-Энэ мөсөн тив дэлхийн хувь заяаг шийднэ-
Арктик бол тэр чигтээ худалдааны шинэ зам, нөлөөллийн шинэ бүс, тэрбум тэрбум ам.долларын олз ашиг юм. Мөс хайлж буй нь хүн хүрч чадахгүй байсан газар нутгийг бидэнд нээсэн төдийгүй дэлхийн бөмбөрцгийн умард хагаст далайцтай эдийн засаг, геополитикийн их өрсөлдөөний ирээдүйг бий болгож байна. Энд гол тоглогч нь Орос, Америк, Хятад юм. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн сарын 7-нд Арктикийн зөвлөлд хамтрагчидтайгаа түүнийг ашиглах асуудлаар яриа өрнүүлсэн байна. Эндээс хэн нь бусдаасаа илүү газар нутаг олоод авчих бол, үүнээс болж дэлхийн дахинд арай шинэ хүйтэн дайн нүүрлэх юм биш байгаа.
АНИРГҮЙ ЗУУН
Хахир хатуу Арктикийг эзэмдэх нь олон зууны турш туйл судлаачид, ганцаар түүнийг зорих эр зоригтнуудын сэтгэлийг татсаар ирсэн. Мөсөөр хучигдсан тус бүс нутаг хэтэрхий цэвдэг, өнгөрсөн үеийн технологи түүнийг хүчрэхгүй, үндсэндээ тэнд амьдрал үгүй байв. Гэлээ ч сүүлийн үед хүйтэн Умардыг хүн төрөлхтөн сонирхох нь нэмэгдэж байна. Шалтгаан нь шинэ технологи гарч ирж буйтай холбоотой төдийгүй уг газарт бий болж байгаа өөрчлөлт юм.
НҮБ-аас урьдчилан таамаглаж буйгаар 2050 он гэхэд эндхийн температур 3-5 градусаар нэмэгдэнэ, тэгэхээр байгалийн баялгийн арвин нөөцийг нь боловсруулахад дөхөм болж, энэ нутгаар дамжин ачаа тээвэрлэж, хаалттай бүс нутаг дэлхийн том гүрнүүдийн тэмцлийн нэгэн талбар болж хувирна. Түүнээс гадна чухам энд цаг уурын өөрчлөлтийн үр дүн бүхнээс тод харагдах болж байна. Улс төр, эдийн засгийн хажуугаар Арктик нь шинжлэх ухааны талаасаа үлэмж анхаарал татаж буй юм.
Одоо ч Арктик арилжааны ихээхэн ач холбогдолтой байгаа. Азиас Европ руу, Европоос Ази руу ачаа зөөдөг Оросын тэнгисийн умардын зам үүгээр дайрдаг. Энэ замыг ашиглаж Хятадын Шанхайгаас Германы Хамбург руу ачаа тээвэрлэхэд зайг бараг дөрөвний нэгээр богиносгоно.
Америкийн шинжээчдийн үзэж буйгаар Арктикт 1.67 их наяд куб метр хий, 90 тэрбум баррель нефть байгаа нь судлагдаагүй хийн 30, нефтийн нөөцийн 13 хувьтай тэнцэх аж. Энд бас уран, газрын ховор элемент, алт, очир эрдэнэ бий гэж байгаа.
УУЛЗАЛТЫН УУР АМЬСГАЛЫГ ПОМПЕО “ЭВДЭВ”
Сергей Лавров Арктикийн чуулга уулзалт дээр “Энэ бүс нутгийг эдийн засгийн, байгаль хамгааллын, нийгмийн гэсэн гурван чиглэлээр тогтвортой хөгжүүлэх нь Оросын стратегийн зорилго. Арктикийг аж ахуйн хувьд ашиглахдаа экологийн өндөр стандарт мөрдөж, уугуул иргэдийнх нь амьдралын хэв маяг, тэнд амьдардаг хүмүүсийн эрх ашгийг хүндэтгэх ёстой гэдэг үүднээс бид хандаж байгаа” гэж хэлжээ.
Энд үг хэлэх дарааллыг цагаан толгойн үсгийн байрлалыг баримтлан тогтоосон болохоор Лавров нэлээд сүүлд, тодорхой хэлбэл 12-т индэрт гарсан учраас Оросын дипломат байгууллагын тэргүүн, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга хоёроос өмнө канад, даничууд төдийгүй алеут, инуит, саам, кучин зэрэг эндхийн жижиг үндэстний төлөөлөл ч үгээ хэлж амжсан байв. Арктикийн баялгийн нөөц, шинэ газар нутгийн төлөө хэзээ мөдгүй эхлэх тэмцлийн талаар энд хэн ч амнаасаа үг унагасангүй. Бүгд л экологи, уугуул хүн амын байдал, эрхийн тухай л яриад байж.
Харин Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео л гол үгийнхээ өмнө гарч болзошгүй зөрчлийн ерөнхий дүр төрхийг зураглах гэж оролджээ. Тэрбээр “Арктикийн үндэстэн болохоо Америк харуулах цаг ирлээ. Энэ бүс нутаг том гүрнүүд, тэдний өрсөлдөөний талбар боллоо” гэж хэлсэн байна. Мөн улс орнууд Арктикт стратегийн үүднээс хандах, өөрийн ашиг сонирхлыг хамгаалах шинэ эрин рүү орж байна хэмээн тэмдэглэжээ.
ОРОС, АМЕРИК, ХЯТАД ГУРАВ
“Америкийн эрх ашигт хэн заналхийлж буй нь тун ойлгомжтой. Бусад бүс нутагт түрэмгий хандаж ирсэн Хятадын дадал Арктикт ч тэр хэрхэн хандах төсөөллийг бидэнд өгч байна” гэж Төрийн нарийн бичгийн дарга айлджээ. Төгсгөлийн үе шатанд Лавровын дараа үг хэлэхдээ Помпео хамтын үр ашигтай үйл ажиллагаа чухал болохыг дурдаад, Арктикийн экологид Хятад хайхрамжгүй хандаж байна хэмээн шүүмжлэх боломжоо алдсангүй. Арктикт харилцан ажиллах шинэ механизмыг олон улсын хамтын нийгэмлэг боловсруулахгүй бол “хүйтэн дайн” үүсэхийг үгүйсгэх аргагүй юм.
Тэндхийн баялгийн төлөө гол өрсөлдөгч нь Орос, Хятад, Америк гурав. “Арктик-яриа хөөрөөний газар нутаг” сэдвээр энэ оны дөрөвдүгээр сард болсон олон улсын чуулга уулзалтын үеэр Москвагийн байр суурийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тодорхойлохдоо “Арктикийн бүс нутгийн улсуудтай харилцан ажиллагаагаа бэхжүүлэхийг Орос ямагт эрмэлзэж ирсэн. Бид хамтарч байж л Арктикийг энх тайван, тогтвортой байдал, түншлэлийн газар нутаг болгож чадна” гэжээ. Арктикт гол үүрэг гүйцэтгэх бүх юм Орост үнэндээ бий. Умардын тэнгисийн замыг олон арван жил ашигласнаар хүнд хэцүү нөхцөлд ажиллах туршлагатай болсон, шаардлагатай техникийн бааз ч нь байгаа.
Оросын оролцоо түншлэлээр хязгаарлагдахгүй. Өрнөдийн цэргийн тойргийн бүрэлдэхүүнээс салгаж байгуулсан Умард флотын баазад суурилуулж 2014 оноос “Умард” хэмээх стратегийн нэгдсэн командлал бий болгосон. Үүнийг “Арктикийн цэрэг” ч гэж нэрлэх нь бий. Энэ үеэс Оросын цэргүүд Арктикт шинэ баазууд, онгоцны буудлууд байгуулж, эндхийн хатуу ширүүн нөхцөлд ажрахгүй хөдлөх, тулалдах шинэ төрлийн техниктэй болжээ.
Өөр бас нэг ихээхэн давуу тал Орост байгаа нь мөс зүсэгч хөлгүүдийн бүхэл бүтэн флот, түүнийг ашиглах туршлага юм. “Мөс зүсэгч хөлгүүд бол Арктикийн засмал зам гэсэн үг. Орост бүхэл бүтэн гол зам энд бий” гэж Аляск мужаас сонгогдсон сенатын гишүүн Дэн Салливан хэлсэн байна. Энэ үгийг үндэслэлгүй гэж гэж үзэж болохгүй. Орост мөс зүсэгч 40 гаруй байгаа бол АНУ-д аль 1970-аад онд бүтээсэн ердөө хоёр хөлөг байдгийн нэгнийнх нь эд ангийг нөгөөгийнхөө сэлбэг болгож ашигладаг. Москва бас мөс зүсэгч атомын хөлгийн флоттой. 25 мянган тонн усан багтаамжтай
“Арктика” ангиллын Оросын хөлгүүд 2.25 метр зузаан (Америкийнх 1.8 метр зузаан) мөсийг зүсэж 33.5 метр өргөн (Америкийнх 25 метр) зам гаргах чадалтай.
Энэ давуу байдлаа Орос илүү бэхжүүлэхээр төлөвлөсөн байна. “Лидер” ангиллын 72 мянган тонн усан багтаамжтай аварга хөлгүүд нь Умард тэнгисийн замаар жилийн турш явж, дөрвөн метр зузаан мөсийг хага ярж, 60 метр өргөн зам гаргаж чадна. Тэгэхээр умардын усан замаар худалдааны том хөлгүүд зорчих боломжтой болох юм. Ийм хөлгийн эхний гурвыг 2020 оны хоёрдугаар хагаст бэлэн болгохыг зорьж байна.
Арктикийн худалдааны их зам хамгаалалт шаардана. Үүнд зориулж Оросын хөлөг онгоцны үйлдвэрүүд мөс зүсэх, чирэх, харуул хамгаалалтын үүрэг давхар гүйцэтгэх хосгүй хөлгүүд хийж байна. 23 550 төслийн хөлөг онгоцнууд 1-5 метр зузаан мөсийг яраад зогсохгүй тавцан дээрээ пуужин харвах “Калибр” төхөөрөмж, 100 мм-ийн их буу, завь эсэргүүцэх Ка-27 нисдэг тэрэг, “Раптор” гэдэг өндөр хурдтай байлдааны жижиг онгоцтой. Ийм ангиллын “Иван Папанин” хөлгийн эхнийх нь 2023 онд үйлдвэрээс гарна.
Пентагон ч бас чухал алхам хийсэн байна. Эргийн хамгаалалтад зориулж хүнд мөс зүсэгч гуравтай болохоор 2019 оны дөрөвдүгээр сард шийджээ. Урьдчилсан байдлаар эдгээр хөлөг гурван метр зузаан мөсийг зүсэх чадалтай, 17.7 мянган тонн усан багтаамжтай байх бөгөөд эхний онгоц 2024 онд цэргийнхний мэдэлд ирэх бололтой.
Америкчууд тус бүс нутагт идэвхтэй хөдлөхөөр төлөвлөж буй аж. 2018 онд Америкийн цэргүүд Арктикийн байдалд ойртуулсан нөхцөлд бэлтгэл, сургуулилалт хийжээ. Энэ бүс нутгийн эд баялгийг хуваарилахад ялагдал хүлээхийг, нөлөөгөө алдахыг Вашингтон хүсэхгүй байгаа ч боломж нь харин бага юм. Тиймээс дипломат арга ажиллагаанд ороод байна. Майк Помпео тус бүс нутагт гарц байхгүй орнууд Арктикийн ажил үйлсэд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж буйгаа зарласан. Энэ “зарлал” илт Хятадын эсрэг чиглэсэн нь тодорхой.
Тэгвэл Бээжин өөрийгөө “Арктик орчмын улс” хэмээн бас зарлаж, энэ бус нутагт явуулах бодлогоо тодорхойллоо. Зарим шинжээчийн үгээр бол Арктикийн мөс хайлж байгаагаас Хятадын захын нутгууд усанд автаж болзошгүй. 20 сая орчим хүн гэр орноосоо дайжихад хүрнэ. Ерөнхийлөгч Дональд Трампын үед АНУ манай гаригийн экологийн төлөө тэмцэгчийн дүрд тоглохоос татгалзсан болохоор Хятад энэ орон зайг эзлэхийг хүсэж буй нь мэдээж. Бас энд Орос давуу байдалтай байхтай ч Бээжин эвлэрэхгүй.
Хятад өөрт байгаа эдийн засгийн хүчин чадлаа энэ тэмцэлд ашиглаж байна. Тэгээд усан буудал барих, ашигт малтмал боловсруулах зэрэгт идэвхтэй хөрөнгө оруулж эхэллээ. АНУ, Оросыг оролцуулалгүй бүс нутгийн жижиг орнууд болох Норвег, Швед, Финланд, Дани, Исландтай идэвхтэй хамтран ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний ажилд чармайлт гарган, экспедицүүд явуулж, энэ бүс нутгийн байдлыг сансраас ажиглан, тандах болов. Хятад “Сюэлун-2” гэдэг хүнд мөс зүсэгч хөлгөө энэ онд угсарч дуусах ёстой.