“Намайг дархан гэж хэлж болохгүй. Би одоохондоо зүгээр л сонирхогч” хэмээн өөрийгөө голонгуй ярих түүнийг Б.Жаргалсайхан гэдэг. Ихэвчлэн уран зургаар бүтээлээ туурвидаг тэрбээр “Монгол дархан-2019” үзэсгэлэнд бүтээлээ дэлгэн, шилдгээр шалгарчээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Хэзээнээс дархны үйл хийж эхэлсэн бэ?
-2007 оноос ташуур, тамга зэргийг урлаж эхэлсэн. Анхных учраас алдаа оноотой зүйл олон байсан. Уг нь би Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг төгссөн шүү дээ. Багш минь Ч.Нармандах гэж хүн бий. Тэр хүний ачаар л гарын дүйтэй гэдгээ мэдэж нүд нээсэн. Бүтээлүүдийн минь үндсийг тавьсан гэж хэлэхэд болно.
-Хүүхэд байхдаа зурдаг байсан байх. Уралдаануудад хэр оролцдог байв?
-Хэд хэдэн удаа оролцсон. Санаанаас гардаггүй нь Ж.Гүррагчаа гуайн гараас авсан шагнал. Түүнийг сансарт нисэх үед сурагчдын дунд уралдаан зарласан юм. Би зургаа юм уу, долдугаар ангид байсан. Дээл өмсөж, улаан бүч зүүсэн хүүхдийг радио сонсож суугаагаар зурсан санагдаж байна. Тэр үед ямар цом, медаль өгөх биш. Талархлын бичиг, пионерын зусланд амрах эрхээр шагнуулаад магнайгаа хагартал баярласан.
Үүнээс л урам авч, зураач болохоор шулуудсан байх. Хэдэн жилийн өмнө Японд амьдарч байхдаа мэргэжлийн зураачдын тэмцээнд оролцсон. Тухайн үед урт нь 26, өндөр нь хоёр метр хананд үлгэрийн баатрууд зурсан. Гэхдээ олонх нь луу. Тэр дундаа монгол хэв маягийг агуулсан луу зурчихсан чинь япончууд их гайхаж хүлээж авсан. Монгол, япон хүний сэтгэлгээ нэлээд өөр гэдгийг тэгэхэд ойлгосон.
Учир нь монголчууд маш жижиг талбайд ч олон үйл явдлыг багтаан дүрсэлж чаддаг. Харин япончууд нэг л зүйлийг зурдаг. “Яаж ийм олон зүйлийг багтааж зурав” гээд гайхсан. Тэр тэмцээнд 2000 зураач оролцсоноос миний бүтээл 50 дугаар байрт бичигдэж байлаа. Мөн Фүжи уулыг зурсан нь тэндхийн хүмүүст их таалагдсан.
-Зураач хүн яагаад дархан болохоор шийдэв?
-Би өөрийгөө сорихыг их хичээдэг. 2007 онд ДБЭТ-т “Ёндооны орон” нэртэй гуравхан зургийн үзэсгэлэн гаргасан. Энэ мэт сонин зүйл хийж байсан. Өвөөгийн минь дүү дархан хүн байсан ч намайг багад өөд болчихсон учраас заалгаж амжаагүй. 1996 онд оюутан байхдаа Жанрайсиг бурхныг бүтээхэд оролцсон. Бурхны гадрыг алтаар шарахад дөрвөн хүн зургаан сар ажилласны нэг нь би. Даанч нээлтийн ёслолд нь оролцож чадаагүй.
Олон хүн шавчихсан, хамгаалагч нар нь “Чи жаахан юм байж яах гэсэн юм” гээд оруулаагүй. Уг нь урилга байсан. Хүмүүс тарсны дараа л орж харсан. Монгол дархны үзэсгэлэнд “Их хаадын шатар” бүтээлээрээ оролцож байна. Энэ үзэсгэлэнг гурван жилийн өмнө анх зохион байгуулсан юм. Тухайн үед үзэгчийн хувиар дархчуудын бүтээлийг сонирхож, дараа нь заавал оролцоно гэж бодсон. Түүнээс хойш ямар бүтээл урлах вэ гэх бодол толгойд уяатай болов. Удаан бодсоны эцэст хэсэг бүр нь утга илэрхийлэх бүтээл урлахаар шийдсэн.
Жишээлбэл, шатрын хөлгийн суурь нь хүннү хээтэй. Их Монгол Улс бол Хүннүгээс гаралтайг үүгээр илэрхийлсэн. Мөн хөлгийн цагаан нүдийг болроор хийсэн нь ч учиртай. Буриад зон олны ярьдаг Чингис хааныг оршуулсан тухай домогт “Голын урсгалыг боож, болор хайрцганд хийж оршуулжээ” гэдгээс сэдэвлэсэн. Түүний доор нэвт харагдах дүрснүүд нь алтан ургийн хаадын тамга. Мөн шатрынхаа дөрвөн талыг Чингис хааны өрлөгөөр “хамгаалуулж”, цагаан шонхроор “мануулсан”. Ханан хээгээр хүрээлсэн нь Монголын хил хана хэрэм мэт бат бөх, эрвээхэй хээ шигтгэсэн нь монгол хатдын суу ухааныг илэрхийлсэн юм.
Суурийг тойруулж Чингис хааны эзэлсэн улсын тоогоор есөн эрдэнийн чулуу шигтгэсэн гээд хийж буй дүрс болгондоо түүх шингээхийг хичээлээ. Шатрын дүрсийг хүрэн, цагаан зандан мод сийлж бүтээсэн. Мөн Увс аймгийн Хан Хөхий уулын оройд миний бүтээсэн Луваанжалбуу бурхан бий.
-Зурагтаа ч түүх шингээхийг хичээдэг үү?
-Тийм. Ер нь түүхийн номд их дуртай. Ч.Нармандах багш бидэнд түүх их ярьж өгсөн нь нөлөөлсөн байх. Түүхэн сэдэвт бүтээл хийж, мартагдаж буй зүйлсийг сэргээхийг хичээдэг. Тухайлбал, бид эрт дээр үеэс өдий хүртэл найман төрлийн үсэг хэрэглэсэн. Үүнийг бүтээлдээ тусгадаг. Дээр дурдсан ДБЭТ-т гаргасан үзэсгэлэнд дэлгэсэн гурван зургийн нэгт нь хуучин үсгүүдийг өгөрч, үхэж буй модноос урсаж байгаагаар дүрсэлсэн.
Монгол ахуй соёл үжирч, үхэж байна гэсэн санааг илэрхийлэх гэсэн юм. Цаашид хөөмөл хийж сурахыг хүсдэг. “Бүх зүйл хөгжчихөөд байхад хуучны арга барилтай зууралдлаа” гэ зэмлэх хүн цөөнгүй. Гэхдээ энэ бүхнээс ур ухаан олж авдаг. Мөн Улаанбаатар хотыг тэр чигт нь зурна гэж олон жил бодож байна. Удаан бодох тусам барилга нь олшроод байх юм. Байшин барилга бүрийг нь тоолж, хэв, загвараар нь зурна гэж боддог. Энэ хүсэл минь удахгүй биелэх байх.