БНСУ-аас хэсэг эмч жил бүр Монголд ирж нүдний болор солих, хүүхдийн хялар засах мэс заслыг үнэ төлбөргүй хийдэг. Энэ удаа буюу 18 дахь жилдээ тэдгээр эмч Увс аймагт ажиллаж, олон зуун хүнд “нүд” бэлэглээд, өнгөрсөн долоо хоногт нутаг буцсан юм. Дэлхийн 38 оронд ийм буянтай үйлс хийдэг тус багийн ахлагч Ким Дун Хэй эмчтэй ярилцлаа. Тэрбээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Vision care” байгууллагыг үүсгэн байгуулагч бөгөөд өдгөө ТУЗ-ийг нь тэргүүлдэг, мөн тус байгууллагын Америк дахь салбарын гүйцэтгэх захирал юм байна. БНСУ-ын Сөүл хотын Мёндун дүүрэг дэх түүний хувийн эмнэлгээр үйлчлүүлж, харааны эрхтэндээ хагалгаа хийлгэсэн олон монгол хүн тун ам сайтай байдаг юм билээ. Мөн “Ким Дун Хэй мэргэжлийнхээ хувьд аатай шигээ хүнийхээ хувьд ховор сайхан зан чанартай” гэж шавь нар нь магтав. Ийм нэгэн эмчтэй ярилцсанаа хүргэж байна.
-Тантай ярилцахаасаа өмнө “Vision care” байгууллагын талаар уншиж, судаллаа. 20-иод жилийн турш олон орны иргэдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, “нүд” бэлэглэсэн буянтай газар юм байна. Сүүлийн үед дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, үүнийг дагаад багагүй мөнгө эргэлддэг болсон. Жишээ нь, Монголд солонгос эмч нар ирж гоо сайхны хагалгааг өндөр төлбөртэй хийдэг ч нэлээд эрэлттэй байдаг. Гэтэл та бүхэн 38 улсад төлбөргүй үйлчилгээгээ сайн дураараа хүргэж байна. Яагаад мөнгө олох бус, асар их хөрөнгө зарлагаддаг замыг сонгох болсон юм бэ?
-Аль ч улсад иргэдийн амьжиргаа харилцан адилгүй байдаг. Мөнгөтэй, боломжтой, мэдээлэлтэй хүмүүс хүссэн эмчилгээндээ хамрагдаад явдаг. Харин нийгмийн эмзэг бүлгийнхэн, бага орлоготой, санхүүгийн боломжгүй хүмүүс эмнэлгийн аливаа эмчилгээ үйлчилгээ авч чаддаггүй. Хязгаар нутгийнханд ч тулгардаг нэг асуудал нь энэ.
“Vision care” байгууллага мөнгөтэйд нь бус, хүнд хэцүү амьдралтай хэсгийнхэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэх зорилгоор байгуулагдсан. Энэ зорилт, зорилгоосоо хазайлгүй олон тивийн иргэдэд “нүд” бэлэглэсээр байна. Бид үйл ажиллагаагаа чин сэтгэлээсээ хүсэж, сайн дурын үндсэн дээр хийдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, өөрийн хүсэл, зориг, зорилгоор буянтай үйлс хийхээр нэгдсэн хүмүүс “Vision care” байгууллагыг бүрдүүлдэг юм.
-Танай байгууллагынхан дэлхийн хэмжээнд 303 дахь удаагаа зохион байгуулсан буяны үйлсийнхээ хүрээнд Монголын Увс аймгийн төв Улаангомд хэчнээн хүнд үзлэг, эмчилгээ, хагалгаа хийсэн талаараа тодруулна уу?
-Бид 2005 оноос хойш жил бүр Монголд ирж үзлэг, эмчилгээ, нүдний болор солих, хүүхдийн хялар засах мэс засал хийж ирсэн. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар, Багануур, Хөвсгөл, Орхон аймгийн иргэдэд хараа заслын эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн бол энэ сарын эхээр Улаангомд ажиллалаа.
1400 гаруй иргэнд үзлэг, оношилгоо, тэдгээрээс 70-д нь болор солих мэс засал хийсэн. Энэ бол олон улс дахь 303, Монголын хувьд 17 дахь удаагийн үйл ажиллагаа юм. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд Монголын 10 мянга гаруй иргэнд бид эмчилгээ, үйлчилгээгээ хүргэжээ.
2000-аад оны эхээр танай улсын хэмжээнд нүдний эмнэлэг цөөн байсан учраас манай багийнхан их ачаалаалтай ажиллаж, шөнө хүртэл мэс засал хийж байлаа. Өнөөдөр харин энэ чиглэлийн эмч, эмнэлэг олон болсноос гадна нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаа ч харьцангуй сайжирсан нь ялангуяа Улаанбаатарт илт мэдрэгдэж байна.
Тиймээс бид Хөвсгөл, Увс зэрэг алслагдсан аймгийн иргэдэд түлхүү хүрэхээр зорьж, энэ удаа Улаангомыг сонгосон юм. Бид нүдний болор солихоос гадна сүүлийн 10 жилийн хугацаанд хүүхдийн хялар засах мэс засал хийж ирсэн.
-Хэчнээн хүүхдийг хялар засах хагалгаанд хамруулсан бол. Энэ төрлийн хагалгааг хэдэн настайд нь хийдэг вэ?
-Жилд дунджаар 27 хүүхдийг эл төрлийн хагалгаанд хамруулдаг. Ийм эмчилгээг 18 сараас дээш настай хүүхдүүдэд хийдэг бөгөөд мэргэжлийн эмч үзээд яаралтай мэс засал хийх үү, харааны шил зүүлгэх, эсэхийг шийддэг.
-Та бүхэн ойрын болон хэтийн зорилгоосоо хуваалцана уу.
-Бидний хамгийн том зорилго бол олон орны иргэдэд гэрэл гэгээтэй ирээдүй бэлэглэхийн зэрэгцээ тухайн улс, бүс нутгийн мэргэжил нэгт эмч, сувилагч нарыг сургах, тэдэнд зөвлөх, ялангуяа ажлын байран дахь буюу практик сургалтад хамруулах юм. Манай байгууллагын эмч, сувилагч, мэргэжилтнүүд олон оронд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэнгээ мэргэжил нэгтнүүдээ сургаж, дадлагажуулахын зэрэгцээ өөрсдөө ч суралцдаг.
-Өнгөрсөн хугацаанд хэдэн мянган монгол хүнд болор суулгаж, хялар засахын зэрэгцээ манай эмч, эмнэлгийнхэнд сургалт явуулсан юм байна. Тэгэхээр Ким Дун Хэй эмч олон монгол шавьтай болсон уу?
-Улаанбаатар дахь “Сөүл” нүдний төвийн эмч Б.Батчимэг олон жилийн өмнө БНСУ-д мэргэшин сурч байх үед нь бид танилцсанаар өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Энэ хүн Монголд уян болорын хагалгааг анхлан хийсэн бөгөөд манай хамт олны нэг хэсэг болтлоо нөхөрлөсөн, туршлагатай эмч.
Түүний хамтрагч, хялар засах болон мэс заслын унтуулгын гурван эмч, 4-5 сувилагч манай багийнхантай олон жил хамтран ажиллангаа суралцсан байна. Сая Увсад солонгос, монгол нийлсэн долоон эмч, дөрвөн сувилагч ажиллалаа.
Тодруулбал, бидэнтэй хамт Батчимэгээс гадна тухайн орон нутгийн хоёр эмч, АШУҮИС-ийн нэг резидент ажиллаж, харилцан туршлага судалсан. Энд нэг зүйл дурдахад, манай баг 15 хүний бүрэлдэхүүнтэй Монголд ирсэн. Тэд маань бүгд тус бүрийнхээ үүргийг сайн гүйцэтгэжээ.
-Сүүлийн үед аливаа осол, байгалийн гамшгийн үед ажиллах сайн дурынхныг бэлтгэхэд дэлхийн хэмжээнд онцгой анхаарч байна. Танай байгууллагынхан энэ тал дээр мөн анхаардаг гэсэн үү?
-Дэлхийн хаана байгаагаас үл шалтгаалаад олон нийтийг хамарсан эмнэлгийн болон буяны үйлсэд сайн дурынхныг хамруулдаг нь тогтсон жишиг. Энэ утгаараа өөрийн хүслээр бидний үйл ажилд оролцдог сайн дурынхныг давхар бэлтгэдэг гэж болно.
-Солонгост төдийгүй олон улсад тэргүүлэх зэргийн эмчтэй уулзсаных өөрийнх нь гардан хийсэн хагалгааны ховор тохиолдлуудаас мэдмээр байна. Ялангуяа Монголд онцгой тохиолдол гарч байв уу?
-Өмнө нь хийлгэсэн хагалгаа амжилтгүй болсны улмаас өрөөсөн нүд нь хараагүй болсон гурван хүнд бид сая мэс засал хийлээ, Увсад. Магадгүй сайн мэргэшээгүй эмчийн алдаа байхыг үгүйсгэхгүй. Ингэж өрөөсөн нүдтэйгээ үлдсэн хүнд мэс засал хийх нь өндөр эрсдэлтэй. Маш хүнд тохиолдол байлаа. Гэхдээ мэс засал амжилттай болсон.
Энэ удаагийн хамгийн залуу өвчтөн маань 25 настай Солонго гэдэг бүсгүй байсан. Нэг нүд нь төрөлхийн гажгийн улмаас харахгүй шахам байсан. Өнөөдөр бидэнтэй адил маш сайн хардаг болсон.
-Эмч нар үргэлж талархлын үг сонсдог ч тэр дундаас сэтгэлд илүү хүрсэн нь юу бол. Өвчтөнүүд тань талархлаа илэрхийлсэн онцгой тохиолдол байна уу?
-Увс аймгийн 96 настай эмээ энэ удаагийн хагалгааны хамгийн ахмад нь байлаа. Тэрбээр баярласан сэтгэлээ илэрхийлээд 20 мянган төгрөг бэлэглэсэн. Тоо нь чухал биш л дээ. Сэтгэл нь гоё байгаа биз дээ. Татгалзвал эмээ гомдох учраас би маш их бэлгэшээгээд авсан. Сэтгэл үнэхээр хөдөлсөн шүү. Солонгос настнууд ч баярласан сэтгэлээ илэрхийлж жимс, амттан авчрах нь бий. Монголчууд ааруул, өрөм, сүү өгч байлаа. Би өрмөнд их дуртай.
-Монголын юу нь илүү таалагддаг, мөн юу нь сэтгэл тань нийцдэггүй вэ?
-Солонгос өндөр уулстай, Монгол шиг хараа бэлчээх газаргүй. Танай оронд ирээд нүд алдам талыг хараад сэтгэл уужирдаг. Тэртээд байгаа зүйл хүртэл бүртийж харагдаад сайхан шүү дээ. Монгол үнэхээр сайхан байгальтайн дээр монголчууд солонгосчуудтай олон талаар адилхан. Тиймээс бусад улсаас илүүтэй Монгол дотно санагддаг. Үүнээс гадна хамтран ажилладаг мэргэжил нэгт нөхдөдөө их дассан байна.
Сэтгэлд нийцдэггүй зүйл гэхээсээ илүүтэй бидэнд тулгардаг хүндрэл бий. Хил, гааль дээр эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэл зэргийг нэвтрүүлэхэд асуудал үүсдэг. Улсын хууль, журам хатуу гэдгийг мэдэж байгаа ч бид тасралтгүй 20 шахам жил ирж, хүмүүст сайн сэтгэлээр тусалж байгааг бас зөв ойлгоосой гэж хүсэж байна. Хил, гааль дээр эм бэлдмэл, багаж хэрэгсэл гацсанаас болж өвчтөнүүдийн эмчилгээ саатах, хагалгаа хойшлогдох, төлөвлөснөөс цөөн хийх зэрэг хүндрэл, асуудал гардаг.
Сэтгэл эмзэглүүлдэг өөр нэг асуудал гэвэл, монгол хүмүүс хараагаа бараг алдах шахсан хойноо эмнэлэгт хандаж байна. “Жаахан эрт ирсэн бол илүү сайн хардаг болох байлаа” гэж олон хүнд хэлэхэд сэтгэлд үнэхээр хэцүү. Мөн “Хэтэрхий оройтжээ” гэж хэлсэн тохиолдол ч олон. Үргэлж нар шарж байдаг Африкт ч ховор тохиолддог цаг агаараас шалтгаалсан эвэрлэг бүрхүүлийн бүдэгшил буюу харах чадвар буурах өвчин Монголд элбэг. Нарны нөлөөллөөс шалтгаалдаг өвчин хэдий ч уламжлалт хоол, хүнс, цаг агаарын нөхцөл ч тодорхой хэмжээнд холбоотой. Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал.
Урьчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын чухлыг хаана хаанаа сайн ойлгуулж, ухуулж, мэдээлэх учиртай. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч үүнд анхаарч, мэдээллийг цэгцтэй, байнга өгч байгаасай. Эрүүл мэндийн боловсролыг ерөнхий боловсролын сургалтаар олгох нь илүү үр дүнтэй. Сурагчдын харааг жил бүр сургуулийн орчинд нь шалгаж, нүдний шил тааруулах нь ч чухал шүү. Эрүүл байж л хүүхэд сайн сурна. Монгол Улс хөгжихийн тулд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарах ёстой гэж бодож байна.
Түүнчлэн хөл дээрээ бат зогссон том компаниуд болон хөрөнгө чинээтэй хүмүүс олон нийтийн сайн сайхны төлөө тодорхой хэмжээнд буян хийх нь хүмүүнлэг энэрэнгүй үйл гэдгийг үргэлж санаж байгаасай. Зөвхөн өөрийн төлөө мөнгө хуримтлуулах нь чухал биш гэдгийг дэлхийн чинээлэг хүмүүс үлгэрлэдэг шүү дээ.