Нэг хэсэг уналтад орсон барилгын салбар сүүлийн 20-иод жилд хүчээ авч, хөгжиж буй. Тус салбарт хэрэгцээтэй түүхий эд, материалын 60 орчим хувийг импортолдог. Уг нь дотоодын нэлээд хэдэн үйлдвэр бий ч олонх нь шаардлага хангадаггүй. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг, Зуун айлд барилгын дээврийн төмөр, явган хүний замын бетон зэргийг үйлдвэрлэдэг 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр нь орчныг бохирдуулж, хүн амьдрах аргагүй болголоо хэмээн иргэд бухимдаж буй. Үүнийг шийдвэрлэхээр Зуун айлд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Найлах руу нүүлгэж, төвлөрүүлэх шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас гаргасан. Налайх дүүрэг дэх Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын явцыг сурвалжиллаа.
Нийслэлийн төвөөс Налайхын замыг засаж эхэлсэнтэй холбоотойгоор шороо тоос бужигнасан, энхэл донхол ихтэй замаар хүрэв. Дүүргийн төвөөс урд зүгт, тав орчим км явж Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк гэсэн бичигтэй хоёр давхар байшинд очлоо. Жижиг хашаа хатган, зүлэгжүүлж, явган хүний зам гаргасан, цомхон цэгцтэй харагдав. Энэ нь тус байгууллагын төв. Парк байгуулахад зориулж эхний ээлжид 120 га талбайг улсаас олгосон байжээ. Харин өнгөрсөн сарын 30-нд 130 га газрыг нэмж өгөх шийдвэр гарснаар нийт 250 га-д парк байгуулах болжээ.
2014 онд шийдвэр нь гарсан тус паркийн үйл ажиллагаа гурван жилийн хугацаанд бичиг баримтын бүрдэл, элдэв зөвшөөрөл хөөцөлдсөөр өнгөрсөн аж. Улмаар 2017 оны есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар парк эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна.
Уг нь гадаадын улс орнууд үйлдвэрлэл технологийн парк байгуулсан туршлагаас харахад авто зам, цэвэрлэх байгууламж, цахилгааны эх үүсвэр, цэвэр ус гээд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх бүхий л нөхцөлийг нь бүрдүүлсний дараа аж ахуйн нэгж, байгууллагуудад газар олгодог гэнэ. Харин манай улсад энэ бүхнийг нэг дор шийдвэрлэх боломжгүй тул үйлдвэрлэл эрхлэгчдэдээ газар олгож, паркийн бүтээн байгуулалтаа ч хийж буй. Өөрөөр хэлбэл, 2017 оны есдүгээр сард тусгай зөвшөөрлөө авсан тус паркийнхан үйл ажиллагаа явуулах хүсэлт өгсөн компаниудыг 2018 оны нэгдүгээр сараас шалгаруулж эхэлжээ.
Ингэхдээ хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд “Үйлдвэрийнхээ барилгыг барьж байх үед асуудлуудаа шийднэ” хэмээн учирлаж буй аж. Улмаар 2020 оны төсөвт цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамжийг шийдвэрлэх хөрөнгийг суулгасан гэнэ. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй хоёр үйлдвэрийн цэвэр усыг гурван гүний худаг гарган, бохирыг нь ёмкость суулгаж, соруулах аргаар шийдвэрлэжээ. Түүнчлэн үйлдвэрлэлийн бүс байгуулж буй гэдэг утгаараа цахилгааны хэрэглээ өндөр байх нь мэдээж. Одоогоор цахилгааны 630 кВт-ын хүчин чадлаар хоёр үйлдвэрээ хангаж буй бөгөөд цаашдаа 10 000 хүртэл кВт шаардлагатайг тус паркийн дарга С.Батжаргал хэлсэн.
Тэрбээр “Бид паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хүсэлт өгсөн компаниудыг шалгаруулахдаа хэчнээн ажлын байр бий болгох, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хөрөнгө бэлэн, эсэхийг нь шалгуураа болгосон. Учир нь, манай улсад үйлдвэрлэл, технологийн парк байгуулах нь одоо л ярьж буй асуудал биш. Өмнө нь Төв аймгийн Баянчандмань, Дорноговийн Сайншанд сумд аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөж, ажил нь ч эхэлсэн. Тухайн үед паркууд нь газраа өмчилж аваад, түүнийгээ үйлдвэр барих, эсэх нь мэдэгдэхгүй иргэдэд тараагаад өгчихсөн. Гэтэл хэдэн жилийн дараа газар авсан иргэд “Аж үйлдвэрийн парк дахь газраа зарна, түрээслүүлнэ” гээд явж байсан. Энэ алдааг давтахгүйн тулд үйлдвэрлэл эрхлэх хөрөнгө нь баталгаатай, эсэхийг гол шалгуур болгосон” гэлээ.
Цэлийсэн өргөн талын дунд байрлах хоёр давхар байшингаас зүүн урд, хойд зүгт томоохон хашаа хатгаж, үйлдвэрийн барилга барьжээ. Одоогоор тус паркад 16 аж ахуйн нэгж, байгууллага газар авсан бөгөөд үүнээс хоёрынх нь үйл ажиллагаа эхэлчихсэн байлаа. Мөн хоёр компани үйлдвэрийн барилгынхаа шавыг тавьжээ. Үйл ажиллагаа нь эхэлсэн хоёр үйлдвэрийн нэг нь “Пийс стил” компани. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлээд дөрвөн сар болсон бөгөөд Налайх дахь барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн анхны үйлдвэрлэл эрхлэгч болж, 1.8 га талбайд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Хашааных нь энд тэнд хөнгөн цагааны хаягдал, ундаа, шар айрагны лааз, хайлш овоолоостой байв. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани хөнгөн цагаан, хайлш авч хайлуулан, усан онгоцны тэнцвэржүүлэгч үйлдвэрлэдэг аж. Түүнийгээ Япон, БНСУ руу нийлүүлдэг гэж байлаа. Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийнхны зүгээс аж ахуйн нэгжүүдэд хүний нөөцийнхөө 80 хувийг дүүргийн иргэдээр бүрдүүлэх шаардлага тавьжээ. Энэ утгаараа “Пийс стил” компанид Налайх дүүргийн 60 иргэн ажиллаж буй гэнэ. Тэдний олонх нь гар аргаар нүүрс олборлож байжээ. Тэдний нэг Б.Сайнбүрэн “Би энэ компанид дөрвөн сар ажиллаж байна.
Уурхайд 09.00-21.00 цаг хүртэл ажилладаг байсан бол энд өдөрт найман цаг л ажиллана. Ажлын цаг дуусаад л дараагийн ээлжийнхэн ирдэг. Мөн ажиллах орчин, цалин хангамж сайн учраас ар гэрийнхэн ч санаа зовох зүйлгүй боллоо. Ганц би ч биш, олон залуу баталгаатай ажлын байртай болсон” гэлээ. Тус үйлдвэрийн төмөр ялгах цехийн ажилчин Т.Бадамгарав “Урьд нь хийдэд үйлчлэгч байсан. Цалин өндөр учраас энэ байгууллагыг сонгосон. Хүнд хүчир ажил биш, хангамж сайн учраас ажиллахад таатай байдаг” гэсэн юм. Тус компани цахилгааны хүчдэл хүрэлцэхгүй байгаагаас бүрэн хүчин чадлынхаа 30 хувиар л ажиллаж буй гэнэ. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200-300 иргэнийг ажлын байраар хангах боломжтой аж.
Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлодог 1300 гаруй иргэн байжээ. Өнгөрсөн сарын 1-нээс Улаанбаатар руу түүхий нүүрс оруулахыг хориглосноор тэд амьжиргааныхаа эх үүсвэрээс салсан байна. Харин эл паркийн ажил эхэлснээр хоёр үйлдвэрт 80 гаруй иргэн ажилтай болжээ. Энэ ондоо багтаж 300 гаруй иргэнийг ажилтай болгохоор төлөвлөжээ.
Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авсан бас нэгэн аж ахуйн нэгж нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай бөгөөд ашиглалтаас гарсан автомашинуудыг худалдаж аван, улсын бүртгэлээс хасуулж, дахин ашиглагдах эд ангиудыг нь худалдан, ашиглахгүйг нь бүрмөсөн устгах гэнэ. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамддаг гол асуудал нь бичиг баримт, зөвшөөрөл авах ажил байдаг. Тус паркад үйл ажиллагаа явуулах байгууллагууд 1.5 жилийг бичиг баримт бүрдүүлэхэд зарцуулж байгаа гэнэ. Тиймээс тус паркийнхан үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт зохион байгуулж, шаардлагатай бичиг баримтын жагсаалт ч гаргажээ.
Улс болон иргэдэд ашигтай, үлгэр домог мэт яригдаж байсан паркийн үйл ажиллагаа ийн эхэлжээ. Манай улс үйлдвэрлэл технологийн парк байгуулах туршлага, даган дуурайх загваргүй олон жилийг үдэж, цөөнгүй “туршилтыг” цаасан дээр үлдээсэн. Тус паркийн үйл ажиллагаа эхэлсэн байгааг хараад байгуулж болдог юм байна гэсэн итгэл өвөртлөв. Хэдийгээр хоёрхон үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй ч хонгилын үзүүрт гэрэл асжээ.