Төрийн байгууллагууд албан хэргээ кирилл болон монгол бичгээр хослон хөтөлж эхлэх нь 2025 он. Таван жил гэдэг бичиг үсэг сурах, сургах, өөрийн болгох, улмаар ажил хэрэг хөтлөх түвшинд хүртэл төгөлдөржүүлэхэд багадах хугацаа. Одооноос таван жилийн дараах үр дүнг урьдчилан харж төлөвлөөд, шат дараалуулан дорвитой алхмууд хийж эхлэх цаг болоод байхад яам, агентлагуудад энэ тухай хийж буй ажил, хэрэгжүүлж эхэлсэн төсөл алга.
Ганц нэг байгууллага монгол бичгийн хичээл заалгаж буйг эс тооцвол аль ч яам, агентлагт байдал ойролцоо байгаа аж. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн, байгууллага хамт олноороо монгол бичиг заалгах хүсэлтэй бол захиалгаа өгөхийг сануулсан албан бичгийг хүлээж авснаас цаашгүй, хаана байгаа нь ч тодорхойгүй байх юм.
Эрхбиш төрийн хуультай юм болохоор таван жилийн дараа, хэрэгжиж эхлэх өдөр нь төрийн байгууллагууд албан бичгээ хос бичгээр боловсруулсан байдлаар явуулах байх л даа. Гэхдээ тэр үед монгол бичигт тайлагдсан ажилтан, албан хаагч хэд байх бол. Өмнө энэ сэдвээр бичихдээ хэлсэнчлэн кириллээр бичсэнийг нь уншиж ажил хэргээ амжуулаад, босоо монголыг нь нүднийхээ булангаар ч харахгүй үл тоомсорлон хаахалзаж байх юм болов уу.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргаар Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дулам ажилладаг. Түүнээс Монгол хэлний тухай хуулийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох, 2025 он гэхэд бүх нийтээр хос бичигтэн болсон байх тухай асуудал болон төрийн байгууллагууд таван жилийн дараагаас албан хэргээ хос бичгээр хөтөлж явуулах тухайд ямар ажил хийж байгаа талаар тодруулсан юм.
Тэгэхэд тэрбээр “Одоо бол төрийн яам, агентлагууд, ер нь бусад бүхий л байгууллага дор бүрнээ ямар ажил хийж байгаа талаар асуух нь зөв. Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны тавдугаар сарын 3-нд гаргасан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” зарлигийн хүрээнд тодорхой ажлуудыг шат дараалалтай хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд байгаа” гэсэн юм.
Тэрбээр ингэж хэлэхийн сацуу нэгэн тайлбар хийлээ. Бид үндэсний бичигтээ хайнга, ёс төдий ханддагаас тэр юм уу, уйгаржин, худам гэх зэргээр буруу тодотгон хэлдэг юм байна. Зүй нь бол зүгээр л монгол бичиг гэх ёстой аж. Монгол хүн байж өнөөдөр ингэж тайлбарлаж суугаадаа зовох ч шиг. Гэхдээ нийтээрээ шахам үндэсний үнэт өв монгол бичигтээ хүнийрхүү, хатуухан хэлэхэд хоноцын сэтгэлээр хандаж ирснээр ийм олхиогүй байдалд хүрсэн болохоор алдаагаа засахад оройтох нь юу байх вэ.
Монголчууд уйгаржин үсэг хэрэглэхээ больж эхэлсэн үе буюу XVII зуун хүртэлх үеийн монгол бичгийг худам гэдэг байсан бөгөөд одоо ийнхүү тодотгох нь буруу аж. Бидний өнөө бичээд, хэрэглээд байгаа, “Хүмүүн бичиг” сонин гаргаад байгаа нь бол монгол бичиг. Тэгэхээр монголчууд үндэсний бичгээ уйгаржин, худам гэхгүй, зүгээр л монгол бичиг гэж хэлж, ярьж, бичиж байх нь зөв юм байна. Доктор С.Дулам “Алинаар нь хэлэх вэ, зөв үү, буруу юу гэж зовж зүдрээд байх юм байхгүй, зүгээр л монгол бичиг гэхэд болно” хэмээн нэмж учирласан.
Үндэсний монгол бичгээ бүх нийтэд сургах ажлыг төрийн зохих байгууллагууд хоорондын уялдаа холбоо сайтай зохион байгуулалтаар эхлүүлэх биз ээ. Юутай ч дунд сургуульд зааж буй.
Харин төрийн байгууллагуудад байдал ямар байгаа талаар тандахад “Монгол бичиг ээ, за байз, юу билээ” гэсэн янзтай хүлээж авч байх юм. Тухайлбал Уул, уурхайн яамны нийт албан хаагчийн дунд гарын таван хуруунд багтах тооны хүн монгол бичгээр уншдаг, бичдэг аж. Тэднийх энэ чиглэлд сургалт явуулж, ажилтнуудаа хамруулах нь бүү хэл, Төрийн хэлний бодлогын зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийг ажилтнууддаа танилцуулаагүй байна. Мэргэжилтнүүд нь “Мэдэхгүй ээ” хэмээн бараг тээршаах маягтай.
Хууль зүй, дотоод хэргийн яаманд байдал ямар байгаа талаар тодруулах гэтэл хэвлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэж “хашир хандгай” “Манай яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга энэ асуудлаар тайлбар өгнө. Түүний өмнөөс хариулах боломжгүй” гээд хөдөлсөнгүй. Гэсэн ч тус яаманд байгууллагаараа монгол бичиг сурах хөдөлгөөн хараахан өрнөөгүй л байгаа юм билээ.
Энэ мэтчилэн аль ч байгууллагад “Хаа байсан таван жил. Болох юм болдгоороо болно л биз” гэсэн уур амьсгал ноёлж буй бололтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны тавдугаар сарын 3-нд гаргасан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” зарлигт юун тухай байгаа талаар хүргэе.
Зарлигийн нэгдүгээрт ийнхүү дурайж байна. Монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартыг холбогдох мэргэжилтнүүдийн саналыг тусган шуурхай боловсруулж, хуульд заасны дагуу батлуулах, цаашид хөгжүүлэн тогтвортой байдлыг хангаж, цахим орчин үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар бодлого, төлөвлөгөө гарган ажиллахыг Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Монгол хэлний тухай хуулиар үүрэг хүлээсэн эрх бүхий судалгааны байгууллагад; үндэсний стандартыг боловсруулах ажилд хяналт тавьж, боловсруулсан стандартыг судалж батлах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, монгол бичгийн цахим кодчиллын олон улсын стандартад үндэсний стандартыг хэлэлцүүлэх, батлуулах ажлыг зохион байгуулахыг Стандартчилал, тохирлын үнэлгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Монгол Улсын Шадар сайдад чиглэл болгосугай хэмээжээ.
Зарлигийн хоёрдугаарт монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн тухай, гуравдугаарт албан байгууллага, аж ахуйн нэгж бүрт хамаарах үүрэг, хариуцлагын тухай, харин дөрөвдүгээрт багш нар, эрдэмтэн, судлаач нар, иргэд олон нийтийг энэхүү зарлигт дурдсан ажлуудад идэвхтэй оролцохын зэрэгцээ монгол хэл, бичиг үсгээ эзэмшиж, хэрэглэж, өвлөж, өвлүүлэн, хамгаалж, хөгжүүлэхэд уриалсан мөртүүд байх аж.
Зарлигийг түрүү жилийн өдийд гаргасан байна. Түүнээс хойш бүтэн жил өнгөрөөд байхад хийж, хэрэгжүүлсэн ажил лав төрийн байгууллагуудын хүрээнд алга. Монголоо монголоор нь хөгжүүлж, даяаршиж буй дэлхийд ондоошин ялгарч, гайхуулахаараа гайхуулж, бардамнахаараа бардамнах нэгэн их өвдөө хүнийрхүү хандалгүй, монгол хэл, үндэсний бичгээ эцэг, эх лугаа адил хайрлан дээдэлж, харамлан нандигнах нь монгол хүн байхын утга учир хэмээн санана.
Бид л биш бол хэн энэ босоо сайхан монгол бичгээ гэх билээ. Монгол хэлний тухай хуулиа баримтлан, улсынхаа Ерөнхийлөгчийн зарлигийг ч хүндэлж нийтээрээ монгол бичигтээ шамдан суралцъя.