Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, 25 байршил, 75 хэсэгчилсэн талбайг барилгажуулах тогтоолыг нийслэлийн ИТХ-аас гаргаад хэдийн зургаан жил болжээ. Төсөл хэрэгжүүлэгч 34 компани 38 байршлын газрыг дахин төлөвлөх эрх аваад байна. Зарим компани иргэдтэй тохиролцож, газрыг нь байраар сольсон. Харамсалтай нь, дийлэнх нь иргэдтэй тохиролцож чадалгүй, барилгын ажлаа зогсоожээ. Үйл ажиллагаа явуулах эрх авч, айлуудын газрыг чөлөөлсөн хэрнээ тэндээ ганц ч гадас хатгаагүй таван жил болсон компани ч бий. Газраа өгсөн цөөнгүй иргэн “Гэр хорооллыг барилгажуулах нүсэр бүтээн байгуулалтын ажилд “цүнхний” компаниуд шалгарсан юм биш биз” хэмээн хардаж эхлэв.
Тиймээс гэр хорооллыг барилгажуулах эрх авсан зарим компанийн төлөөлөлтэй уулзаж, барилгын ажлаа эхлүүлээгүй шалтгааныг тодрууллаа. Хамгийн түрүүнд “Очирням пропертийз девелопмент” компанийнхантай утсаар холбогдсон юм. Баянгол дүүргийн XI хороо, VII бичил хорооллын арын хэсгийг барилгажуулах эрх авсан тус компанийн гүйцэтгэх захирал Г.Сансарболд “Барилгын ажил эхлүүлэхэд бэлэн. Нийслэлээс дулааны шугам татаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй учир ажил зогссон. Манайх өөрийн хөрөнгөөр татаж болох ч шинэ барилгыг дулаанаар хангах хүчин чадалтай шугам ойр хавьд алга” гэв.
Харин замын эсрэг талд нь үйл ажиллагаа явуулж буй “Грийн ресурс констракшн” компанийнхан өөрийн хөрөнгөөр дэд бүтэц тавьж барилгын ажлаа эхлүүлсэн байна. Улмаар эхний орон сууцаа ашиглалтад оруулжээ. Үүний адил Баянзүрх дүүргийн XIV хороонд үйл ажиллагаа явуулж буй “Зургаан талт” компани нэг тэрбум төгрөг зарцуулан дэд бүтцээ бие даан шийдсэн аж.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр ГССҮТ-ийн орчмоос шугам татаж, Баянгол дүүрэгт барьж байгаа барилгуудыг дулаанд холбохоор ажиллаж буй. Угаас дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барих газрын цахилгаан, дулаан, инженерийн дэд бүтцийг төр шийдэх журамтай. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах үйл ажиллагааны журам болон төр, компани, иргэний гурван талт гэрээнд энэ тухай тусгажээ.
Барилгын ажил эхлүүлсэн цөөнгүй компани дэд бүтцийг нь шийдээгүйн улмаас ажлаа зогсоосон байна. Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг энэ талаар “Төр үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байгаа. Гэхдээ орон сууц барьж эхэлсэн газруудыг түр болон байнгын цахилгаан, дулаанаар хангасан. Орон сууц барьсан хэрнээ дэд бүтцэд холбогдоогүй байршил байхгүй. Мэргэжлийн байгууллагатай хамтраад яаж ийгээд шийдэж буй. Дэд бүтцэд нийт 117 тэрбум төгрөг зарцуулсан. Тухайлбал, 2017 онд 10, 2018 онд 10, энэ жил 20 тэрбум төгрөг дэд бүтцэд зориулж гаргасан” хэмээв. Дахин төлөвлөлтөд хамрагдсан газрын дэд бүтцийг шийдэхэд 230 тэрбум төгрөг шаардлагатай.
Харамсалтай нь, энэ хэмжээний мөнгийг улс шууд гаргах боломжгүй. Тиймээс гадаадаас бадар барьж буйг онцолъё. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар орж ирэх хоёр тэрбум юаниар дэд бүтэц тавихаар Засгийн газраас 2017 онд 179 дүгээр тогтоол гаргасан. Гэсэн ч өдий хүртэл хэрэгжүүлээгүй байна. Дулаан, цахилгаан, усгүй барилга балгастай адил. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн дэд бүтэц тавиулах шаардлага тавьж буйг буруутгах аргагүй. Дэд бүтэцгүй газарт барилга барих нь хот дүүрэн балгастай болохын нэр гэж тэд үзэж буй.
Нөгөө талаар, дэд бүтэц тавина гэдэг нь өнөөдөр, маргаашийн дотор шийдэх асуудал биш. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө орно. Энэ жил мөнгө төсөвлөн, дулааны шугам татсан ч ирэх жил дуусахгүй үргэлжилнэ. Мөн “Инженерийн дэд бүтцээ татахгүй байгаа нь тулгамдсан асуудал биш. Төслөө хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд “Улс дэд бүтцээ шийдэж өгөх ёстой” гэж тайлбар тавьдаг” гэх албан тушаалтан ч байна.
Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэгч компаниуд чөлөөлсөн газраа эзэмшиж, ашиглалтад оруулсан байрныхаа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч чадахгүй байгаа сурагтай. Барилгын ажил эхлэхэд нэн түрүүнд газрын гэрчилгээтэй байх нь чухал. Газрын гэрчилгээнд үндэслэн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгдөг. Өмнө нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар иргэний нэр дээрх газрын бүртгэлийн эрхийг хааж, нэр шилжүүлдэг байсан. Жишээлбэл, иргэн Доржийн нэр дээрх газрыг аж ахуйн нэгж худалдаж авна. Улмаар улсын бүртгэлийн сан дахь мэдээллийг хаалгана. Дараа нь дахин төлөвлөлтийн хүрээнд иргэний газрыг авч, орон сууц олгосон гэдгээ баримтжуулж, нэр шилжүүлэх хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмшдэг байж.
Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд чөлөөлсөн газраа 30-45 хоногт нэр дээрээ шилжүүлж болдог байсан. Гэтэл одоо ийм шатлалаар нэр шилжүүлэх боломжгүй болжээ. Энэ нь 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нд шинэчлэн баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар УБЕГ-ын дарга иргэний нэр дээрх газрын эрхийн улсын бүртгэлийг хаах боломжгүй болсонтой холбоотой. Уг хуулийн 14.1.4-т “Эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсон тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана” гэснээс бус, хэн гэдгийг нарийн тодорхойлоогүй аж.
Өөрөөр хэлбэл, УБЕГ, нийслэлийн Засаг даргын хэн нь нэр шилжүүлэх эрхтэй нь тодорхойгүй. Харин Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 9.3-т “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31.1.2-т зааснаар иргэний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хаахдаа тухайн эрхээсээ татгалзсан иргэний хүсэлтийн дагуу гаргасан Засаг даргын захирамжийг үндэслэнэ” гэж заажээ. Гэтэл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31.1.2-т “Газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар иргэний газар өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаас бус Засаг дарга эрх цуцална гэсэн заалт байхгүй.
Саяхан төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд хотын удирдлагад хандаж эл асуудлыг уламжилсан ч шийдвэртэй хариулт авч чадаагүй гэнэ. Эрх мэдэлтнүүд өөд өөдөөсөө харж суугаад “Эрх бүхий этгээд нь чи юм биш үү”, “Мэдэхгүй, та юм биш үү” гэх зэргээр мөрөө хавчин, мэл гайхаж, цэл хөхөрчээ. Эцэстээ нийслэлийн Засаг дарга газар өмчлүүлэхээр гаргасан анхны захирамжаа хүчингүй болгох ёстой гэх шийдэлд хүрсэн ч бас л асуудал үүссэн байна. Тодруулбал, иргэн Дулмаа газраа зарсан. Худалдан авсан хүн дахин зарж, нэр шилжүүлсэн тохиолдол гарчээ. Газраа чөлөөлсөн иргэд дотроос анхны эзэмшигч гэх нэг ч хүн байгаагүй аж.
Гэтэл УБЕГ-т анхны өмчлөгчийн мэдээлэл бий. Анхны өмчлөгчийн нэр дээрх газрын бүртгэлийг хаах л эрх зүйн боломжтой, худалдан авсан хүний эрхийг хүчингүй болгох эрх зүйн орчин бүрдээгүй зэргээр маргаан үргэлжилж буй. Ийм шалтгаанаар аж ахуйн нэгжүүд чөлөөлсөн газраа эзэмшиж чадахгүй байна. Уг нь төсөл хэрэгжүүлэгч цөөнгүй компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж барилгын ажил эхлүүлсэн. Улмаар 7227 айлын орон сууц ашиглалтад оруулж, хотын янданг цөөлсөн юм. Жишээ нь, “Грийн ресурс констракшн” 60, “Гангар инвест” 200, “Бүрд констракшн” компани 180 айлыг байртай болгожээ. Харин өдгөө төсөл хэрэгжүүлж буй бүх компани газраа нэр дээрээ шилжүүлэх, ашиглалтад оруулсан байрныхаа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах боломжгүй гацаанд орсон хэвээр байна.
Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид албан бичиг илгээж, үүссэн нөхцөл байдлыг зохицуулж өгөхийг хүссэн гэнэ. Тус албан бичигт “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцээгүй, иргэн хуулийн этгээдэд чирэгдэл үүсгэж буй, Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан журмын 9.3 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Одоогоор албан бичгийн хариуг өгөөгүй байна.