Манай бүс нутагт зуны гурван сард аагим халуун байхыг мэргэжилтнүүд анхааруулжээ. Хойд хөршийн Ус, цаг уурын төвөөс мэдээлснээр тус улсын нийт нутаг дэвсгэр даяар эрс тэс үзэгдэл ажиглагдаж, температурын хувьд ердийнхөөс дулаан байх, үргэлжилсэн усархаг бороо орох, хүчтэй салхи гарах зэргээр цаг агаар тогтворгүй байх гэнэ.
Тодруулбал, Оросын зүүн болон өмнөд нутгаар агаарын температур нэмэгдэж, халуун байх бол төв хийгээд Европ тал руугаа сэрүүвтэр, салхитай, хур ихтэй байна. Зургадугаар сарын мэдээгээр хоёр бүсэд хэт халахыг анхааруулсны нэг нь Алс Дорнодын өмнөд нутаг аж. Энд Номхон далайн нөлөө байх юм. Нөгөө нь Уралын нуруу, Оросын тэгш талын зүүн, Сибирийн баруун нутаг. Ялангуяа Уралын өмнөд нутгаар олон жилийн дунджаас дөрвөн градусаар илүү халах гэнэ.
Долдугаар сард ОХУ-ын төвийн бүс, Ижил мөрний дагуух нутгаар хэт халах бол Сибирийн хойд нутгаар тогтсон үзүүлэлтээс бага зэрэг сэрүүвтэр байх аж. Наймдугаар сард аагим халуун багасаж, температур олон жилийн дундаж орчим болох нь. Гэхдээ Ижил мөрний сав газар, Урал, Алс Дорнодын өмнөд нутгаар олон жилийн дундажийг давсан халуун хэвээр байна.
Казахстанд энэ сард термометрийн заалт олон жилийн дунджийн хэмжээнд хэлбэлзэх бол тунадас нь тогтсон хэмжээнээс их байх гэнэ. Ирэх сард ч тус улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэгт хэт халахгүй, зөвхөн баруун өмнөд нутгаар тогтсон үзүүлэлтээс нэг градус ахиу байх аж. Тунадасны хувьд нийтдээ олон жилийн дунджаас бага байх ч зүүн нутгаар тогтсон үзүүлэлт орчимд, зүүн болон зүүн өмнөд нутгийн уулархаг газраар ахиу бороо орно. Харин наймдугаар сард агаарын температур олон жилийнхээс нэг градусаар илүү байх гэнэ.
Украины зун богинохон байхын сацуу хожуу золгохыг мэргэжилтнүүд нь тогтоожээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас жилийн халуун байх үе үлэмж багасаж, зургадугаар сарын дундуур зун эхэлж, наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний дотор дуусах аж. Гэхдээ үргэлжилсэн бороо орохгүй. Ирэх сар 32-34 градус хүрч халахаас эхэлнэ. Тус улсад зургадугаар сар бороотой, сэрүүвтэр эхэлж байна. Өнөөдрөөс д агаарын температур 20 градус давж халж эхэлж байгаа гэнэ.
Энэ онд хамгийн халуун байх нь ирэх сар. Гэхдээ зургадугаар сарын эцсээс эхлээд сэрүүвтэр байх ч долдугаар сарын 7-17-ны хооронд хэт халж, 27-32 градус болох нь. Долдугаар сарын 18-20-нд бага зэрэг сэрүүсэж, 19-24 градус болж, агаар амьсгалахтай болоод, эргээд 22-ноос эхлээс сар дуустал 34 градус хүрч халах аж. Энэ сарын 4, 8, 27-28-нд бага зэргийн бороо орохыг мэргэжилтнүүд тогтоожээ.
Харин зуны сүүлчийн сар 24-32 градус халуунаар эхэлж, 10-наас температур эрс буурч, 19-22, түүнээс бага градус руу орох юм байна. Сарын сүүлчээр эрс сэрүүсэж, бороотой байх гэнэ. Ерөнхийдөө зуны сар гурав биш хоёр болсныг Украины Ус, цаг уурын хүрээлэнгийн хэлтсийн эрхлэгч В.Мартазинова мэдээлсэн байна.