Г.Равжаа
Улаанбаатар хотын өнгө үзэмжид хувь нэмрээ оруулж үлдсэн цөөхөн хэдэн ногоон байгууламжийг хувийн, тэр дундаа Улаанбаатар хотын банкны эзэмшилд шилжүүлсэн байсныг манай сонин анх мэдээлсэн. Тодруулбал, “Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ”, “Банкны эзэмшилд очсон талбайнуудаа авч чадах уу” зэрэг цуврал нийтлэлээрээ Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутагт МУБИС-ийн уулзвараас “Сентрал тауэр” хүртэл модот гудамж буюу олны нэрлэж заншсанаар “Улаанбаатар” зочид буудлын өмнөх, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөтэй цэцэрлэгт гудамж бүхий 10 800 ам метр талбайг 15 жилийн хугацаатай Улаанбаатар хотын банканд эзэмшүүлсэн. Мөн Улсын драмын эрдмийн театрын өмнөх 4000 ам метр, Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбайг 2014 онд нийслэлийн Засаг даргын А/208, “Гутлын 22”-ын хойд талын Асашёорюүгийн цэцэрлэгийн 2400 ам метр талбайг 2013 онд нийслэлийн Засаг даргын А/975 дугаар захирамжаар “Улаанбаатар капитал” ББСБ-д өгч, улмаар 2017 онд Улаанбаатар хотын банканд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсныг бид дэлгэрэнгүй нийтэлсэн билээ.
Эдгээрээс гадна МУИС-ийн II байрны урд талын автобусны буудлын өмнөх, “Блюмон” төвийн зогсоолоор ашиглаж буй 1200 ам метр хэмжээтэй “Оюутны талбай”-г, Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг, Төв шуудангийн ард, Монголын хөрөнгийн биржийн урд талын автомашины зогсоолтой замыг, “Тэнгис” кинотеатрын автобусны буудлын дэргэд, KFC-гийн баруун талд хашсан газрыг, Сүхбаатар дүүргийн нутаг, “Шангри-Ла” зочид буудлын замын эсрэг талд, Гэрлэх ёслолын ордны зүүн урд хэсэгт жижигхэн талбайг Улаанбаатар хотын банкны эзэмшилд нийслэлийн үе үеийн Засаг дарга захирамж гарган олгосон байсныг бид дээр дурдсан нийтлэлүүдээрээ уншигчдадаа хүргэсэн.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 5-нд А/563 дугаартай захирамж гаргаж, “Монголын хөрөнгийн биржийн урд талын 700 ам метр талбайг Улаанбаатар хотын банканд эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэсэн заалтыг зөрчсөн, нийтээр эзэмших зам, талбай бүхий тус газрын гэрчилгээг “Улаанбаатар капитал” ББСБ-д шилжүүлэхдээ эл хуулийн 35.2, 38.2-т заасныг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг бид өмнө нь хүргэсэн. Манай сонины нийтлэлийн мөрөөр нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, өмнөх дарга нарынхаа хууль зөрчсөн шийдвэрүүдийг залруулж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт манай сонины дээрх нийтлэлүүдэд онцолсон хоёр ч газрын зөвшөөрлийг цуцалжээ. Нэг нь нийслэл хотдоо томоохонд тооцогдох, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх модот гудамж бүхий 10 800 ам метр талбайтай “Улаанбаатар нийтийн цэцэрлэг”-ийн газрын зөвшөөрлийг цуцалсан байна. 2019 оны зургадугаар сарын 12-ны А/572 дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжид “Нийтийн эдэлбэрийн цэцэрлэгт хүрээлэн, тохижилт бүхий 10 800 ам метр, эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тул Улаанбаатар хотын банканд олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.
Мөн өдрийн А/571 дүгээр захирамжаар МУИС-ийн хичээлийн II байрны өмнөх “Оюутны талбай”-д олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Үндэслэлдээ хориглосон газарт зөвшөөрөл олгосон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хоёр жил тухайн газрыг ашиглаагүй тул дээрх банканд олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгож буйг дурдсан аж. Улмаар дээрх газруудыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар тохижуулж, хамгаалах, газрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг холбогдох албаныханд даалгасан байна. Юутай ч нийтийн эзэмшлийн гурван талбайг хот эзэмшилдээ авлаа. Ю.Цэдэнбалын талбай, Асашёорюүгийн цэцэрлэг зэрэг нийтийн эдэлбэр газрыг хот хэзээ мэдэлдээ авах бол. Үлдсэн хэдэн ногоон байгууламж бүхий цөөн хэдэн газраа хэвээр нь байлгахыг нийслэлчүүд хүсэж буй нь лавтай.