Хөлбөмбөгийн спортоор 72 жил хичээллэн, жолоочоор 38 жил ажилласан Очирын Баатар гуайтай ярилцлаа. УАШТ-ий хүрэл медальтай тэрбээр цагтаа цалгиж, Монголын шилдэг хөлбөмбөгчдийн тоонд зүй ёсоор багтаж явсан эрхэм.
Д.Сүхбаатар жанжны талаар насаараа судалж яваа түүнийг төрөхөд эцэг, эх нь Наваан гэдэг нэр хайрлажээ. Найман настайдаа Д.Сүхбаатарын нэрэмжит “Жанжин” клубийг сэргээн засварлах ажилд оролцсон тул тухайн үед тус клубийн ерөнхий найруулагч, орлогч даргаар ажиллаж байсан Тэрбиш түүнийг Баатар гэж нэрлэсэн түүхтэй.
Ингэснээр ургийн овгоо Жанжин гэж өөрчлөн, тэр үеэс өдий хүртэл Д.Сүхбаатар жанжинтай холбоотой зүйлсийг цуглуулж яваа юм. 84 настай О.Баатар гуайг V сургуульд сурдаг ач охиноо хичээлд нь хүргэж өгөх үеэр уулзлаа.
-Сайхан зуншиж байна уу, та. Ач охиноо өдөр бүр сургуульд нь хүргэж өгдөг юм уу?
-Тийм ээ, өдөр бүр зөөдөг. Би таван хүүхэдтэй, 10-аад ачтай. Ер нь өвөө болсноосоо хойш ач зээгээ хардаг, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг, тарахаар нь авдаг том алба хашиж байна (инээв). Том охиныхоо хүүхдийг сургуульд нь хүргэж өгдөг лут ажилтай. Ач минь энэ жил IV анги төгсөнө. Тэгэхээр дөрвөн жил зөөж байгаа гэсэн үг.
Орой ээж нь авдаг юм. Охины ажил амжихгүй үед би гэрт нь хүргэж өгдөг. Ирэх жил зөөчихвөл биеэ даачих байх. Том ажлын ард гарах гээд л байна. Би Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Ер нь зүгээр суух дургүй. Аль болох хөдөлж, идэвхтэй амьдрахыг хичээдэг. Гадуур хөөцөлдөх ажил мундахгүй. Ачаа сургуульд нь хүргэж өгчихөөд л хөөцөлддөг юм.
-Та 84 настай. Cургуульд нь өдөр бүр хүүхэд зөөх амаргүй. Хэр ядардаг вэ?
-Уг нь юман чинээ тоодоггүй байсан юм. Одоо тэр үе ард хоцорч. 84 нас гэдэг овоо тоо бололтой. Саяхнаас даралт ихсэн, ялимгүй ядардаг болчихов. Түүнээс биш хөлбөмбөг тоглон, ачаа зөөгөөд л ёстой жирийлгэдэг байлаа. Тэгж явах тусмаа сайхан. Надад гимнастик болдог юм. Манай дүүргийнхэн намайг андахгүй.
Би “Дасгал сайн хий. Өглөө эрт бос” гэж тэдэнд үргэлж захидаг. Хүн хөгширч бус, хөшиж үхдэг гэдэг яг үнэн. Зарим хүн “Та 84 настай гэхээргүй гялалзаж байна” гээд гайхдаг. Миний мундаг, өөртөө арчаатайгийнх гэж юу байх вэ. Насаараа хөлбөмбөг тоглон, эл спорттой амьдралаа холбож яваагийн л ач.
Монголчууд өнөө цагт элдэв өвчин тусаж, илүүдэл жинтэй болж байгаа нь хөдөлгөөн дутагдсантай холбоотой. Аль болох алхаж, нийтийн унаагаар зорчихдоо ч сууж бус, зогсож явбал биеийн тамир болно шүү дээ. Би жолоочоор 38 жил ажилласан. Суудлын элдэв өвчин тусаж, жин нэмэхээс хөлбөмбөгийн спорт намайг аварсан юм.
-Таны хоёр дүү хөлбөмбөг тоглодог байсан, спортын мастер цолтой. Нэг айлын гурван хүү ижил спортоор хичээллэсэн нь ховор тохиолдол байх.
-Тийм шүү. Би эхээс дөрвүүлээ. Зургаан насандаа хөлбөмбөг тоглож сурсан. Хаа сайгүй хөлбөмбөг өшиглөн, дэгдэж явдаг байлаа. V сургуульд сурч байхаасаа л баг байгуулан, тэмцээнд ахлаад оролцдог байсан сан. Сургуулийнхнаасаа хамгийн шүүмжлүүлсэн нь, би. Багш нар “Баатар хүүхдүүд уруу татаж, сургуулийн гадна хөлбөмбөг тоглодог” гэж аав, ээжийн минь чихийг халууцуулна.
Хичээл тарангуут ангиараа сургуулийн гадна талбайд өрсөлдөнө. Номтой цүнхээ овоолж тавьчихаад л. Бөмбөг олдохгүй ээ. Олдсон ч амархан хагарчихна. Өөрсдөө л хөлбөмбөг “үйлдвэрлэнэ”. Баахан даавуу ороож, бөөрөнхийлөөд бөмбөг хийдэг байлаа. Би хөлбөмбөгийн спортын анхны мастеруудын нэг Г.Банзрагчтай багаасаа нөхөрлөсөн. Тухайн үед өөр өөрсдийн гэсэн багтай байлаа. Энд, тэнд тоглоё гэж нэг нэгнээ урина. Тэгээд хоёр чулуугаар хаалга хийгээд л өрсөлдөнө. Долоо хоногт цөөндөө гурван удаа тоглоно.
Тэр бүхэн хөлбөмбөгийн спортод хорхойсоход, өдий хүртэл амьдралаа холбон, хичээллэхэд нөлөөлсөн. Хоёр дүүтэйгээ хамт хөлбөмбөг тоглож явсан он жилүүд их дурсамжтай. Олон тэмцээнд хамт өрсөлдөн, нэг багт хүртэл тоглож явлаа. Гурвуулаа нэг өдөр спортын мастер болсноороо бахархдаг. Тэгэхэд ёстой хөгтэй юм болсоон. Тэр тухайгаа ярьж болох уу?
-Бололгүй яах вэ.
-Лав 2002 онд юм даг. Яг хэдэн сарын хэдэнд байсныг нь санадаггүй. Нэг өдөр би V сургууль дээр явж байгаад Гавьяат багш Шархүүтэй таартал “За, баяр хүргэе, Жанжаан” гэж байна. Би “Д.Сүхбаатар жанжны үзэсгэлэнг саяхан дэлгэсэн. Түүнд л баяр хүргэж байгаа юм болов уу” гэж бодлоо. Гэтэл тийм биш байж. “Тэмдэг, үнэмлэхээ авсан уу” гэж асуухаар нь гайхаад “Юун тэмдэг” гэтэл та гурвыг спортын мастер болсон тухай мэдээг “Таван цагариг” сонинд нийтэлсэн байна билээ” гэв.
Бүр гайхаад өнөөх мэдээ нь нийтлэгдсэн дугаарыг нь үзэж байж итгэлээ. Бөөн баяр болж, хоёр дүүдээ хэлсэн. Тэгээд Спортын төв ордонд хэд хоногийн дараа очиж, спортын мастер цолоо гардсан юм, бид гурав. Хөлбөмбөгийн спорттой холбоотой олон сайхан дурсамж бий. 1950-иад оны сүүлээр болсон бүх сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энгэрт нь алтан соёмбо урласан ноосон цамцаар шагнуулж байлаа.
Тэр тэмцээнд V сургуулийн шигшээ багийн бүрэлдэхүүнд зургадугаар ангийн гуравхан хүүхэд багтсаны нэг нь, би. Ж.Лхагвасүрэн генерал бидэнд шагнал гардуулсан юм.
-Тэр цамц одоо танд бий юү?
-70-аад жилийн өмнөх юм юу гэж байх вэ. Хадгалдаг байж гэж одоо л халаглаж сууна.
-Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ багийг 1956 онд байгуулсан. Ур чадвараараа шагшигдаж явсан та шалгаруулалтад нь яагаад оролцоогүй юм бэ?
-Ганц ч удаа өөрийгөө шалгуулаагүй, үндэсний шигшээ багийн тамирчин болох сон гэж хүсээгүй. Нэр алдрын төлөө үнэндээ шунаагүй.
-Тамирчин бүхэн улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөхийг мөрөөддөг. Танд тийм бодол огт төрөөгүй гэж үү?
-Энэ талаар ёстой бодож байгаагүй. Үндэсний шигшээ багийн тамирчдын шалгаруулалтад оролцдог байж, тэнцэх байсан ч юм бил үү гэж харамсдаггүй. Би “Замчин”, “Барилгачин” нийгэмлэгт олон жил хүчин зүтгэсэн. Надаар хөлбөмбөг заалгасан 200 гаруй тамирчин бий. Зарим нь тийм хүнээ шавь гэдэг юм билээ. Би тэгдэггүй. Нэг их айхтар амжилт гаргаагүй ээ. “Замчин” клубт зүтгэж байхдаа 1957 онд УАШТ-ээс хүрэл медаль авсан.
“Барилгачин” нийгэмлэгийн анхдугаар фестивальд түрүүлж, намар нь болсон спартакиадаас мөнгөн медаль авсан. За, нэг иймэрхүү л амжилттай. Бусад нь цар хүрээ жижиг, ахмадын ангиллын тэмцээний медаль.
-Та томоохон байгууллагад жолоочоор 38 жил ажилласан. Тэр их ажлын хажуугаар бэлтгэл, тэмцээнд оролцох ачаалалтай байсан нь тодорхой. Хэрхэн зохицуулдаг байв?
-Хамгийн хэцүү нь тэр байлаа. Би насаараа сайд, дарга нарын жолоог мушгисан. Чөлөөт цаг, зав ер гарахгүй. Тэмцээнд оролцох, бэлтгэл хийх гээд чөлөө гуйхаар өгөхгүй. Юун хөлбөмбөг тоглох мантай. Аль болох амжуулахыг хичээдэг байлаа. Би хамгийн сүүлд 37 дугаар баазад ажиллаж байгаад 1995 онд гавьяаныхаа амралтад гарсан.
Түүнээс хойш хөлбөмбөг тоглож байна. Бүхнээ эл спортод зориулсан, тэгэх боломж ч дүүрэн бүрдсэн. Ер нь би 72 жил хөлбөмбөг тоглосон. 2003 онд хань минь, дараа нь нэг дүү минь нас барж, спортоос зургаан жил хөндийрсөн. Тэд минь бурхан болсон нь надад их хүнд туссан юм л даа. Тэгж явтал нэг удаа ахмадын тэмцээн болж, Монголын үе үеийн шилдэг тамирчид оролцсон юм билээ.
Тэмцээний үеэр хөлбөмбөгчид намайг нэлээд сураглаж, сонинд хүртэл “Капитан” Баатар хаана явна вэ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн. Тэр сонины дугаар одоо ч надад бий. Түүнээс хойш спортдоо эргэн ирж, тэмцээнд идэвхтэй оролцсоор гурван жилийн өмнө 81 насандаа зодог тайллаа. Ахмадын тэмцээн өмнө нь 50-иас дээш насны ангилалд болдог байсан.
50 гаруй настай тамирчдыг яалт ч үгүй гүйцэхээ больсон. Эрийг нас, уулыг цас дардгийг биеэр мэдэрлээ. Одоо би “Цагаан лавай” багийг дасгалжуулдаг. Багийн ахлагчийн ажлаа Батсуурьт өгсөн.
-Спортын хүрээнийхэн таныг “Капитан” гэдэг юм билээ. Яагаад тэгж хочилсон юм бол?
-1950-иад оны үед сэтгүүлч мэргэжилтэй Нямаа гэдэг хөлбөмбөгчин байв. Тэрбээр үеийнхээ хөлбөмбөгчдөд хоч өгөхдөө намайг “Капитан” гэсэн юм билээ. Ерөнхий боловсролын сургуульд сурч байхад манай ангийнхан намайг тэгж хочилдог байсан юм. Багаасаа багаа ахлан тэмцээнд оролцсон болохоор тэгж хочилсон байх. Намайг “Капитан” Баатар гэхээр спортын хүрээнийхэн, “Жанжин” Баатар гэхээр цөөнгүй хүн андахгүй.
-“Жанжин” гэдэг хоч тань Д.Сүхбаатар жанжинтай салшгүй холбоотой. Багад тань Наваан гэж нэрлэсэн ч Баатар болгон өөрчилсөн юм билээ. Яагаад нэрээ сольсон юм бэ?
-Монголын урлаг, соёлын анхны гал голомт болох “Жанжин” клубийг Д.Сүхбаатар жанжин санаачлан байгуулсан. Хожим буюу 1934 онд түүний нэрэмжит болгосон юм. Намайг найман настай байхад “Жанжин” клубийн барилга нурж, үйл ажиллагаа явуулах аргагүй болов. Тухайн үед урлаг, соёлын оддоос авхуулаад олон хүн тус клубийн барилгыг барих ажилд ханцуй шамлан зүтгэсэн юм.
Би ч чадах ядахаараа ажиллаж, гар хурууных нь үзүүрт дэм болсон. Тоосго, ус зөөхөөс авхуулаад ажил мундахгүй. “Жанжин” клубийг 1944 онд ашиглалтад дахин оруулж, 20 жилийн ойг нь хамтатган тэмдэглэхдээ аав, ээж хоёрт намайг заавал дагуулж ирээрэй гэж захисан юм билээ. Ойн арга хэмжээний үеэр “Манай хамгийн бяцхан ажилтан Очирын Навааныг уръя” гэж дуудахаар нь очтол нэг хүн тэвэрснээ “Ийм мундаг хүүд Д.Сүхбаатар жанжныхаа Баатар гэдэг нэрийг хайрлалаа” гээд улаан торгон үнэмлэхний хамт өгсөн юм. Тэгэхэд аав, ээж хоёр “Монгол түмний бахархал болсон хүний нэрийг сэвтүүлэлгүй, үргэлж өндөрт өргөж яваарай. Д.Сүхбаатар жанжны бүтээсэн гавьяа үлэмж их” гэсэн. Тэднийхээ захиасыг өдий хүртэл санаж, алхам тутамдаа эрхэмлэж яваа хүн дээ, би.
Түүнээс хойш Д.Сүхбаатар жанжны тухай судалж, түүний талаарх бүхий л зүйлийг цуглуулах болсон. Тэгж явсаар анхны үзэсгэлэнгээ Д.Сүхбаатар жанжны нэрэмжит II сургуульд 1966 оны хоёрдугаар сард дэлгэсэн. Өнөөх үзэсгэлэн, ханын сониныг олон сурагч үзэв. Гэнэт Д.Сүхбаатар жанжны хүү ирж явна гэдэг юм байна. Сандарсан гэж жигтэйхэн. Андуу эндүү юм байх вий гэсэндээ тэр. Ханхар цээжтэй, нэлээд биерхүү хүн ирсэн нь жанжны хүү Галсан гуай байлаа. Түүнд үзэсгэлэнгээ танилцуулан, нэрээ сольсон түүхээ хуучлахад ихэд бэлгэшээсэн. Түүнээс хойш 50 гаруй жил Д.Сүхбаатар жанжны мэндэлсэн өдрөөр үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Цуглуулга минь арвижсаар 500 хол давсан шүү.
-Таныг ургийн овгоо хүртэл сольсон гэж дуулсан. Үнэн үү?
-Үнээн, Жанжин овогт О.Баатар гэж дуудуулах болсон. Тэгэхийг Д.Сүхбаатар жанжны хүү Галсан надад зөвлөсөн юм.
-Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 123 жилийн ойгоос хойш “Жанжин” клубт үзэсгэлэнгээ дэлгээгүй. Яагаад тэнд дэлгэхээ больсон юм бэ?
-Тэр жил 502 цуглуулгаа олон нийтэд сонирхуулахаар бэлтгэн, дэлгэхэд 10-аад хоног дутуу байв. Гэнэт нэг өдөр “Жанжаан, үзэсгэлэнг чинь цуцаллаа. Цуглуулгаа хурдан ирж аваарай” гэхээр нь гайхаад лавлатал “Таны үзэсгэлэнг энд дэлгүүлэхгүй. Хэрвээ дэлгэвэл бүх хүнийг ажлаас нь хална гэж дээрээс сүрдүүлсэн” хэмээлээ. Миний эгдүү хүрээд “Д.Сүхбаатар жанжны мэндэлсний ойгоор нь нэрэмжит клубт нь өөрийнх нь тухай үзэсгэлэн дэлгэхэд буруу юм байхгүй. Жанжны төлөө ажлаасаа халагдахаас юунаас нь айдаг юм бэ” гэтэл “Тэгж болохгүй ээ. Хоёулаа хэн хэнийхээ амьдралыг бодъё” хэмээгээд сандрав.
Тухайн үед Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваатай уулзахаар ажил дээр нь очтол байгаагүй. Өрөөнд нь Тамгын газрынх нь дарга гээд нэг залуу байна. Учир байдлаа хэлтэл халгаах шинж алга. “Жанжин” клуб манай дүүргийнх. Яахаа бид мэдье. Цуглуулгаа аваад зайл” гэсэн. Аргаа барлаа, цуглуулгаа амбаартаа хураах тухай ч бодов. Тэгж яваад УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд асан Ц.Цогзолмаатай холбогдтол “Манай нам Тусгаар тогтнолын ордонд байрлаж байгаа. Тэнд үзэсгэлэнгээ гаргаж болох уу” гэхээр нь уухайн тас зөвшөөрөлгүй яах вэ. Маргааш нь над руу явуулсан автомашинд бүх цуглуулгаа ачиж аваачаад тэнд дэлгэсэн юм.
-Одоо цуглуулгууд нь танд бий юү?
-Байхгүй. Нас ахихаар тэр олон цуглуулгыг нааш цааш нь зөөн, үзэсгэлэнд дэлгэх амаргүй. Адаглаад жаазтай зураг хананд тогтоохоос авхуулаад хүндрэлтэй. Тиймээс өнгөрсөн жил хоёрдугаар сарын 2-нд үзэсгэлэн дэлгэхдээ бүх цуглуулгаа МАН-ынханд өвлүүлсэн. Тэгж том ажлын ард гарсаан.
Цуглуулгуудыг минь жил бүр дэлгэн, олонд сонирхуулж, чадах чинээгээрээ баяжуулан, сайхан хадгалбал л болох нь тэр. Өөр хүсэх юм алга. Энэ жил нээрэн Д.Сүхбаатар жанжны мэндэлсний ойгоор цуглуулгуудыг минь дэлгэж, намайг урьсан. Ойн арга хэмжээний үеэр хүндэтгэлийн үг хэлүүлээд, намайг их хүндэлсээн, МАН-ынхан.
-Та Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаатай холбогдолтой зүйлс цуглуулдаг. Түүний хэр олон цуглуулга танд байдаг вэ?
-Залуудаа цалингаа бүгдийг нь цуглуулгадаа зориулдаг байлаа. Заримдаа хүрэхгүй үед эхнэрээсээ илүүчилнэ. Сүүлдээ тэтгэврийн мөнгө хүрэхээ больсон. Хоёр хүний үзэсгэлэнг зэрэг дэлгэж дийлэхээ больсон тул Ж.Гүррагчаатай холбоотой бүх цуглуулгаа түүнд дурсгасан. Би ер нь юу л бол юу цуглуулах хообийтой. Захидал, ургамал, ан амьтан, марк зэргийн 12 мянга гаруй цуглуулга байсан. Ихэнхийг нь хүмүүст бэлэглэчихсэн.
-Жолооч Баатар, хөлбөмбөгчин Баатар, цуглуулагч Баатарын алинд нь та илүү дуртай бол?
-“Капитан” хочиндоо. 72 жил хөлбөмбөг тоглосны минь хамгийн эрхэм зүйлүүдийн нэг яах аргагүй мөн. Жолоочоор олон жил ажилласнаараа бахархдаг. Баазын аваргаар хоёр удаа шалгарч, Р.Ёндон баатрын амжилтыг ахиулж явлаа. Их засварт орсон хөдөлгүүртэй автомашиныг 90 мянган км унах стандарттай. Би 280 мянган км явж, өнөөх машинаа 10 жил унасан. Тухайн үед Гавьяатын болзол хангасантай дүйж байлаа. Тэгсний баталгаа болох гэрчилгээ нь одоо ч надад бий.
Лав намайг тэтгэвэрт гартал миний амжилтыг хэн нэгэн шинэчлээгүй. Хүмүүс намайг нямбай гэдэг. Нэг сонирхолтой түүх ярьж өгье. 41 дүгээр баазад ажиллаж байхад өнөөх 10 жил унасан “УАЗ-469”-ийг хурааж, шинэ “Москвич” тавьж өгсөн. Тэр “Москвич”-ийг 10 гаруй жил унаад байхдаа 37 дугаар бааз руу шилжив. Тэндхийн жолооч нар шинэ, би ганцаараа хуучин автомашинтай. Нэг өдөр манайд улсын үзлэг ирлээ. Бүх автомашиныг эгнүүлж зогсоогоод л шалгасан.
Сахалтай, бадриун нөхөр “Яасан гамгүй эдэлдэг юм бэ” та нар гээд нэлээд уурласнаа миний “Москвич”-ийн дэргэд очоод “Шинэ тэргийг ингэж унадаг юм. Бүгд харцгаа” гэсэн. Би сандарсандаа “Үгүй ээ, хуучин автомашин. 10 гаруй жил унаж байна” гэхэд толгой сэгсэрснээ намайг магтаж билээ. Тэгэхээр би нямбай байсан шиг байгаа юм. Өөр сонирхуулчихмаар юм юу билээ байз. Нээрэн, би хэвлэлийн, соёлын, биеийн тамирын, боловсролын, үйлдвэрчний, МАН-ын тэргүүний ажилтан, онц тээвэрчин.