Тина Тернэр. Рокын хатан хаан гэгдэх энэ дуучин эмэгтэй өнөөдөр 80 нас хүрч байна. Түүний жинхэнэ нэр Анна Баллок. Гайхамшигтай чадалтай хоолойтой, тайзны өвөрмөц дүр төрхтэй энэ дуучинг ердөө жирийн Анна Баллок гэж дууддаг байсан бол ямар сонсогдохыг хэлж мэдэхгүй л байна. Ямар ч байсан “лаг cool” сонсогдохгүй л байсан болов уу. Харин дуучин бүсгүй маань мэдсэн юм шиг уг нэрийг ёстой алалдан байж олж авсан билээ. Энэ нэр түүний анхны хайраас үлдсэн цор ганц зүйл.
Анна Мэй Баллок 1939 оны 11 дүгээр сарын 26нд Теннесс мужид төржээ. Түүний бага нас элбэг хангалуун байгаагүй ч ямар ч байсан ядуугийн зовлонг төдийлөн амсаагүй аж. Анна багаасаа дуулах дуртай, бас хоолой сайтай охин байжээ. Тэрбээр маш мөрөөдөмтгий харин тэр мөрөөдөл нь амьдрал бодит байдлаас нь тун ялгаатай байсан гэдэг. Эцэг эх хоёр нь байнга хэрүүлтэй, аав нь эхнэрээ заримдаа үхлүүт болтол нь шахуу зодож жанчидаг байж. Эх нь тэсвэр алдсан бололтой Аннаг арван настай байхад нэг л өдөр тэднийг орхиж яваад эргэж ирээгүй юм. Тэрбээр эцэг мөн өөрийн эгч 13 настай Эллин хоёртойгоо үлдсэн үе нь хамгийн хүнд хэцүү үе байсан гэдэг. “Би ээждээ их л гомдож үргэлж уйлж байсан юм. Тэгээд уйллаа гээд юм өөрчлөгдөх биш . Та нар мэднэ дээ” гэж хожим дуучин бүсгүй ярьж байсан билээ. Гэвч түүний амьдралын хамгийн хүнд үе өмнө нь байлаа. Жилийн дараа түүний эцэг дахин гэрлэж хувцастай чемоданаа аван, Детройт руу арилаад өгч. Амьд эцэг эхтэй хэрнээ өнчирч үлдсэн хоёр охин хамаатныхаараа хоног төөрүүлэх болсон байна. Аннаг асран хамгаалж байсан эгч Эллин нь ч удалгүй эхтэйгээ амьдрахаар Сент-Луис руу яваад өгчээ. “Би арван зургаан насныхаа төрсөн өдрөөр “Би Теннессид үлдэж яах билээ? Эллины араас яагаад явж болохгүй гэж” өөрөө өөрөөсөө асуусан. Тэгээд Сент-Луис руу ээж дээрээ очсон юм. Теннесс бол гайхамшигтай газар. Тэгсэн ч түүнээс илүү юм бий гэдгийг би мэдэж байсан” хэмээн Тина дуурссан байдаг. Сент-Луи бол Аннагийн төрөлх хотоос ялгаатай нь шөнийн клуб буюу орой очих газар элбэг. Гэсэн хэдий ч Аннаад арван долоо нас хүртэл нь тийшээ зүглэхийг ч зөвшөөрдөггүй байв.
Аяк, Тина хоёр
Ингээд арван долоо насны төрсөн өдрөөр нь түүний эгч Эллин нь Аннаг “Манхэттен” хэмээх шөнийн клубд дагуулж явжээ. Тэр үдэш “Манхэттен” клубд “The Kings of Rhythm” \Хэмнэлийн хаад\ гэдэг хамтлаг тоглож байв.Тайзан дээр гитар барьсан өндөр нуруутай нэвт шувт харцтай залуу гарч ирэн дуулж эхэлсэн нь хожим Аннагийн амьдралд хамгийн гол үүрэг гүйцэтгэгчийн нэг болох Аяк Тернер байлаа. Анна амьдралдаа ийм гайхалтай хөгжим сонсож үзээгүй байв. Тэр үдшээс хойш Анна өдөр болгон тус клубд ирэх болсоор эгч дүү хоёр хамтлагийн бүх гишүүдтэй танилцан найзалжээ. Анна нэг удаа Аякад хандан хамтлагтай дуулах хүсэлтэйгээ хэлэхэд Аяк “ Муугүй санал байна. Чамд удахгүй боломж олдоно” гэж хариулжээ. Өдөр хоног өнгөрсөөр л харин дуулах боломж Аннад олдохгүй л байлаа. Нэг үдэш Эллинд зүгээргүй хамтлагийн нэг гишүүн микрофонтойгоо хажууд нь очин, ямар нэгэн дуу дуулахыг гүйжээ. Эллин дуулах дуртай бас ч аятайхан хоолойтой хэрнээ гэнэт учир зүггүй татгалзан микрофоныг цааш түлхэхэд, Анна түүнийг нь шүүрч аваад дуулж гарчээ. Түүний хоолойг сонссон Аяк алмайран сонсож байснаа, тайзан дээрээс үсэрч бууж ирэн, Аннаг тэврэн “Чамайг ингэж дуулдаггийг мэдсэнгүй” гэж уулга алджээ. Ингээд Анна “The Kings of Rhythm” хамтлагтай тайзан дээр байн байн гарах болжээ. Харин энэ тухайгаа тэрбээр ээждээ хэлээгүй байна. Учир нь Тина дунд сургуулиа төгсөөгүй байлаа. Даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг нэг л өдөр ээж Зельма нь үнэнийг мэдээд Аннаг хамтлагт дуулахыг нь тас хорьжээ. Хэдэн өдрийн дараа Зельмагийн гэрийн үүдэнд нэгэн ягаан өнгийн кадиллак машин ирсэн нь Аяк байлаа. Тэрбээр хэдэн цагийн турш Зельмаг ятгаж гуйсны эцэст охиноо дуулахыг зөвшөөрүүлж дөнгөсөн байна. Анна хамтлагийнхаа нэгэн гишүүнтэй үерхэж эхэлжээ. Удалгүй жирэмсэн болсноо мэдэн, найз залуудаа хэлтэл “Би эцэг болоход бэлэн биш байна” гэсэн хариу сонссох нь тэр. Хоёр хоногийн дараа тэр залуу хамтлагаасаа гарч байгаагаа хэлээд хаашаа ч юм арилаад өгчээ. Ингээд Аннаа 18 настайдаа ганц бие эх болсон юм. Харин Аннаг “бяцхан Энн” гэж дууддаг байсан хамтлагийн ахлагч Аяк бүсгүйд мөнгөлөг өнгийн даашинзууд, үнэт эдлэл зэргийг бэлэглэн төрөл бүрээр халамжилдаг болжээ.
Аяк аявьяаслаг хөгжимчин, дуучин, бас хөгжмийн зохиолч байсан. Түүний олон дуу олны хүртээл болсон бөгөөд “A fool in love” гэдэг дуу Америкийн хөгжмийн хит болсон байдаг. Энэ явдал Аякийг нэгэн шийдвэр гаргахад том түлхэц болсон аж. Тэрээр хамтлагаа орхин Калифорни явахаар шийджээ. Тэгээд энэ тухайгаа “бяцхан Эннд” хамгийн түрүүнд дуулгажээ. Түүний төлөвлөснөөр “бяцхан Энн” Аякийн шинэ байгуулах хамтлагийн гоцлол дуучин болж Тина гэж нэрлэгдэх ёстой байв. Аяк багадаа африкийн зэрлэг омгийн эмэгтэйчүүдийн тухай түүх үлгэр тэр дундаа “Ширэнгэ ойн хатан Шина”хэмээх баатарт дуртай байжээ. Ингэж Шина Тина болсон түүхтэй. Гэхдээ үүний зэрэгцээ Тина Аякийнх болсон билээ. Энэ өдрөөс эхлэн “бяцхан Энн” амралт гэдгийг мартсан гэдэг. Аякийн байгуулсан “Аяк, Тина Тернер хоёр” гэсэн нэртэй хамтлаг олонд маш хурдан танигдан, нэрт гарч эхэлсэн юм. Аялан тоглолт, зочид буудал, шөнийн клубууд, зам. Энэ л түүний амьдрал болж хувирсан аж. Эхэндээ амьдралын энэ хэв маяг Аннад өөрт нь таалагддаг байв. Очиж үзээгүй газрууд, алга ташилтууд, мөнгө гээд л... Тэрбээр аажим аажмаар од болж байлаа.Үүнийг л Тина үргэлж мөрөөдөж ирсэн биш гэж үү. Тина нэг оройдоо хоёр тоглолт хийгээд байхад л үзэгчдэд энэ нь хангалтгүй байлаа. Аннагийн хувьд энэ амьдрал үлгэрийн мэт санагдаж байв.
Харамсалтай нь энэ үлгэрийн амьдрал тийм ч удаан үргэлжлээгүй юм. Угийн ширүүн дориун зантай, бүхнийг өөрийнхөөрөө байлгаж сурсан Аякийн гууль нь цухуйж эхэлжээ. Тэрбээр ямар дуу дуулах,ямар хөгжимчдийг авах,хаана тоглох, ямар хувцас өмсөхийг шийдээд зогсохгүй Тинаг тайзан дээр төдийгүй өдөр тутмын амьдралыг нь ч хянадаг болов. Аяктай амьдраад нэг жил болсны дараа Тина түүнийг хэтэрхий харгис гэдгийг нь мэджээ. Эхний удаа Аяк түүнийг Сан-Франциско хотын нэгэн шөнийн клубтэй 120 мянган долларын гэрээтэй тоглолтын үеэр Тина хатгаа аван “40 хэм халуураад байна.Өнөөдөр дуулж чадахгүй нь гэж” хэлсний төлөө зоджээ. Үүнээс хойш Тина тайзан дээр байсхийгээд л хөх няц болсон нүд эсвэл сэтэрсэн уруултай гарах болсон байна.Аякийг өөрчлөгдөхийг Тина олон жил хүлээсэн гэдэг. Гэвч юу ч өөрчлөгдөөгүй. “Яагаад тэр үед Аякаас салаагүй юм бэ” гэж хожим Тинагаас олон хүн асуухад тэрбээр “ Би тэр үед юу ч бас хэнийг ч мэддэггүй байж. Ганцхан дуулахыг л хүсэж байсан ” хэмээн хариулсан байдаг. Дээрээс нь Тина Аякаас бас нэг хүү төрүүлжээ. Өөрийн хоёр хүүхдээс гадна Аякийн түрүүчийн эхнэрээс төрсөн хоёр хүүг бас өсгөж байлаа.Тинагийн хувийн амьдрал тун адармаатай ч уран бүтээл нь үнэхээр цэцэглэж байсан юм. “Аяк Тина Тернер хоёр” хамтлаг Америкийн хамгийн алдартай хар арьстнуудын хамтлаг болоод байсан үе. Энэ амжилт Тинагийн ачаар бий болж ,Тина л хамтлагийн гол од болж, Америкийн хит жагсаалтын дээгүүр бичигдэн, хэдэн мянган долларын орлого олж байлаа. Аяк ч үүнийг сайн мэдэж байв. Тиймээс Тинаг бүрэн хяналтдаа авах хэрэгтэй гэдгийг тэрбээр сайн ойлгох аж. Ингээд Аяк Тинад гэрлэх санал тавин Мексикийн Тихуана хотод гэрлэлтээ батлуулжээ. Амьдралынхаа энэ мөчийн тухай Тина дурсамждаа “Би цагаан даашинз,олон давхар бялуу, зочид гээд жинхэнэ хуримыг хүлээж байлаа. Гэтэл энэ бүхний оронд хэн нэгэн ширээний цаанаас хэдэн хуудас цаас шидэхэд би гарын үсгээ зураад л болсон. Тэгээд “Энэ л миний хувь заяа юм байх даа” хэмээн бодож билээ” гэж дуртгалдаа бичсэн байдаг.
Тинагийн тоглолт болгон сонирхолтой, өнгөлөг, өвөрмөц болдог байв. Түүний хоолойноос тайзны хөдөлгөөнүүд өнөөдөр мөн бренд болсон юм.
1960-аад оны дундуур Тернерийн хамтлаг хэдий алдар нэртэй болсон ч цагаан арьстнуудын хитыг тэргүүлэх зорилгодоо хүрээгүй байв. Энэ үед Фил Спектор гэгч тун авьяаслаг хөгжмийн продюсер тэдний уран бүтээлийн замд тааралдсан юм. Түүний продюссэрлэсэн хорь гаруй дуу хит болсон байв. Тэрбээр Тинад нэгэн пянзан дээр ажиллах санал тавьжээ. Гэхдээ ганцхан болзол тавьсан нь Аякгүйгээр зөвхөн Тинатай ажиллах хүсэлтэйгээ хэлжээ. Аякад энэ санал таалагдаагүй нь мэдээж. Харин Тина маш ухаантай арга олсон байдаг. Дуучин бүсгүй Филтай ярилцаж байгаад пянзан дээр Аяк Тернерын нэр бичигдэх болсноор нөхрийнхөө зөвшөөрлийг тэр дор нь авчээ. Энэ бол Тинагийн бие даасан дуучин болох агуу замын эхлэл байсан юм. Хэдий Фил Спектортой хамтран ажилласан дуунууд нь Америкийн хитыг тэргүүлээгүй ч Британийн хитын эхний гуравт орсон нь Тинад гэнэтийн бэлэг болсон билээ. Энэ гайхамшигтай мэдээтэй цуг бас нэгэн сонирхолтой санал ирсэн юм. Тухайн үед нэрд гараад байсан английн “Rolling Stones” хамтлаг аялан тоглолтдоо Тинаг оролцохыг урьжээ. “Rolling Stones” хамтлагтай хийсэн аялан тоглолт Тинагийн уран бүтээлд төдийгүй амьдралд нь ч их том нөлөө үзүүлсэн гэж болно. Энэ аялан тоглолтоор Тина олон мянган цагаан арьстан шүтэн бишрэгчидтэй болоод зогсохгүй түүний цаашдын амьдралын ирээдүйг хэлж өгсөн мэргэч эмгэнтэй учирсан гэдэг Тэр мэргэч эмгэн Тинад “ Чи асар их нэр алдарт хүрэх юм байна. Харин хажууд чинь байгаа хүн бол модноос унах навч мэт доош унана гэж төлөг бууж байна” хэмээн хэлжээ. “Энэ мөчөөс эхлэн би анх удаа өөртөө итгэж эхэлсэн. Бас миний Аякаас зугтах эхлэл тавигдсан “ гэж хожим Тина дурсах болно. Хамгийн анхны зугтах оролдлого нь бүтэлгүйтэж Тинаг нөхөртөө эрүүгээ хугартал зодуулжээ. Аякийн зодуур улам ихсэж Тина Лос-Анжелес хотын эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч болов. Дээрээс нь Аяк хар тамхинд донтох болсон нь Тинад ийм амьдралыг давашгүй мэт санагдах болов. 1968 онд Тина амиа хорлохыг завджээ. Хагийн сонирхолтой Тинаг нойрсуулах эм их тунгаар уун гал тогооныхоо өрөөнд ухаангүй хэвтэж байхыг Аякийн олон нууц амрагуудын нэг нь олсон байдаг. Тэр бүсгүй тэдний хамтлагийн арын хоолой хийдэг дуучин бүсгүйчүүдийн нэг байсан бөгөөд дууны үг авах гэж гэрт нь ирээд дээрх дүр зурагтай тулгарчээ. Тинаг эмнэлэгт ухаа орсны дараа Аяг түүнд “ Чи үхмээр байна уу? Тэгвэл олигтойхон үхээч дээ” гэж хэлсэн гэдэг. Амьдрах сонирхол Тинад үнэхээр байгаагүй гэдэг.
Тина тайзыэ дээр эргэж ирэхэд Дэвид Боуи маш их тусалсан.
Аяк Тина хоёрын дуулсан дуунууд нь Америкийн хитын дээгүүрт бичигдэн,телевизийн шилдэг нэвтрүүлгүүдэд уригдан, “Rolling Stones” хамтлагтай Америкийн 13 хотоор 20 гаруй тоглолт хийн уран бүтээл нь хэдий цэцэглэж байв. Харин Тина сэтгэлийн хувьд асар их дарамтад амьдарсаар байлаа.1974 онд Тина нэгэн эмэгтэйтэй танилцсанаар буддын шашны тухай мэджээ. Энэ шашны ачаар тэрээр бясалгал хийн сэтгэлд хуримтлагдсан айдас, үзэн ядалт арилан огт өөр нэгэн хүч болон хувирчээ. Сэтгэл зүйн хаттай болсон Тина хамтлагаасаа холдсоор “Аяк Тина Тернер хоёр” хамтлагийн амжилт огцом буурч эхэлсэн байна.Тина тэр үед 35 настай байв. Тэрбээр өөрийн хувийн амьдарлаа мөн хувийн уран бүтээлээ бодсон ч Аякаас аль болох хурдан салах хэрэгтэй гэдгийг ойлгож байлаа. Гэвч тэр юу ч хийж чадахгүй байв. 1976 оны 7 дугаар сарын 2. Тина энэ өдрийг хэзээ ч мартдаггүй. Энэ өдөр “Аяк Тина Тернер хоёр” хамтлаг Даллас хотод тоглолт хийхээр явж байжээ. Лос-Анжелес хотын онгоцны буудал хүрэх замд Аяк эхнэртээ шоколад ид гэж өгчээ. Тина “идмээргүй байна” гэж хэлээд зодуулжээ. Арван зургаан жилийн турш хуримтлагдсан гомдол хорсол дэлбэрч “бяцхан Энн” Аякийн өөдөөс анх удаа ана мана үзэлцэн зодолджээ. Машинд эхэлсэн зодоон онгоцонд, дараа нь Даллас хотын онгоцны буудлаас “Хилтон” зочид буудал хүртэл үргэлжилжээ. Тина Аякийн талаар бодож байсан бүхнээ хэлэхэд нөхөр нь чихэндээ итгэхгүй “Чи урьд нь хэзээ ч ийм зүйл хэлж байгаагүй шдээ” гэж орилсон гэдэг. Ядарч туйлдсан дээрээс нь хар тамхинд мансуурсан Аяк зочид буудлын өрөөнд ороод л орон дээр тэрийн унажээ. Түүнийг унтсаны дараа Тина цус нөж болсон нүүрээ цэвэрлэн хар шил зүүгээд зочид буудлаас гаран зугтжээ. Тэгэхэд түүний халаасанд ердөө 36 цент байсан гэдэг. Тина хэдэн сар найз нөхөд, танилуудаараа амьдарсан юм. Нэгдүгээрт тэрээр Аякаас нуугдаж, хоёрдугаарт байр хөлслөх ямар ч мөнгө байсангүй. Айлд зүгээр суулгүй цэвэрлэгээг нь хийж өгдөг байжээ. Нэг удаа Аяк түүний амьдарч байсан газрыг олоод хэдэн хүнтэй цуг ирэхэд нь Тина хаалгаа тайлж өгөлгүй цагдаа дуудсан байна. Цагдаагийнхан ирэхэд тэрээр цонхоо онгойлгоод “Би Тина Тернер байна. Харин наадах чинь Аяк. Би түүнээс салсан бөгөөд буцаж очихгүй гэдгээ хэлж байна” гэж орилсон гэдэг. Аяк Тинаг буцаахын тулд бүсгүйн хаа явсан газар нь дагаж, эсвэл дөрвийн дөрвөн хүүхдээ түүн рүү явуулан, эсвэл цуцлагдсан тоглолтынхоо төлбөрийг нэхэх зэрэг төрөл бүрийн арга хэрэглэж байв. Харин үүний хариуд Тина салах өргөдлөө шүүхэд өгчээ. Аяк тийм ч амархан бууж өгсөнгүй. Тэрбээр мөнгө, хүүхэд, Тинагийн ээмэг, зүүлтийг хүртэл авна гэж заргалджээ. Тина түүнд бүгдийг өгч. Гагцхүү Тина Тернер гэдэг нэрээ авч үлдэхийн төлөө ширүүн тулалдсан юм . Энэ түүнд амар олдоогүй билээ. Шүүх хурлын дараа Тина “Чи миний арван зургаан жил хөдөлмөрлөсөн бүхнийг авлаа. Би ирээдүйгээ авч байна” гэж Аякад хэлжээ. Тинаг багагүй хүндрэлүүд хүлээж байсан. Гэвч тэр эрх чөлөөтэй өөрийн гэсэн амьдралтай найз нөхөдтэй болсондоо жаргалтай байлаа. Түүнд бие даасан дуучны хувьд алдар нэр нэлээд хожуу дөч гарсан хойно нь ирнэ. Гэхдээ тэр нэр дэлхий даяар дуурсагдах болно.
Нөхөр Эрвин Бахын хамт. Тинагийн бие 2016 онд муудахад нөхөр нь өөрт нь хэлэлгүй өрөөсөн бөрөө өгчээ.