, сайр, тоосонцор зэргээсээ салдаг гэнэ. Ташрамд өгүүлэхэд, олон улсын судлаачдын тооцоолсноор, саран дээр ойролцоогоор 181 тонн хог хаягдал байгаагийн дийлэнх нь судалгааны зорилгоор байршуулсан төхөөрөмж, гараг хоорондын пуужингийн үлдэгдэл.
- Дэлхийгээс хөөргөсөн хиймэл дагуулууд хоорондоо мөргөлдөх нь бараг үгүй аж. Анхны бөгөөд түүхэндээ хамгийн томд тооцогдох нэг “тулаан” 2009 оны хоёрдугаар сард болсон нь ОХУ-ын, 900 кг хүнд “Космос-2251” болон АНУ-ын, 600 кг жинтэй “Iridium 33” хиймэл дагуул мөргөлдсөн явдал. “Космос-2251” -ийг 1993, “Iridium 33” (утсан холбооны зорилгоор хөөргөсөн 72 хиймэл дагуулын нэг)-ыг 1997 онд дэлхийн тойрог зам руу илгээсэн. Үүний улмаас том хэмжээтэй, 600-гаад хог хаягдал сансарт бий болж, тэдгээр нь ОУСС-тай мөргөлдөх магадлал асар их байсан. Тиймээс дэлхийн тойрог зам дахь ОУСС-ын байршлыг өөрчлөн, барагцаалбал нэг км дээшлүүлжээ. Тус станцын байршлыг сансрын хөлөг хүлээн авах зэрэгт тохируулан хааяа өөрчилдөг ч хог хаягдлаас “бултуулан” дээшлүүлж, доошлуулсан тохиолдол 24 удаа байна. Хамгийн сүүлд гэхэд, 2012 онд тэнд ажиллаж байсан “Роскосмос”, НАСА-гийн хамтарсан багийнхан таван минутад амжиж сансрын том хогноос зайлсхийж, станцын байршлыг хэдэн арван метр доошлуулсан гэнэ. 450 тонн жинтэй ОУСС-ыг АНУ, Бельги, Бразил, Герман, Дани, Испани, Итали, Канад, Нидерланд, Норвег, ОХУ, Франц, Швейцар, Швед, Японы сансрын агентлагийн оролцоотойгоор 1998 онд дэлхийн тойрог замд угсарчээ. Дэлхийгээс 420 км өндөрт цагт дунджаар 27 700 км хурдтайгаар нэг өдрийн дотор цэнхэр гаргийг ойролцоогоор 15 удаа тойрдог байна.
- Сансрын орон зай дэлхийгээс дээш 118 км-ээс эхэлдэг гэж олон улсын судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн орон зай тэр хүрээд “мухарлана” гэж Канад эрдэмтэд 2009 онд мэдээлж байсан. Түүнээс хойш эл хэмжээг “хөндсөн” хүн алга. Цэнхэр гаргийн хил хязгаарыг тогтоохдоо сансрын эрчим хүчний нөлөөлөл зэрэг гол 12 хүчин зүйлийг тооцсон гэнэ.
- Сансрын биетүүд “амиа егүүтгэх” нь ховор ч гэсэн тийм сонин үзэгдэл “Хаббл” дуранд 2014 онд өртсөн нь бий. P/2013 R3 астероид (1000 хүртэл км голчтой гаргийг астероид гэдэг) тус бүр нь ойролцоогоор 200 мянган тонн жинтэй 10 хэсэгт хуваагдаж, цагт 1.5 км хурдтай одох зууртаа жижиг хэсгүүд болон бутарсан гэнэ. Уг гаргийг 2013 онд нээсэн бөгөөд хоёр хэсгээс бүрддэг байжээ.