Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүх хичээлээр орон даяар өчигдөр 09.00 цагт эхлэв. Бид нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд очиж шалгалтын явцыг сурвалжиллаа. 23 дугаар сургуулийн хаалгаар оронгуут багш болон хууль хяналтын байгууллагын ажилтнууд сэтгүүлчдийн биеийн байцаалтыг үзэж, шалгалтыг хатуу хяналтад явуулж буйгаа хэлэв.
Түүнчлэн үзэг, балтай ирсэн хүүхдүүдэд “Зөвхөн харандаа хэрэглэнэ. Эс бөгөөс шалгалтын оноо хүчингүй болно” хэмээн зөвлөв. Энэ өдөр нэг сурагч шалгалтаас хоцорчээ. Шалгалт авч буй гурван танхимд боловсрол, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын төлөөлөл болох 20 гаруй хүн хяналт тавив.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг газар дээр нь шууд мэдээлэх технологи нэвтрүүлснээрээ онцлог байлаа. Шалгалтын дүнг мэдээлэх 50 машиныг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийлүүлжээ. Ингэснээр элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой хардлага, эргэлзээ үгүй болно хэмээн Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ онцолсон. Тодруулбал, их, дээд сургуульд элсэгчдийн чадвар, мэдлэгийн түвшин тогтоох эл шалгалтын тестийг сурагчид бөглөж дууссан даруйдаа оноогоо мэдэх боломжтой.
Өнгөрсөн жил төгсөж, шалгалт өгсөн ч хангалттай дүн авч чадаагүй 100 орчим хүүхэд мэдлэг чадвараа сорилоо. Шалгуулагчдын эцэг, эхийн нэгэн адилаар сэтгүүлчид урьдчилан бэлтгэсэн том дэлгэц рүү ширтэн, шалгалтын хариуг хүлээв. Шалгалт 80 минут үргэлжилж, сурагчид даалгавраа гүйцэтгээд гарч ирсний дараа 10.30 цагт дүнг шууд танилцууллаа. Шилэн технологи бүхий уг машин нууцлалын баганан код уншигчтай аж. Ингээд шалгуулагч хүүхдийн бүртгэлийн дугаар болон оноог нь дэлгэцээр мэдээлж байсан юм. Өмнөх жилүүдэд хүүхдүүд шалгалтын дүнгээ хамгийн багадаа 14 хоног хүлээдэг байсан. Багш нар гараар бичих, олон хоног засдаг механик ажиллагаанд ийнхүү “баяртай” гэж хэллээ. Улмаар цаас, цаг хэмнэж буй. Гэхдээ төсөв хэмнэсэн гэхээсээ илүү шалгалтын дүнг үнэн бодитой, шуурхай мэдээлж буйг иргэд том дэвшил гэж үнэлсэн.
Монгол Улсын түүх хичээлийн шалгалтад 100 хүртэлх оноо авах боломжтой. 23 дугаар сургуулийн байранд шалгалт өгсөн хүүхдүүдээс дээд тал нь 63, доод тал нь 14 оноо авав. Уралдаант шалгалт тул Монголын түүхийн хичээлийн сэдвийг хүндрүүлсэн хэлбэрээр бэлтгэснийг зохион байгуулагчид онцолсон. Монгол Улсын түүх хичээлийн өмнөх 13 жилийн шалгалтын дундаж оноо 50 байжээ. Тиймээс энэ удаагийн шалгалтын оноо хангалтгүй биш гэдгийг багш нар хэлсэн. 107 дугаар сургуулийн төгсөгч Э.Ариунаа “Бага ангийн багш болох хүсэлтэй. Шалгалтад нэг жилийн турш бэлдсэн тул өөртөө итгэлтэй байлаа. Энэ жил давтан шалгалт өгч буй. Шалгалтын оноогоо шууд харж буйдаа сэтгэл хангалуун байна” хэмээсэн. Кино урлагийн дээд сургуулийн дэргэдэх “Урлаг урлан” лицей сургуулийн сурагч П.Намуун “Санхүү эдийн засгийн их сургуульд суралцах сонирхолтой. Сонгон суралцах үндсэн мэргэжил минь бизнесийн эрх зүй. Математик, монгол хэлний шалгалтаа энэ сарын 19, 20-нд өгнө.
Түүх, соёл, нийгмийн чиглэлээр давхар суралцах хүсэлтэй тул Монгол Улсын түүх хичээлийг сонгож шалгалт өглөө. Хангалттай оноо авч чадсангүй. Гэхдээ хариугаа шууд хардаг тул хүлээж, цаг алдахгүй амар байлаа” гэсэн юм. Мөн 41 настай иргэн Ариунаа энэ өдөр шалгалт өгсөн. Сэтгэл судлаачийн ангид элсэн суралцах зорилготой тэрбээр шалгалтын оноог шуурхай гаргаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 18 130 шалгуулагч бүртгүүлсний 80.2 хувь нь энэ оны, 19.8 нь өмнөх оны төгсөгч. Шалгалт орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 төвд нэгэн зэрэг эхэлж, дуусна. Шалгуулагчид дүнгээ мэдсэнээс хойш 24 цагийн дараа www.eec.mn цахим хуудсанд нэвтэрч бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан, тусгай томьёогоор бодож гаргасан хэмжээст оноогоо мэдэх боломжтой. Хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг ирэх баасан гаргийн 09.00 цагаас өмнө дээрх сайтад байршуулах юм. Батламж хуудсыг энэ сарын 24-нөөс тараана. Улаанбаатар хотод сургууль төгсөгчид сургуулийн захиргаанаасаа шалгалтын батламжаа гардах аж. Орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнээс авна. Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалтын батламж 2.5 жилийн хугацаанд хүчинтэй.