Баярлаж, догдолсон үзэгчид цэцгийн баглаа, алга ташилт, “браво” хэмээх үгэн “бороо”-гоор сэтгэлээ илэрхийлэх нь бичигдээгүй хууль. Энэ бүхнээр “булуулан”, сэтгэл хангалуун инээмсэглэх уран бүтээлчид, тэдэнтэй зургаа авхуулахаар дугаарлан, энд тэнд нь гарч гүйх урлагт дурлагчид бол тоглолтын дараах оргил үе. Аливаа тоглолтын эхлэл “даруухан” ёсорхуу, магадгүй албархаг байдаг бол төгсгөлд нь харин ийнхүү сэтгэлийн хөдөлгөөн садарч тайз, танхимынхан нийлж “хонины найр” хийдгийг театраар байнга үйлчлүүлэгч хэн бүхэн андахгүй. Энэ үдэш ч ийм л байлаа.
НИСЭХ МЭТ
Өнгөрсөн бямба гаргийн үдэш “Корпрейт” зочид буудлын тоглолтын танхимд Данийн хааны балетын тэргүүн гоцлоочид тоглосны дараа хөшигний ард ийнхүү “бужигналдсан” юм.
260 гаруй жилийн түүхтэй тус театр дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдсээр ирсэн нь уран бүтээлчдийнх нь чансаатай холбоотой. Дэлхийн томоохон театрууд олон улсын шилдэг уран бүтээлчдээр багаа бүрдүүлдэг жишигтэй. Тус хамт олны бүрэлдэхүүн ч тийм аж. Данийн хааны балетаар “овоглосон” америк, аргентин, канад, франц, румын, испани балетчдад монгол үзэгчид “браво” гэсэн үнэлгээ өгч, “Үсрэх нь нисэж буй мэт гайхалтай байлаа” гэж дүгнэсэн.
Ташрамд өгүүлэхэд, 1748 онд байгуулсан Данийн хааны театрт “Эрэлхэг тугалган цэрэг”, “Нугасны муухай дэгдээхэй”, “Цасан хатан”, “Лусын дагина”, “Ямх охин” зэрэг олон үлгэр зохиосон алдарт Х.Х.Андерсен ажлын гараагаа эхэлсэн түүхтэй аж. Тэр бол 1820-1850 он бөгөөд Данийн алтан үе хэмээн тэмдэглэгджээ. Өдгөө Данийн хааны театр дуурийн, (оpera house), драмын (the Playhouse), эртний тайз (the оld stage) гэсэн гурван хэсгээс бүрддэг аж.
Тоглолтын эхний хэсэгт Данийн алдарт балетмейстр Август Бурнонвилийн, хоёр үзэгдэлт “Сильфида” балетын хэсгээс толилуулсан юм. 1838 онд анх тайзнаа “амилсан” эл бүтээлд лус савдгуудын тухай өгүүлдэг. Сильф гэдэг нь даниар байгаль, газар, усны дагина гэсэн утгатай аж. Жэймс хэмээх залуу байгаль дэлхийн дагинаст сэтгэл алдаж, тэднийг өөрийн болгохыг хүснэ. Үүнийг нь шулам мэдэж, тэднийг холдуулахын тулд Жэймсийг хуурдаг. Шулмын өгсөн хүзүүний ороолтыг дагинасын хүзүүнд зүүснээс хүсэл нь биелнэ гэж итгэсэн залуу ямар их гай тарьснаа хожимдож мэддэг. Дагина далавчаа алдаад зогсохгүй амьдарч чадахгүйд хүрнэ. Түүнийг ийм эмгэнэлтэй байдалд оруулсан Жэймс уй гашууд автлаа.
Гоцлооч Стэфани Чэн, Райан Томаш, Юкэн Сагис, Альба Надаль, Марина Минойу нар гайхалтай байлаа. Данийн үндэсний бүжгийн хэв маягийг сонгодог урлагт шигтгэж, өөрийн дэг сургалтыг бий болгосноороо алдаршсан А.Бурнонвилийн 50 гаруй балетаас хамгийн алдартай нь “Сильфида” аж.
Үүнээс гадна Харальд Лэндэрийн дэглэсэн “Этюд”-ийг Эмма Риис Койфоед, Жонатан Хмеленский нар “хөвж, нисэж” гайхалтай үзүүлэв. Гоцлооч бүр үнэхээр техниктэй, цог золбоотой бүжиж, фуэте, антраш, бризе зэрэг үсрэлт, эргэлтийн элементийг чадварлаг гүйцэтгэсэн.
Тоглолтын дэд хэсэгт Данийн хааны балетынхан орчин үеийн балетаас сонирхуулсан. Модерн балет ямар нэгэн хэв маяг, тогтсон хөдөлгөөнд хайрцаглагдаж, баригддаггүй учраас жинхэнэ тэсрэлтийг мэдрүүлэх боломж. К.Лэвэрсийн дэглэсэн “Анравэль” бүтээлийг Т.Преториус, А.Надаль нар “тэсэлж” чадсан. Орчин цагийн залуусын сэтгэл, нийгмийн зөрчилдөөнийг илэрхийлсэн хурц хөдөлгөөн, илэрхийлэлтэй бүжигт тэд өд шиг л “хийсэж” байлаа. Гүйцэтгэл ярих юмгүй сайн байсныг үзэгчдийн суудалд тухалсан манай балетчин залуус шагшсан.
Энэ хэсэгт монгол балетчдын тоглолтоор шигтгээ хийсэн нь сонирхолтой санагдав. ДБЭТ-ын гоцлооч Г.Батчимэг, БНСУ-д ажиллаж, амьдардаг, “Элит балет” компанийн Ц.Цолмонбуд нар К.Глюкийн хөгжим, А.Мессерерийн дэглэлт “Адажио”-г, “Кармен” балетын хэгээс Т.Баярцэцэг бүжсэн. Дэлхийн хэмжээний балетчидтай нэг тайзан дээр гарсан тэд маань чадварлаг байсныг дурдах хэрэгтэй.
ХУН “УЯНГАЛСАНГҮЙ”
Дэлхийн сонгодог бүтээлүүдийг орос дэг жаяг, сургалтаар анх мэдэрсэн монгол үзэгчдийг азтай гэж бардам хэлнэ. Яагаад гэвэл, оросууд балетыг жинхэнэ ёсоор нь утга уянгатай үзүүлж, илэрхийлж, үзэгчдийг эзэмддэг учраас тэр. Ганцхан жишээ бол П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг бид орос “школоор”, үүнээс улбаалсан монгол дэг жаягаар хүлээн аваад сурчихжээ. Сонгодог урлагт Барууны хэв маяг гэж бий. Мэдээж, тэс өөр зүйл биш, улс болгоны тавилт, дэглэлт, бүжиглэх техникийн бага сага ялгааг Оросын, Барууны, Америкийн, Азийн гэхчлэн ялгаж салгадаг.
Барууны хэв маягт жүжиглэлт давамгайлдаг бол Оросынх утга уянгаараа онцгойрдог. Тийм учраас л энэ тоглолтод үзүүлсэн хунгийн бүжгийг манай үзэгчид уухайлан хүлээж аваагүй болов уу. Бидний хүсэн хүлээсэн утга уянга “амтагдсангүй”. Ингэж хэлснээр гоцлооч Э.Койфоед, Ж.Хмеленский нарын чадварыг үгүйсгээгүй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Тэд гайхалтай байсан.
Тоглолтын сүүлчийн хэсэгт А.Бурнонвилийн “Цэцгийн наадам”, “Наполи” балетын хэсгээс сонирхуулсан нь сэтгэл “гижигдэв”. Тэр чигтээ Данийн ард түмний амьдрал “үнэртсэн” гайхамшигтай бүтээл аж. Ийнхүү үзэгчдийг хөвсөлзүүлснээр Данийн хааны балетынхны тоглолт өндөрлөж, хөшигний цаана төгсгөлийн оргил үе эхлэв. Энэ үеэр Ж.Хмеленский “Улаанбаатарт тоглосондоо сэтгэл үнэхээр дүүрэн, баяр, баясалтай байна. Гайхалтай үдэш боллоо. Үгээр илэрхийлэх арга алга. Дахин уулзахын ерөөл тавья” гэв.
Ташрамд дуулгахад, Данийн хааны балетын тоглолтыг Монголд зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан Монгол, Данийн болон Дани, Монголын нийгэмлэг, Олон улсын урлаг, боловсролын хөгжлийн академи зэрэг байгууллагын хамт олонд талархъя. Монгол үзэгчдийн сэтгэл, сонор, мэлмийг дахин мялаах сайхан арга хэмжээ зохион байгуулах буй за. Олон улсад алдартай балетчдыг Монголд авчирсан зохион байгуулагчдын нэг, эл арга хэмжээг хөтөлсөн Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягт мэхийн ёсолж, талархъя.
Тэрбээр хөтөлбөрөө сайхан тайлбарлахын зэрэгцээ Монголын тайзнаа тухайн бүтээлийг хэдэн онд, хэн толилуулсан зэргийг шигтгэж мэдээлж байсан нь тун өгөөжтэй санагдсан.
Ингэж зарлуулсан хүний нэг нь “Тунгалаг Тамир”-ын Эрдэнийн дүрээрээ түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн, Гавьяат жүжигчин Н.Баатар. Эл тоглолтын талаарх түүний сэтгэгдлийг хүргэе.
-Тан дээр гэрэл тусгаж, онцгойлон зарлахдаа Ардын жүжигчин гэчихлээ, ерөөлөөр болог. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Аливаа шоу тоглолтод иймэрхүү гэнэтийн бэлэг байх нь сайхан юм байна.
-Даниас ирсэн балетчид бүгд тэргүүлэх зэргийн гоцлооч гэсэн. Тэдний гүйцэтгэлийн талаар юу хэлэх вэ?
-Олон зуун жилийн түүхтэй театрын “бяр” байна. Сургалтынх нь үндсэн школ, тавилт нь тун цэвэр, өвөрмөц байсны зэрэгцээ бас жаахан голохоор ч юм байлаа. Жишээ нь, хунгийн уянгалаг хөдөлгөөн харагдсангүй.
ЭЛЧИН САЙДУУДЫГ ХЭДЭНТЭЭ ӨНДӨЛЗҮҮЛЭВ
Сайхан тоглолт үзэж, сэтгэл сэргэсэн ч үзэгчдийн соёлын талаар хэдэн үг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Хүмүүс эл тоглолтыг үзэхээр олон хоногийн өмнө тасалбараа захиалсан нь мэдээж. Хэн дуртай нь эрдэнэшишийн хөөсөнцөр, ус, ундаатай ирээд, тааваараа “хэвдэг” кинотеатрт ирээгүй нь үзэгчдийн хувцаслалтаас уг нь харагдсан.
Зохион байгуулагчид ч театрын орчинд тохируулан хувцаслахыг үзэгчдээс хүссэн, тасалбар захиалах үед. Өөрөөр хэлбэл, энэ үдшийг тэр чигт нь сонгодог байлгахаар, монгол үзэгчдийн соёлыг харуулахаар зохион байгуулагчид зорьсон. Харамсалтай нь, зарим хүн үнэхээр “өөдгүй” байлаа. Тоглолт эхэлснээс хагас цагийн дараа ирчихээд, хүмүүсийг суудлаас нь өндөлзүүлэх, өмнө, хойгуур нь холхих. Ингэхдээ бусдыг үл хүндэлж, ар нуруугаа хүн рүү харуулаад, өгзгөөрөө нүүрийг нь арчих шахахыг яана.
Сонгодог урлагт шимтэгсдийг нийгмийн соёлжсон хэсгийнхэн гэж “дөвийлгөх” нь бий. Уучлаарай, театрын соёлын “хэлтэрхий” ч үгүй үзэгч энэ үдэш олон харагдсан. Чехийн, Канадын Элчин сайдуудыг тоглолт дундуур хэдэнтээ өндөлзүүлж, биеийг нь шүргэн, суудал руугаа “уухилах” хүмүүсээс үнэхээр ичлээ. Чихэр, шоколадны цаас энд тэнд шажигнаж л байлаа, бас. Завсарлагын цаг хэдийн дууссаныг мэдсээр байж хоцорчихоод харанхуйд бүдчин явсан хүмүүс ичиг ичиг. Наад захын зохион байгуулалт, соёлгүй хүмүүсээс болж танхим дахь уур амьсгал эвдэрдгийг ойлгож, дараа соёлтой үйлчлүүлээсэй.