Есөн настай дүү минь өнгөрсөн жил гудамжинд зарж байсан жимс идээд тэр оройдоо бөөлжиж, цусан суулгаар өвчилснийг эмч нар оношилсон юм. Улмаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл буюу Хүүхдийн эмнэлэгт 14 хоног эмчлүүллээ. Гудамжнаас бэлэн бүтээгдэхүүн авч идэх эрсдэлтэйг эцэг, эхчүүд хүүхдэдээ анхааруулах ёстой. Гэвч нөгөө талаар чанаргүй бараа зарах нь буруу. Дулааны улиралд шорлог, хуушуур зэрэг мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ гудамжинд ил задгай борлуулах нь энгийн үзэгдэл болжээ.
Наранд удаан хадгалсан хүнс гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын шалтгаан болдгийг эмч нар байнга сануулдаг. Гэвч бага насны хүүхдүүд үүнийг сайн мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, халдварын нян идэвхэжсэн үеэр гудамжинд зарж буй бэлэн бүтээгдэхүүн “хор” гэдгийг багачууд битгий хэл, зарим том хүн ч мэдэхгүй, авч идсээр байна. Айраг, чанасан мах, шорлог, жимс зэргийг гудамжинд ил задгай зардаг асуудлыг журам, стандартаар зохицуулж, цэгцлэхгүй байгааг өнгөрсөн баасан гарагт сурвалжиллаа.
Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудыг эхлээд зорив. Утаа, хэншүү гаргаж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна хэмээх шүүмжлэлийн бай болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шорлог хийдэг хүмүүс энэ жил тусгай байранд оржээ. Мах, улаан лооль, өргөст хэмх зэргийг шороо, тоос бужигнасан газарт хэрчиж, бэлтгэдэг байсан бол энэ жил юутай ч “Шороонд хутгалдсан хоол зарлаа” гэж шүүмжлүүлэхгүй болов. Шороо, тоосноос бага ч гэсэн холдсон нь сайн хэрэг.
Гэвч тус хүрээлэнд нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид эрүүл ахуйн шаардлагаа хангаагүй хэвээр. Нарийн ногоо хэрчиж байгаа зарим эмэгтэймалгай, бээлий өмсөөгүй байв. Шилэн хөргөгчтэй хэрнээ дотор нь амархан муудах нарийн ногоо бус, ундаа, шүүс хадгалж байлаа. Шорлог хийдэг зарим газарт хөргөгч ч байхгүй аж. Үйлчилгээ эрхлэгчдийн зарим нь хэрчсэн ногоогоо гялгар уутанд хийж, нөгөө хэсэг нь нэг удаагийн хуванцар саванд хадгалсан байна. Шорлог хийж байсан нэг хүн барилгын ажилд өмсдөг цагаан бээлийг хар өнгөтэй болтол нь ашиглажээ. Харин туслах нь цэнхэр өнгөтэй резинэн бээлий гартаа углаж, хурууны үзүүр хэсгийг хайчилсан байв.
Мөнгө тоолохдоо ч, ногоо хэрчихдээ ч тэр бээлийтэйгээ хүмүүст үйлчлэх аж. Хүн харахад бээлийтэй ч, нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил санагдав. Эрүүл ахуйн тухай хуульд ийм газрууд гар угаах, халбага, сэрээ ариутгах угаалтууртай байх ёстойгоос эхлээд өөр олон шаардлага хангасан байхыг журамласан. Гэвч тэнд угаалтуур байхгүй учир үйлчилгээ эрхлэгчид хоол бэлтгэхээсээ өмнө гараа угаадаг, эсэх нь эргэлзээтэй.
Зузаавтар хэрчсэн 5-6 зүсэм мах хачиртайгаа нийлээд 12 000 төгрөгийн үнэтэй. Иргэд хоолны амтанд ам сайтай байсан хэдий ч эрүүл ахуйн шаардлага хангасан, эсэхийг төдийлөн анхаарахгүй байв.
Тус хүрээлэнд зугаалж байсан иргэн Э.Номин-Эрдэнэ “Шорлог сайхан амттай ч утаанд нь нүд хорсох асуудал хэвээрээ байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан, эсэхийг мэдэхгүй. Монголд эрүүл ахуйн шаардлагаа хангаж ажилладаг газар байхгүй биз” гэсэн бол, Б.Ирмүүнзаяа “Өмнөхөө бодвол цэвэрхэн орчинд шорлог хийдэг болжээ” гэлээ. Үйлчилгээний газрууд эрүүл ахуйн ямар шаардлага хангаж ажиллах ёстойг иргэд төдийлөн сайн мэдэхгүйгээс бохир орчинд хоол идэхээс татгалздаггүй нь ажиглагдсан.
Зайсан толгойд байрласан хуушуур, шорлог хийж, зардаг газрууд ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхнээс бараг ялгаагүй. Үйлчилгээ эрхлэгчид нь малгай, хормогч, нэг удаагийн хүнсний бээлий өмссөн нь давуу тал байв.
Баянгол дүүргийн нутаг, “Өргөө” кинотеатраас “Москва” ресторан (хуучнаар) хүртэлх зам дагуу шорлог хийж, зардаг хүмүүс олон. Тэд ихэвчлэн үдэш “ажилдаа” гардаг. Нэг шоронд төмс, лууван, мах, сонгино хатгаад 3000-4000 төгрөгөөр зардаг. Иргэн А “Амьжиргаа залгуулахын тулд арга буюу ингээд зогсож байна. Би чанартай хоол, хүнс зардаг ч цагдаа нар байнга хөөдөг” гэв. Урт, нарийхан хөнгөн цагаанд махаа шорложээ. Угаах боломжгүй учраас бохирдсон шороо арчсан болоод л дахин хэрэглэдэг юм байна. Түүхий бүтээгдэхүүнээ хуванцар саванд хийж, ил галынхаа доор тавьжээ. Галын хажууд хадгалсан мах чанартай, эсэхэд эргэлзэв.
Үйлчилгээ эрхэлж буй иргэд бүгд махныхаа гарал үүслийн бичгийг харуулахаас татгалзсан. Бараа зарах, хоол хийж, борлуулах зэргээр мөнгө олж болно. Гэвч эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүйг мэргэжлийн ханалтын байцаагч нар өгүүлсэн. Тэгвэл хурдан муудах бүтээгдэхүүн зарахдаа ямар стандарт мөрдөх, түүнийг нь хэн хянах ёстойг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн улсын байцаагч Х.Чимгээс тодрууллаа.
Тэрбээр “Гадаа үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг дүүргийнх нь Засаг даргын Тамгын газар болон цагдаа нар хянах ёстой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхныг энэ чиглэлд ажиллахыг Эрүүл ахуйн тухай хуульд тусгаагүй. Манайхаас гудамж, талбайд хүнсний бүтээгдэхүүн зарах зөвшөөрөл ч олгодоггүй. Уг нь хөгжингүй улс, орнуудад гудамжны хоол (street food)-ны үйлчилгээ байдаг. Гэхдээ манайхыг бодвол стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Манай улсад тийм стандарт байхгүй учраас эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг газрууд олширсон гэхэд буруудахгүй. Бид үүнийг зохицуулах журам, стандарт батлуулахаар холбогдох газрынханд хүсэлт илгээдэг ч хүлээж авдаггүй байлаа.
Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Худалдаа, үйлчилгээний нийтлэг журам боловсруулж, энэ оны тавдугаар сарын эхэнд нийслэлийн ИТХ-аар батлуулсан. Уг журамд манай байгууллагаас санал оруулсан юм. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн яамныханд өргөн барьсан” гэлээ. Тус журамд ил, задгай худалдаа эрхлэхийг бүрмөсөн хориглох тухай санал нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан оруулсан юм байна. Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ зэрэг амархан муудах бүтээгдэхүүнийг гудамжинд ил, задгай зарж борлуулахыг хориглох аж. Харин төмс, хүнсний ногоог намрын улиралд зөвшөөрсөн цэгүүдэд худалдахыг зөвшөөрөх гэнэ.
Гудамжинд бэлэн бүтээгдэхүүн зарахаас гадна ТҮЦ-т ч хачиртай талх, бууз, кимбаб зэргийг зарах хориотой аж. Цөөн нэр, төрлийн, хадгалах, худалдахад тусгай горим шаардахгүй, удаан хадгалж болох барааг л ТҮЦ-т зарж болно гэж Худалдааны газрын ангилал, нэр томьёо MNS 6506:2015 стандартад тусгажээ. ТҮЦ-ийн талбайн хэмжээ доод тал нь 10-15 ам метр байх ёстой. Ийм хэмжээнд зориулалтын хөргүүр зэргийг байршуулах боломжтой тул муудсан хоол зарахгүй байхад ТҮЦ-ийн хэмжээ чухал ач холбогдолтой аж.
Улаанбаатар хотын хэмжээнд 1000 гаруй ТҮЦ, хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5700 гаруй объект бий. Стандарт, хэмжил зүйн газрынхан болон ХХААХҮЯ зэрэг төрийн захиргааны байгууллагууд дээрх газруудыг стандартын дагуу үйл ажиллагаа явуулахад анхаарах ёстой аж. Үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм, Хоолны газруудад тавих нийтлэг журам зэрэг одоо дагаж, мөрдөж буй журамд гудамжинд хоол хийж, зарахад хэрхэн ажиллах ёстойг тусгаагүйгээс үйлчилгээ эрхлэгчид орчны бохирдол үүсгэхээс гадна иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд халдаж буйг мэргэжилтнүүд өгүүлсэн. Түүнчлэн Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1-т “Тухайн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлсэн байна” гэж заажээ. Гэвч одоо үйл ажиллагаа явуулж буй 1000 гаруй ТҮЦ-ийн нэг нь ч МХЕГ-т бүртгүүлээгүй аж. Тодруулбал, нийтийн эзэмшлийн зам, талбайд ил задгай үйл ажиллагаа явуулж буй иргэн бүр хууль зөрчиж байгааг дээрх газрын байцаагч онцолсон.
Гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгын шаардлага хангаагүй гурилан болон махан бүтээгдэхүүнийг тасалгааны температурт хадгалж, богино долгионы зууханд халааж борлуулдаг 132 ТҮЦ-ийг өнгөрсөн онд холбогдох газрынхны шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоожээ. Гэсэн ч бэлэн бүтээгдэхүүн зарах зөвшөөрөл авах тухай журам байхгүй учир дээрх зөрчил удаа дараа гарсаар байдаг гэнэ.
Хууль зүй, дотоод хэргийн яамныханд өргөн барьсан дээрх нийтлэг журмыг хэзээ баталж, мөрдөх нь тодорхойгүй. Гэхдээ энэ асуудлын тухай ярьж, анхаарч эхэлсэн нь сайн хэрэг. Иргэд ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохир, заваан газруудад шаардлага тавьж хэвшвэл дулааны улиралд идэвхэждэг гэдэсний халдварт нянгаас салахад нэмэртэйг эмч нар хэлж байна. Хоолны хордлого ба гаднын шалтгаантай бусад эмгэгээр 2017 онд 2630, 2018 онд 2923 хүн нас барсан нь энэ асуудалд яаралтай анхаарал хандуулах шаардлагатайг илтгэх биз ээ.