Хүн өдөрт 150 граммаас хэтрүүлэхгүй мөөг хэрэглэх нь зүрх, судас, мэдрэлийн тогтолцоо гээд эрүүл мэндэд тустай гэдгийг ОХУ-ын Био технологи, хоол судлалын төвийн эрдэмтэд мэдээлэв. Хэрэв эл хэмжээнээс илүүдүүлбэл сөрөг нөлөөтэй аж. Тус газрын эрдэмтэн Е.Ливанцова “Мөөг уургийн агууламжаараа махтай дүйх бүтээгдэхүүн. Фолийн хүчил, кальци, фосфор, кали, төмөр зэрэг эрдэс бодис, В-гийн төрлийн болон С аминдэмээр баялаг. Бусад ургамлаас ялгаатай нь холестерин агуулдаггүй. Тиймээс таргалалттай хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой. Үүнээс гадна чихрийн шижин өвчинтэй хүн өдөр бүр тодорхой хэмжээгээр мөөг хэрэглэснээр цусанд дахь чихрийн хэмжээ болон хорт хавдрын эрсдэлийг бууруулна” гэжээ. ОХУ-ын Гастроэнтерологи (хоол боловсруулах эрхтэн судлалын ухаан)-ийн нийгэмлэгийн тэргүүн, пофессор Л.Лазебникийн мэдээлснээр, ямар газарт ургаснаас шалтгаалан мөөгний чанар, ач тус янз бүр байдаг аж. Авто замын дагуу ургасныг идэж болохгүйг тэрбээр зөвлөжээ. Хөрс нь асар их бохирдсон, хүнд металлын найрлагатай болсон байдаг учраас тэр. Түүнчлэн ходоод, бүдүүн гэдэсний шархлаа өвчин, элэг, бөөрний дутагдалтай нь оношлогдсон хүмүүс мөөгнөөс “айсан” нь дээр гэнэ.
Судлаачид мөн мөөгийг түүхийгээр хэрэглэх нь хор идсэнтэй адил хэмээгээд тосгүй шарж хэрэглэснээр тухайн ургамалд агуулагдах ашигт бодисуудын үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтой гэж зөвлөв.
Энэ мэдээтэй холбогдуулан мөөг хэмээх газрын “мах”-ны талаар товчхон мэдээлэл хүргэе.
- Цэнхэр гаргийн хэмжээнд ойролцоогоор 100 000 төрөл зүйлийн мөөг байдгаас цөөнгүй нь хүлэмжид ургуулсан сортынх. Монголд 28 дэд овгийн 136 төрөлд багтдаг 375 зүйлийн мөөг ургадаг.
- Малгай дээрээ толбогүй, шилбэ нь цагариггүй, үнэр анхилуун мөөгийг идэж болно. Үүнээс гадна хоргүй мөөг амархан өтдөг учраас хуваагаад үзэхэд андашгүй. Харин хортой мөөгийг малгай, ишний хоорон дахь уутанцраар нь ялгана. Өөр нэг энгийн арга бол малгай хэсгээс нь огтлоод сонин дээр тавихад хэсэг хугацааны дараа ягаан туяатай толбо үүсвэл хортойгийн баталгаа аж.
- Мөөгний 75-92 хувийг ус эзэлдэг учраас өөрөө дотроосоо өтдөг.
- Бусад бүх өвс, ургамалд агуулагддаг хлорофилл хэмээх бодис найрлагад нь огт байдаггүй учраас мөөгийг амьтан-ургамал гэдэг. Мөн эс нь цөмтэй ганцхан төрөл зүйл гэдгээрээ онцлогоос гадна органик нэгдлүүдээр хооллодог. Тиймээс мөөгийг судалдаг шинжлэх ухаан тусдаа бөгөөд микологи гэнэ. Гэхдээ 1970-аад оны эхэн үе хүртэл мөөгийг ургамалд тооцдог байжээ.
- Сапрофит хэмээх төрлийн мөөг бий бөгөөд үхэж буй ургамал, амьтныг шимэгчлэн ургадаг учраас өвчин үүсгэх аюултай.
- Нүүрсус, фосфор, кали, кальци, зэс, йод, А, В, С, Д зэрэг аминдэм, метеонин, цестеин, цистин триптофан, треонин, лизин, фенилаланин хэмээх 20 гаруй онцгой аминхүчил мөөгөнд агуулагддаг.
- Орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд 550 төрлийн мөөгийг эм бэлдмэлд ашигладаг байна.