ФЕЛИЧИТА И ТЕНЕРСИ ПЕР МАНО АНДЕРЕ ЛОНТАНО ФЕЛИЧИТА. . . .хэмээн 1980-аад онд монголчууд төдийгүй дэлхий даяар даган дуулдаг байлаа. Феличита гэдэг нь италиар аз жаргал гэсэн үг. Бараг гучин жилийн өмнө энэхүү аж жаргалын тухай дууг Италийн дуучид Аль Бано, Ромина Пауэр хоёр Сан-Ремод дуулж алдарт гарсан байдаг. Гучин жилийн турш шоу бизнесийн ертөнцийн хамгийн аз жаргалтай гэр бүл хэмээн тооцогдож байсан тэдгээр хоёрын уран бүтээл, гэрлэлт нь дуусгавар болсныг сонсоод олон түмэн гайхсан нь мэдээж.
Аль Бано, Ромина Пауэр хоёрын аз жаргал юунаас эхэлсэн юм бэ? Аз жаргалтай байсан юм болов уу? гэсэн асуулт уншигч таны ч сонирхлыг татаж байгаа болов уу. Аль Бано Карризигийн гаднах төрх Хойд Америкийн халуухан эрчүүд гэсэн ойлголтоос тун ч хол байжээ. Жирийн гэхэд дэндүү жирийн, эв хав муутай, дээрээс нь том нүдний шилтэй Аль Баног бүсгүйчүүд мөрөөдөд байх сүйт залуу үнэхээр биш байлаа. Гарал үүслээрээ ч мөн гайхуулаад байх юмгүй байв. Түүний эцэг эх нь Италийн Челлино Сан-Марко мужийн ядуу тариачид аж.
Харин Аль Бано хүү дуулах авьяастай байв. Тэрбээр анхныхаа дууг 12 настайдаа зохиосон бол насанд хүрэх үедээ алдартай дуучин болно гэж өөрөө өөртөө хатуу шийдсэн байлаа. Гэвч аз түүнд зургаан жилийн дараа л иржээ. Зүгээр ч нэг аз биш харин Италийн хамгийн нэр нөлөө бүхий жүжигчин, дуучин Челентано залуу дуучин Аль Баног анзааран туслах болсон байна. 1967 онд Аль Бано өөрийн зохиосон “Nel Sole” дуугаараа олонд анх танигдах болсон аж. Хожим тэрбээр уг дууныхаа тухай “Энэ дуу миний сахиус болсон дуу. Насан туршийнхаа хайрыг олоход минь тусалсан юм” гэж ярьжээ.
Харин Ромина Пауэрийн хувьд бол тэрбээр Аль Банод дуулдагт нь болж дурлаагүй гэдэг. Арван долоохон настай үзэсгэлэнт охин өөрөөсөө найм ах Итали эрийг даган явсан нь нэг ёсны зугталт байсан гэж хэлж болно. Ромина Америкт Голливудын алдартай жүжигчин Тайрон Пауэрийн охин болж төржээ. Хэдий Роминаг таван настай байхад эцэг нь гэр бүлээ орхин одсон ч охин олны тэр тусмаа хэвлэлийнхний анхаарлын төвд байсаар иржээ. Тайрон Пауэр гэр бүлээ орхиж явснаас хойш нэг жилийн дараа зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан байдаг. Ромина өөрийн эх мөн л жүжигчин мэргэжилтэй Линда Кристиантай таарамж муутай байв.
Холливудын бяцхан гүнж хэцүү хүүхдүүдийн тоонд ордог байжээ. Эх нь охиноо муу хүүхдүүдтэй нийлүүлэхгүйн тулд Роминаг Англи руу хаалттай сургуульд оруулсан боловч охин тэнд ердөө нэг сар л тэвчиж чадсан аж. Аргаа барсан эх нь Роминог киноны дүрийн шалгаруулалтад авч явах болсон байна. Ромина арван зургаан нас хүрэхдээ найруулагчийн эхний шаардлагаар л камерын өмнө бүрэн тайчиж чадах жүжигчин болсон байлаа. Олон жилийн дараа Ромина “Би хүүхэд байсан болохоор ээжийнхээ хий гэснийг л хийдэг байлаа” гэж тэр үеэ өмөөрөн хэлсэн удаатай. Энэ нь ч үнэний талтай. Ээжийнх нь ойлголтоор бол “залуу нас түргэн мууддаг хүнс” учир охиныхоо гоо үзэсгэлэнг ашиглан ахиухан мөнгө олохыг эрмэлздэг байв.
Өдөр шөнө шиг ялгаатай амьдралд төрч өссөн Альбано, Ромина хоёр 1967 онд Италид “Nel Sole” хэмээх кино дээр танилцжээ. Ямар нэгэн эротик хэсэг байхгүй тул уг зураг авалтад ганцаараа ирсэн байв. Киноны найруулагч Альдо Гримальди “Роминаг анх харахад айсан, ядарсан, тэгээд бас зовсон охин байж билээ. Аль Бано бид хоёр хамгийн түрүүнд “энэ охиныг нэг сайн хооллох хэрэгтэй юм байна” гэж шийдсэн билээ хэмээн дурссан байдаг.Ингээд таваг дүүрэн шпаггетигаас Италийн эстрадын түүхэн дэх хамгийн урт удаан настай хайрын түүх эхэлсэн гэдэг. Аль Бано, Ромина хоёр бие биендээ анхны харцаараа дурласан гэх боловч дуучин залууг сайн мэддэг зарим нэгний хэлснээр бол Аль Бано анхны харцаараа арван долоохон настай залуухан охинтой хайр дурлалын харьцаанд орох хөнгөн хүн биш гэдэг. Харин Роминагийн хувьд өөрийг нь туйлдуулж залхаасан ээжээсээ бас кино урлагаас холдохын тулд Аль Баног даган дуучин болохоор шийджээ.
Тун ч удалгүй Альбано, Ромина хоёрын нөхөрлөл амрагийн харилцаа болон хувирчээ. Тэд хуримаа 1970 онд Аль Баногийн төрсөн нутаг Челлино Сан-Маркод хийжээ. Аль Баногийн эцэг эх эхэндээ хүүгийнхээ сонголтыг төдийлөн сайшаахгүй байсан авч Ромина католик шашинт гэр бүлийнхэнд өөрийгөө сайн гэрийн эзэгтэй, сайн эхнэр гэдгээ нотолж чадсан байдаг. Харин Роминагийн ээж Аль Баног хүргэнээ гэж огт хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Роминагийн бие давхар болсон байдал ч эхийн сэтгэлийг зөөлрүүлэхгүй байв. Дурлалт хосуудын ойр дотнынхны ярьснаар бол Аль Бано багагүй хэмжээний мөнгө амлан байж зөвшөөрүүлсэн гэдэг. Хэдий мөнгөндөө нарийн гэж тооцогддог байсан Аль Бано хадам эхээ дуугүй болгох мөнгө амласныг бодоход эхнэртээ үнэхээр хайртайг нотлох аж.
Тэд хотоос зайдуу Апудин гэдэг газар эдлэн худалдан авч амар жимэр амьдрах болсон байна. Аль Бано гэр бүлд эцгийн эрхт ёс үйлчлэх ёстой гэсэн үзэлтэй ихэнх Итали эрчүүдийн нэг байлаа. Тэнд үзэсгэлэнт Ромина гэр бүлийн амаргүй ухаанд суралцаж эхэлжээ. Аль Бано маш хөдөлмөрч бас шаргуу хүн аж. Хэдий тэрбээр Италид алдар нэр нь түгж байсан ч энэ нь түүнд хангалтгүй санагдан олон улсын тавцанд өөрийгөө таниулах зорилго өвөртөлсөөр 1976 онд өөрийн зохиосон дуугаараа “Евровидение” уралдаанд оролцжээ. Харамсалтай нь Альбано зорилгодоо хүрч чадалгүй зөвхөн долдугаар байранд орсон юм. Гэсэн ч Альбано сэтгэлээр унасангүй харин ч улам их хөдөлмөрлөх болжээ. “Гэр бүлдээ бага цаг зарцуулж байна” гэж эхнэр хүүхэд нь гоморхох үе ч гардаг байж.
Тэгэхэд л Ромина эр нөхрөө ямар тууштай, шаргуу хүн гэдгийг мэдсэн гэдэг. Аль Бано, Ромина хоёр хэмээх алдарт хоршил огт санаандгүй төрсөн аж. Аль Бано шинэ дуугаа студид бичүүлж байх үед арын хоолой хийдэг нэгэн эмэгтэй дуучин нь хүндээр өвджээ. Уур уцаар болсон нөхрөө тайвшруулахын тулд Ромина “Би дуулбал болохгүй юу” хэмээж. Үүнийг ёстой азтай хувь заяаны тохироо гэж хэлж болохоор. Тэд хоршин дуугарсан цагаасаа эхлээд жинхэнэ бөмбөг мэт тэсрэлтийг үзүүлжээ. Энэ гайхалтай нээлтийнхээ тухай Ромина хожим “Бид урьд нь 1971 онд хоршин дуулж үзсэн л дээ. 1981 онд ахиад дуулахад бид өөрсдөө ч гайхсан. Арван жил хамтдаа нэг нэгнийгээ гэж амьдарсан маань биднийг нэг хүн шиг болгосон бололтой” гэж ярьсан байдаг. Ингээд 1982 онд Сан-Ремо хөгжмийн наадамд тэр хоёр Феличата дуугаараа оролцож дэлхий даяар алдартай болсон билээ. Альбано, Ромина хоёрын уран бүтээлийн оргил үе эхэлж дэлхийг тойрсон аялан тоглолтууд, телевизийн бичлэг, шинэ цомог гээд хэдий завгүй байсанч ч 1986 онд тэд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ.
Тэдний уран бүтээл 1990 оны дунд хүртэл маш амжилттай байсан юм. Энэ үед шинэ таашаал, шинэ хэлбэр, шинэ аялгуу бий болж байлаа. Альбано бууж өгөх хүн биш учир уран бүтээлээ үргэлжлүүлэхийн хажуугаар Америкийн зах зээлд гарах гарц хайхаар шийджээ. Чингэхийн тулд тэрбээр алдарт Майкл Жексонтой хүртэл түүнийг өөрийнх нь зохиосон аялгууг хуулбарласан гэсэн үндэслэлээр шүүхдэлцээд авсан юм. Нэг л мэдэхэд Аль Бано, Ромина хоёрын хүүхдүүд өсөж том болцгоожээ. Том охин Иления нь том асуудалд орсныг эцэг эх нь анзаараагүй байв. Гэр бүлийнхээ нэгэн баяр дээр хорь гарсан Иления охин нь ширээний ард суугаагаараа унтаад өгөхөд л түүнийг хар тамхинд орж гэдгийг тэд дөнгөж мэдсэн гэдэг. Ээлжит тунгаа авч чадаагүй донтонгуут л иймэрхүү байдалд ордгийг тэд бусдын жишгээс мэдэх аж. Тэд охиндоо санаа тавьж эхэлсэн ч нэгэнт оройтсон байжээ. 1994 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-ын Шинэ Орлеан явсан охин нь ээж аавдаа утсаар шинэ жилийн мэнд хүргэсэн байна. Энэ өдрөөс хойш тэд охиноо дахин хараагүй билээ. Долоо хоногийн дараа тэд охиноо олж өгөхийг хүссэн өргөлийг цагдаагийн газар хүргүүлжээ. Аль Бано, Ромина хоёр хэдэн жил охиныхоо сургийг гаргах гэж хөөцөлдсөн ч бүтэлтэй үр дүнд хүрээгүй аж. Хайрт Иления нь олдоно гэсэн найдвар өдрөөс өдөрт тасарсаар байлаа. Роминад энэ үйл явдал маш хүндээр туссан гэдэг. Тэд тоглолт хийхээ больж, хэвлэлээр зөвхөн “Манай охиныг харсан, байгаа газрыг нь мэдэх хүн байвал бидэнд туслаач” гэж нулимс туслуулан ярьдаг болсон аж. Өөрийгөө ч эхнэрийгээ ч энэ байдлаас гаргахын тулд Аль Бано нэг өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлэлээр “Иления нас барсан.Энэ бодолтойгоо би одоо эвлэрсэн” гэж хэлсэн нь алдарт хосын хоёр тийш болох эхийг тавьжээ. “Чи охиноосоо урвалаа. Би ийм урвагчтай амьдрахгүй, дуулах ч үгүй” гэж хашхирсан гэдэг. Амьдрахын хувьд тэд хамтдаа амьдарсаар байлаа. Харин уран бүтээлийн хувьд Аль Бано, Ромина хоёр хэмээх хоршил бүр мөсөн устсан аж. Албано эхнэрээ сэтгэл санааны хүнд депрессэс гаргах гэж хэдэн жил хичээсэн ч сүүлдээ бууж өгсөн байна. Тэрбээр уй гашуугаа дуу зохиож, уран бүтээлээрээ тайлж байсан бол Ромина зогсоо зайгүй үзмэрч, бөө, хувийн мөрдөгч нарт , мөнгөө үрж байлаа. Ромина сэтгэлийн тайвширлаа Энэтхэг яваад олсон гэдэг. “Тэнд л бидний гэрлэлтийг бүр мөсөн устгасан зүйл болсон” гэж хожим Аль Бано ярьсан байдаг. Чухам юу болсныг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан гучин жил хамт амьдарсныхаа дараа тэд 1999 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан юм.