NBA-ийн 2019 оны аваргын төлөөх “Торонто рэпторс”, “Голден стэйт уорриорз” багийн цуврал 3:1-ийн харьцаатай үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гарагт болсон ширүүн тулаанд Канадын баг сүүлчийн хоёр улирлын аваргуудыг талбайд нь 105:92-ын харьцаатай буулгаж авснаар түрүүлэх боломжоо үлэмж нэмэгдүүллээ. Тэд маргааш “Scotiabank Arena” ордондоо “Уорриорз”-ыг буулгаж авбал түүхэндээ анх удаа NBA-ийн аварга болно. Эсвэл “Уорриорз” цувралд гурав дараалан ялж, гурван жил дараалан аваргалах эхний алхмаа ч тавьж болзошгүй. Гэхдээ үүнд сагсан бөмбөгийн маш олон фанат эргэлзэж байна.
Аваргуудын дасгалжуулагч С.Керр дөрөв дэх тоглолтын дараа “Аймшигтай зүйл юу ч болоогүй. Бид Торонто руу явна. Тун сэтгэл хөдлөм уур амьсгалд ахин нэг удаа тоглох боломжийг тэсэж ядан хүлээж байна. Эл тоглолт нь бидний хувьд финалын тун чухал шалгалт болох юм. Бид үүнийг сорилт гэж үзэж байгаа. Өнөөдөр бид шархаа эдгээх ёстой. Их хүнд ялагдал боллоо. Гэвч хэдэн өдрийн дараа биднийг ахин нэг тоглолт хүлээж байна. Бид түүнд бэлэн” гэж ярьжээ. Харин багийн лидер С.Көрри “Энэ бол төгсгөл биш. Өнөөдөр бидний сэтгэл санаа тийм ч сайхан биш байна. Өмнө нь бид ийм байдлаас өрсөлдөгчөө ялж байсан, мөн ингэх боломжийг өөр багт ч олгож байсан. Цувралын хөл, толгойг байранд нь тавих боломж бидэнд бий. Гэхдээ юуны өмнө дараачийн тоглолтод сайн бэлтгэх хэрэгтэй. Тав
дахь тоглолтод бүхнээ зориулж тоглоно гэж бид хувцас солих өрөөнд ярилцсан” гэсэн байна. “Уорриорз”-ын хувьд довтлогч К.Дюрант гэмтэлтэй учир маргаашийг тоглолтод оролцохгүй нь тодорхой болсон. Мөн К.Томпсон, К.Луни, Д.Казинс нар гэмтлээ илааршуулаад удаагүй нь сөргөөр нөлөөлж буй. Гэхдээ тэд “Рэпторс”-ын хамгаалалтын учрыг олохгүй бол цуврал маргааш дуусах аюултай юм.
Харин “Рэпторс” багийн лидер К.Леонард дөрөв дэх тоглолтод 36 оноо бөөндөж, 12 удаа самбараас бөмбөг авснаар багаа ялалтад хөтөлсөн. Тэрбээр энэ жилийн плей-оффт маш сайн тоглож, дундаж оноогоор (31.1) хоёрдугаарт бичигдэж буй. Мөн NBA-ийн түүхэнд цувралын долоо дахь тоглолтод хожлын шидэлт оруулсан анхны тоглогч болсон билээ. Финалын цувралд довтолгоо, хамгаалалтад жигд тоглож буй Кавай үнэ цэнтэй тоглогчоор шалгарах бүрэн боломжтой. Тэрбээр багийнхаа хожлын дараа “Би баатар болох гэж, хөгжөөн дэмжигчдэд таалагдах гэж, дээд амжилт эвдэх гэж талбайд гардаггүй. Би ялахын төлөө л тоглодог. Бид юугаараа “Голден стэйт”-ээс илүү вэ гэж үү? Цуврал дуусаагүй байгаа учраас бид илүү гэж хэлж чадахгүй. Хэдэн тоглолт үлдсэн нь чухал биш. Дөрөв дэх ялалтаа байгуулах нь л чухал. Бид өөрсдөдөө итгэлтэй мөн тэвчээртэй байх хэрэгтэй” гэж ярьжээ. Эцэст нь өгүүлэхэд, К.Леонард 2014 онд “Сан антонио спөрс” багийн бүрэлдэхүүнд лигийн аварга, мөн финалын үнэ цэнтэй тоглогч болж байсан юм.
Н.Энх