Танихгүй дугаараас ирсэн дуудлагыг автал “МУИС-иас ярьж байна” гэв. Монгол Улсын эрдмийн их өргөө хэмээн хүндэтгэн боддог эрхэм сургуулиас сайхан мэдээ дуулгахаар залгасан нь тэр байлаа. “Өнгөрсөн намар Таны бичсэн “Амьдрал сайн уу” цувралын “Гээгдэгсэд” сурвалжилгын гол баатар Б.Оюунтунгалаг манай сургуульд ажилладаг болсон. Таны сурвалжилгыг уншаад энэ эмэгтэйг ажилд авъя гэж шийдсэн юм. Энэ шийдвэр буруу байгаагүй, бид буруу хүнд итгэл хүлээлгэж, сонгоогүйг харуулж Б.Оюунтунгалаг сайн ажиллаж байгаа. Түүнийг ажилдаа сэтгэлээсээ ханддаг, идэвх, санаачилгатай гэж хамт олон нь магтдаг. Таныг ч бас үүнийг мэдээсэй гэж бодлоо” хэмээлээ.
Нэг хүнд ногдох ҮНО, ДНБ-ий хэмжээгээр ойролцоо, дундаж орлоготой бусад орон, тухайлбал, мэргэжлийн хүмүүс манайхтай ойролцоо хэмээн үзэж, харьцуулан судалдаг Шри Ланкад ядуурал 4.1 хувьтай байхад Монгол Улсын нийт хүн амын 30 хувь нь ядуу амьдарч буй. 60 гаруй сая малтай, байгалийн асар их баялагтай хэмээн цээжээ дэлддэг атлаа ядуурал яагаад ийм өндөр байгаа, ядуурлын шалтгаан хаана, юунд оршиж буйг албан тасалгааны цонхоор бус, ард иргэдийн дундаас харах зорилго тээсэн “Амьдрал сайн уу” цуврал, тэр дундаа “Гээгдэгсэд” сурвалжилгын дагуу олон уншигч манай редакцад хандсан юм.
Амьдралын эрээн барааныг сөрж, сөхрөлгүй тэмцэж яваа бүсгүйд тусалъя, эхний ээлжинд хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгслийг бэлэглэе, өөрөө хүсвэл Б.Оюунтунгалагийг ажилд авч, бага хүүхдийг нь цэцэрлэгт оруулъя, яваандаа өөрийн гэсэн гэр оронтой болгох талаар хөөцөлдье гэж бялуу, нарийн боовны салбарт тэргүүлэгч “Батбайгаль” компанийн зөвлөх Д.Оюунтуяа сайхан сэтгэлээ дэлгэсэн. Хувцас хунар, мөнгө төгрөгөөр тусалъя гэсэн хүн ч олон.
Хүнд туслах, чадаж гэмээн босгоод ирэх сайхан ч хэн нэгний амьдралд хэтэрхий оролцох, хувь тавиланг нь хүчээр өөрчлөх гэж оролдох нь тийм ч зөв шийдэл биш гэж үздэг учраас, хандив цуглуулах нь миний нэн тэргүүний зорилго бус тул хандсан хүмүүст Б.Оюунтунгалагийн утасны дугаарыг өгөхөөс цааш хэтрэхгүй байхаар өөрийн хүлээх үүрэгт хязгаар тогтоосон юм.
Харин бичсэн сурвалжилга маань “ажлаа хийсээр” байсны ачаар “Архинд дуртай, агсам аавын дарамтаас гарч, өөрийн гэсэн гэр орон, амьдралтай боллоо гэтэл өөр нэг архичин, хүчирхийлэгчийн гарт орсон, түүнээсээ зугтан нийслэлийг зорьж, амьдралын хамаг л хатуу хөтүүг бүсгүй биеэрээ туулж, давж гарна гэсэн итгэлээр зүтгэж буй “азгүй” эмэгтэйчүүдийн нэг” хэмээн тодорхойлж байсан Б.Оюунтунгалаг маань МУИС хэмээх хүндтэй байгууллагын ам бүлд багтжээ.
Мөнгөгүй хүнийг өт хорхой мэт няц гишгэдэг харгис нийгэмд нэг ч гэсэн ээж тогтсон ажилтай, тосоод авах хамт олонтой болов. Гурван хүүхэд нь мөр бүтэн, гэдэс цатгалан ирээдүй өөд алхах боломж бүрдэж. Үүн шиг сайхан зүйл юу байх билээ. Өнгөрсөн намар бараан голдуу базаахгүй зүйл ярьж суусан Б.Оюунтунгалагтай энэ удаа өөдрөг, гэгээлэг зүйл ярилцахаар дахин болзох сайхан байлаа.
Ажил, орлоготой болсон тань сайн хэрэг. Ажлаа аль хэдийн гартаа оруулсан гэж дууллаа?
-МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам сонины нийтлэл уншаад, “Энэ хүнийг олоод ир” гэж оюутны нэгдүгээр байрны жижүүр Бямбаа эгчийг явуулсан гэсэн. Бямбаа эгч хаа байсан Тахилт руу явж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооноос намайг сураглаж, олжээ. Бямбаа эгч надтай ярилцаж, ахуй амьдралыг минь хараад явснаас 2-3 хоногийн дараа Ч.Ундрам захирал дуудсан.
Би өмнө нь тийм том хүнтэй уулзаж байсан биш, Ч.Ундрам захиралтай уулзахдаа маш их сандарсан. Биеэ барьж, хамаг хөлс гоожоод, бараг чичирсэн байх аа. Ярилцаад эхэлтэл энгийн, зөөлөн эмэгтэй байсанд нь тайвширч, сандрал арилан, асуултад нь хариулж, байгаа байдлаа ярьсан. Тэгэхэд захирал “Зөв сэтгэлтэй хүн байна гэж итгээд ажилд авлаа. Олны дотор янз янзын зан ааштай хүн бий. Тэр бүхний эвийг олж, хүмүүстэй зөв харилцаад, ажлаа сайн хийгээрэй” гэсэн.
Арванхоёрдугаар сарын 3-нд ажилдаа орсон гэхээр хагас жил өнгөрсөн байна. Би МУИС-ийн оюутны гуравдугаар байрны нэг, хоёрдугаар давхар, гадна талбайн цэвэрлэгээ хариуцдаг. Ямар боловсрол, мэдлэг шаардсан хүнд ажил биш, угааж, цэвэрлэхийг чадахгүйн зовлон байхгүй хойно, ажилд түүртэх зүйл алга.
Аливааг чин сэтгэлээсээ хийж байж үр дүн сайнаар гарна гэж би боддог. Шалаа угаачихаад өрөө ямар цэвэрхэн, саруулхан болсныг харах сайхан. Ажлаа сайн хийчихээд түүнийгээ харж баярлах, урам авахын сайхныг одоо л мэдэрч байна. Зөвхөн цэвэрлэгээ хийгээд орхих биш орчноо тохитой байлгахын тулд цэцэг, зүлэг тарихаар оролдож байгаа. Оюутнуудаа өөрийн хүүхэд шиг, дүү шиг бодож, харилцахыг хичээдэг. Аав, ээжийнхээ дэргэдээс дөнгөж холдож буй тэд хүүхэд л болсон хойно сахилгагүйтнэ, зүггүйтнэ. Тэр тоолонд нь аашилж загнахгүй, эвээр хэлж ойлгуулахыг боддог.
-Цалин нь амьдралд нь хүрэлцэхээр байна уу?
-Би огт цалингүй байсан хүн шүү дээ. Тэгэхэд болоод байсан юм чинь ямар ч цалинг хүргэнэ. Ажиллаж ажиллачихаад цалингаа авч чадахгүй байх вий гэсэн айдасгүй, ямар ч эргэлзээгүй итгэж болох баталгаатай, нийгмийн даатгал төлдөг, бас хүлээх үүрэг, хариуцлага, ажил, амралтын цаг гээд бүгд тодорхой, түүнийгээ баримталдаг ийм том байгууллагад ажиллах сайхан байна.
Амьдрал минь найдвартай гараас атгаж, том ар тал, нөмөр нөөлөгтэй болсон мэт санагдаж, ирээдүй гэрэл гэгээтэй харагддаг болсон. Хүн сайныг хүсэж, мөрөөдөж явахад биелдэг юм байна. Сайхан ажилтай, сайн хамт олонтой болгож өгөөрэй гэж би тэнгэр бурхнаас гуйдаг байсан. Одоо бол би МУИС-д ажилладаг гэж таарсан хүн бүрт хэлмээр санагдаж байна. Өглөө босоод би ажилтай хүн шүү гэж бодох, үүр цүүрээр гэрээсээ яаран гарах гоё. Үйлчлэгч ч бай, хэн ч бай, МУИС-д ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Хамт олны маань хүнтэй харилцах харилцаанаас эхлээд шал өөр газар шүү. Дандаа эрдэмтэн мэргэд чуулдаг энэ газарт ажиллаж байхад ирээдүй минь баталгаатай гэж бодож байна.
-Ирээдүйд итгэх итгэл, хүсэл мөрөөдөл дүүрэн байгааг чинь харах сайхан байна.
-Ирээдүйгээ улам сайхнаар төсөөлдөг болсон. Байнгын ажилтай, тогтмол цалинтай болсон юм чинь амьдрах орчин нөхцөл ч өөр болно гэдэгт итгэж, цаашид хэрхэхээ төсөөлдөг. Цалингийн зээл авч, өөрийн гэсэн хашаатай болно, хэдэн жилийн дараа тэндээ байшин барина гэж мөрөөдөж байгаа.
Үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой хүн болгоно гэсэн мөрөөдөлдөө ч ойртсон. Хүүхдүүддээ “Ээж нь үйлчилгээний ажил хийж байгаа ч гэсэн МУИС хэмээх энэ эрхэм байгууллагын босгоор давж чадлаа. Монголын ууган, хамгийн сайн их сургуульд ажиллаж байгаа. Нэг ажлын байранд хоёр хүн очлоо гэхэд МУИС-ийг төгссөнийг нь авдаг гэсэн. Хүүхдүүдээ МУИС-д сургана. Ээж нь ямар ч байсан та гурвыгаа өлсгөж, цангаахгүй, юмаар дутаахгүй. Үнэтэй тансагийг нь биш юм гэхэд хэр таарууг нь авч өгөөд байж чадахаар болсон. Та нар хичээлээ л сайн хийгээрэй” гэж хэлж байгаа.
-Ажилтай, хамт олонтой байхын сайхныг мэдрүүлсэн үйл явдал олон тохиов уу?
-Хамт олонтой байх, ийм том байгууллагад ажиллахын сайхныг алхам тутамдаа мэдэрч, талархаж явна. Тэр дундаас баяр, тэмдэглэлт өдрүүд мартагдашгүй дурсамж үлдээдэг юм байна. Ажилд ороод удаагүй байхдаа байгууллагынхаа шинэ жилийн баярт оролцсон. Тийм том арга хэмжээнд бараг орж үзээгүй явсан. Үнэхээр сайхан санагдсан.
-Гэр чинь Тахилтад хэвээрээ юу. Холоос ирэх амаргүй байна уу?
-Хүүхдүүдийн сургууль тэнд болохоор Тахилтад айлын хашаанд байгаа. Хожигдож, хэл ам татлан, хүний итгэл алдаж байснаас эрт ирсэн нь дээр гээд өглөө 06.00 цагт гэрээс гарч, автобус дамжсаар ирэхэд яг таардаг.
-Бага охиноо цэцэрлэгт өгчихсөн үү?
-Зөөх хүнгүй болохоор цэцэрлэгт өгөөгүй. Хоёр томын хичээлийн цаг зөрдөг учраас бага дүүгээ ээлжилж хардаг. Бүр харах хүнгүй болбол худгийн ус түгээгчид түр үлдээдэг юм. Бид хэд дажгүй ээ, ингээд амьдраад л байна.
-Өнгөрсөн жил сурвалжилга нийтлэгдсэний дараа хүмүүс манай сонины редакц руу болон надтай холбогдож, утасны дугаарыг чинь нэлээд асуусан. Тэд холбогдсон уу?
-Зөндөө хүн холбогдсон. Нэг эмэгтэй сар бүр дансанд маань 100 мянган төгрөг хийж байгаа. Утсаар ярьж, дансыг минь авснаас хойш дахин холбогдоогүй, нэрийг нь мэдэхгүй, зүсийг нь хараагүй энэ эмэгтэйд баярлалаа, сайхан сэтгэлд тань бид дөрөв дандаа талархаж суудаг гэдгийг минь дамжуулж өгөөрэй. Танай сониныг уншаад холбогдсон юм чинь энэ удаа ч талархсан сэтгэлийн үгийг минь олж үзнэ гэдэгт итгэж байна. Хөлсөө урсгаж олсон, сэтгэлээ шингээж өгсөн хүний мөнгийг би дэмий зүйлд үрэхгүйг хичээдэг. Түүний илгээсэн мөнгөнөөс гэртээ тогоо, ус буцалгагч гээд дээшээ харсан сав авсан. Хүүхдүүддээ хувцас авч өгсөн. Ажилд орж, цалингаараа өдөр тутмын хэрэглээгээ хангаад явахуйц болсон болохоор өнгөрсөн сараас дансанд орж ирдэг мөнгөө хүүхдүүдийнхээ нэр дээр хадгалж эхэлсэн. Удахгүй хүүхдүүд минь дунд сургуулиа төгсөнө. Тэр үед их сургуульд сургах сургалтын төлбөртэй байх юм сан гэж чин сэтгэлээсээ хүсэж буй учраас цалингаасаа ч илүүчилж, хадгалахыг зорьж байгаа.
Ажилд авъя, өөрийн гэсэн хашаа, гэртэй болоход нь тусалъя, хувцас, хэрэгсэл өгье гэсэн хүмүүс ч нэлээд холбогдсон. Манайх хотоос хол, хүүхдүүдийн хичээл сургууль эхлэх үе таарсан болохоор хүмүүс зорьж очиж амжихгүй, би ч бага охиныг харах хүнгүйдээд тэр болгон руу явж чадаагүй өнгөрөөсөн тохиолдол бий. Ямар ч байсан сэтгэл гаргасан бүх хүнд баярлалаа. Амьдралыг минь сурвалжилж, олон нийтэд хүргэж өгсөн Танд болон “Өнөөдөр” сонины хамт олонд, бас надад итгэл хүлээлгэж, халуун сэтгэлээр хандсан Ч.Ундрам захиралдаа чин сэтгэлээсээ баярлаж сууна.
Ч.УНДРАМ: ЗӨВ ХАНДЛАГАТАЙ, АЖИЛДАА СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДДАГ ХҮНИЙГ
АЖИЛД АВСАНДАА БАЯРТАЙ БАЙГАА
Б.Оюунтунгалагийг ажилд авахад голлох нөлөө үзүүлсэн, МУИС-ийн санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрамтай холбогдож сурвалжилгын баатрынхаа талаар ярилцсан юм. Тэрбээр “Өнөөдөр” сонин манай нийгмийн нэг хэсэг болоод буй ганц бие ээжийн амьдралыг сайн харуулсан байна билээ. Уг сурвалжилгын баатар нь амьдралын төлөө зүтгэж яваа, цэвэрч нямбай хүн шиг санагдсан, “Ажилтай л болчихвол амьдралын минь бүх зүйл болно. Ямар ч ажлыг голохгүй” гэх мэтээр ярьсан нь таалагдсан учраас Хангамж үйлчилгээний газрын дарга, ахлах мэргэжилтнүүдтэйгээ зөвлөж, Б.Оюунтунгалагийг хоёр шатны ярилцлагад оруулаад, туршилтын хугацаагаар ажилд авсан.
Туршилтын хугацаанд санаачилгатай, сайн ажилласан учраас үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. Энэ бол МУИС нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй нэг хэлбэр. Нөгөө талаас, Б.Оюунтунгалаг өөрөө хичээл зүтгэлтэй, эерэг хандлагатай бүсгүй байна билээ. Зөв хандлага бол төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, баян, ядуу гэдэг үнэлэмжээс илүү чухал зүйл. Ийм зөв хандлагатай, ажилдаа сэтгэлээсээ ханддаг хүнийг ажилд авсандаа баяртай байгаа. Б.Оюунтунгалагийн ажилдаа идэвхтэй, хичээл зүтгэлтэй байгааг хараад бид зөв хүн авчээ гэж урамшдаг. Энэ хүнийг олж гаргасан танай сонины хамт олонд баярлалаа” хэмээсэн.