Улсын эмнэлгүүдийн засаглалыг бие даасан тогтолцоонд шилжүүлнэ гэж мөн ч их ярилаа. Нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдэх юм одоогоор лав алга. 2019 оны улсын төсвийг батлах үеэр эмнэлгийн бие даасан байдлыг хангах замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, өрсөлдөх чадварыг сайжруулна гэдгээ УИХ-ын гишүүд илэрхийлсэн. Эхний ээлжид Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг сонгон, эмнэлгийн удирдлагуудыг төсвийн менежментээ бие даан боловсруулж, эмчилгээ, үйл чилгээнийхээ чанарыг сайжруулах үүрэг өгч байв. Гэвч энэ нь бас л талаар болсон.
Улсын эмнэлгүүдийн урагшгүй тогтолцооноос болж сүүлийн 20 гаруй жил иргэд эмчилгээ, үйлчилгээгээ голж, итгэл алдраад буй. Монголд Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн он жилүүдэд ганцхан эрүүл мэндийн салбар хуучин нийгэмтэйгээ “хадагдаж” хоцорсон. Тиймээс эрх баригчид эмнэлгүүдийг зах зээлийн зарчмаар хөгжүүлнэ хэмээж, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг 2016 оны дөрөвдүгээр сард баталсан билээ. Уг хуулийг батлуулсан гол үндэслэл нь эмнэлгүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр ашгийг сайжруулахын тулд эрүүл мэндийн байгууллагыг бизнесийн орчинд улс төрөөс ангид байлгана. Өмчийн бүх хэлбэрийг зах зээлийн харилцаанд тэгш оролцуулах, иргэдэд чанартай, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэхэд эмнэлгийн санхүүжилтийг зарцуулна гэсэн. Хууль эрх зүйн орчин нь ийнхүү бүрдчихээд байхад эмнэлгүүд төр, засгийн гар харсан хэвээр.
Уг нь дээрх хуулийг баталсны дараа Засгийн газар, ЭМЯ-ныхан “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр эхлүүлсэн. Үүний хүрээнд тухайн үед 10 эмнэлгийг турших талаар ярьж байв. Гэвч 2017 оны есдүгээр сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, ЭМЯ-ны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь уг төслийг гацаахад хүргэсэн байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд төрийн өмчийн бүх эмнэлэгт Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) байгуулахаар зааж, Удирдах зөвлөл болон эмнэлгийн удирдлагыг томилох журмыг ЭМЯ батлах ёстой байв. Эл журам нь батлагдахгүй саатсанаар дээрх төслийн хүрээнд эмнэлгүүдэд сургалт хийх боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдийг бие даасан тогтолцоонд шилжүү лэх туршилтууд хойшлогдсон байна.
Харин өдгөө дээр дурдсан 10-аас Арьсны өв чин судлалын үндэсний төв, Сэлэнгэ, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн засаглалыг өөрчлөх ажлыг эхлүүлсэн гэх нааштай мэдээ дуулдав. АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяагаас энэ талаар тодруулахад “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийг манайх салбарын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Эмнэлгүүдийн засаглалыг өөрчлөх асуудал амаргүй тул хугацаа их орно. Одоогоор уг хуулийн дагуу гарах дүрэм, журмуудыг боловсруулаад дууссан. Эмнэлгүүд бие даасан болохын тулд ТУЗ нь ямар дүрмээр ажиллах, эмнэлгийн дарга, зөвлөлийн гишүүдээ хэрхэн сонгон шалгаруулах зэрэг удирдамж багтсан. Олон хүн асуудаг. Эмнэлгийн засаглал өөрч лөгдөж, бие даасан тогтолцоотой болохоор хувьчлагдана гэсэн үг үү гэж. Одоо ярьж буй засаглалын хэлбэр нь үүнээс ондоо ойлголт. Өмч төрийнх байна, харин менежментийн хувьд бие даан шийдвэр гаргах, төсөв, санхүүгээ захиран зарцуулах эрхтэй болно. Үүнийг дагаад өрсөлдөх чадвар ч сайжрах юм. ТУЗ нь эмнэлгийн даргаа томилно. Эмч, мэргэжилтнүүд нь ажлын үр дүнгээрээ цалинжина гэсэн үг. Тодруулбал, тухайн эмнэлэг хоёр үндсэн чиглэлээр улсаас хараат бус ажиллана. Нэгдүгээрт, хүний нөөцийн асуудлаа өөрсдөө шийдэх юм. Өмнө нь “Танайх 100 орон тоотой ажилла” гээд мөнгө өгдөг байсан бол одоо эмнэлэг өөрийн төсөвт тохируулж, шаардлагатай хүмүүсээ нэмж, шигшинэ гэсэн үг. Хоёрдугаарт, дээр хэлсэнчлэн төсвөө захиран зарцуулах. Энэ нь маш чухал. Улсын төсвөөс болон Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог санхүүжилтийг хэрхэн оновчтой хуваарилж, юунд зарцуулахаа эмнэлгийн ТУЗ шийднэ” гэж ярилаа.
Түүний хэлснийг нэмж тодруулахад, ТУЗ нь өмчлөгч, үйлчлүүлэгч, мэргэжилтний төлөөллөөс бүрдэх юм. Эмнэлгийн захирал өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд дотоод бүтэц, зохион байгуулалт, менежментээ удирдан явуулна. Харин санхүүжилтийг эмнэлгийн удирдлага болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын хоорондын гэрээний үндсэнд олгох аж. Ингэхдээ төлбөрийн арга, зардлын хэмжээг олон улсын жишигт нийцүүлэн төрөл, оношийн бүлэг, бодит өртөг, чанар, гүйцэтгэлтэй уялдуулах юм байна. Энэ бүхнийг хянахын тулд хөрөнгө бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулж, түүгээр тоног төхөөрөмжийн хэрэгцээ, засвар үйлчилгээ, ашиглалт зэргийг тусламж, үйлчилгээний шатлалаар тодорхойлох гэнэ.
Уг асуудлаар ЭМЯ-ныхнаас мэдээлэл авах гэтэл “Эмнэлгийн засаглалын асуудлыг ярих болоогүй” хэмээн халгаасангүй. Төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах, эмч, удирдлагуудыг санаачилгатай, идэвхтэй ажиллуулахын тулд эмнэлгүүдийн засаглалыг өөрчлөх нь хамгийн зөв шийдвэр. Гэвч албаны хүмүүс үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байна уу, дорвитой хөдөлж өгөхгүй юм.
Эмнэлгийн санхүүжилтийн гол цөм нь Эрүүл мэндийн даатгал. Иргэд “Намайг өвдвөл эмчлээрэй” гэж сар бүр шимтгэл төлдөг. Харин эмнэлгүүд “тусдаа гарчихвал” Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилсэн хүнийхээ тоогоор санхүүждэг болох юм. Шинэ тогтолцоо ердөө л энэ. Гэтэл эдүгээ “Танайх жилд 100 мянган хүн үзэж, 10 мянган өвчтөн эмчилж, 2500 хүнд мэс засал хийдэг. Энэ хэмжээнээс хэтрүүлэхгүй шүү” гээд төсөв хуваарилж байна. Үүнээс олон хүн үзэж, эмчилбэл өрөнд ордог. 20 болон хоёр жил ажилласан эмчийн цалин бараг ялгаагүй. Урамшуулахын оронд уурлаж, цалин хөлсийг нь танадаг. Ажил, мэргэжлийнх нь туршлагыг үнэлэхгүй байгаагаас манайд эмч, сувилагчийн харьцаа олон улсын дунджаас гурав дахин бага болсон. Чадалтай, чадвартай эмч, сувилагч нар нь хувийн эмнэлэг бараадаад, зарим нь байгуулаад явчихсан. Төрийн өмчийн эмнэлгүүд мэргэжлийн, өндөр зэрэглэлийн боловсон хүчнээр ангаж, цангаж байгаагийн гол шалтгаан нь энэ гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьж байна.
Нөгөөтээгүүр улсын төсвийн мөнгийг эмнэлгүүд үр ашиггүй зарцуулдаг, тусламж, үйл чилгээнд нь оновчтой хуваарилдаггүй гэж олон нийт шүүмжилдэг. Эмнэлгийн удирдлага төсвөө “барьдаг” болбол “Хүний мөнгө юм чинь, яадаг юм” гэсэн хоноцын сэтгэлээр хандахгүй. Ж.Алтантуяа мэргэжилтэн хэлэхдээ “Хүний, иргэний, үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлсэн эмнэлэгтэй болъё гэвэл засаглалыг нь нэн даруй өөрчлөх шаардлагатай. Эрүүл мэндийн байгууллагууд ч хэнд, ямар тусламж хэрэгтэй вэ гэдгээ мэддэг, мэдэрдэг болно гэсэн үг. Чадвартай эмч, сувилагч нартаа өндөр цалин өгч, бусад ажилтан ч гүйцэтгэлээрээ хөлсөө аваг” гэв.
Эрүүл мэндийн даатгалын сангийн сүүлийн таван жилийн орлого нь зарлагаасаа өчнөөн тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлтэй гарчээ. Эрүүл мэндийн салбарын сүүлийн таван жилийн нийт санхүүжилт 600-800 тэрбумаар хэмжигдэж байна. Ийм байхад эмнэлгийн тусламж иргэдэд хүртээмжгүй, шуурхай бус, тоног төхөөрөмжгүй, эмч, ажилтнуудын цалин бага, үйлчилгээний соёл муу байгаа нь менежменттэй холбоотой. ДНБ-д эрүүл мэндийн салбарын зардлын эзлэх хувь сүүлийн жилүүдэд буурсан, хөрөнгийн зардал багассан, нийт санхүүжилтийн дийлэнх хувийг тусламж, үйлчилгээнд зарцуулахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Энэ бүхэн төсвийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж байгааг илтгэх баримт юм.
Эрүүл мэндийн салбар бол маш том зах зээл. Өндөр хөгжилтэй орнууд эдийн засгийнхаа гуравны нэгийг эл салбараас бүрдүүлдэг. Манайхан эмнэлгүүдээ ашгийнх болгож чаддаггүй юм гэхэд ядаж алдагдалгүй ажиллуулдаг болгох сон. Төсвөө захиран зарцуулах эрхийг нь төрийн өмчийн эмнэлгүүддээ олгоё.