Нэр дэвшүүлсэн намдаа байгаа, эсэх нь ч эргэлзээтэй О.Баасанхүү гишүүн АН-ынхныг УИХ-д бүлэгтэй болгох гэнэ. Өөрөөр хэлбэл, тарсан АН-ын бүлгээс үлдэж хоцорсон долоон гишүүн дээр нэмэгдэж найм болгосноор өөрөө ч, өрөөлийг ч бүлэгтэй болгочихно гэж яриад байгаа юм. Үнэндээ О.Баасанхүү гишүүн аль нэг намд байсан ч, байгаагүй ч бусдыг бүлэг болтол нь томруулж чадахгүй. Учир нь УИХ дахь бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орохыг УИХ-ын тухай хуулиар тогтоосон.
Мөн бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар наймаас доош суудал авсан өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд аль нэг бүлэгт нэгдэж болохоос “зөвлөл” гээч зүйл байгуулчихсан АН-ынхантай хамтраад бүлэгтэй болгочих тухай ойлголт огт биш. Түүнчлэн Дээд шүүх “УИХ-д суудалтай нам” гэдгийг тайлбарлахдаа “Нам буюу эвслээс нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаандаа тухайн намаас гарч, өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний нэрийг дэвшүүлсэн намын УИХ дахь суудлын тоо хасагдаж, шинээр элссэн намд суудлын тоо нэмэгдэхгүй” хэмээн дурд саныг тэмдэглэхэд хангалттай болов уу.
Ер нь О.Баасанхүү гишүүн байтугай үнэмлэхүй олонх болсон МАН-ын гишүүд бултаараа АН-д элслээ ч тэднийг бүлэгтэй болгож дөнгөхгүй. Энэ бол өнгөрсөн парламентын төгсгөлд гишүүд бүлгүүдийн хооронд баахан гүйлдсэнээс тэр өөр хэрэг. Тухайн үед МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН, Н.Батцэрэг, М.Сономпил нар АН-д элссэнээр эвслийн бүлэг тарсан. Тус эвслийн бүлгээс Л.Цог, Г.Уянга нар ч өрх тусгаарлаж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам байгуулсан юм. Бие даагч гишүүд болох Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар мөн л МАН-д элссэн.
Харин С.Ганбаатар гишүүн ХҮН-д элсэж, хэсэгхэн хугацааны дараа бужигнуулчихаад ирсэн түүхтэй. МАН-ыг ч орхисон гишүүн бий. Тэр бол Д.Арвин агсан бөгөөд АН-д орсон. ИЗНН-аас нэр дэвшсэн С.Дэмбэрэл гишүүн ч тухайн үед олонхыг бүрдүүлж асан АН-ыг сонгож байлаа. Ингэж өвөр зуураа гүйлдэн бу жигналдаж байхад эвслийн бүлэг тарж, АН, МАН-ын бүлгийн гишүүдийн тоо нэмэгдэж, хасагдсанаас өөрөөр өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, ХҮН болон ТТЭНН-ыг парламентад суудалтай болгоно гэж муйхарлах хүн гараагүй ээ.
...Дэд дарга Я.Санжмятав ч албан тушаалаа хадгалсаар байх аж. Уг нь УИХ-ын дэд даргыг нам, эвслийн бүлгээс тус бүр нэгийг томилдог. Үүнийг УИХ-ын тухай хуульд зааснаас гадна Үндсэн хуулийн 24.1-т УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс дэд дарга сонгох заалтыг 2000 онд оруулсан. Өөрөөр хэлбэл, “дордуулсан долоо” гэх тодотголтой нэмэлт, өөрчлөлтүүдийн нэг нь дэд даргыг сонгохтой холбоотой эл заалт юм. УИХ-д наймаас дээш суудал авсан намаас нэг дэд дарга томилдог болсон нь цөөнхийн оролцоог хангасан хэлбэр гэж судлаачид, улстөрчид санал нэгддэг. Тиймээс ч УИХ-д өргөн бариад буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эл заалтыг хөндсөнгүй...
Гэхдээ О.Баасанхүү гишүүн МАХН-аасаа гарах бодолгүй байгаа юм билээ. Ямар сайндаа л зөвлөл гэх зохион байгуулалтад орон ажиллаж буй АН-ынхныг ахалж байгаа гишүүн Д.Эрдэнэбат “О.Баасанхүү хувь гишүүн, эсвэл намаа төлөөлж хүсэлт тавьж байна уу гэдэг нь ойлгомжгүй. Хувь гишүүний үүднээс хүсэлт тавьж байгаа бол энэ нь түүний эрх” гэх вэ дээ. Үнэндээ даргатайгаа хонь, чоно гэмээр харилцаатай болж, хоёр талд ижил нэртэй нам төвхнүүлэх гэж үзсэн О.Баасанхүү, Н.Энхбаяр нарын эгзэгтэй байдал нь МАХН-ыг энэ удаагийн УИХ-д суудалтай нам болгон тогтоож буй гэхэд болно.
Намынхаа нэр хийгээд даргын суудлыг баталгаажуулсан хэдий ч Н.Энхбаяр авч ч болохгүй, хаяж ч болохгүй О.Баасанхүүгээр оролдохоо больсон нь Дээд шүүхийн дээр дурдсан тайлбартай холбоотой. Ядаж байхад Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэн УИХ-д орж ирэх их хүслээ хясуулж яваа тэрбээр одоо О.Баасанхүүг хөөж, туухгүй биз. Тэгээд ч нэг суудлыг нь үнэлж, жил бүр улсын төсвөөс олгодог 10 сая төгрөгөө бүрэн авах нь тэдэнд л хэрэгтэй. О.Баасанхүүгийн хувьд их хурал зохион байгуулж, намын даргаар сонгогдсон явдал нь өөрийнх нь хэлсэнчлэн маргаантай байгаа. Магадгүй намаасаа гарвал юунд хүрэхийг тэр сайн мэдэж буй.
БУСАД НЬ БАРЬЦВАЛ ЯАХ ВЭ
АН-д ч асуудал бий. Бүлэг нь албан ёсоор тарснаас хойш хэдийн хоёр сар өнгөрсөн байхад хуульчлагдаагүй “зөвлөл” гэх зохион байгуулалтад орсон тэд өмнөхийн адил үйл ажиллагаа явуулсаар буй. Дэд дарга Я.Санжмятав ч албан тушаалаа хадгалсаар байх аж. Уг нь УИХ-ын дэд даргыг нам, эвслийн бүлгээс тус бүр нэгийг томилдог. Үүнийг УИХ-ын тухай хуульд зааснаас гадна Үндсэн хуулийн 24.1-т УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс дэд дарга сонгох заалтыг 2000 онд оруулсан. Өөрөөр хэлбэл, “дордуулсан долоо” гэх тодотголтой нэмэлт, өөрчлөлтүүдийн нэг нь дэд даргыг сонгохтой холбоотой эл заалт юм. УИХ-д наймаас дээш суудал авсан намаас нэг дэд дарга томилдог болсон нь цөөнхийн оролцоог хангасан хэлбэр гэж судлаачид, улстөрчид санал нэгддэг.
Тиймээс ч УИХ-д өргөн бариад буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эл заалтыг хөндсөнгүй. Гэвч бүлэг байгуулагдахтай хамт сонгодог дэд дарга нь аанай л ажлаа хийсээр байгааг дахин тэмдэглэе. Саяхан нэгдсэн хуралдааныг дэд дарга Я.Санжмятав даргалах үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бүлэггүй хүн дэд дарга хийж болдог юм уу” гэхэд тэрбээр “Хуулиараа УИХ-ын дэд даргаар сонгогдсон шүү, Хүрэлбаатар аа. Ингэж хүн доромжилж болохгүй шүү, чи” хэмээн ихэд бухимдана лээ. Уг нь УИХ-ын тухай хуулийн 12.3-т “Нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс сонгогдсон дэд даргыг чөлөөлөгдсөнд тооцно” гэх заалт бий юм сан.
Бүлэгтэй гишүүдийн л эдэлдэг эрх, хүлээдэг үүрэг гэж бий. Түүний нэг нь Төсвийн зарлагын хяналтын дэд хороог цөөнхийн бүлгийн гишүүн даргалдаг явдал. Энэ нь олонход тавих хяналтыг чангатгах нэг хөшүүрэг болдог. Улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын бүхий л асуудлыг хариуцдаг эл дэд хороог өдгөө гишүүн З.Нарантуяа даргалж буй. УИХ-ын дэд дарга нь ажилласаар байхад дэд хорооны даргыг хэзээ чөлөөлөх талаар хөндөх нь илүүц байж ч мэднэ.
Хэлэлцэж байгаа хууль, УИХ-ын шийдвэрийн бусад төсөл, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган, зохих байнгын хорооны, эсвэл нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцүүлэх эрхтэй болохын тулд бүлэг байгуулах гэж шунадаг гэхэд болно. Уг эрхийг нь эдлүүлж хангахын тулд тухайн бүлэгт зориулан төсөв баталдаг. Улсын төсөвт тусган баталдаг тэр хөрөнгийг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулах, бодлогоо боловсруулах, зохион байгуулалтын туслалцаа авах чиг үүрэгтэй ажлын албанд зарцуулдаг учиртай. Ажлын алба нь тодорхой орон тоотой, тэдний цалин, унаа, албан томилолт, холбоо, бичиг хэргийн зардлыг УИХ-ын төсөвт тусгаж ирсэн. Тэгвэл АН-ыг бүлэгтэй байх үед байгуулсан ажлын алба өнөөдөр ч ажилласаар л байна.
“Танилын нүүр халуун” гэдэгчлэн үнэмлэхүй олонх бүхий эрх баригчид АН-аас сонгогдсон дэд даргыг чөлөөлж, ажлын албыг нь татан буулгахад хэцүү байж болох ч хууль тогтоогчид хуулиа ягштал биелүүлэх ёстой. Үнэндээ АН-ынхан өмнө нь хэдэн удаа эрх барьж байсан нь хамаагүй. Өнөөдрийн УИХ-д тэд МАХН-ын О.Баасанхүү, тэднээс нүүр буруулсан Л.Болд, өөрсдийнх нь хөөсөн Ж.Батзандан, бие дааж сонгогдсон С.Жавхлантай ижил статустай. Бүлгийн гишүүн байхдаа эдэлж байсан эрх, ямбыг нь буцаахгүй бол бусад нь ч барьцаж мэднэ. ШИНЭ гэх нам байгуулаад буй Л.Болд, Ж.Батзандан, тэдэнтэй нэгдсэн С.Жавхлан нар АН-ынхантай адил зөвлөл байгуулан ажиллахаа мэдэгдээд буй. АН дэд даргаа УИХ-д ажиллуулаад байхад бид ч дэд дарга сонгуулмаар байна, ажлын алба байгуулж өг гээд нэхвэл яах вэ. Юу гэж хэлэх вэ.
СӨРӨГ ХҮЧНИЙ ДУУ ХООЛОЙ ХҮНИЙ ОЛНООС ХАМААРДАГГҮЙ
О.Баасанхүү гишүүнийг АН-ынхантай хамтарна гэж мэдэгдэхэд хүргэсэн зүйл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэх болсон явдал гэнэ лээ. Цөөнхийн бүлэггүй болсон энэ үед сөрөг хүчний дуу хоолойг хүчтэй болгох нь түүний чин хүсэл хэмээн тайлбарласан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор УИХ-д суудалгүй нам, иргэний нийгмийн байгууллагууд үндэсний хэмжээний зөвшилцөх зөвлөл байгуулах зарлиг гаргахыг уриалж, Ерөнхийлөгчид хандаад буйг ч тэрбээр дурдаад амжсан юм. АН-ын зүгээс ч “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ сөрөг хүчингүй батлах магадлал өндөр байна.
Тиймээс Үндсэн хуульд оруулах гэж байгаа үг, өгүүлбэр, цэг, таслал бүрийг хянах шаардагатай” хэмээн мэдэгдэж буй. Ард түмний төлөөлөл болсон, хууль тогтоох байгууллагад сөрөг хүчний дуу хоолой чанга, хүчтэй байх, эсэх нь хүний олноос эс хамаардгийг батлах баримт өнгөрсөнд бий. О.Дашбалбар агсан ганцаархнаа сөрөг хүчний үүргийг хэрхэн нэр төртэй гүйцэтгэж байсныг өнөөдөр дурсаж, үгийнх нь үнэ цэнийг өдгөө шагширч суугаа, бид. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд АН-ынхан бүлэгтэй байхдаа цөөнхийн үүргээ цөөвөр шиг гүйцэтгэж, сөрөг хүчний дуу хоолой болж чадсан, эсэх нь эргэлзээтэй. Магадгүй тэдний задрал хэр хүчтэй байсан бэ гэдэгт өгөх хариулт ч байж мэднэ.