NBA-ийн хүчний тэнцвэр, ирээдүй өнгөрсөн бямба гарагт тэр чигтээ өөрчлөгдлөө. Энэ нь драфтын тэргүүн сонголт З.Уильямсон мэргэжлийн тамирчны эхний тоглолтдоо оролцсон Лас-Вегасын зуны лигийн тоглолтыг хойшлуулсан 7.1 магнитудын газар хөдлөлттэй огтхон ч холбоогүй юм.
Энэ өдөр К.Леонард, П.Жорж хэмээх хоёр шилдэг довтлогч “Лос-Анжелес клипперс” багт хүчин зүтгэх болсноо зарласнаар лигт шинэ супер баг бүрдсэн юм. Ийм явдал болох эхлэл чөлөөт агентын зах зээл нээгдэхээс хэдэн өдрийн өмнө тавигджээ. К.Дюрант сайн найз К.Ирвинг, Д.Жорданы хамт “Бруклин нетс” багт тоглохоор шийдвэрлээд байв. Тэд 2016 оны олимпод шигшээ багт тоглож байхдаа анд болж, нэг багт тоглох боломжийн талаар ярилцсан байна. Ингээд “хувьсгалын” тохироо бүрдэж, зургадугаар сарын 30-ны орой чөлөөт агентын зах нээгдэхийг тэд хүлээж эхлэв.
Гэвч төдөлгүй К.Дюрант руу К.Леонард утасдаж, “Клипперс” багт хамтдаа тоглох хүсэлтэй, эсэхийг лавлажээ. Түүнийг шүтдэг, тамирчных нь хувьд хүндлэн биширдэг гэж Кавай хэлсэн байна. Эл дуудлагад Кевин маш их гайхаж, цочирдсон аж. Тэрбээр Кавайг сайн мэдэхгүй боловч ийн утасдсан нь түүнд онцгой сэтгэгдэл төрүүлжээ.
Гэвч К.Дюрант урьдчилан төлөвлөсний дагуу “Бруклин” багтай гэрээ байгуулж, найзуудтайгаа хамт тоглох болов. Энэ нь “Клипперс” баг К.Леонардтай гэрээ байгуулж, “Оклахома” багаас П.Жоржийг авах супер тохиролцооны эхлэл болжээ.
К.Леонард шиг тоглогч К.Дюрант руу утасдаж, ятгасан нь түүнийг Лос-Анжелес хотод ирэхээр хатуу шийдсэн байсныг илэрхийлнэ. Мөн тэрбээр тус хотод ганцаараа бус өөр нэг од тоглогчтой ирэхийг төлөвлөсөн нь тодорхой болж байна. К.Леонард өнгөрсөн даваа гарагт “Клипперс”-ийн удирдлагатай дасгалжуулагч Д.Риверсийн Малибу дахь гэрт нь уулзсаныхаа дараа талууд уг төлөвлөгөөг ажил хэрэг болгохоор идэвхтэй хөдөлж эхэлжээ. К.Леонард “Лейкерс”, “Рэпторс”-ын төлөөлөлтэй уулзаж байхдаа П.Жоржтой утсаар ярих, мессеж бичих зэргээр ятгалгын төрөл бүрийн арга хэрэглэсэн гэнэ. Леонардыг урвуулах арга нь П.Жоржийг мөн л гайхашруулсан аж. “Даруухан, их юм чалчаад байдаггүй тоглогч гэхэд түүний ятгах, үнэмшүүлэх арга барил нь гайхалтай байсан” гэж П.Жоржийн ойрын эх сурвалж ESPN-д ярьжээ.
Эл хоёр тоглогчийн хооронд адил төстэй зүйл цөөнгүй байсан нь К.Леонардад давуу тал болсныг дурдалгүй өнгөрч болохгүй. Кавай, Пол хоёул Лос-Анжелесээс гаралтай. П.Жорж тус хотоос хойд зүгт нэг цаг явах цөлийн даруухан хот Палмдэйлийнх бол К.Леонард Лос-Анжелесээс зүүн зүгт нэг цаг явах Инланд Эмпайр хэмээх дуу шуугиан ихтэй хотынх. Хоёул дунд сургуульдаа дундаж тоглогч байсан бөгөөд дундаж коллежид орсон, NBA-ийн драфтад эхний шатны дундуур сонгогдсон зэрэг ижил төстэй тал тэдэнд бий.
П.Жоржийн хувьд “Оклахома”-гаас явах хүсэлт гаргах нь хамгийн хэцүү байв. Сүүлийн хоёр улиралд өөрт нь тун сайн хандаж ирсэн багаа ийн “ад үзэх” нь таагүй хэрэг боловч төрсөн хотдоо, өөр нэг супер одтой хамт тоглох нь амьдралд ганц олдох боломж гэж П.Жорж дүгнэжээ. Ингээд тэрбээр өнгөрсөн долоо хоногийн дундуур багийн ерөнхий менежер С.Преститэй ярилцсан аж. С.Престид эл явдал ямар хүнд цохилт болсныг төсөөлшгүй.
К.Леонард “Лейкерс”, “Рэпторс” багийнхантай уулзах зуур “Клипперс” болон “Тандер” багууд супер солилцооны талаар сэм хэлэлцэж эхэлжээ. Өөрт нь давуу тал байгаа учир С.Прести хүнд байдлаас багагүй ашигтай гарахыг хичээсэн аж. Харин “Клипперс”-ийн хувьд хоёр улирал үргэлжилсэн шилжилтийн үеийг нэгмөсөн өөрчлөх эрсдэлтэй, гэнэтийн алхам нь энэ болох байв. Хэлэлцээрийн эцэст хоёр баг хүссэнээ авсан нь лавтай.
Харин К.Леонард NBA-ийг өөрчилж чадах асар их хүч агуулж байсан гэдгээ ийн харуулав. “Лейкерс” баг Л.Жэймс, Э.Дэвис, К.Леонардтай их гурвал үүсгэнэ гэж, “Рэпторс” баг хамтдаа олон жил тоглож аварга цолоо хамгаалах хаантай болсон хэмээн найдаж байсан ч эцсийн эцэст Кавай л хүссэнээ авч чадлаа. Түүний үйлдэл, сонголт, амбиц нь хэлэхдээ бус хийхдээ чухал гэдгийг нотлон харуулав. Тэр гэртээ ирлээ. Гэхдээ ганцаараа биш.
Н.Энхбаяр