Цөмийн, цацраг идэвхт бодисын болон туяаны аюулын тухай хүмүүс яриад л байдаг. Гэхдээ энэ талаарх мэдээлэл, мэдлэг дутуу, бүрэн ойлгоогүй хэрнээ бусдын амыг дагаж, ярьдаг нь олон.
Аливаа зүйл эерэг, эсрэг нөлөөтэй. Хүн хоол идэх зайлшгүй шаардлагатай ч хэтрүүлбэл ходоод, гэдэс хямарч, бөөлжих, суулгах, хордлогод орох аюултай. Үүн лүгээ адил цацраг идэвхт бодис, туяаг хүн төрөлхтөн ашигладаг болсон нь гарцаагүй агуу амжилт. Орчин цагт тэр “аюул”-аар гайхамшиг бүтээж байна. Өвчин, эмгэгийг илааршуулах, тоног төхөөрөмж ариутгал зэргээр эмнэлэгт цацрагийн технологийг өргөн нэвтрүүлсэн, орон сууц, барилга, байгууламжид суурилуулдаг галын дохиоллын мэдрэгчийг үйлдвэрлэхэд цацраг туяа ашигладаг гээд тоочвол зөндөө. Гэхдээ эдгээр технологийг ашиглахдаа аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарах учиртай.
Тэгвэл ХСҮТ-ийн санаачилгаар, Шадар сайдын ивээл дор “Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж” сэдэвт үндэсний сургалтыг өнгөрсөн пүрэв, баасан гарагт зохион байгууллаа.
Цацрагийн үүсгүүрийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, хулгайлсан, зөвшөөрөлгүй ашигласан, хадгалсан, тээвэрлэсэн болон ашиглалтын явцад битүүмжлэл алдагдсан зэрэг ноцтой тохиолдол манайд цөөнгүй бүртгэгдсэнээс гадна эрүүл мэндийн салбарт сүүлийн үед цөмийн шинэ технологиудыг эрчимтэй нэвтрүүлж буй. Тухайлбал, ХСҮТ-д туяа эмчилгээний шугаман хурдасгуурт хоёр аппарат суурилуулсан бол тун удахгүй Улсын II төв эмнэлгийн дэргэд цөмийн мөчлөг хурдасгуур болон PET (позитрон эмиссийн компьютер томограф) аппарат бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төв нээгдэнэ.
Эдгээр нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд том дэвшил юм. Өнөөдрийн байдлаар манай эрүүл мэндийн салбарын 247 байгууллага цацрагийн үүсгэртэй 550-иад аппарат, тоног төхөөрөмж ашиглаж байгаа нь 10 орчим жилийн өмнөхөөс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Өндөр хүчин чадалтай, бүрэн автомат, цөмийн оношилгоо, эмчилгээний болон бусад төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, зөв ашиглах, цацраг идэвхт бодистой ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд уг арга хэмжээ онцгой үүрэгтэй гэдгийг Шадар сайд нээлтийн үеэр дурдав.
Ташрамд өгүүлэхэд, аливаа амьд биетийн усны молекул цацраг туяаны нөлөөгөөр задарснаар эд, эсийг гэмтээдэг аж. Хүн жилд дунджаар хүрээлэн буй орчноосоо 2.4 млЗв (миллиЗиверт) цацрагийн туяа “авдаг” аж. Шведийн эрдэмтэн Рольф Зивертийн алдраар нэрлэсэн млЗв хэмээх хэмжигдэхүүн нь хүний биед сөргөөр нөлөөлөхүйц хэмжээг 1000 хуваасны нэгтэй тэнцдэг юм байна. Дэлхийн цацраг туяаны байгууллагын стандартаар байгаль, осол, эмнэлгийн нөхцөлд жилд хүний биед шингэх цацраг туяаны хэмжээ 1млЗв (цацраг идэвхт бодистой орчинд ажилладаг хүнд 20 млЗв)-ээс хэтрэхгүй байх ёстой. 100-гаас дээш млЗв цацраг туяа биед нэвтрэхэд ураг амьгүйдэх, үргүй болох, үс унах зэрэг сөрөг нөлөөтэй. Дотоод эрхтнээ рентгенд харуулах, зураг авхуулах, компьютер томографын шинжилгээ хийлгэхэд хүний биед 0.05-6.9 млЗв цацраг туяа шингэдэг талаар олон улсын судлаачдын тайланд дурджээ.
Эл сургалтад ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Японы Хирошимагийн их сургуулийн Цацрагийн ослын үеийн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн профессор Хирохаши Нобүюүки нар оролцсон бөгөөд Монгол Улсын Засгийн газар цацрагийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарч, ач холбогдол өгч байгааг сайшаав.
ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс, ДЭМБ-тай хамтран явуулсан “Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж” үндэсний сургалтад хот, хөдөөгийн 100 гаруй эмч, эмнэлгийн физикч, техникч, мэргэжилтэн оролцсон. Орон нутгийн зарим эмч, мэргэжилтэн цацрагийн тухай үндсэн ойлголт дулимаг байгаа нь ярьж, асууснаас нь илт байлаа. Энэ талаар сургалтад хамрагдсан зарим хүн шүүмжилж, цацрагийн аюулын талаарх мэдээллийг цэгцтэй, системтэй олгоход анхаарах учиртайг хэлсэн.
ЯГ Л КИНОНД ГАРДАГ ШИГ
Уг арга хэмжээний хоёр дахь өдөр Хавдрын эмнэлэгт зохион байгуулсан “Цацрагийн осолд өртөгсдөд эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх менежмент” үзүүлэх сургалт сонирхолтой болсон. Мянга сонсохоор нэг удаа үз гэдэг шиг цацрагийн ослын үеэр мэргэжлийнхэн хэрхэн ажилладгийг жишээгээр үзүүлсэн нь илүү бодитой байсан учраас тэр. Үндэсний сургалтын эхний өдөр албаныхны тавьсан илтгэлд дурдсан “жинхэнэ” үйл явц энд өрнөв.
Ураны үйлдвэрийн жолооч осолдож, цацраг идэвхт бодис асгарчээ. Ослын газарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, хэмжилт хийж, аюулгүй байдлыг сахиулж буй хүмүүс бүгд “скафандартай” байлаа. Цацрагийн ослын үед өмсөх зориулалтын хувцас, баг зэргийг хэрхэн, шуурхай “углахыг” ч үзүүлэв. Үүний дараа мэргэжлийнхэн сургалтын үеэрх “алдаа”-ны талаар санал сэтгэгдлээ хэлэв. Жишээлбэл, ослын үед бохирдсон хувцсыг тайлах, цацрагийн хэмжилтийн багажийг хэрхэн хамгаалах тал дээр учир дутагдалтай байсныг онцлов.
Цацраг идэвхт бодис асгарсан тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах тухай “кино” үзүүлсний дараа холбогдох албаныхан өгөгдсөн сэдвээр мэдээлэл хийсэн бөгөөд Хирошимагийн их сургуулийн профессор Хирохаши Нобүюүки цацрагийн ослын үеийн эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоо болон Фүкүшимагийн ослын сургамжийн талаар тодорхой жишээгээр тайлбарлаж, мэдээлэл, мэдлэг олгов.
Японд 2011 онд болсон газар хөдлөлтийн улмаас цунами үүсэж, сүйрэл болсон нутаг дэвсгэр дэх Фүкүшимагийн нэгдүгээр атомын цахилгаан станц дэлбэрсэн бөгөөд эл явдлаас хойш Япон Улс Цөмийн ослын үеийн тухай хуулиа шинэчилж, ийм аюултай нөхцөлд ажиллах удирдамж боловсруулснаас гадна эмнэлгийн тусламж, үйлчилгээг гурван шатлалаар хүргэх тогтолцоотой болсон юм байна. Япон эрдэмтний мэдээлснээр, цацрагийн ослын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс гадна иргэдэд мэдээллийг үнэн зөв, шуурхай хүргэх нь чухал гэнэ. Ямар ч осол, гамшгийн үед хүмүүс айж, сандарсны улмаас эмх замбараагүй байдал үүсэж, түүнээс улбаалан дахин хохирол амсах магадлалтай гэдгийг тэрбээр сануулсан юм.
ХСҮТ-ийн олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Л.Энхээ “Цацрагийн ослын үед тухайн газар, бүс нутгийн эмнэлгийн байгууллагынхан онцгой үүрэгтэй байх нь ойлгомжтой. Тиймээс тэднийг болон олон нийтийг сургах, мэдээллээр хангахад анхаарах нь зүйтэй. Аливаа зүйлийг олон удаа хийж байж дадал болдог. Тиймээс үндэсний хэмжээний ийм сургалтыг тогтмолжуулж, төрөлжүүлж, хамтын төлөвлөгөө боловсруулах нь чухал” гэлээ.
ЦАЦРАГИЙН ОСЛЫН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ТӨВ БАЙГУУЛНА
Шадар сайдын ивээл дор болсон үндэсний сургалтын хүрээнд зохион байгуулсан гурав дахь том арга хэмжээ нь хэлэлцүүлэг байлаа. Энэ үеэр “Цацрагийн ослын үеийн эмнэлгийн тусламжийн төв байгуулах” төслийн талаараа ХСҮТ-ийн Цацрагийн аюулгүйн албаны дарга, Хавдрын өвөрмөц эмчилгээний клиникийн удирдагч Ц.Уранчимэг танилцуулав. Ийм төвийг ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг түшиглэн байгуулах нь зүйтэй гэж тус сургалтад оролцогчид болон холбогдох мэргэжлийнхэн дэмжсэн бөгөөд энэ санаачилгын цаана асар их хариуцлага байгааг, байгууллагуудын харилцан уялдааг сайжруулахаас эхлээд боловсруулж, цэгцлэх асуудал ч мундахгүйг сануулж, санал солилцов.
МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Бид Олон улсын атомын энергийн агентлагийн техникийн бичиг баримтад тулгуурлан, холбогдох байгууллагуудынхаа саналыг тусгаад Цацрагийн ослын үед авах арга хэмжээний үндэсний төлөвлөгөө боловсруулсан. Цаасан дээрх төлөвлөгөө маань учир дутагдалтай, ялангуяа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тал дээр. ХСҮТ-ийнхөн болон мэргэжлийн хүмүүс эл төлөвлөгөөнд саналаа оруулаарай” гэлээ.
Монголд цацрагийн осол гарч байгаагүй, гарахгүй гэж сэтгэл амар байх биш, болзошгүй аюулын үед нэгдсэн төлөвлөгөөтэй, яам, тамгын газар, холбогдох байгууллагуудынх нь чиг үүрэг тодорхой байхын чухлыг үндэсний сургалтад оролцогчид онцолсон юм.
Энд нэг зүйл онцлоход, манайхан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахдаа “тансаглаж”, цаг их бардаг. Тухайлбал, хоолны, цайны, завсарлагын цаг гээд хэсэг “зүгээр” суудаг. Тэгвэл “Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж” сэдэвт сургалтын үеэр аль болох цаг хэмнэж байлаа. Жишээ нь, ХСҮТ-д зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцогчид үдийн хоолоо ажиллангаа идсэн. Хавдрын эмнэлгийнхэн заримдаа бие засах ч завгүй шахам байдаг учраас энэ мэтээр аливаа арга хэмжээ, хурал, зөвлөгөөний үед шуурхайлдаг юм билээ.