Зуун дамнасан “хормойн” өвчин
Дайн тулаан, өвчин эмгэг, байгалийн гамшгаас болж хүн төрөлхтөн үй олноороо үрэгдсэн түүх өчнөөн. Тулалдаж байгаад амиа алдах нь нэг талаар утга учиртай үхэл. Байгалийн гамшигт нэрвэгдэж, хорвоог орхих нь дэндүү эмгэнэлтэй. Тахал зэрэг халдварт өвчний улмаас хэдэн мянга, саяараа хиарах нь хэтэрхий харамсмаар хатуу тавилан гэлтэй. Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ цагт өөрийн буруугаас “хормойн” өвчинд идүүлж хорвоог орхиж буйг юу ч гэмээр юм бэ дээ. Гэхдээ энэ нь нэг талаас хувь хүний явдал мэт боловч нөгөө өнцгөөс харвал нийгмийг хамрах том эмгэнэл мөн.
Хүн үүссэн төдийгөөс өдий хүртэлх хугацаандаа бэлгийн замаар буюу нөхөн үржихүйн эрхтнээр дамжин тархдаг өвчин үүсгэгч янз бүрийн вирус, нянтай “нөхөрлөж” хор хөнөөлийг нь амсаж иржээ. Тэдгээрээс хамгийн урхагтай нь тэмбүү гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Арьс, салст бүрхэвчээс эхлээд дотор эрхтэн, яс, мэдрэлийн тогтолцоо гээд хүний бие махбодыг бүхэлд нь “идэж”, цаашлаад ураг, үр удамд “үсэрч наалддаг” учраас ДОХ-оос ч аюултай хэмээнэ. Ингээд зогсохгүй удаан хугацаанд өөрийгөө “илчлэхгүй” бие махбодыг гэмтээж, архагшдаг учраас тэмбүү үүсгэгч цайвар трепонем хэмээх бактери маш хортой. Ийм айхавтар өвчинд монголчууд нэгэн үед боомилуулж, бас боомилж байсан түүх бий.
“Улаан тарианы” хэмээн нэрлэсэн тэр цаг үеэс хойш бүтэн зуун өнгөрсөн ч бид өнөөдөр харамсалтай нь тэмбүүтэй зууралдсаар л. Энэ тухай ярьсаар байгаад сүүлдээ бүр дөжирчихлөө. Ингэж “дасах” нь цайвар трепонем бактериас дутахгүй аюултай. “Өнөөдөр” сонин тэмбүү ямар айхавтар “махчин” болохыг ухуулан, сэрэмжлүүлж “Улаан тарианы үе эргэн ирлээ” хэмээн цувралаар хөндөж байлаа. Үүнээс үүдэн нэг хэсэг шуугьж, удирдах түвшнийхэн дорвитой арга хэмжээ авна хэмээн сүржигнэсэн ч эцэст нь “үлгэр” болоод намжсан билээ. Гэтэл өнөөдөр Монголд тэмбүү хэвийн үзэгдэл болж, мэдрэлийн, ясны, ургийн гээд зүсэн зүйлээрээ дэлгэрээд байна.
Хамгийн сүүлийн үеийн статистикаар, зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчин туссаны 38.2 хувь нь, мөн шинжилгээнд хамрагдсан 1507 жирэмсэн эх тэмбүүтэй гэж оношлогдсон байна. 45 нярай ээжээсээ тэмбүү тээж төрсний 14 нь амьгүй, 11 нь хэсэг хугацааны дараа нас баржээ. 2019 он гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүтэй 25 нярай мэндэлсэн байх юм. Томчуудын “тоглоом” Монголын хойч үеийг хэдийн шоглоод эхэлсний баримт энэ. Мэргэжилтнүүдийн ярьснаар, улаан тарианы үеийнхээс ч айхавтар нөхцөл байдал өнөөдөр бий болжээ. Тиймээс “Өнөөдөр” тэмбүүгийн талаар дахин хөндөж, ороомог хэлбэрт эл бактерийн балгийг “Зуун дамнасан “хормойн” өвчин цувралаараа хүргэж байна.
Цайвар трепонем бактери ихэнх тохиолдолд хүний биед бэлгийн замаар нэвтэрдэг. Ийнхүү “хормойгоор” дамжин орсон бичил биетээр үүсгэгддэг өвчнийг сифилис буюу тэмбүү гэнэ. Тэмбүүгийн халдвар аваад хэр удсанаас шалтгаалж эрт болон хожуу үеийн тэмбүү гэж ангилахаас гадна өвчин гурван үе шатаар даамжирна. Эрт үед нь илрүүлж, эмчлэхгүй бол эцсийн шатандаа дийлдэхгүй.
Ийм тойм мэдээллийг “Зуун дамнасан “хормойн” өвчин” цуврал нийтлэлээрээ бид хүргэсэн. Энэ удаа тэмбүү эцсийн шатандаа орохоор яадаг талаар болон эл өвчний улмаас учрах нийгэм дэх урхгийн тухай хөндөв.
ТАРХИНЫ ТЭМБҮҮ
Цайвар трепонем бактери хүний бие махбодод олон жил амьдарч, эд, эсүүдийг “мэрсээр”, эцэстээ тархийг иддэг. Үүнийг мэдрэлийн тэмбүү гэх бөгөөд эрт буюу хожуу үеийнх гэж ангилдаг байна. Өөрөөр хэлбэл, төв мэдрэлийн системийг хамарсан архаг тэмбүүгийн халдварыг ийнхүү нэрлэдэг. Энэ үедээ орсон тэмбүүгийн улмаас сэтгэцэд өөрчлөлт орж, солиорч, оюун ухаан доройтдог. Мөн нугас, нурууны булчингууд хатангирших, энд тэнд том, хатуу ургацаг бий болохоос гадна менингит болж хүндэрнэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач, их эмч Ч.Уртнасан “Тэмбүүтэй хүний хамар унадаг гэнэ лээ” гэж хүмүүс ярьдаг. Яг үнэндээ тархи, элэг, бөөр, үе мөч гээд үсний угаас, хөлийн хумс хүртэл гэмтээхгүй эрхтэн гэж байхгүй. Тэмбүүгийн үүсгэгч маш хүчтэй хор ялгаруулдаг. Халдвар авснаас 14-21 хоногийн дараа бэлэг эрхтний ил, далд хэсэгт ямар нэгэн өвдөлт, эмзэглэлгүй яр гарахаас өөрөөр илт шинж тэмдэг илэрдэггүй учраас хүмүүс өвчнөө мэдэлгүй нууц үед нь оруулчихдаг. Өвчний бактери цусанд орсны дараа үс угаараа их хэмжээгээр унаж, дугуйран халцардаг. Цаашлаад арьс, салстаар гөвдрүүт тууралт гарна. Цайвар трепонем нүдний алимнаас тархи руу сэрэл дамжуулдаг харааны мэдрэлийг гэмтээснээр сохорч болно. Тархи, нурууг холбосон нугасыг тэмбүүгийн үүсгэгч тийнхүү гэмтээснээр суумгай болох нь бий. Өвчин эцсийн шатандаа тархины мэдрэлийн эсүүдийг идэж, нэг бол галзууруулж, эсвэл үхэлд хүргэдэг” гэлээ.
Тус эмнэлгийн Тандалт судалгааны албаны их эмч М.Тунгалаг “Сүүлийн жилүүдэд манай улсад мэдрэлийн тэмбүүгийн тохиолдол нэмэгдэх боллоо. Мэдрэлийнх гэхээр өвчин хаана хүрсэн нь ойлгомжтой. Мэдрэлийн эмч нар үүнийг голдуу оношилдог. Өвчтөнүүдийн олонх нь нуруу, нугас нь мэдрэлгүй болсныхоо дараа эмчид ханджээ. Тархи, нуруу, нугасанд өөрчлөлт орж байгаа нь өвчин ужгирч, эцсийн шатанд тулсны илрэл” гэж тайлбарлав.
Монголд мэдрэлийн, тэр дундаа тархины судасны тэмбүү 1965-1970 онд нэлээд байсан бөгөөд үүнийг оношилж, эмчлэхэд онцгой анхаарч ирсэн талаар доцент Д.Равдандорж эрдмийн өгүүлэлдээ дурдсан байдаг. 1964-1968 онд Нэгдсэн I эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн 3085 өвчтөний 531 нь мэдрэлийн тэмбүүтэй. Тэдний 145 нь тархины бүрхүүл судасны тэмбүүтэй гэж оношлогдсон. Мөн тархины судас болон бүрхүүл судасны тэмбүүтэй 100 өвчтөнөөс 67 нь цайвар трепонемын халдвар аваад тав хүртэл жил болсон байж. Тэдгээр хүнд үе мөч саажих, ой ухаан доройтох, нойргүйдэх, сульдаж ядрах, уур уцаартай болох, зүрх дэлсэх, чих шуугих, тархи, нугасны шингэний даралт ихэссэн зэрэг шинж тэмдэг илэрснийг ч тодорхой хувь, тоо баримттай өгүүлсэн байна. 50, 60 жилийн өмнө Монголд ийм нарийн судалгаа, тандалт хийж байжээ. Өнөөдөр мэдрэлийн тэмбүүгийн судалгаа ямар түвшинд байгаа талаар мэргэжлийнхнээс мэдээлэл авахад тэмбүү гаарч, мэдрэлийн, дотор эрхтнийх гэхчлэн “цоллуултлаа” дэлгэрснийг хэлж байна.
Монголчууд нэгэн үед тэмбүүнд дарлуулж байсныг бид мэднэ. Тэгвэл эл хар түүх давтагдахдаа тулсныг хожимдсон ч гэсэн холбогдох яам, агентлаг ухаарч, үндэсний хэмжээнд арга хэмжээ авах болсонд талархууштай. Эрүүл мэндийн сайдын онцолсноор, тэмбүүг сөхрүүлэхэд иргэд, албан байгууллага, яам, тамгын газар гээд нийгмийн бүхий л хүрээ, салбарынхны хамтын ажиллагаа чухал. Өөрөөр хэлбэл, нийгмээрээ хөдөлж байж цайвар трепонемын “дарлалаас” ангижирна. Эс бөгөөс бэлгийн замын халдварт өвчин туссан хүмүүс сайн дураараа эмнэлэгт ханддаггүй. Тиймээс л олуул хавсрахаас аргагүй. Өмнөх нийгмийн үед тэмбүүтэй хүмүүсийн талаар иргэд цагдаагийн байгууллагад мэдээлдэг байсан гэх. Үүний дагуу эмнэлгийнхэн, хүчнийхэн хавсран тухайн өвчтөнийг “баривчлан”, тусгаарлаад, албадан эмчилдэг байжээ. Ингэхдээ бэлгийн хавьтагчдыг нь ч тогтоож, шинжилгээ авснаар нийгмийн халдварт өвчнийг газар авхуулалгүй дарж чадсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн халдварт өвчинтэй нийтээрээ тэмцсэн. Харин өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, хувь хүний нууц гэдэг том “тээг” тэмбүүг “хөхиүлэн дэмжих” нэг шалтгаан болов.
Өнөөдөр дэлхийн хэмжээнд тэмбүү “толгойны” өвчин болоод байна. Жилд дунджаар 12 сая хүн эл өвчний халдвар авдаг гэсэн статистик бий. Гэхдээ энэ нь тодорхой улсуудад бүртгэгдсэн тохиолдол. Үүнд Монголынх нэлээд жин дарж буйг онцолъё. 2019 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний 6633 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 35.2 хувь юм. Харин бэлгийн замын халдварт өвчний 37.4 хувийг тэмбүү эзэлсэн. Уг халдварын тархалт Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод, Баянхонгор, Дорноговь аймагт улсын дундаж үзүүлэлтээс 1-2 дахин өндөр байна. Дээрх хугацаанд зөвхөн нийслэлд 1267 хүн цайвар трепонемын халдвар авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 33-аар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл он гарсаар төрөлхийн тэмбүүгийн 21 дэх тохиолдлыг бүртгээд байна. Үүнийг 2018 оны тавдугаар сарын тоон мэдээтэй харьцуулбал таваар нэмэгдсэн дүн юм.
МЭДЭЭЛЭЛ, ЭМЧ НАРЫН ЧИН СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ ЧУХАЛ
Тэмбүүгийн халдвар авснаа мэдээд хүмүүс цочирдож, айдаг, бас ойр дотнынхноо хардаж, сэжиглэх, улмаар өөрийн нөхцөл байдлыг нуухыг оролддог болохыг олон улсын эмч, судлаачид тэмдэглэжээ. Америк, африк, ази, европ алин ч бай хүн л юм хойно “хормойн” өвчин тээгч болсноосоо ичдэг аж. Бэлгийн замаар халддаг бусад өвчний үед ч хүмүүсээс ийм “реакц” мэдрэгддэг гэж сэтгэл судлаачид өгүүлсэн байна. Голдуу гэр бүлээс гадуурх харилцааны төлөөсөнд “ирдэг” өвчин учраас тэр. Бэлгийн замын халдварт өвчнүүдийг нууж, “хав” дарж, даамжруулдаг нэг шалтгаан нь ч энэ гэнэ. Тиймээс ичимдэг эрхтэндээ халдварт элдэв өвчний бактери, вирус тээж буй хүмүүсийн айдсыг дарах хамгийн чухал “эм” нь зөв мэдээлэл.
Гэхдээ мэдээллийг найзаасаа, үеийнхнээсээ, өөр хэн нэгнээс биш, мэргэжлийн эмч, эмнэлгээс авах нь чухал. Тэгж байж л цаг алдалгүй эмчлүүлж, урхаггүй эдгээнэ. Нөхөн үржихүй бол хүн төрөлхтөн үр хойчоо үлдээж, үргэлжлэх зам, нөгөөтээгүүр бие махбодын гарцаагүй шаардлага учраас энгэр зөрүүлэхгүй амьдарна гэж үгүй. Тиймээс л “хормойн” өвчин нийгмийг хамардгаараа аюултай. Учир иймээс зөв эмчлүүлэхийн чухлыг сануулж буй хэрэг. Эс бөгөөс дутуу, буруу “эмчилж”, өвчнийг нууц үед нь шилжүүлбэл илүү аюултай.
Эмийн санд ажилладаг найздаа “Хүү маань тэмбүү тусчихжээ. Ямар эм, тариа хэрэглэх вэ. Эмнэлэгт очихоос санаа зовоод байна” гэж учирлах аавыг яалтай вэ. Үнэхээр тэмбүү туссан, эсэхийг нь мэдэхгүй байж, цаашлаад нийгмийн халдварт өвчнийг эмнэлгийн хяналтгүйгээр эмчлэх хориотойг мэдсээр атлаа найзынхаа сэтгэлийг бодоод дур мэдэн зөвлөгөө өгч, эм, тариа зарж байгаа эмийн санчийг яах ёстой вэ. Тус нь ус болохыг, илүү аюул, эрсдэл дагуулахыг мэдэхгүйдээ ийм том “шийдвэр” гаргав уу, тэр хүн. Эсвэл өнөө, маргаашийн орлогоо бодоод эм, тариагаа “шахчихав” уу. Тэрбээр тэмбүүгийн урхгийг мэдсээр байж нийгэмд зориуд тархааснаас өөрцгүй бус уу. “Тусархуу” эмийн санч, нэр төрөө хайрласан аав шиг нийгэмд тэмбүү “тараагчдад” авдаг арга хэмжээ байна уу.
Бэлгийн замын халдварт өвчнийг бусдад санаатай болон санамсаргүй халдаасан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэхдээ илснээс өөрцгүйгээр алгадсантай адил шахам юм билээ. Эрүүгийн тухай хуулийн 103.1-т “Өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-400 цаг хүртэл албадан ажил хийлгэх, эсвэл 3-6 сарын хугацаанд хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Мөн 103.2-т “Энэ хуулийн 103.1-т заасан хэргийг давтан үйлдсэн, түүнчлэн хоёр буюу түүнээс олон удаа, эсвэл насанд хүрээгүй хүнд бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 71-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байна.
Эмч нарын мэдээлснээр, тэмбүү, заг хүйтэн зэрэг өвчинтэйгөө мэдсээр байж халдаасан тохиолдол олон удаа гарсныг судалгаагаар тогтоосон аж. Тэр болгонд тухайн өвчтөн “Би мэдээгүй” гэж мэлзсэн гэнэ. Ингэж биологийн зэвсгийг зориуд тараадаг хүмүүсийг торгох, цөөхөн жил хориод л өнгөрөх нь хэр оновчтой вэ. Үнэндээ, манайд ийм шалтгаанаар ял эдэлсэн гэх баримт алга.
Энд нэг зүйлийг онцлоход, өвчнөө эмчлүүлэхгүй явсаар тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн тохиолдолд хууль хатуу байх ёстой. Бүхэл бүтэн хүн тээж байж хариуцлагагүй хандах нь ирээдүй рүү нулимсантай адил. Гэтэл хариуцлага хүлээлгэх заалт хуульд алга. Эрүүгийн тухай хуулийн 96.1-т “Бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан, эрхтнээс нь хагацуулсан, хүүхэд дутуу төрүүлсэн, ураг зулбуулсан, хөдөлмөрийн чадварыг нь бүрмөсөн алдагдуулсан бол 5-7 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Харин жирэмсэн эхээс урагт халдсан тэмбүүгийн талаар тодорхой зүйл байхгүй.
Үүнээс гадна нийгмийн халдварт өвчнийг эмчилдэг эмч нарын ёс зүйд анхаарах учиртай. Тэд уг нь тэргүүн эгнээний дайчин шүү дээ. Өнгөрсөн даваа гарагт ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны эмч Навчханаас эцсийн шатандаа орсон тэмбүүгийн талаар тодруулга авахыг хүсэхэд шууд л цааргалсан. Тэрбээр ярихыг минь ч сонсолгүй “Үгүй” гэж хэлэхдээ “Өнөөдөр” сонины сэтгүүлчийг зөвлөгөө авахаар очсон өвчтөн гэж ойлгоод “Би ямар ч зөвлөгөө өгөхгүй шүү” гэв. Учир явдлаа тайлбарласны дараа ч “Би мэдээлэл өгөхгүй. Сурвалжлагч нар хүний ярьсныг өөрчлөөд биччихдэг” гэж шилбэлзэв. Навчхан хэмээх гоё нэртэй эмэгтэйн гэрт очоод, эсвэл гудамжинд таарчихаад элдэв зүйл асуугаагүй. Тэгсэн бол төвөгшөөж болно, буруутгахгүй. Харин албаа гүйцэтгээд, ажлынхаа өрөөнд байгаа үедээ иргэдэд үйлчилж, зөвлөх үүрэгтэй, тангараг өргөсөн эмч гэдгээ “мартах” эрх түүнд байхгүйг сануулъя. Ийм хүйтэн хөндий, сэтгэлгүй эмчээс болоод тэмбүүтэй, бэлгийн замын халдвартай хүн дахин тэр эмнэлэгт хандахаа болихыг үгүйсгэхгүй. Хатуухан хэлэхэд, өрөөнийхөө үүднээс өвчтөнүүдийг хөөдөг энэ мэт эмч нийгмийн халдварт өвчнийг “тархаахад” хувь нэмэр оруулах нь ойлгомжтой.
ДЭМБ-ын нэг зорилт нь 2020 он гэхэд тэмбүүг “цурманд” оруулах. Дэлхий нийт ийнхүү зорихдоо хэрхэн, ямар арга замаар явахаа тодорхойлжээ. Үүнд хамгийн чухал нь эрт илрүүлэг буюу өвчнийг “бага” дээр нь шинжилгээгээр “барих”. Ингэхдээ эл өвчний талаар, түүнийг эрт илрүүлснээр ямар үр дүнтэй гэхчлэн цогц мэдээллийг цэгцтэй, зөв өгөхийн чухлыг ч дурдсан байна.
Сүүлийн үед халуун бүсийн тэмбүү гэдэг нэршил бий болжээ. Зөвхөн хүнээс хүнд халддаг гэж үзэж байсан энэ төрлийн тэмбүү Танзани, Гамби, Сенегал, Кот-д’Ивуаре зэрэг улсад хэд хэдэн төрөл зүйлийн амьтнаас илэрснийг тогтоосон талаараа Германы Тюбингений их сургуулийн эрдэмтэн Верена Шунеман мэдээлсэн байна.
Цайвар трепонем ийнхүү “довтолгож” байгаа өнөө үед бид тэмбүүгийн хөнөөлийн талаар олон нийтэд мэдээлж, сэрэмжлүүлж чадаж байна уу. Үгүй л болов уу. Тэмбүү илэрч байгаа тохиолдол нэмэгдэж буй нь өөр шалтгаантай буюу хагалгаа хийлгэх, гадаадад зорчих, гэр бүл батлуулах, жирэмсний хяналтад орох зэрэг шалтгаанаар албадан шинжилгээнд хамрагдсаных юм. Түүнээс бус, бид сайндаа ч тэмбүүгээ илрүүлээд байгаа юм биш шүү. Трепонем тэргүүнд “заларвал” үхэлд хүргэнэ.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ, О.БАТ-УНДРАХ