Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэ хуульд заасанчлан хяналт, шалгалт, хүний нөөцийн аудит хийх чиг үүргийн хүрээнд эхний төлөвлөгөөт хяналт, шалгалтыг БОАЖЯ-нд өнгөрсөн сарын 20-24-нд хийж, дүнг тус яаманд энэ сарын 04-нд танилцуулжээ.
Уг хяналт, шалгалтын зорилго нь яамны зүгээс харьяа төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилохдоо зөрчил гаргасан эсэхийг тодруулах, арилгуулах, зөвлөмж өгөх, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн байна. Тус яамны батлагдсан орон тооны хязгаар нь 121 албан хаагч. Хязгаарыг Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор баталсан. Эдүгээ тус яаманд 149 албан хаагч ажиллаж байгаа нь 28-аар илүү үзүүлэлт бөгөөд тус яам нь Засгийн газрын тогтоолыг зөрчжээ. Мөн хууль бусаар томилсон 45 албан хаагч ажиллаж байгааг илрүүлсэн байна.
БОАЖЯ, Цаг уур, орчны шинжилгээний газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагад ямар ямар нийтлэг зөрчил илэрсэн талаар дурдъя.
Төрийн захиргааны албан тушаалд анх томилохдоо хөдөлмөрийн гэрээ баримталдаг, цалин хөлсийг цалингийн ТЗ болон ТҮ сүлжээгээр тогтоох зарчмыг алдагдуулсан байх хэ. Төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгүүлээгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон ч байж. Төрийн албаны тухай хуулийн 2002 оны 24.1.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчийг төрийн захиргааны албан ту шаалд шилжүүлэн, шинээр шууд томилсон, хүний нөөцийн тушаал, шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хууль болон бусад эрх зүйн актыг буруу хэрэглэсэн, төрийн захиргааны албан тушаалтныг томилохдоо Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор баталсан албан тушаалын ангилал, зэрэглэлийг баримталдаггүй, жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан тушаалд өөр иргэнийг жинхлэн томилж, тангараг өргүүлдэг зэрэг зөрчил илэрсэн байна.
Томилгооны зөрчилтэй 45 албан хаагч байгаагийн долоо нь БОАЖЯ-нд ажиллаж буй гэрээт ажилтан аж. Мөн төрийн захиргааны албан тушаалыг төрийн үйлчилгээний албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлж буй нь харагджээ. Мөн шалгалт өгөөгүй иргэнийг төрийн захиргааны албан тушаалд томилсон байв.
22 ИРГЭНИЙГ ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР АЖИЛД ТОМИЛСОН БАЙВ
Шалгалтын дүнгээс харахад БОАЖЯ-ны харьяа Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь 22 иргэнийг төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилсон зөрчил илэрчээ. Эдгээр 22 ажилтны нэгээс бусад буюу 21-ийг ажилд томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг ав сан эсэх нь тогтоогдохгүй байгаа аж.
Мөн байгууллагын нэршил өөрчлөгдсөн гэх үндэслэл, шалтгаанаар төсвийн шууд захирагчийг албан тушаалаас нь чөлөөлдөг, түр орлон гүйцэтгэгчээр томилдог, томилогдсоноос хойш тодорхой хугацааны дараа түр орлон гүйцэтгэгчийг төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд жинхлэн томилдог нийтлэг зөрчил салбарын хэмжээнд хэвийн үзэгдэл болсныг тайланд дурджээ.
ЗАРИМ АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ БАЙХГҮЙ
БОАЖЯ болон харьяа байгууллагуудад шалгалт хийсэн баг нийт 259 албан хаагчийн хувийн хэрэгтэй танилцжээ. Төрийн албаны зөвлөлөөс баталсан Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журамд заасны дагуу баяжуулалт хийгээгүй, хувийн хэрэгт байвал зохих баримт бичгүүдийн (иргэний үнэмлэх, диплом, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, төрийн албаны шалгалт өгсөн тухай материал) бүрдэл дутуу, зарим албан хаагчийн хувийн хэрэг огт байхгүй зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.
2018 ОНД СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ОГТ ХИЙГЭЭГҮЙ
Хяналт, шалгалтын чиглэлд төрийн албан хаагчдыг мэргэжлийн болон бусад сургалтад хамруулсан эсэхийг шалгах багтсан. 2018 онд тус яам болон харьяа байгууллагуудад сургалт, мэдээлэл огт хийгээгүй байна. Харин энэ онд Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гурван удаагийн сургалтад нийт 241 албан хаагчийг хамруулжээ.
ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГ ДҮГНЭХДЭЭ ӨӨРСДӨӨР НЬ ҮНЭЛҮҮЛДЭГ БАЙЖЭЭ
Ажлын хэсгээс БОАЖЯ, түүний харьяа байгууллагуудын 289 албан хаагчийн 2016, 2017, 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ холбогдох дүрэм, журамд нийцэж буй эсэхийг нягтлан шалгаж арга зүйн зөвлөгөө өгчээ.
Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээ, арга хэмжээ тус бүрээр үнэлдэггүй, үнэлгээ өгөхдөө төрийн албан хаагч нартай ярилцлага хийдэггүй, албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох зорилгоор үр дүнгийн гэрээний үнэлгээг А, В гэж өндөр үнэлдэг, илтгэх хуудсан дээрх үнэлгээ, тайлангийн үнэлгээ хоорондоо зөрүүтэй, гарын үсэг зурдаггүй, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг заагаагүй гэх мэтийн зөрчил байжээ.
ЗӨРЧЛИЙГ АРИЛГАЖ, ТАЙЛАНГ ИРЭХ САРЫН 09-НИЙ ДОТОР МЭДЭЭЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЖЭЭ
БОАЖЯ хагас, бүтэн жилээр “А” үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 60-80 хувиар, “В” үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 40-60 хувиар, Туул голын сав газрын захиргаа “А” үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 70 хувиар, “В” үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 50 хувиар тус тус урамшуулдаг байна.
Төрийн албаны зөвлөлөөс дээрх хяналт, шалгалтын дүнг танилцуулахдаа БОАЖЯ-нд хоёр тогтоол бүхий зөвлөмж хүргүүлсэн бөгөөд эдгээр зөрчлийг арилгаж, Төрийн албаны зөвлөлд долдугаар сарын 09-ний дотор тайлагнаж мэдээлэхийг тус яамны эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгожээ.