Монголын дэлгэцийн урлагийн “алтан үе”-ийнхний халааг залгамжилж, дунд үеийн сор жүжигчин болсон Д.Бямбацогтын хүү Б.Балжинням аавынхаа мэргэжлийг өвлөжээ. Б.Балжинням 2015 онд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатарын удирдлагад СУИС төгсөн, “Go” студийн “Тагнуулч аав”, “National” фильмийн “Дурлах санал” зэрэг бүрэн хэмжээний болоод олон ангит кинонд дүр бүтээж амжсан байна.
-Та аавтайгаа их адилхан юм. Хүмүүсээс ийм үг олон сонсдог биз?
-Адилхан битгий хэл “Хуулаад төрчихөж” гэдэг юм. Уран бүтээлч ах, эгч нар “Хэзээ нэгэн цагт нэг хүний өтөл, залуу насны дүрийг та хоёр бүтээнэ дээ” гэлцдэг.
-Урлагийнхан хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх их дургүй юм билээ. Аав тань таны шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Эхэндээ их эсэргүүцсэн. “Урлагийн амьдрал хатуу. Нэг л хөл тавьчихвал гарч чадахгүй” гээд л дургүйцдэг байлаа. Арга ч үгүй биз дээ. Сайн, мууг нь өөрөө биеэрээ туулж яваа болохоор хүүгээ арай өөр мэргэжил сонгоосой гэж хүссэн байх. Урлагт чин сэтгэлээ зориулахгүй бол золиос болоод л хоцордог хатуу салбар шүү дээ. Бод л доо. Аль нэг студи, продакшны харьяалалгүй л бол тогтмол цалингүй, цаг наргүй. Аавын хэлснийг сургуулиа төгсөөд л ойлгож байна.
-Тэгээд яаж зөвшөөрүүлэв?
-Би жаахан дураараа зантай. Намайг дунд сургууль төгссөн хавар аав гадаад руу ажлаар явж таарсан юм. Эзгүй хойгуур нь СУИС-д шалгуулаад, тэнцчихсэн. Ирэхэд нь үнэнээ хэлтэл “Нэгэнт шалгуурыг давсан юм бол суралцаад төгс” гэсэн дээ. Аавын минь ээж уртын дуу их сайхан дуулдаг хүн байсан. Тэдний авьяасын хэлтэрхий надад бий байх.
-Одоо хэр дэмждэг вэ?
-Дэмждэг. Дэмжинэ гэдэг нь танил талаа ашиглаж дүрийн сонгон шалгаруулалтад оруулж, эсвэл кинонд шууд тоглуулаад байгаа юм биш. Тоглосон киног минь үзэж, сэтгэл санаагаар дэмждэг.
-Таныг СУИС-д шалгуулж тэнцэхэд багш нар нь жүжигчин Д.Бямбацогтын хүү гэж мэдсэн үү?
-Нуучихсан. Хоёр, гуравдугаар дамжаанаас л багш нар, ангийнхан мэддэг болсон.
-Олны танил хүний хүүхэд байх хэцүү юү?
-Багадаа аавтай хамт гудамжаар явахаар хүмүүс хараад л, зарим нь хуруугаараа заагаад, шивэр авир гээд өнгөрөх нь хэцүү санагддаг байлаа. Одоо бол тоодоггүй. Гэхдээ хүмүүс намайг аавтай харьцуулж харах, ярихад их дургүй. Угаасаа эцгээсээ дээр гарах эр хэзээ ч байхгүй.
-Кинонд хамтран тоглох явцдаа бусад уран бүтээлч “Аав нь мундаг хүн. Харин хүү нь хэр чадварлаг вэ” гэж таныг их сонждог байх. Тийм хандлагатай нүүр тулдаг уу?
-Тийм хандлагатай байнга л тулгардаг. “Аав нь тийм юм чинь хүү нь адилхан байх ёстой” гээд л. Аавын хүү гэхээрээ л адилхан байх албагүй шүү дээ. Зан араншин, үзэл бодол өөр. Нөгөө талаас илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Аавынхаа нэрийг элдвээр муу хэлүүлж болохгүй.
-Багадаа аавыгаа дагаад кино зургийн талбай руу зөндөө л явдаг байсан байх. Ямар киноны зураг авхуулж байхыг нь тод санадаг вэ?
-Зургийн талбай, тайзны ард л хүүхэд нас минь өнгөрсөн дөө. Харж үзсэн зүйлс, эргэн тойрон минь тэр чигтээ урлаг. Тийм ч болохоор урлагт дуртай болж, жүжигчний мэргэжлийг сонгож эзэмшсэн байх. Хүмүүс аавын бүтээсэн “Ноён солиот” киноны дүрийг их үнэлдэг. Харин би “Нохой зодоон” гэж киноны дүрд нь их дуртай. Киноных нь нээлтийн ёслолд аавтайгаа очсон болохоор ч тэр үү, санаанаас ерөөсөө гардаггүй.
Сүүлийн үед тоглосон уран бүтээлүүдээс нь гэвэл “Үнэнээс хол” киноны дүр их таалагдсан. Аавынхаа тоглосон уран бүтээлүүдийг бүгдийг нь алдалгүй үзэж, дүрийг хэрхэн “урлаж” байгааг нь ажиглах дуртай. Туслах ч бай, гол ч бай, оногдсон дүрдээ маш сайн тоглодог. Аав минь миний үлгэр дуурайл.
-Та уран бүтээлч хүний амьдралыг нүдээр харж өссөн гэлээ. Өөрөө жүжигчин болоод жаргал, зовлонг нь биеэр мэдрэхэд ямар санагдаж байна вэ?
-Хүүхэд байхад жүжигчин хүний зөвхөн гоё, сайхан талууд нь л харагдаж, түүнд шунадаг байж. Зурагтаар гарна, тайзан дээр тоглоно, хүмүүсийн хүндлэл хүлээнэ гээд л. Гэтэл энэ мэргэжлийг эзэмшсэний дараа илүү нарийн ширийнийг нь ойлгож байна. Чадварлагаас гадна хариуцлагатай байх хэрэгтэй. Нэгэнт олны өмнө байх мэргэжил сонгосон учраас бусдад үлгэр дуурайл болж, хүмүүсийг зөв зүйлд уриалан, эерэг хандлагыг түгээх хэрэгтэй.
-Аль нэг студи, продакшнд харьяалагдахгүйгээр бие даан олонд танигдахад бэрхшээл тулгарч байна уу?
-Нэг үеэ бодвол бидэнд маш их боломж байна. Шинэ, соргог байж чадвал хүмүүст танигдах амархан. Гол нь бусдыг хуулж биш, шинийг сэдэж, чанартай уран бүтээл хийж чадвал тэр дороо л хүмүүсээр үнэлүүлнэ.
-Сүүлд ямар уран бүтээлд тоглов. Цаашдаа дэлгэцийн уран бүтээлд дагнан ажиллах бодолтой юм уу?
-Телевизийн олон ангит кинонд тоглосон. Аав минь театрт хайртай. Харин би дэлгэцийн урлагт илүү дуртай. Цаашдаа ч энэ чиглэлээр ажиллана гэж төлөвлөдөг. Залуу хүн учраас үргэлжлүүлэн сурах бодолтой. Түүний зэрэгцээ аавынхаа байгуулсан театрын ажилд туслах нь ойлгомжтой.
-Хаана сурахаар төлөвлөсөн бэ?
-Найруулагч юм уу, продюсерын чиглэлээр БНХАУ, эсвэл АНУ-д сурахыг хүсдэг. Ялангуяа Шанхайн урлагийн их сургуулийг их сонирхож байгаа. Бас киноны эвлүүлэг, өнгө шүүлтийн ажлыг их сонирхдог. Сүүлийн үед хийж үзэн, оролддог болоод байгаа.
-Яваандаа киноны пост продакшны ажлыг гүйцэтгэдэг студитэй болох нь ээ?
-Яг түүнийг чинь л хүсээд байгаа юм. Би их том мөрөөдөлтэй.
-Тэр нь юу вэ?
-Бүх л зүйлийг цогцлоосон, урлагийн ямар ч чиглэлээр хөрвөх боломжтой энтертайнменттай болохыг хүсдэг. Эхлээд өөрийгөө маш сайн боловсруулж, тархиа цэнэглэх хэрэгтэй байна.
-“Тагнуулч аав” кинонд та аавтайгаа тоглосон. Нэг уран бүтээлд хамт тоглоход их түшигтэй байдаг уу?
-Мэдээж түшигтэй байлгүй яах вэ. Гэхдээ тэр хэрээр эмээдэг. Бүр багадаа, долоо бил үү, найман настайд аав нэг кино хийсэн юм. Тэр кинонд би тоглосон. Гэхдээ Монголд гаргаагүй. “Тагнуулч аав” кинонд оюутан байхдаа тоглосон. Жүжигчдийн хүүхдүүд ээж, аавтайгаа тоглосон болохоор ч тэр үү, сонирхолтой байсан.
Багаасаа нэг нэгнээ мэддэг болохоор амар. Аавынхаа хэрхэн тоглож буйг харж, суралцахыг хичээсэн. Аав анхаарлаа маш сайн төвлөрүүлж, ухаж бодон, дүрдээ ордог юм. Хажууд нь жүжиглэхдээ их сандарсан. Сүүлийн үед аав, бид хоёрыг нэг хүний хөгшин, залуу дүрд тоглуулъя гэсэн санал хэд хэд ирсэн.
-Аав тань хэр хатуу хүн бэ?
-Манай аав их зөөлөн хүн. Намайг чангахан зандралгүй л өсгөсөн юм шүү дээ. Харин уран бүтээл, ажлын үед их хатуу.
-Тоглосон киног тань үзээд шүүмж хэлдэг биз?
-Хэлдэг шүү. “Тэгэх хэрэгтэй байж. Сайн бод. Тийм, ийм байх хэрэгтэй” гээд л. Хамгийн гол нь “Тоглосон кинонуудаа сайн үз. Алдаагаа өөрөө олж, түүнийгээ засаж сур” гэдэг. Аавын үг хамгийн үнэн шүүмж байдаг учраас сонсох дуртай. Аавынхаа захидгаар их зүйл уншиж, тунгаах, өөрийгөө улам хөгжүүлэх хэрэгтэй байна даа.
-Таны ямар зан чанар аавтайгаа төстэй бол?
-Хэн хэн нь жаахан дуугүй талдаа хүмүүс. Гэхдээ аав буурьтай, би жаахан хөнгөн.
-Үүнийг л бүтээчих юм сан гэж шунадаг дүр бий биз?
-Түүхэн, туульсын кинонд тоглох юм сан гэж их хүсдэг. Хэд хэдэн киноны дүрийн сонгон шалгаруулалтад оролцчихоод хариугаа хүлээж байна. Гэхдээ бидэнд дүр голох эрх байхгүй шүү дээ. Найруулагчийн оноосон дүрд хамгийн сайнаараа л тоглохыг хичээнэ.
-Гэртээ байхдаа аавтайгаа уран бүтээлийн тухай яриа их өрнүүлдэг үү?
-Ижил мэргэжилтэй, гол нь маш сайн мэргэжилтэн миний дэргэд байдаг нь аз. Тийм болохоор аавтайгаа уран бүтээлийн тухай ярилгүй яах вэ. Сүүлийн үед л тухтай ярилцах нь багасаад, уран бүтээл гэж явсаар зөрөлдөөд байна.
-Аавтайгаа ижил хобби бий юү. Та хоёр хамтдаа юу хийж цагийг өнгөрүүлэх дуртай вэ?
-Дартс тоглодог. Бооцоотой тоглоно шүү дээ. Хэн хэн нь авхаалж шаардсан тоглоомд дуртай.
-Аавынхаа дотнын найз, уран бүтээлчдээр дурсамж яриулдаг уу?
-Аав минь Гавьяат жүжигчин Г.Золбоот ахтай дотно нөхөрлөдөг. Түүнээс тэдний залуугийнх нь хөгжилтэй түүх, дурсамжийг нь их сонссон. Түүний хүү З.Хангалтай би багаасаа найзалсан. Аавууд нь уран бүтээлээр холбогдож, дотно нөхөрлөсөн болохоор хөвгүүд нь сайхан харилцаатай байлгүй яах вэ.
-Таны зорилго юу вэ?
-Түрүүн хэлсэн мөрөөдлөө л биелүүлэх. Монголын урлаг дэлхийд танигдах үеийг харах сан гэж хүсдэг дээ.
-Нээрэн, аав тань “Live” нэртэй театр байгуулж, өнгөрсөн аравдугаар сард “Хархны устгал” жүжгийг толилуулсан. Аавынхаа энэ театрт хамтран уран бүтээл хийхгүй юм уу?
-Б.Туриннийн “Устгал” жүжгийг анх 1970 онд ХБНГУ-д абсурд маягаар тоглож байсан юм билээ. Харин аав арай өөрөөр дэглэсэн. Би тус жүжгийн продюсероор ажиллаж үзлээ. Аав минь БНХАУ-ын зургадугаар үеийн найруулагч Ван Чюананьтай хамтарч “Өндөг” киног бүтээсэн нь энэ жил Каннын кино наадамд өрсөлдсөн. Одоо түүхэн уран сайхны кино бүтээхээр ажиллаж байна. Аавынхаа уран бүтээлийн арын албанд зүтгэнэ ээ.