Үндэсний сурын улсын, буриад сурын улсын хошой, урианхай сурын харвааны улсын дархан мэргэн Мижирийн Батгэрэлтэй урианхай сур харвааны өв уламжлал, үүх түүх, түүний гаргасан амжилтын талаар ярилцлаа. Тэрбээр урианхай сур харвааны өв уламжлалыг тээн, олон жил харваж, бусдад заан сургаж яваа нэгэн билээ.
-Урианхай нь бусад сур харваанаас ялгарах ямар онцлогтой вэ?
-Язгуурын сур харваа. Яагаад гэвэл халх, буриад сур харваанаас өмнө үүссэн учраас ингэж хэлдэг юм. Чингис хааны үеэс үүссэн гэж түүхчид үздэг. Халх нумын хэлбэр манжийн үед өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл одоо манж нумаар харвадаг гэсэн үг. Суран бөмбөгөө өрөөд, хатуу, эрчтэй эвэр нумаар зөвхөн эрчүүд харваж нааддагаараа урианхай сур харваа бусдаасаа онцлог. Суран бөмбөгийг нь чих гэж нэрлэдэг. Эмэгтэй хүн урианхай сур харвадаггүй.
Дайн байлдаанд зөвхөн эрчүүд л оролцоно гэсэн утгаар эмэгтэйчүүдийг ойртуулдаггүй юм. Одоо үед ч ийм ёсоо хадгалж байгаа. Урианхай сур харваа эерэг болон эсрэг гэсэн хоёр уухайтай. Өөрийн талын харваачийг оноорой гэж ерөөж, “Хормой, хормой...” гэж хормойгоо тосож уухайлна. Суран бөмбөгөө хормойлж авъя гэсэн бэлгэдлээр хормойгоо тосдог. Харин өрсөлдөгч тал нь битгий оноорой гэсэн утгатай “Тош келин, тош гууг...” хэмээх уухай хэрэглэдэг. Өрсөлдөгчид хоёр талаас зэрэг хашхиралдахаар бөөн шуугиан болно шүү дээ.
Урианхай сурын багийн харваа эхлэхэд, хашхиралдаад явчихаар мэддэггүй хүмүүс гайхдаг байх. Нэг түүх ярья. Урианхай сур харвааны улсын аваргын тэмцээнд “Алдар” спорт хорооныхонтой манай аймгийн баг өрсөлдлөө. Тухайн үеийн “Алдар” спорт хорооны дарга О.Балжинням аварга багаа дэмжээд манайхны эсрэг “Гурваар гууг, гурваар гууг...” гээд уухайлчихсан зогсож байж билээ. Халх, буриад сур харваанд эсрэг уухай байдаггүй. Өрсөлдөгчөө алдуулах, сандаргах гэж хашхирдаггүй. Өрсөлдөгч нь оносон ч, өөрөө оносон ч “Сайхан байна” гээд дуулж байдаг.
-Урианхай сурын харвааг хамгийн цэцтэй гэж ярихыг сонссон. Юунд үндэслэж ингэж хэлдэг юм бол?
-Цэцтэй харваа гэж хэлж болно. Өрсөн чихнийхээ хоёр талд өтвөөг гэх 20 см өндөрлөж овоолсон элсэн зурвас татдаг. Уг нь эрт үед суран бөмбөгнийхөө хоёр талд өтгөө овоолдог байсан уламжлалтай. Яваандаа өтөг гэдэг үг нь өтвөөг болж хувирсан. Одоо элс ч, шороо ч овоолсон өтвөөг л гэж нэрлэдэг. Хоёр өтвөөг 5.5 метрийн зайтай. Харвах талын өтвөөг өрж тавьсан чихнээс 2.5 метр зайтай байдаг.
Суран бөмбөгөөс цаад талын өтвөөг хүртэл гурван метр зайтай. Урианхай харваа нь булцуут сумаар 350-400 гр суран бөмбөгийг онож, гурван метр өнхрүүлээд, 20 см өндөрлөж овоолсон өтвөөг дээгүүр давуулж байж оноо авдаг. Суран бөмбөгийг харваад оносон ч өтвөөг дээгүүр давуулж чадахгүй бол оноо өгдөггүй. Тиймээс чихнийхээ голыг онилж харвах шаардлагатай. Тавьсан сум өмнөх өтвөөгийг шүргэвэл оноо өгдөггүй. Сум наад өтвөөгийг шүргэсэн тохиолдолд суран бөмбөгөө оноод, цаад өтвөөгийг давуулсан ч оноо өгдөггүй.
Тэгэхээр өтвөөгийг шүргүүлэхгүй харвах ёстой. Хүнд суран бөмбөгийг хальт оновол цааш өнхрөхгүй. Голд нь онож, цаад өтвөөгийг давтал өнхрүүлэхийн тулд хатуу, эрчтэй нумаар харвадаг юм. Иймээс цэцтэй харваа гэж ярьдаг. Халх сурын харваа сум газар шүргэсэн ч хасаагаа унагаж л байвал оноо өгчихдөг. Буриад сурын харваа хоёр талдаа гангатай. Бөмбөгөө гангаас унагаж байж оноо авдаг. Бөмбөгийг нь сураар биш даавуугаар хийдэг. Урианхай харвааны сум нь 120 граммаас дээш жинтэй, булцуутай. Тэгвэл халх харвааны сум 50, буриадынх 80 грамм жинтэй байдаг.
Халх, буриад, урианхай сур харваа энэ мэт ялгарах онцлогтой. Гэхдээ халх, буриад сур харвааг урианхайнхаас амархан гэж хэлж болохгүй. Өөр өөрийн онцлогт нь тохирсон арга техникээр харвах шаардлагатай байдаг.
-Таныг үндэсний их баяр наадмын сурын харвааны төрөл бүрт түрүүлж байсан гэж сонссон. Хэдэн удаа төрүүлсэн бэ?
-Урианхай сурын харваанд 2004, дараа нь 2007, сүүлд 2012 онд түрүүлж, дархан мэргэн болсон. Сүүлд түрүүлэхдээ 30 сум тавьснаас 28 оносон. Буриад сур харваанд хоёр, үндэсний сурынхад нэг удаа түрүүлсэн. Монголд гурван сурын харвааны мэргэн хоёрхон байдаг. Ц.Хүдэрчулуун мэргэн халх сурын харваагаар дөрөв, буриад, урианхайнхаар тус бүр нэг удаа түрүүлсэн. Би 16 настайдаа техникумд явсан, дараа нь цэрэгт татагдсан.
Цэргээс 1991 онд халагдаж, нутагтаа ирээд идэвхтэй харваж эхэлсэн. Баян-Өлгий аймгийн Буянт сумдаа 1993 онд түрүүлж байлаа. 1996, 1997 онд аймагт түрүүлээд, 1998 онд улсын баяр наадмыг зорьсон. Анх удаа оролцоод, халх сурын харваанд түрүүлсэн юм. Тухайн үед Баян-Өлгий аймгаас халх сурын харваанд арваадхан хүн оролцдог байсан. Намайг халх сурын харваанд түрүүлснээс хойш Баян-Өлгийн урианхайчууд халх сурын харваанд олноор оролцдог болсон. Өдгөө үндэсний их баяр наадамд 600 гаруй харваач оролцож байна.
Үүний 300 нь урианхай харваач. Хамгийн олон харваачтай аймаг бол Баян-Өлгий. Энэ жилийн аймгийн аваргын тэмцээнд 200 гаруй харваач оролцлоо. Сум, орон нутагтаа харвадаг харваачдыг нэмбэл 2000-аад хүн болох байх. Баян-Өлгий аймгаас төрсөн харваачид 1998 оноос хойш Үндэсний их баяр наадмын халх сурын харвааны зургаан түрүүг аваад байгаа. Надаас 27 жилийн өмнө Сагсай сумын харьяат Лонжид гэж урианхай хүн халх сурын харваанд гурван удаа түрүүлсэн байдаг.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороонд дасгалжуулагчаар ажилладаг хэвээрээ юү?
-Баян-Өлгий аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Хамгаалалтын албанд ажиллаж байна. “Алдар”, “Хилчин”, “Аврагч” гээд бусад спорт хороо үндэсний сурын багтай. ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга дэмжиж, 2016 онд үндэсний сур харвааны багтай болсон.
Би хэсэг хугацаанд “Сүлд” спорт хорооны үндэсний сурын багийг хариуцаж ажилласан юм. Спорт хороонд сур харвааны дасгалжуулагчийн орон тоо байдаггүй. Тиймээс намайг Авдрантын хорих ангиас цалинжуулж байлаа. Тэнд байрлаж ажиллахад гэрээсээ хол төвөгтэй юм билээ. Тэгээд өнгөрсөн жил тэмцээн, уралдааны үеэр л ирж, багаа дасгалжуулъя гэсэн хүсэлт тавиад нутагтаа шилжиж ирсэн юм.
-Олон шавьтай юу?
-Баян-Өлгий аймгаас төрсөн бүх харваач миний шавь гэхэд болно. Ерөнхийдөө 100 гаруй шавь бий шүү. Аймгаасаа халх, буриад сурын хэдэн эмэгтэй харваач төрүүлэх бодолтой байна. Нутагтаа ирснээс хойш хэдэн бүсгүй хүүхэд дасгалжуулж ажиллаж байгаа. Монгол Улсын мэргэн Б.Баярсайхан, Монгол Улсын гарамгай харваач, урианхай сурын улсын мэргэн Т.Очир, урианхай сурын улсын мэргэн Х.Алтансум тэргүүтэй амжилт гаргаж яваа шавь нар бий. Одоо сургалтаа хувиараа хийж байна.
“Батгэрэл ах аа, сур харваж сурах гэсэн юм” гээд хүүхэд, залуус хүрээд ирвэл би хэзээ ч “үгүй” гэдэггүй. Өөрийнхөө нумаар зааж сургадаг. Улсын мэргэн Алтансум бид хоёр олон жил нэг багт харвалаа. Багтаа сур харваж чаддаггүй залуусыг авдаг. Ингээд сургадаг юм. Залуус маань сайн харваач болоод өөр багт ордог. Баян- Өлгийгөөс гаралтай бүх харваач манай багаар дамжсан байдаг юм. Хэнээс ч өөрийн мэдлэг, чадвараа харамладаггүй ээ. Хандсан хүн бүрт үнэ төлбөргүйгээр зааж сургадаг. Сурын спорт одоо мэргэжлийн түвшинд хөгжиж, зарим зүйл нь их нарийн болж байна.
-Та хэдэн настайгаасаа сур харваж эхлэв?
-Намайг хүүхэд байх үед урианхайчууд эрэгтэй хүүхэд төрвөл “Мэргэн болоорой” гэж ерөөгөөд хавчаахай нум хийж өгдөг байлаа. Эрэгтэй хүүхэд бүр л хашаандаа сур харваж тоглоно. Ингээд хүүхэд наснаасаа л сур харваад сурчихдаг. Ямар ч урианхай хүүхэд онохгүй ч гэсэн сумаа чиглүүлээд тавьчихна. Байгалиасаа харвах авьяастай төрдөг юм шиг санагддаг.
-Үнэхээр ч сур харвадаггүй урианхай эр байдаггүй юм билээ. Авьяасыг нь хөгжүүлэх сургалтын орчин, эсвэл уламжлалт зан үйл байна уу?
-Уламжлалт зан үйлтэй зүй ёсоор холбогдоно. Урианхайчууд Цагаан сарын шинийн гуравнаас сур харваж эхэлдэг. “Тэдний өдөр манай хот айлд сур харваатай шүү” гэж зар тараана. Мөнөөх хот айлд олон хүн цуглаж, сур харвана. Тэр өдрийн өглөө нар мандахад гэрийн тооноор ерөөлийн гурван сумаа тавина. Харваа хоёр, гурван өдөр үргэлжилсэн ч тухайн хот айлынхан эрчүүдийг хооллож ундлан, бай шагналыг нь даадаг уламжлалтай.
Энэ уламжлалаа одоо ч хадгалж байгаа. Хүүхэд, хөгшин гэлтгүй цуглаад харвадаг юм. Өндөр настай өвгөцүүл хүртэл цас, шороон шуургыг үл ажран сур харваад, талбайд өнждөг. Өөрөөр хэлбэл, жижиг хэмжээний сурын наадам болдог гэсэн үг. Хүүхэд ахуйгаасаа сур харваад сурчихдаг болохоор бэлтгэл хийгээд, техник суулгахад л цаашдаа өсөж, хөгжөөд явчихдаг. Энэ долоо хоногт манай хот айл, дараагийн удаа тэднийх сур харвуулна гээд ах дүүгээрээ хаваржин сур харвадаг нь нэг ёсны бэлтгэл юм даа.
Дээр үед зуны эхэн сар гарч, өвс ургаж, тэнгэр дуугартал харвадаг байсан гэдэг. Өвөл ид хүйтнээр мөсөн дээр сур харвадаг урианхайчууд бий. Манай аймгийн Булган, Ховдын Мөнххайрхан сумын урианхайчууд мөсөн дээр сур харвадаг. Тэд Цагаан сар хүртэл харвана. Урианхай сур дотроо газрын болон мөсний гэсэн хоёр төрөлтэй.
-Манжийн хаан урианхайчуудыг нум, сумтай үлдээсэн гэж түүх байдаг. Өв уламжлалаа хадгалж үлдсэн нь ч үүнтэй холбоотой байх.
-Сурвалж бичигт янз бүрээр тэмдэглэж, түүхчид өөр өөрийнхөөрөө тайлбарладаг байх. Би урианхайчуудыг байгалиасаа харваач гэж боддог. Урианхайчууд адуундаа нуман тамга дардаг нь үүний нэг нотолгоо. Сэнжтэй, мухар, хөвчтэй гэх мэт 30 гаруй төрлийн нуман тамга бий. Зэлмэ, Сүбээдэй жанжны үр сад, харваач удмынхан, адуундаа нуман тамга дардаг гэдгээрээ бахархдаг.
Манжийн ноёрхлын үед Чингис хааны хамгийн үнэнч, баатарлаг албат болох урианхайчууд бослого гаргах магадлалтай байсан. Тиймээс урианхайчуудыг Хөвсгөл, баруун Алтайн уулс гэх хязгаар нутгаар тараасан гэсэн түүх бий. Үүнээс гадна урианхайчууд нум, сумыг гарамгай эзэмшсэн хүмүүс байсан. Иймээс Манжийн хаан албандаа булга, суусар, буга, хандгай, баавгай зэрэг ангийн үслэг эдлэл цуглуулахын тулд нум, сумтай нь үлдээ гэсэн зарлиг гаргасан гэдэг. Урианхайчууд нум, сумаасаа салалгүй өдий хүрсэн нь ийм улбаатай.
-Монгол бөхчүүд эрэмбэ, жудаг ёсыг ягштал баримталдаг. Харваачид эрэмбэ, жудаг ёс баримтална биз дээ. Таныг бөхөөр бол урианхай сурын харвааны зүүний магнай гэж ойлгож болох уу?
-Эрэмбэ байлгүй яах вэ. Мастерууд хүртэл дотроо эрэмбэтэй. Хэн нь түрүүлж мастер болсноороо эрэмбэлэгддэг. Харваа эхлэхэд мэргэцүүл, мастерууд цол авсан оноороо дараална. Өндөр настай байлаа ч сүүлд мэргэн, мастер болсон бол хойгуур зогсоно. Урианхай сурын харваанд миний дээр Жамбал гэж эрхий мэргэн эрэмбэлэгддэг. Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд таван удаа түрүүлсэн хүн бий. Бөхөөр бол би түүний дараа ам авна гэсэн үг.
-Сурын спортыг хөгжүүлэхэд юуг анхаарах ёстой гэж боддог вэ?
-Төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Би Монголыг л үндэсний сур харваатай гэж ойлгож явлаа. Гэтэл Солонгост найман настай балчраас 80 настай буурал нь хүртэл үндэснийхээ сурыг харваад зогсож байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт сагс, гар бөмбөгийн хичээл тэдэн цаг заана гэж тусгасан байдаг. Үүн шиг үндэсний сур харвааг тэдэн цаг заана гэж тусгах хэрэгтэй. Тэгвэл монголчууд сур харвааны төрлийн спортоор дэлхийд амжилт гаргана гэж боддог.
-Үндэсний их баяр наадмын сур харвааны бай шагнал бага гэсэн гомдол сонсогддог байсан. Одоо эрийн гурван наадмын бусад төрөлтэйгөө адил хэмжээнд хүрсэн үү?
-Үндэсний баяр наадмын халх, буриад, урианхай сурын харваанд бай шагналын ялгаа их. Халх сурын харваанд түрүүлбэл 10 сая төгрөгийн шагналтай. Урианхай сурын харваанд түрүүлбэл нэг сая, буриадынхад 500 мянган төгрөг өгдөг. Үнэн хэрэгтээ хамгийн том нь урианхай сурын харваа юм шүү дээ. Зөвхөн эрчүүд харвадаг учир сүүлийн үед урианхай сур харвааг сонирхох хүний тоо нэмэгдэх хандлагатай байна.
Гадаадын жуулчин “Монголын эрийн гурван наадмыг үзлээ. Хурдан морь, бөхийн барилдаан нь аргагүй л эрчүүдийн наадам юм. Харин сурын харваа нь зөвхөн эрчүүдийнх биш, эмэгтэйчүүд хүртэл оролцдог наадам юм” гэж ярьсан гэдэг. Тэгэхээр урианхай сурын харваа зөвхөн эрчүүдийнх гэдэг агуулгаараа түлхүү хөгжих магадлалтай.