Энэ хэдэн өдрүүдэд Европын орнуудад хэт халуун болж байна. Одоогийн үзүүлж буй нэмэх 35-38 хэм нь дулааны оргил үе биш бөгөөд цаашид агаарын хэм улам дээш өсөж магадгүйг цаг уурчид анхааруулж байна. Атлантын далайд үүссэн салхи, төв Европын агаарын даралт нэмэгдсэнтэй давхцаж, Сахарын цөлийн халуун агаарыг умар зүгт шилжих боломж олгосон нь энэ удаагийн их халалтын шалтгаан болж байгаа гэнэ. Цаг агаарын ийм нөхцөл байдал хүмүүсийн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг ажээ. 2003 онд Европ тивийг дайрсан их халууны улмаас нийтдээ 70,000 орчим хүн 2018 онд Германд нэг мянган хүн нас барсан тухай “Washing Post” сонин сануулжээ. Одоогийн байдлаар Францад гурван хүн хэт халууны улмаас нас барсан мэдээ байна. Долоо хоногийн сүүлээр халууны хэм түүхэн дээд үзүүлэлт буюу нэмэх 45 хэм хүрч магадгүй ажээ. Энэ удаагийн халалт ч олон хүний аминд хүрч магадгүй тул агааржуулагчийг байнга ашиглаж, ид халууны үеэр гадаа гарахгүй байхыг шинжээчид зөвлөж байна.