Гэр бүлээрээ ХБНГУ-д байнга оршин сууж, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэхийн сацуу уран бүтээлээ орхиогүй дайчин бүсгүй, шанзчин Н.Уранчимэгтэй цахимаар ярилцсан юм.Тэрбээр Итали улсад олон улсын хөгжмийн наадамд тоглолтоор яваа ч, амжуулаад асуултад минь хариулсан юм.
-Манай улсад ХБНГУ-ын Хэссэн мужийн Бад Вилбэлэр хотын цөөхүүл найрал хөгжим 30-аад хүний бүрэлдэхүүнтэй ирээд, хамтарсан тоглолтын бэлтгэл сургуулилалт хийж байгаа юм билээ. Энэ найрал хөгжимтэй та болон танай гэр бүлийн хүн, морин хуурч Б.Золзаяа тоглох юм байна. Гэтэл та хоёр Европт яваад байдаг. Ирж амжих уу?
-Амжина аа.Тоглолт долдугаар сарын 4-ний үдэш Улсын филармонид болно Бид 3-нд очих юм. Бид “Хөх Монгол” хамтлагтайгаа Итали улсад нэлээд хэд хоногийн тоглолттой байлаа л даа. Одоо Герман явах гэж байна. Буугаад, унтаж, амрах ч үгүй шууд Монголоо зорин ниснэ.
-Тус найрал хөгжмийг Монголд авчрах ажлыг та хоёр санаачилсан уу?
-Монгол Улсын Консерватортой хамтарч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн сарын 15-нд нөхөр бид хоёр энэ найрал хөгжимтэй хамтарч тоглосон. Хоёулаа хамт хөгжмийн зохиолч, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы морин хуур, шанзны хослолд зориулсан концерт хэлбэрийн бүтээлийг тогллоо. Нэр нь “Фантази”. Мөн нөхөр маань Германы хөгжмийн зохиолч Билдийн морин хуурт зориулсан зохиолыг гоцолж тоглосон.
Найрал хөгжимтэй хамтарч ажилласан маань амжилттай болж, бид их урамшсан. Тэгээд тэр хөтөлбөрөөрөө Монголд тоглоё гэж ярилцаад. Одоо биеллээ олох гэж байна. Удирдаач Клаус Баер их сонирхолтой хүн. Өмнө нь хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад, одоо удирдаач болсон.
-Европт ийм тохиолдол цөөнгүй байх юм. Хүн бүр хөгжмийн боловсролтой байдаг, зарим нь ажлын хажуугаар сонирхсон чиглэлээрээ давхар суралцаж, диплом ч авсан байх юм билээ. Тийм хүмүүсийн нэг байх нь ээ?
-Тийм ээ. Уулзаж ярилцвал маш сонирхолтой мэдээлэл өгнө дөө. Энэ тоглолт хэд хэдэн зүйлээр сонин, содон байх юм. Анх удаа гадаадын хөгжмийн зохиолчийн морин хуурт зориулсан бүтээлийг монгол үзэгчдэд зориулах гэж байгаа нь хамгийн чухал.
-Өмнө нь нэг бус япон хүн морин хуурт зориулж бичсэн санагдана.
-Бидэнд ингэж тайлбарласан. Магадгүй гадаадын мэргэжлийн хөгжмийн зохиолчдаас анхлан бичсэн болов уу. Өмнө нь хөгжим сонирхогчид оролдож байсан байж болох юм.
-Нөхрөө танилцуулах уу. Мэргэжлийн морин хуурч юм аа?
-Тийм ээ. ХБДС төгссөн. Ардын жүжигчин Ц.Батчулууны шавь, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг, Соёлын тэргүүний ажилтан. Би бас ХБДС төгссөн. Соёлын болон боловсролын тэргүүний ажилтан Зүмбээгийн шавь. Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын уралдааны III байрын шагналтай. Мөн Соёлын тэргүүний ажилтан (инээв). Бид 2006 оноос ХБНГУ-д амьдарч байна. Үндэсний хөгжмийн “Хөх Монгол”, “Хатан” хамтлагт ажилладаг. Энд тоглолтыг үзэгчид маш сайхан хүлээж авсан.
Одоо Монголынхоо үзэгчдэд хүргэхэд ямар байх бол гэж бодон бодон яарч байна. Консерваторын цохивор хөгжмийн чуулга, мөн Морин хуурын чуулгын төгөлдөр хуурч хамтран ажиллах юм. Ж.Бизегийн “Кармен” сюит, И.С.Бахын хийл болон виолончельд зориулсан концерт гээд сонсголонтой бүтээлүүд хөтөлбөрт бий. Ирэх есдүгээр сард энэ хөтөлбөрөөрөө Германд дахин тоглоно гэсэн.
-Бад Вилбэлэр гэж жижиг хот уу?
-Франкфуртын дагуул хот. Германы хот болгон өөрийн оркесртой байдагчлан эднийх бас цөөхүүл найрал хөгжимтэй.
-Удирдаач хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханд морин хуур, шанзны хослолд зориулсан бүтээл захиалсан уу?
-Хөгжмийн зохиолч өөрөө бид хоёрт зориулж бүтээл туурвижээ. Бидний жаахан байх үеийг нүдэндээ харж байгаад бичсэн гээд байна билээ. Бид багын найзууд л даа. Түвшөө энд манайд ирэхдээ “Та хоёртоо зориулж зохиол бичнэ ээ” гээд явсан юм. Тэгтэл амжуулчихсан байсан. Шинэ зохиолыг Германд тоглоод, одоо Монголынхоо үзэгчдэд хүргэх гэж байгаа болохоор гоё санагдаад, заримдаа “Үнэн үү” гэж өөрөөсөө асуумаар. Олон хөгжимчин ирлээ. Хоёр ч шинэ бүтээл сонсгох нь. Түүхэн тоглолт болох бололтой.
-Та хоёр Германд 13 дахь жилдээ амьдарч буй юм байна. Үндэсний хөгжмийн “Хөх Монгол” хамтлагт харьяалагддаг. Бие дааж ганцаараа, эсвэл хоршиж тоглодог уу?
-Шаардлага гарвал ганц ганцаараа, эсвэл хосоороо тоглоно оо. Гэхдээ ихэвчлэн хамтлагаараа явдаг.
Бид 2017 онд “Хөх Монгол” хамтлагийнхаа 20 жилийн ойг тэмдэглэсэн. Бид хоёр энэ хамтлагийнхны урилгаар Европт ирсэн болохоор амжилт, ажил, амьдралын маань замыг заасан сайхан хамт олондоо үргэлж талархаж явдаг.Хамтлагаараа Европт гэлтгүй Азийн орнуудад ч тоглож байлаа.
Манайх зургаан уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй. Гурван гэр бүл болохоор, бүгдээрээ нэгэн гэр бүл мэт ажиллахад таатай байдаг юм. Хамтлагийн маань ахлагч лимбэчин Д.Эрдэнэболд.
-Өнөөдөр эх орондоо найрал хөгжим урьж авчран, хамтран тоглох гэж байгааг маш том амжилт гэж харж байна. Энэ болтол саад бэрхшээл олныг давж гарсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Хүүхдүүд жаахан байхад амьдралаа гэх үү, уран бүтээлээ гэх үү, амаргүй байсан. Одоо бол харьцангуй гайгүй. Манайх одоо ч бага хүүхэдтэй л дээ. Гэхдээ л нэг үеэ бодоход учраа олсон. Энэ амьдралдаа дасчихжээ. Энд тоглолтууд янз бүр. Заримдаа бүрэлдэхүүнээр нь, хааяа эрэгтэй, эсвэл эмэгтэй гурвыг нь урьдаг.
Тоглолтын саналаас шалтгаална. Олон хоногийн тоглолтод ихэвчлэн эрчүүд нь явдаг. Эмэгтэйчүүд нь хүүхдүүдийнхээ хичээл, сургуульд анхаарч үлддэг байлаа. Би суурин ажилладаг байх хэрэгтэй гэж үзээд, мэргэжлийн дагуу сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд хөгжмийн хичээл заах эрх авахаар Германы Тросингинг хотын Хөгжмийн академид хоёр жил суралцаж, 2016 онд төгссөн.
Одоо Инголштатд хотынхоо хөгжмийн сургуульд багшилж байна. Энд хүүхдүүдийг зургаан сартайгаас нь “babymusik” ангид хөгжмийн хичээлд явуулдаг. Манай бага охин таван сартайгаасаа долоо хоногт нэг удаа 45 минутаар хөгжмийн хичээлд явж эхэлсэн. Одоо нэг ой, гурван сартай. Хөгжмийн сургуулийн эхний жилээ дуусгах гэж байна.
Эхнэрүүд хүүхдүүдээ харах нь илүү.Тийм болохоор зөвхөн хагас, бүтэн сайн өдөр болон сургуулийн амралтаар тоглолтод явах боломжтой. Тиймээс ихэнхдээ “Хөх Монгол”-ын тоглолтоос үлддэг байлаа. Эрчүүд олон хоногийн аялан тоглолтод явсан хойгуур хэрэг гарвал бүсгүйчүүд тоглож байвал зүгээр юм “Хатан” хамтлаг байгуулсан. Одоо зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
“Хатан” хамтлаг таван хүний бүрэлдэхүүнтэй. Дуу, бүжиг, эмэгтэй хөөмийчийн үзүүлбэрүүдтэй.Гадаадынхан их сонирхдог. Энд уран бүтээлч бүр өөр өөрсдийн мэргэжлийн дагуу өөр, өөрийн зэмсгээ л тоглоно гэвэл ажил бүтэхгүй. Тиймээс бид бүгд бие даан суралцаж, хоёр дахь мэргэжил эзэмшсэн. Одоо “Хатан” хамтлаг ятга, шанз, морин хуур, ятгын гурвал, товшуур, цохивор хөгжим, уртын дуу, хөөмий гээд бүхнийг сонсож болно.
Би нялх хүүхэдтэй тул хэдэн сар завсарласан. Одоо “Хатан” хамтлагийн тоглолтууд ирэх наймдугаар сараас Узбекистанаас эхэлнэ. Бид өөрсдөө хөгжим зохионо, найруулна. Бас тоглолтоо олдог менежерүүд болсон.
-Амьдрал юу шаардана, тэр бүхнийг хийдэг гэж үү?
-Яг үнэн. Манайхны амьдрал, намтар их баялаг. 2009 онд “Хөх Монгол” хамтлаг Морин хуурын чуулгын удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун багшийгаа Германд урьж, хэд хэдэн хотод лекц концертыг нь зохион байгуулсан. 2014 онд шанзны, миний мэргэжлийн багш Зүмбээгээ урьсан. Багш ирснийг тохиолдуулан амьдардаг хотынхоо музейд дан хөгжмийн тоглолт хийж, бид хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн хоёр шударгад зориулж бичсэн зохиолыг хамт тоглосон. Дурсах юмтай, сайхан тоглолт болсон. Европт ажиллаж, амьдардаг таван морин хуурч,
таван шанзчин тусалж оролцсон. Бид хэдийгээр бараг өдөр болгон тоглолттой байдаг, ардын дуу, ерөөл, магтаал, хөөмийгөө тоглодог ч ур чадвар илүү шаардсан хөгжмийн дан хэлбэрийн бүтээлүүдээ тоглох боломж байнга эрэлхийлж байдаг байлаа. Нөхөр бид хоёр хөгжмийг гарын барил, тавилаас эхлэн зааж сургасан багш нараа амьдарч байгаа газраа урьж, хамтарч тоглож чадсандаа баяртай байдаг юм.
-Адал явдлаар дүүрэн амьдрал юм аа.
-Тийм шүү. Яриад байвал барагдахгүй ээ. 2008 онд болсон, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн анхдугаар уралдаанд оролцохоор нэг настай охиноо авч очив оо. Тэгтэл очингуут охин хатгалгаа тусаад, хоёулаа арваад хоног эмнэлэгт хэвтдэг юм байна. Уралдаан болох гээд байдаг, хүүхэд эдгэрэх янзгүй, сандарсан. Эмнэлэгт хүүхдээ ч тэврээд, ноотоо ч харж суудаг болсон. Нэгэнт зорьж очсон юм чинь гээд, оролцсон доо. Амжилттай тоглоод III байр эзэлсэн.
-Уран бүтээлчийн мэргэжлийн ид гэж байдаг гэдэг.
-Харин тийм ээ. Миний хань удам залгамжилсан хөгжимчин. Хадам аав маань анхны эвэр бүрээчдийн нэг. Жижиг Болдоо гээд, Чуулгад насаараа ажилласан хөгжимчин бий. Урлагийнхан анддаггүй юм.
-Та хоёрын том охин бие даасан харагддаг. Багадаа төрүүлээ юү?
-Тийм ээ. Нөхөр бид хоёр 16 настайгаасаа үерхсэн. Гэрлэснээс хойш дөрвөн сайхан охинтой болсон. Одоо том охин маань дүү нараа бие дааж хардаг болсон болохоор бид хүүхэдгүй юм шиг л ийш тийш явдаг болсон.
-Хүүхэд тусад оржээ. Одоо Европт хэр олон морин хуурч ажиллаж байна вэ?
-Хэд хэдэн хуурч бий. Тэднээс хамгийн амжилттай яваа нь Эпи буюу Энхжаргал ах. 50 мянган үзэгчийн өмнө морин хуураа тоглож байсан. Энд тэнд явахад Эпи гээд европчууд андахгүй шүү. Манай нөхөр морин хуур, хөөмийгөөс гадна монгол шагай наадгай сонирхдог. Германд Шагайн холбоо байгуулсан, тэргүүнээр нь ажилладаг. Холбоо өнгөрсөн онд таван жилийн ойгоо тэмдэглэсэн.