Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Медиа тур” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд Монгол, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагынхан хамтарч сурвалжилга хийлээ. Бид өнгөрсөн сарын 23-31-нд ӨМӨЗО-ы зарим аймаг, хотын хөгжил, цэцэглэлт, төрөөс хэрэгжүүлж буй ажилтай танилцсан юм. Хамтарсан сурвалжилгын багт Монгол Улсын 19, ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн зургаан ажилтан багтаж, нийт найман өдөрт таван аймаг, хотын онцлох байгууламжтай танилцлаа.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайтын боомтоор нэвтэрч, БНХАУ-ын Ганцмодны боомтоор хилийн дээс алхсанаар бидний аялал эхлэв. Нүүрс, шороо бужигнасан Гашуунсухайтын боомтоос ганцхан км зам туулан Ганцмодны боомт руу орох тэр мөч сурвалжилгын багийнханд гайхширал төрүүллээ. Арга ч үгүй биз. Говийн элс, шороо бужигнасан тал, үүн дээр хэдэн арван тонноор нь нүүрс ачсан том машины тоос тортогт булуулж, нутгийн нугачаатай замаар тонгочуулан хилийн заагт ирсэн хүмүүс, цэцэг, ногоо нь алаглаж, авто болон явган хүний зам зурайсан багахан тосгон ганцхан км-ийн цаана байж байна гэж хэн санах билээ. Нэг үгээр хэлэхэд цаг агаар, байгалийн тогтоц гээд манай говийн аймгуудаас ялгараад байх зүйлгүй ч тэс өөр орчин угтсан юм.
Ганцмодны боомтын сууринд хятадуудаас илүү монголчууд аж төрдөг болов уу гэлтэй, гудамжаар нь ихэнхдээ хэл нэгтэн тааралдаж, дэлгүүр хоршоо нь ч буруу, зөв бичсэн монгол хаягтай байв. Сурвалжилгын багийнхан тус тосгонд “Цунлинь” олон улсын сургуультай танилцав.
Тус сургуулийг ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урадын дунд хошууны Засгийн газраас 2011 онд 14.3 сая юанийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2012 онд ашиглалтад оруулжээ. Тус сургууль нь ерөнхий боловсролын хичээлээс гадна морин хуур, уран зураг, дуу хөгжим, бүжиг, компьютерын зэрэг 16 дугуйлан хичээллүүлж, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд ихээхэн анхаардаг байна.
Нийт 300 гаруй сурагчтай тус сургуулийн байранд цэцэрлэг, бага сургууль хичээллэнэ. Тэдний 54 нь монгол сурагч бөгөөд аавуудынх нь олонх нь нүүрс тээвэрт жолооч ажилтай. Иймээс ихэнх хугацаагаа ээжтэйгээ өнгөрүүлдэг тухайгаа ярьж, богино хугацаанд сурсан хоёрдогч хэлээрээ дуу дуулж, шүлэг уншиж өгөв. Дээрх сургуульд ӨМӨЗО-ыхоос гадна Өмнөговь аймгаас багш нар очиж хичээл заадаг юм билээ.
10 ХҮРЭХГҮЙ ЖИЛИЙН ДОТОР ӨМӨЗО-Ы ТЭРГҮҮЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ БОЛТЛОО ӨРГӨЖЖЭЭ
“Ганцмод” суурингаас хоёр цаг орчим давхисаар Баяннуур аймагт зочиллоо. Тус аймгийн долоон хошууны нэг болох Хангин хойд хошуун дахь мал аж ахуйн “Шюй-И” компанийн үйл ажиллагаатай танилцав. Уг компанийг 2010 онд байгуулсан бөгөөд одоогоор ӨМӨЗО-ы тэргүүлэх аж ахуйн нэгж болтлоо өргөжжээ. Дээрх ферм нь семинталь, ангус, чиньчуань үүлдрийн, сүүний болон махны чиглэлийн үхэр үржүүлдэг аж. “Шюй-И” мал аж ахуйн компанийн ферм нь гурван талбайгаас бүрддэг. Эхнийх нь бух үржүүлэх, дараагийнх нь махны чиглэлийн үхэр тэжээх, нөгөө нь мал нядалгааны талбай гэнэ. Нядалгааны газарт өдөрт 30 мянган үхэр нядлах хүчин чадалтай. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн ч үйлдвэрлэдэг юм билээ. Махны чиглэлийн үхрийг 19-20 сар тэжээж нядалдаг бөгөөд тэр үед амьдын жин нь нэг тонн хүрдэг гэсэн.
Баяннуур аймаг нь манай улсын Өмнөговь аймгийн нутагтай хил залгаа оршдог учраас говь нутаг гэж хэлэхэд болно. Цөлжилтийг бууруулах олон арга хэрэглэж буйн нэг томоохон ажил нь тариалан эрхлэх. Хаашаа ч харсан ногооны талбай, хүлэмж үзэгдэх нь тэр. “Шюй-И” компани ч малдаа өгөх өвс, тэжээлээ өөрсдөө тарьж ургуулдаг нь нэг талдаа цэвэр эко бүтээгдэхүүн гарган авахад нь дэм болж, нөгөөтээгүүр, нутгаа цөлжилтөөс хамгаалж буй хэрэг гэнэ. Түүнчлэн малынхаа өтөг, бууцыг тэжээлийн талбайдаа бордоо болгон ашигладаг нь тус компани цогц үйлдвэрлэл эрхэлдгийг гэрчлэх шиг болов.
Эднийх сүүний чиглэлийн 2200 үнээнээс өдөрт 25 тонн сүү зах зээлд нийлүүлдэг аж. Монгол, ӨМӨЗО-ы сурвалжилгын хамтарсан багийг сүүний ферм рүү оруулсангүй. Учир нь тус хэсэг нь бүрэн хамгаалалттай, хариуцсан мэргэжилтнээс нь өөр хүн орвол сүү худалдан авдаг газарт нь дохиолол очиж, тэр өдрийн борлуултыг цуцалдаг аж.
УУЛ УУРХАЙН ХОТЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА
Ү-хай бол 550 мянга гаруй хүн амтай, уул уурхай даган хөгжсөн ӨМӨЗО-ы томоохон хотын нэг юм. Дэд бүтэц, ногоон байгууламж гээд хүн амьдрахад хамгийн таатай нөхцөл бүрдүүлсэн гэхэд болохоор байв. ӨМӨЗО-ы одоогоор тогтоогоод байгаа коксжих нүүрсний нөөцийн 75 хувь нь тус хотод хамаардаг юм билээ.
Нүүрсний баялаг ихтэй, түүнийгээ дагаж аж ахуй ч ихээхэн хөгжсөн тус хотыг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж эхэлсэн байна. Уул уурхай хөгжсөн хот учраас тоосжилт, агаарын бохирдол ихсэх хандлагатай байснаас урд хөшийн Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргажээ. Үүний нэг тод жишээ нь “Эзэн Чингис хааны цээж баримлан цогцолбор”. Уулсыг дээрээс нь ширтэх мэт Чингис хааны тэрхүү баримал тус хотын Гандир уулын оройд сүндэрлэнэ. 88.95 метрийн өндөрт орших энэхүү цогцолборыг барих ажил дууссан ч гадна тохижилтын ажил дутуу гээд сурвалжилгын багийнхныг уулын бэлээс буцаасан.
Энэ жилийн арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах тус цогцолборыг нутгийнхан “Гандир уулын зугаацлын орон” хэмээн нэрлэдэг. Үүнийг БНХАУ-ын Засгийн газраас 2014 оноос бүтээн байгуулж эхэлсэн бөгөөд нийт 20 мянган ам метр газрыг эзэлдэг гэж байв. Уул, гол, цөл, хот гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж буй Ү-хай хотын энэхүү цогцолборт Гандир уулын бэлээр урсах Хатан голын уснаас татан нуур байгуулах гэнэ. Ингэхээр Уул тойрсон нуур бий болох юм байна. Мөн голын эрэг дагуух элсэнд мод зай завсаргүй суулгасан нь хэзээ мөдгүй ой болох нь хэмээн дуу алдмаар. Эзэн Чингис хааны цээж баримлан цогцолборыг бий болгосноор үндэстний бүлэглэлийг бөөгнөрүүлэхээс гадна Ү-хай хотод жуулчдыг олноор татаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа тус хотын Аялал жуулчлалын байгуул лагын орлогч дарга Лю Жин Жюн хэлэв.
Тус хөшөө нь одоогоор дэлхийд хамгийн томд тооцогдож буй бөгөөд 117 метр урт, 44 метр өргөн, 88.95 метр өндөр аж. Гол хэсгийг нь бетоноор барьж, гадна талыг нь зэсээр өнгөлжээ.Тус барилгын 1-3 дугаар давхарт нь музей байгуулах аж. Музейд Чингис хааны намтар, тал нутгийн төрөл бүрийн угсаатны бүлгүүдийн гарал үүсэл, өв уламжлалыг нийт хүмүүст үнэ төлбөргүй харуулж, монгол соёлыг сурталчлах зорилготой байгаа нь “Чингисийн удам” хэмээн цээжээ дэлдсэн бидний хэдэн монголчуудаас хэдэн зуу дахин эх оронч, үндсэрхэг үзэлтнүүд болохыг илтгэх шиг боллоо. Дөрөвдүгээр давхраас дээш Ү-хай хотын уран бичлэгийн соёлын танхим болон 3D, 4D киноны танхим зэргийг байгуулахаар төлөвлөж буй.
Ү-хай хотыг зарим хүн усан үзмийн орон ч гэж нэрлэдэг юм билээ. Учир нь тус хотынхон усан үзмээ олон улсын тэмцээнд “сойход” удаа дараа тэргүүн байр эзэлжээ.
Тус хотод 1999 оноос усан үзэм тариалж, “Хань Сэнь” дарсны үйлдвэр байгуулжээ. Өндөр модыг хашаа хэлбэртэйгээр тарьж, түүний дунд усан үзмээ тариалсан нь тариалангийн талбайгаа салхи шорооноос хамгаалсан шийдэл. Тус хотын газар нутгийн тогтоц говь нутгийн шинжтэй учраас цөлд усан үзмийн тариалан эрхэлдэг нь бидэнд эвэртэй туулай үзсэн мэт сэтгэгдэл төрүүлж байсан юм. Гэтэл харин ч эсрэгээрээ цаг уурын эрс тэс байдал нь аливаа ургацын шим тэжээлийг дээшлүүлдэг болохыг тэд хэлсэн.
Өөрөөр хэлбэл, амт, чанар сайтай усан үзмийг энэ нутгаас л авах боломжтой гэнэ. Түүнчлэн усан үзэм тариалснаар газар нутгаа цөлжилтөөс аврах хамгийн том хөшүүрэг болдог. Тариалангийн талбайд нь хортон шавжийн хөнөөл бага учраас аливаа химийн бордоо ашигладаггүй аж. Элсэн цөлд тариалан, тэр дундаа усан үзэм тарьж буйд нь гайхаш төрөөд байсан бидэнд усалгаа нь ч сонирхолтой байсан юм. Тэд хаяагаараа урсах Хатан голоос тариалангаа усална. Туйлын цэнгэг учраас усны чанар өндөр гэдгийг ч бидэнд хэлээд амжив.
Тус хотод зочилсон үе буюу өнгөрсөн сарын сүүлч бол усан үзэм дөнгөж цэцэглэж байсан цаг. Есдүгээр сарын 15-20-нд болц нь гүйцэж, шинэхэн үзэм хураах цаг ирнэ. Харин ургац хураалт дуусаж, хүйтэн, сэрүүний улирал эхлэх үед үзмийн модыг газарт булдаг юм байна. Дараа жилийнх нь хавар газарт булсан модоо гаргаж, дахин цэцэглүүлдэг гэнэ. Үзмийн мод хэдийгээр хөлддөггүй ч ус дутахаас сэргийлж ийнхүү газарт булна. Тус байгууллага нь нийт 200 га газарт усан үзэм тариалж, хураасан усан үзмээ БНХАУ, Герман, Франц, Сингапур зэрэг улсад худалдаалдаг томоохон хэмжээний групп болжээ.
Тарьсан жимснийхээ 80 хувиар архи нэрж, үлдсэнийг нь жимс хэлбэрээр нь худалдаалдаг. Аливаа химийн бордоо хэрэглээгүй, сайн чанарын усан үзэм учраас худалдах үнэ тийм ч хямд биш гэсэн. Нэг кг нь 100 юань буюу 40 орчим мянган төгрөгийн ханштай.
Үргэлжлэл бий.