“Австралийн коала” сангаас ийнхүү мэдээлэв. Өхөөрдөм төрхтэй, уутат баавгай буюу коала Австрали тивийн нэг бэлгэ тэмдэг. Тус улсын “халаасанд” аялал жуулчлалаас ордог багагүй мөнгийг эл амьтан “цуглуулдаг” гэж болно. Тодруулбал, коала, имж зэрэг амьтныг харахаар олон зуун жуулчин тус тивийг зорьдог гэсэн судалгаа бий. Тэгвэл коалагийн тоо толгой сүүлийн жилүүдэд хурдацтай буурч байгаа нь хөрстөөс арчигдах аюулын харанга гэж тус улсын судлаачид мэдээлсэн байна. Хэдэн сарын өмнөх тооллогоор онгон байгальд 80 мянга орчим коала бүртгэгджээ. Энэ нь үр төлөө бүтэн үеэр нь “бэлтгэхэд” хангалтгүй тоо биш гэж мэргэжилтнүүд үздэг аж. Өнөөгийн байдлаар олон улсын ангиллаар устаж буй амьтнаар бүртгэгдсэн эл уутат баавгай мөхөх аюулд өртсөн нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэнэ. Дараагийн нэг шалтгаан нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж амьдрах орчин нь хумигдаж байгаа аж.