Орчин үеийн хөгжим, тэр дундаа хип хопт дурлагсад “Тоонот” нэрийг андахгүй болсон биз ээ. Тус студитэй хамтран ажиллаагүй хип хоп хамтлаг, реппер бараг үгүй. Хит болсон олон дуу энэ студиэс “мэндэлсэн”. “Тоонот” студи өнгөрсөн жилээс шинэ, залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй. Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна.
“ЖИЛ БҮР ЦОМОГ ГАРГАНА”
2000-гаад онд “Eternal” хамтлаг байгуулж, хип хоп хөгжимд дурласан Э.Дэлгэрмөрөн “Dual zet” студид ажиллаж байхдаа олонх хип хоп хамтлаг, реппертэй хамтраад үзчихсэн. Тэрбээр “Өөрөө хип хоп урсгалаар уран бүтээл хийж байсан, одоо ч дуртай учраас энэ төрлийн хамтлаг, репперүүдтэй ажиллах нь надад илүү ойр, амар санагддаг. Гэхдээ зөвхөн эл урсгалаар дагнаж байгаа юм биш. Манай студиэр поп, рок хамтлаг, дуучид, нийтийн дууны уран бүтээлчид ч үйлчлүүлдэг” гэлээ. Э.Дэлгэрмөрөн 2017 оны намраас “Тоонот” студиэ байгуулан, бие даан ажиллаж эхэлжээ.
Түүнчлэн тэдний студийн харьяа “Big deal” дүрс бичлэгийн студи үйл ажиллагаагаа явуулж буй. “Тоонот” студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан цомог гаргаснаа ирэх баасан гарагт сонсогчдод танилцуулахаар төлөвлөжээ. “Toonot volume 1” нэртэй эл цомог 10 дуутай бөгөөд продюсероор нь реппер Desant ажилласан аж. Тэд цомгийн баяраа “Хар сувд”-д тэмдэглэхээр болжээ. Баярыг нь хуваалцахаар бүх л хип хоп хамтлаг, реппер ирэх гэнэ.
Мөн Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорнод зэрэг аймаг, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсын сонсогчдод хүргэхээр төлөвлөж буй юм. Э.Дэлгэрмөрөн “Toonot volume 1” цомгоо олны хүртээл болгосны дараа студийн албан ёсны уран бүтээлчдийнхээ бие даасан цомгуудыг гаргахаар төлөвлөсөн. Мөн ирэх жил “Toonot volume 2” цомог гаргана. Дахин шинэ, залуу уран бүтээлчтэй хамтран ажиллах бодолтой” гэсэн юм.
“ЗАЛУУ РЕППЕРҮҮДИЙГ ДЭМЖИХЭД БЭЛЭН”
Реппер Desant хэд хэдэн цомгийн продюсероор ажилласан туршлагатай. “Toonot volume 1” цомгийнхоо талаар “Студийнхээ уран бүтээлчдийг сонсогчдод сонирхолтойгоор танилцуулахыг хүслээ. Хэн нь хэнтэй хамтарвал шинэ, содон уран бүтээл болох вэ гэдгийг бодолцож, дуунуудаа сонгосон. Сэдэв, агуулгын хувьд ч шинэлэг байлгахаар хичээлээ. Сонсогчдод ухаарал хайрлахуйц үгтэй дуу ч бий, хөнгөн, үдэшлэгт зориулсан дуу ч байгаа. Аль болох өөр өөр урсгалын уран бүтээл сонсгохыг хүслээ” гэв.
Desant цаашид ч “Тоонот”-оос “мэндлэх” уран бүтээлүүдийн продюсероор ажиллах аж. Сүүлийн жилүүдэд тэрбээр “Ballergang” лейбель байгуулан, залуу репперүүдийг дэмжиж буй. “Би 19 настайгаасаа уран бүтээл хийж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл алдаж, алдаанаасаа суралцаж, туршлага хуримтлуулж явна. Ер нь ч уран бүтээлийн арын албанд байж, бусдад ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг хүн болохыг хүсдэг байлаа. Бид хэсэг хугацааны давтамжтайгаар шинэ, залуу уран бүтээлч шалгаруулж, хамтран ажилладаг.
Цаашид ч энэ жишгээ үргэлжлүүлнэ. Үнэхээр авьяастай ч уран бүтээл хийх аргаа олохгүй, санхүүгийн боломжгүй залуусыг дэмжих хүсэлтэй” гэсэн юм. Сонирхуулахад, реппер Desant ирэх бямба гарагт залуу реппер Maaraa-тай хамтарсан шинэ уран бүтээлээ “цацах” гэнэ. Түүнчлэн ирэх есдүгээр сард бие даасан анхны тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Харин 2020 онд шинэ цомог гаргах гэнэ.
“АВЬЯАСТАЙ, ТҮҮНИЙГЭЭ ТОРДДОГ БАЙХ ЁСТОЙ”
Ар энд би дуучин Jason “Тоонот”-оор “овоглоод” жил болж буй. Тун удахгүй олны хүртээл болох “Toonot volume 1” цомогт түүний таван дуу багтжээ. Тэрбээр “Би жүжигчин мэргэжилтэй. Гэхдээ дуулах дуртай. Ер нь уран бүтээлч хүн тал бүрийн авьяастай, түүнийгээ торддог байх ёстой гэж боддог. Гадаадын олонх уран бүтээлч дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг. Яагаад би тийм байж болохгүй гэж” гэсэн юм.
Тус студийн албан ёсны уран бүтээлч болсноос хойш гаргасан түүний “Захидал”, “Five minutes”, “Say my name” зэрэг дуу хит дууны жагсаалтад дээгүүр “давхиж” буй. Jason “Өмнө нь дууны үгээ өөрөө бичиж, хоолойгоо бичүүлэх, дүрсжүүлэх, “цацах” гээд бүх л зүйлд өөрөө гүйж, самгарддаг байлаа. Студийн уран бүтээлч болсноор дууны сэдэв, агуулга, хөгжмийн найруулга, клипний өнгө төрхийг ч ярилцдаг. Энэ нь надад чанартай уран бүтээл хийхэд анхаарах боломж олгож байна. Тун удахгүй “Summer time”, “Sex marijuan” гэх шинэ дуугаа хүргэнэ” гэлээ.
Ташрамд сонирхуулахад, залуу уран бүтээлч Jason энэ онд олны хүртээл болгосон “Этик” продакшны “Хүний цаана” адал явдалт, “Улаанбаатар” фильмийн “2000” түүхэн уран сайхны кино, “Шинэ үе” продакшны “Буйд нутаг” эмгэнэлт жүжгийн гол дүрд тоглосон юм.
“НЭГ ХЭВ МАЯГТ БАРИГДАХГҮЙ”
“Far away” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн реппер OZ-trip мөн л “Тоонот”-ын гишүүн болжээ. Тус студид харьяалагдсанаасаа хойш “Этик” продакшны “Хүний цаана” киноны дуу, “Тааваараа”, “Doping” зэрэг уран бүтээлийг сонсогчдод хүргэсэн. Хип хоп хөгжмийн олон урсгалаар туурвиж, өөрийгөө сорих дуртай тэрбээр “Хип хоп надад өөрийгөө, бодож буй зүйлсээ чөлөөтэй илэрхийлэхэд хамгийн тохиромжтой урлагийн төрөл мэт санагддаг. Сонсогчдод урам өгөх, тулгамдаж буй асуудлыг хөндсөн уран бүтээлийг орхигдуулж болохгүй.
Үүний хажуугаар сайхан зүйлд уриалж, тэдэнд таашаал өгөхүйц дуу ч зохиохыг зорьж байна. Маш олон урсгалаар хийж, туршиж үзлээ. Хүнд агуулгатай олд скүүл, хөнгөн сэдэвтэй трэп урсгалын уран бүтээл ч гаргалаа. Олон жилийн өмнөөс бодсон ч хийж чадаагүй санаагаа одоо гүйцэлдүүлж байна. Цаашдаа ч аль нэг хэв маягт баригдалгүй сонирхолтой бүхнийг туршиж үзмээр байна” гэсэн. Тэрбээр энэ онд багтааж бие даасан цомгоо гаргахаар төлөвлөжээ. Цомгийн дуунуудаа ч бичүүлж эхэлсэн гэнэ. Ирэх наймдугаар сараас түүний шинэ уран бүтээлүүдийг сонсох боломжтой.
“ҮНЭНИЙГ ХҮРГЭХИЙГ ХҮСДЭГ”
“Тоонот”-ын отгон гишүүн нь Bilgang. Тэрбээр багаасаа энэ урсгалыг сонирхож, MTV хөгжмийн суваг үздэг байсан нь реппер болоход нөлөөлжээ. Түүнчлэн сайн уран бүтээл сонсоход төрдөг мэдрэмж, өөрөө дуу зохиож үзэх сэдлийг нь төрүүлсэн байна. Анхны дуугаа 2009 онд зохиосон тэрбээр дуу бүрээ онцлогтой, бас үнэн үгтэй байлгахыг хүсдэг гэнэ. Bilgang “Реппер Desant ахад зохиосон хэд хэдэн дуугаа сонсгох боломж олдсон юм. Хэсэг хугацааны дараа “Тоонот”-ын уран бүтээлчидтэй танилцуулж, цаашид хамтран ажиллахаар болсон.
Өмнө нь хэрхэн ажиллах, дуугаа хүмүүст яаж хүргэхээ мэдэхгүй байлаа. Гэтэл одоо миний уран бүтээлийн ард бүтэн баг ажиллаж байна. Бүгд чанартай уран бүтээл хийхийг зорьж байгааг харах сайхан. Тийм болохоор улам урагшилж, зорилгодоо хүрэх ёстой. Эхний ээлжид энэ сарын 21-нд болох “Toonot volume 1” цомгийн баяраа амжилттай зохион байгуулахад бүгд анхаарч байгаа” гэсэн.