Дубай хотын захирагч шейх Мохаммед бин Рашидаас хүүхдүүдээ хийгээд мөнгө аваад зугтсан гэргий Хайяаг нь нөхрөөсөө сэтгэл урвасан гэж сэжиглэж байгаа аж. Хэвлэлд мэдээлснээр бол 45 настай гэргийгээ Британийн армийн офицер байсан бие хамгаалагчтайгаа “учир ургуулсан” гэж 69 настай шейх үзэж буй юм байна. Гүнж бие хамгаалагчдаа бэлэг сэлт харамгүй өгдөг нь ийн хардахад хүргэж буй бололтой.
Тавдугаар сард Мохаммед бин Рашид Лондонд гэнэт айлчлахдаа зургаан гэргийнх нь нэг нь өргөөндөө бие хамгаалагчтайгаа “хэтэрхий ойртсон” байхыг харсан гэнэ. Энэ байдалд нь ихэд цочирдсон шейх гэргийгээ даруй өөртэй нь хамт Дубай руу буцахыг шаардсан ч гүнж татгалзаж. Одоо тэд салах дээрээ тулжээ.
Мохаммед бин Рашид бичсэн шүлгээ зургадугаар сарын эцсээр цахим сүлжээгээр олон түмэнд хүргэсэн байна. Түүндээ энэ гэргийгээ “урвагч” гэж нэрлэсэн аж.
Гүнж Хайя 40 сая ам.доллар (2.5 тэрбум рубль) авч нөхрөөсөө зугтсан байна. Тэрбээр бүр хоёрдугаар сарын эхээр алга болжээ. Түүнийг одоо 11 настай охин, долоон настай хүүтэйгээ Германд нуугдаж, тэнд толгой хоргодох эрх хүсэж байгаа хэмээн таамаглаж буй юм байна.
Мохаммед бин Рашидын охин Латифын хувь заяаны тухай бие хамгаалагчаасаа сонссоноос хойш өөрийн аюулгүй байдалд Хайя сэтгэл зовох болсон гэнэ. Латифа охин 2018 оны зургадугаар сард улс орноосоо гарч явах гэж оролдоод баригджээ. Түүнийг тамлаж, хорьж байгаа гэх мэдээлэл байдаг ч нотлогдоогүй аж.